Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Зоригийн хэргийн захиалагч ил болчих гээд Ц.Нямдорж мэт нь сандраад байна уу

С.Зориг агсны амийг хөнөөсөн гэх Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг гурван шатны шүүх эцэслэн шийдэж, тэдэнд 20-25 жилийн ял оноосон билээ. Гэвч анхнаасаа хаалттай хуралдсан шүүх хурлууд нь хэргийг шударга бусаар шийдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн гэдэг маргаан сүүлийн үед улам хүчээ авч байна.

 Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж уг хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын “Аймшигтай эрүү шүүлт болж, хийгээгүй хэргийнхээ төлөө яллагдсан” гэх гомдол, хүсэлтүүдийн дагуу шоронд биеэр очиж уулзан, хоёуланг нь эмнэлэгт хэвтүүлээд “...37 оных шиг юмыг нүдээр үзлээ. Тэр үеийн эрүүдэн шүүлтийн бүх аргыг тэдэнд хэрэглэсэн. Би уучлалт хүсч байна. Шүүхээр асуудлаа шийдүүлээд суллагдталаа тэд эмнэлэгт байна” гэж мэдэгдсэн нь С.Зоригийн хэргийг өнгөрсөн хориод жил хэсэг бүлэг этгээдүүд санаатайгаар  будлиантуусаар эцэст нь гэм зэмгүй хоёр хүнийг хэлмэгдүүлсэн ноцтой хэрэг болж хувираад, үндсэндээ дахиад эхнээс нь шалгаж эхлэх нь тодорхой болоод байгаа юм.

Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр хэргийг шалгасан ажлын хэсгийн мөрдөгчид, хяналт тавьсан прокурорууд болон сэжигтэн яллагдагчаар татагдан шийтгэл хүлээсэн хүмүүсийн аль алийг нарийн шалгаж нягтлууштай ажээ. Ер нь их олон эргэлзээтэй асуудлууд овоорчихоод байна. Юуны өмнө эрүүдэн шүүж хүчээр хэрэг хүлээлгэсэн гээд байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын амаар, бичгээр өгсөн гомдол болгоныг шалгаад гарцаагүй үнэн бол тэртэй тэргүй шүүх эцэслэн шийдэж таарна.

С.Зоригийн хэргийг мөрдөх ажлын хэсэгт орж ажилласан хүмүүсээс одоо тагнуулын хурандаа О.Бархасбадь нарын гурав, дөрвөн ажилтнаас гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэрийн дүү Ү.Отгонбаяр гэгч нь тухайн үед тагнуулд ахлах дэслэгч цолтой ажиллаж байгаад ШШГЕГ-т шилжиж шууд хурандаа цол зүүж томрон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, тамлан зовоосон хэргээр АТГ-т шалгагдаж байна. Хамгийн гол нь тэдгээр хүмүүсийн хэргийг дөнгөж шалгаж эхлээд удаагүй байтал Ц.Нямдорж сайд нь яаран энэ хоёр ялтнуудаас уулчлалт хүссэнд эргэлзэх хүн цөөнгүй ажээ.

Эрүүдэн шүүлт угаасаа Монголд их бага хэмжээгээр байсаар байгаа гамшигт үзэгдэл юм. С.Зоригийн хэрэгт анх Дамирангийн Энхбатыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын 3 тусгай ажилтан тухайн үед Францаас Германаар дамжуулан хулгайлж авчраад үхтэл нь тамлан зовоосныг гэрчлэх олон хүн бий. Тэр үед Хууль зүй дотоод хэргийн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байлаа. Д.Энхбатыг өмгөөлснийхөө төлөө шоронд хоригдсон тагнуулын ахмад ажилтан, хурандаа Л.Санжаасүрэн гуай энэ тухай одоо ч дурсан ярьсаар байна. Тэрбээр “Улс төрийн зорилгоор С.Зоригийг М.Энхсайхан захиалж, Ч.Энхтайван, Д.Энхбат нар хөнөөсөн болгох гэж муйхарласан хүн бол тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж юм шүү. Дамирангийн Энхбатыг Францаас хулгайлж, хурууг нь үеэр нь таслах, эхнэр хүүхдийг нь барьцаалах, хилс хэрэг хүлээлгээд ул мөрөө баллах тушаал өгсөн этгээд бол Ц.Нямдорж” хэмээн итгэлтэйгээр хэлдэг. Харин эрүү шүүлтийн балагаар шоронгоос үхлүүд шахам гарсан Д.Энхбат нь хоёр хоногийн дараа нас барсан бөгөөд одоо Германд амьдарч буй үр хүүхдүүд нь эцгийнхээ амь нас, хэлмэгдэж гутаагдсан нэр төрийг төр засгаас өнөөг хүртэл нэхсээр байгаа юм. Гэтэл хилс хэргээр амиа алдсан Д.Энхбатын ар гэрийнхнээс уучлалт гуйсан төрийн албан хаагч нэг ч байхгүй байна.  

Тэгвэл С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар хамгийн сүүлд ажиллаж байсан УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нь хаалттай болж өнгөрсөн шүүх хурлын дараагаар “Б.Содномдаржаа хэргээ хүлээсэн. Т.Чимгээгийн гэм буртай нь гүйцэтгэх ажиллагаа зэргээр бүрэн нотлогддог. Гэхдээ тэр сүүлдээ мэдүүлэг өгөхөөс татгалздаг болсон байсан. Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдолдоо тэр хэргийг гардан үйлдсэн хүмүүс болон энэ хэрэгт холбогдон шалгагдаж байсан, захиалагч гэгдэх хүмүүсийг дахин шалгуулахыг хүсч байна гэсэн байлаа.  Гэтэл дараа нь мөрдөгч очиж уулзахад тэр харин надад ярих зүйл байхгүй гэж байсан” гэх мэтээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэм буруутайг нотолжээ.

Харин Ц.Нямдорж олон нийтэд тийнхүү зарлан 2 ялтнаас уучлалт гуйж, Засгийн газрын ээлжит бус хуралдаан, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр эрүүдэн шүүлсэн асуудлуудыг оруулж хэлэлцүүлсний дараагаар АТГ-аас мэдээлэл хийсэн юм. Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар хэлэхдээ “С.Зоригийн амь насыг хороосон хэргийг шийдвэрлэхдээ эрүүдэн шүүх ажиллагаа явуулсан, гүйцэтгэх ажиллагааны дүрэм, журам зөрчсөн гэдэг үндэслэлээр хяналт шалгалт явуулж байгаа. Шалгалтын хүрээнд заррм баримтуудыг цуглуулсан. Одоо баримтаа үнэлж, бэхжүүлэх ажил хийгдэж байна. Мөн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шүүх явцад зарим хууль зөрчсөн баримтууд олдсон. Энэ бүхэн нууцад хамаарах тул өөр зүйл хэлэх боломжгүй” гэлээ.

Бүтэн 19 жилийн турш мөрдсөн хэрэг өдгөө иймэрхүү л байдалтай болооод байна. Хэргийг анх тагнуулын байгууллагад мэдээлж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг байнга заналсийлсээр аллагын хэрэгт холбогдуулсан Ц.Амгаланбаатар гэгч нь шоронгоос захидал бичиж, тэднийг энэ хэрэгт ямарч хамгаагүй хүмүүс гэсэн нь бас дахин нягталж шалгахаас аргагүйд хүргээд байгаа юм. Мөн хэргийн цор ганц гэрч гэгддэг талийгаач С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг хаалттай хийсэн шүүх хуралд гэрчээр оролцуулаагүй нь ихээхэн анхаарал татаж байна. Шүүх хурлын дараагаар албаны эх сурвалжууд түүний талаар тайлбарлахдаа  “захиалагчид хамаарах хэргийн яллагдагчаар татаж шалгах болсонтой холбоотой” гэж байлаа. Гэтэл тэр сүүлийн үед С.Зоригийг хөнөөсөн хүмүүс энэ гурав огт биш, ам зурагтай адилгүй, зөрж байна гэх зэргээр ярьдаг болжээ.

Ер нь энэ хэрэг хэрхэн үнэн зөвөөр шалгагдаж төгсөхийг одоогоор таах аргагүй болоод байна. Сүүлийн үеийн дээрх үйл явлуудаас харахад эрүүдэн шүүсэн болон хэрэгт огт хамаагүй хүмүүсийг урьд нь хүний амь хөнөөсөн хэргээр шоронд сууж байсан Ц.Амгаланбаатар гэгчийн худал мэдүүлэхийн зоргоор чирж авчраад ял тулгасан болж таарах гээд байна. Ц.Амгаланбаатар нь “Нэг мөрдөгч надад 500 сая төгрөг өгөхөөр амласан байсан” гэсэн нь мань эр ийм хэмжээний хөлс хаш авах тохироо хийгээд нөгөө хоёроо хүчээр хөлдөө чирсэн байж мэдэх юм.  Эсвэл ерөөсөө жинхэнэ захиалагч нь сүүлдээ ил болчих гээд байхаар Ц.Нямдорж мэтийн балмагдаж сандарсан зарим нь зориуд хуйвалдан, эрүү шүүлт зэргээр далимдуулан хэргийг улам сунжуулж, дахин мөрдөх нэрээр замхаруулж хаях сонирхолтой байхыг үгүйсгэх аргагүй ажээ.   

О.Баяр

Шуурхай.мн 

Л.Мөнхнасан: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ БОЛОМЖ БИЙ
Л.Мөнхнасан: БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ, СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ БОЛОМЖ БИЙ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.