Монгол орны өвлийн өнгө өмнөхөөс илүүтэй харлав. Цастай мөстэй, цантай жавартай улирлын өнгө жилээс жилд хувьсан өөрчлөгдөж, бараантан сааралтах болов. Уур амьсгалын өөрчлөлт ийнхүү улирал бүрийн зүсийг хувиргаж, “ааш”-ийг нь эвдсээр. Чухам үүнтэй холбоотойгоор Монгол орныг хорт утаан хөшиг бүхэлд нь нөмөрч болзошгүй бодит аюул хаяанд тулаад байна. Байгалийн гамшигт үзэгдэл энэ жил дэлхий дахинд тасралтгүй нүүрлэх таагүй зураглалыг эрдэмтэд гаргасан. Тэр дундаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй түймэр, гамшигт үзэгдэл Монгол Улс, ОХУ-д илүү хүчтэй мэдрэгдэнэ хэмээн Америкийн эрдэмтэд “зөгнөчихлөө”. Бүр хамгийн их хохирлыг оросууд болон монголчууд амсана гээд зарлачихсан. Аюулын тоо ганц нэгээр тогтохгүй, бүр дараалсан гамшиг нөмрөх эрсдэл байгааг давхар анхааруулжээ. Хүчтэй цасан болон шороон шуурга, түймэр, аянга цахилгаантай аадар бороо, үер усны гамшиг, хэт хүйтрэлт, халалтаас үүдэлтэй гамшигт үзэгдлүүд шинэ оны түүхэнд хуудас нэмэн зузаарах нь.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хавар эрт эхэлж, удаан үргэлжлэх болсон. Дулаарлаас шалтгаалсан хуурайшилт, жилийн дундаж температурын өсөлт зэрэг нь ой, хээрийн түймэр гарах нөхцөлийг улам бүр нэмэгдүүлж байна. Ингэснээр ойн түймрийн давтамж тооцооллоос хавьгүй ихээр нэмэгдсэн нь хүн төрөлхтөнд тулгараад буй нэг том асуудал болж хувирлаа. Утаат түймрийн аюул дэлхийн ногоон бүрхэвчийн талбайг хумих том шалтгаан болов. Гэхдээ л эцсийн бүлэгт ой, хээрийн түймэр өрдсөн буруутан нь ердөө л хүн байдаг.
АНУ-ын баруун муж улсуудад гэхэд ойн түймрийн цар хүрээ өнгөрсөн он жилүүдийнхтэй харьцуулахааргүй нэмэгдэж, асар том талбайг хуйхаллаа. Оpoc, Австрали, Грект жил бүр их хэмжээний ой түймэрт шатаад зогсохгүй үүнээс үүдэлтэй хохирол хэдэн зуун сая ам.доллароор хэмжигдэх болов. Их хэмжээний газар нутаг хамарсан түймэр асар том утаан хөшиг татуулж, улмаар хортой утаан үүл үүсгэдэг байна. Яг ийм үзэгдэл ОХУ-д 2010 онд тохиолдсон. Энэ түймэрт амьтай бүхэн өртөөд зогсохгүй хүмүүсийн эрүүл мэндэд маш муугаар нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байв.
Ойн түймрийн давтамж нэмэгдэж, хамрах хүрээ нь хэт томорвол ойгоо бүхэлд нь үгүй хийх, цаашлаад хүлэмжийн хий нэмэгдэх, ургамал, амьтны олон төрөл зүйл устах аюул нүүрлэдэг. 1997 онд Малайз, Индонез, Брунейн нутаг дэвсгэрт оршдог Борнео арал дээр гарсан түймэр хэдэн мянган га ойг шатаасан түүх бий. Түймрээс гарсан утаа, үнс нурам Зүүн өмнөд Азийг олон сарын турш бүрхэж байжээ. Судлаачид үүнийг цаг агаар хэт дулаарч, цас эрт хайлах болсонтой холбон тайлбарладаг. Тэгвэл Монгол орны хэмжээнд жилд унах хур тунадасны хэмжээ сүүлийн жилүүдэд буурсаар байгаа. Тэр тусмаа өвөл харын зуд хаа сайгүй нүүрлэх боллоо.
Түймэр гарах бас нэг үндсэн шалтгаан нь цэвэрлээгүй ой. Нэгэн үе ойг цэвэрлэхгүй байлгах нь эко системд тустай хэмээн үздэг байв. Өөрөөр хэлбэл, унанги, гишүү мөчир зэрэг нь чийгэнд ялзарч бордоо болно гэсэн үг. Гэвч буталж жижиглээгүй унанги нь бордоо бус, түймрийн гол түлш болдог. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлаас шалтгаалан ойн чийгшил эрс муудсанаас унанги, мөчир гишүү ялзмаг болох явц тун удаан үргэлжлэх болжээ. Үүнтэй холбоотойгоор ийм хаягдал ойд асгасан чүдэнз мэт аюулыг бий болгож байна хэмээн салбарынхан оношлов. Түүнчлэн модлогоор хооллогч шавжны хөнөөлийн голомт бий болгож байна.
Бас нэг шалтгаан нь бугын эвэр түүгчид. Хууль хяналтын байгууллагынхны мэдээлж буйгаар ясан эвэр түүгчид жилд дунджаар 30 сая төгрөгийн ашиг олдог аж. Гэтэл тэдний санаатай болон санамсаргүйгээр тавьсан түймрээс учирдаг хохирлын дүн нь бараг 30 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг онцгойлон анхаарууллаа. Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын гуравны нэг нь ойн сан бүхий талбай. Энэ их ойн тал нь 2002 оны их түймэрт шатчихсан. Шатсан ойд судалгаа хийж үзэхэд тэр орчимд 3.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий унанги мод байгааг тогтоожээ. Үүнтэй мөн адил Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт 2011 онд гарсан их түймэрт ойн сангийн 70 хувь нь шатаж, тэнд хүн бүү хэл, мал амьтан явах зайгүй болтол мод ширэлдэж унасан байгаа. Ийм газруудад цэвэрлэгээ хийснээр ойд хуримтлагдсан унанги модыг багасгаж, түймэр гарах эрсдэлийг бууруулан, хортон шавж үржих нөхцөлийг зогсоох боломжтой юм. Дэлхийд нүүрлэх байгалийн гамшгаас үүдэлтэй хохирлын талаарх мөнгөн дүнгээр хэмжих нэгж жил тутамд өсөх болов. Өнгөрсөн онд дэлхийн олон оронд учирсан гамшгийн хохирол 300 гаруй тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Энэ нь өмнөх оныхоосоо даруй 60 орчим хувиар өссөн дүн юм. Эд материалын мөнгөн дүнгээс гадна гамшигт нэрвэгдэж сураггүй болсон, амиа алдсан хүн 11 мянгаар тоологдож байна.
2020 онд дэлхийн улс орнууд байгалийн гамшгаас хэдий хэмжээний хохирол амссан болон амиа алдсан иргэдийн талаарх судалгаа бас гарна. Тэгвэл уг судалгааны жагсаалтад Монгол Улс бичигдэхгүйн тулд, ядаж л маш бага тоо тавиулахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрсдэлээс хамгаалах ажлуудаа цаг алдахгүй шуурхайлах нь чухал байна.
Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Шар өвс, нар, салхинд өгөршсөн цахилгааны утаснаас болгоомжил
Зуслангийн амьдрал нам гүм. Байшингуудын яндангаас хаа нэг утаа суунаглаж, ганц, хоёрхон машин явах нь айлууд зусландаа гараагүйг илтгэнэ. Газар гэсэж, хуурайшилт нэмэгдэхийн хэрээр нийслэлийн ногоон бүсүүдэд гал, түймрийн аюул нүүрлэх нь элбэг. Хамгийн олон өрх оршин суудаг Сүхбаатар дүүргийн XIX хороог зорьж, учирч болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлж буйг сурвалжиллаа.
Ой мод, уул, хад, усаар хүрээлүүлсэн, Санзай, Гоодой, Хандгайт, Согоот, Шаргаморьт зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг хамарсан тус хороо 36 000 өрхтэй. Үүний 1200 нь үндсэн оршин суугч бол үлдсэн нь есөн дүүргийн харьяалалтай, энд газар эзэмшдэг иргэд аж. Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилсан эдгээр өдрүүдэд зарим айл зусландаа гарахаар зэхэж, хашаа хороогоо цэвэрлэж байхтай таарав.
XIX хорооны хэсгийн ахлагч Б.Гантөмөр эзэнтэй айлуудаар явж, хогоо зориулалтын бус газарт хаяж, ил задгай шатаавал Зөрчлийн тухай хуулиар торгохыг сануулж, гал, түймрээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл түгээж байв.
Иргэд хашааныхаа шар өвсийг шатаахдаа гал алдаж, олон айлын эд хөрөнгийг сүйтгэх тохиолдол зуслангийн бүсэд олон гардаг гэнэ. Иргэдийн хувиа бодсон, санамсар болгоомжгүйгээс болж өмнөх жилүүдэд Шаргаморьтын эцэст, Гоодойд 7-8 айлын байшин зэрэг шатсан хэд хэдэн тохиолдол гарч байжээ. Түүнчлэн иргэд мод бэлтгэх, салхилахдаа ойг түймэрдэх нь бишгүй аж. Мөн гэр, сууцаа эзгүй удаан орхисноос болж цахилгааны утас нар, салхинд өгөршиж, тасран, хуурай өвсөнд гал авалцах эрсдэл олон гардаг байна. Галын дуудлага хавар, зун зуслангийн бүсүүдэд нэмэгддэг нь үүнтэй холбоотой.
Сүхбаатар дүүргийн XIX хороо нийслэлийн гал унтраах ангиудаас алслагдсан тул тусламж цаг алдаж очдог. Энэ нь нэг биш, нэлээд айлын хашаа, байшин сүйдэхэд голлон нөлөөлдөг гэж оршин суугчид хэлэв. Тиймээс тус хорооныхны санаачилгаар хотын хойморт Гал унтраах, аврах 74 дүгээр ангийг байгуулж, өдгөө үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тун удахгүй албан ёсоор нээх тухайгаа хорооныхон дуулгалаа. Зуслангийн иргэд тохиромжтой газрыг сонгон, кадастрын зургийг нь хийлгэж, өчнөөн хүнээс харамласны эцэст Хуурай мухар хэмээх газарт 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аврах ангийн байр бариулжээ. Дан ганц эндхийнх гэлтгүй Чингэлтэй дүүргийн XIX хороо, Тахилт, Зүрх уулыг эмжсэн зуслангийн айлуудыг болзошгүй аюулаас хамгаалах, гал, түймэр гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах боломж бүрдсэнд иргэд талархаж байв. “Гал унтраах анги байгууллаа гээд түймэр гарах эрсдэл буурна гэсэн үг биш. Хамгийн гол нь иргэд хариуцлагатай байж, дараа нь мэргэжлийн байгууллагууд уялдаж ажиллах нь чухал. Оршин суугчид зөвшөөрсөн бүс рүү малаа бэлчээх болсноор эндхийн өвс өндөр ургах болсон” гэж тус хорооны Засаг дарга Ш.Батдорж анхаарууллаа.
Хандгайт, Согоот, Янзага зэрэг энэ хавийн зуслангийн ойролцоох уулын ам, ойг хариуцсан байгаль хамгаалагчийнд очтол эзгүй байв. Тэр хавийн оршин суугчдаас лавлатал, ойн байцаагчийг Ганбаатар гэдэг бөгөөд “Ажлын байрандаа үзэгдэж, харагддаггүй, хаачсаныг нь хэн ч мэддэггүй” гэлээ. Уулын ам, ойн дагуух хэсэг айлаар явж, түүнийг сурагласан ч олдсонгүй. Ш.Батдорж даргаас учир байдлыг тодруулахад “Манай зуслангийн бүсийг хариуцдаг байгаль хамгаалагч гэж нэг их алаг эрээн хувцастай, мотоцикл унасан хүмүүс байдаг. Улсын мөнгөөр цалинждаг мөртлөө ажлаа хийдэггүй. Урин цаг ирлээ. Иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, аялал зугаалга эхэлнэ. Иргэд зусландаа гарах гэж буй тул тэднийг нэг бус удаа дуудаж, хэсгийн ахлагч нартай хамтран эргүүл хийх санал тавьсан. Гэтэл “Би төрийн албан хаагч. Хороонд захирагдахгүй” гээд халгаагаагүй” гэж ярив.
Үүнээс гадна тэндхийн уугуул, суугуул нийлсэн 36 000 өрх бүрт худаг гаргах зөвшөөрлийг нийслэлийн Байгаль орчны газраас 150 000 төгрөгөөр өгч буйд Ш.Батдорж эмзэглэж явдгаа нуусангүй. Тэрбээр “Айл бүр худаг ухсаар эндхийн хөрс чийггүй боллоо. 40 өрхийн дунд нэг худаг гаргах саналыг минь хэн ч дэмжээгүй. Уг нь байгаль хамгаалагч тэмцэх ёстой баймаар. Зөрчлийн тухай хууль ярьж, иргэдийг торгохоо л мэддэг. Санамж, мэдэгдэл, анхааруулга, урьдчилан сэргийлэх ажлаа хангалттай явуулсны дараа үүрэг даалгавар биелүүлэхгүйг нь торгож болно. Гэтэл “Гоожинтой, унанги (унасан) мод түүхийг зөвшөөрөв” гэсэн бичиг өгөөд, иргэдээс 24 000 төгрөг авдаг. Унаж, хугарсан мод нь 1.2 метрээс уртгүй байна гэсэн журамтай. Иргэд түлшээ бэлдэхийн тулд өнөөхөд нь тааруулж хөрөөдөхөөр “Шинэ мод тайрсан” гээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээний торгууль тавьдаг. Хорооны ядарсан хоёр иргэнийг хүртэл торгоод, “хөөгөөд” явуулчихсан. Нөхөр нь цус харваад хэвтэрт орсон, эхнэр нь хөлөө хугалаад, гарч орж чаддаггүй. Аргаа бараад Завханаас ах, дүүгээ дуудаж, хөлдөж үхэхгүйн тулд гишүү түүлгэтэл 920 000 төгрөгөөр торгосон байна лээ. Байгаль хамгаалагч “Өвчтэй зовлонтой байх нь надад хамаагүй” гэсэн. Ажлаа хийхгүй байж авах, “идэхээ” урьтал болгосон нэг хүн манайд байна” хэмээв.
Бэлтгэсэн: О.Бат-ундрах
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
С.ГАЛТЗУЛ: Шаардлагатай бол зэвсэгт хүчний анги нэгтгэлээс нисдэг тэрэг авна
Нийт нутгаар хуурайшилтын зэрэг өндөр байгаа нь түймэр дэгдэх эрсдэлийг нэмэгдүүлж буй. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн, хошууч С.Галтзултай ярилцлаа.
-Онцгой байдал үүсэж болзошгүй тул Шадар сайд төрийн байгууллагуудад үүрэг өгсөн. Түймрийн эрсдэл яг ямар түвшинд байна вэ?
-Онцгой байдал үүссэн гэж хэлэхгүй. Гэхдээ өнгөрсөн өвөл улсын хэмжээнд хур тунадас бараг ороогүй. Дээр нь БОАЖЯ, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2-6 дугаар сард олон жилийн дунджаас дулаан байна гэж мэдээлсэн. Дулаан мөртлөө хур тунадас унахгүй байгаа нь аюул дагуулах магадлалтай.
-Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Засгийн газрын түвшинд, Онцгой байдлын ерөнхий газрын хэмжээнд шат дараалсан арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Шадар сайд, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга тэргүүтэй алба хаагчид зүүн гурван аймагт ажиллалаа. Ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гал гарсан тохиолдолд бэлтгэлтэй байж, шуурхай унтраах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
-Хаврын улирал эхэлснээс хойш хэчнээн удаа түймэр гарав?
-Ой, хээрийн түймэр гарсан гэх мэдээлэл долоон удаа ирсэн. Зургаан тохиолдолд нь онцгой байдлын албаныхан ажиллалаа. Дорнод, Сүхбаатар аймагт хээрийн, Сэлэнгэд ойн түймэр гарсан. Ойн түймэр томоохон талбайг хамарвал маш их хохирол учирна. Хээрийн түймэр салхины аясаар айл өрх, мал саравч гээд замдаа таарсан бүхнийг хамах аюултай. Түймэр ихэнхдээ иргэдийн буруугаас болж гардаг тул маш их сонор сэрэмжтэй байх хэрэгтэй.
-Үүлэнд зориудаар нөлөөлөх сум хангалттай нөөцөлж, нисдэг тэргээр хангах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ нь биелж байна уу?
-ОБЕГ-т онгоц авч өгөх төсөв Монгол Улсад одоохондоо алга. Зэвсэгт хүчний анги нэгтгэлд хүсэлт гаргаж, нисдэг тэрэг авч ашигладаг. Үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг БОАЖЯ зохион байгуулдаг. Аймаг бүрт үүлэнд зориудаар нөлөөлөх баг ажиллаж байгаа. Зарим аймагт хоёр, гурав ч бий. Жишээ нь, зүүн гурван аймагт 30-40 сумны нөөцтэй гэж мэдээлсэн. Шаардлагатай бол Улсын онцгой комиссоос сумны нөөцийг нэмэгдүүлнэ.
Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
Аймгуудад хуурайшилт хэр байгаа, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхээр холбогдох албад нь юу хийж буйг тодрууллаа.
Д.ТУНГАЛАГТУУЛ: (Хэнтий аймгийн Онцгой байдлын албаны ахлах дэслэгч)
-Хэнтий аймагт энэ өвөл цас бараг ороогүй. Өдөр ирэх бүр салхины хүч нэмэгдэж байгаа тул хуурайшилтын аюултай зэрэглэлд шилжиж байна гэж ойлгож болно. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар тус бүр 10 хүний бүрэлдэхүүнтэй, шуурхай хоёр бүлэг томиллоо. Тэд аймгийн ойн бүс буюу хуурайшилт ихтэй Батширээт, Норовлин сумд ажиллана. Мөн ойр орчмынх нь 4-5 сумын нутагт хяналт тавих зорилготой. Шуурхай бүлгийнхэн энэ сарын 20-ноос 14 хоногийн хугацаатай ажиллах бөгөөд малчид, иргэдэд галын аюулгүй байдлыг хангах, болгоомжгүйгээр түймэр дэгдээхээс сэргийлэх талаар зөвлөх юм. Түүнчлэн орон нутгийнхан болон, амрагчид, түүгээр дайран өнгөрч буй иргэдэд боломжийн хэрээр хяналт тавьж, түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бага хэмжээний гал унтраах бэлтгэлтэй явна. Үүнээс гадна энэ сарын 26-27-нд Онцгой байдлын албаныхны дунд “Аврагч-2019” тэмцээн зохион байгуулж, төрийн бусад алба, зарим аж ахуйн нэгжийн ажилчдын гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгана.
Ингэснээр аймгийн хэмжээнд үүсэж болзошгүй гал түймрийн болон бусад гамшгийн нөхцөлд иргэдийн шуурхай ажиллах дадлыг сэргээн, бэлэн байдлыг хангах боломж бүрдэх юм.
Д.БҮРЭНЖАРГАЛ: (Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн албаны мэргэжилтэн )
-Одоогоор манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь цасгүй, хөрс чийггүй байна. Ерөнхийдөө хуурайшилттай байгаа ч аюултай түвшинд хүрээгүй. Энэ сард хур тунадас орсонгүй. Агаарын хэм өдрөөс өдөрт өсөж байгаа ч цас орохгүй, салхины хүч нэмэгдсээр байвал 4-5 дугаар сард хуурайшилтын зэрэг өсөн, гамшгийн байдалд хүрч болзошгүй. Тиймээс хоёрдугаар сарын дундуур аймгийн Засаг даргын захирамжаар бүх сумдад гал түймрээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлаа хангах, малд явах болон бусад тохиолдолд ил задгай гал гаргахаас болгоомжлох талаар анхааруулга, санамж хүргүүлж, идэвхтэй ажиллаж байна.
Л.БЯМБАСҮРЭН: (Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын хяналтын ахлах байцаагч, хошууч)
-Хөвсгөл аймгийн нийт нутгийн 80 орчим хувь нь хуурайшилттай, хур тунадасгүй, үлдсэн хэсэг нь бага зэргийн цасан бүрхүүлтэй байна. Хэрэв гурав, дөрөвдүгээр сард хур тунадас орохгүй бол хөрс, агаарын чийг улам алдагдан, хаваржилт хүндэрч болзошгүй. Тиймээс энэ сарын 10-нд аймгийн Онцгой комиссынхон хуралдан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, албан даалгавруудын хэрэгжилтийг хангуулах аян эхлүүллээ. Аянд бүх сумдыг хамруулан олон нийтэд ойн түймрээс сэргийлэх, гарын доорх материал ашиглан гал унтраах багаж хийх, түймэр гарсан тохиолдолд богино хугацаанд унтраах дадал олгох сургалт зохион байгуулж, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгаж эхэлсэн.
Мөн тэдэнд туслах нэг, хоёрдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнийг бүртгэж байна. Сум бүрт 66-100 хүнтэй, гамшгаас хамгаалах хоёр ээлжийн алба бий.
А.ЭНХЗАЯА (Ховд аймгийн Цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга)
-Манайд олон жилийн дунджийн хэмжээнд цас орж, өнтэй өвөл боллоо. Ховд ерөнхийдөө ой мод, ургамал багатай, говьтой төстэй байгальтай. Хаварт нэлээд хугацаагаар шуурч, хуурайшилт нэмэгддэг тул ахуйн хүрээний түймрийн дэгдэлт нэмэгддэг. Тиймээс холбогдох албадынхан мэдээллийн хэрэгсэл ашиглан иргэдэд галын аюулаас сэргийлэх тухай зөвлөмж өгч эхэлсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Онцгой байдлын албаны бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгасан. Манхан, Чандмань зэрэг таван сумын нутгийг хамарч оршдог Хар ус нуурын эргэн тойрныг түймэрт өртөх магадлалтай гэж үздэг. Өнгөрсөн зун хур тунадас багатай, хуурайшилт их байсан тул тус нуурын зэгс их хэмжээгээр шатсан. Энэ жил дээрх сумдад цас бага орж, хөрс чийггүй байгаа учраас ахин түймэр гарах магадлалтайг тооцон, холбогдох албад нь анхаарч байна. Бүх сумын байгаль орчны асуудал хариуцсан ажилтнуудад гамшгаас хамгаалах зөвлөмж хүргүүлэхээр “Mass message” аян өрнүүлж, долоо хоног бүр шинэ мэдээллээр хангадаг.
ДЭЛХИЙД
Эрс хуурайшилт байгалийн түймэр дэгдэх эрсдэлийг нэмжээ
Энэ жил далайн эл нино урсгал сэргэсэн учир дэлхийн агаарын дундаж температур дээшилж, халууны дээд амжилт тогтоогдох магадлал өндөр байгааг АНУ, Европын цаг уурын мэргэжилтнүүд анхааруулжээ. Уг урсгал хамгийн сүүлд идэвхжсэн 2016 он цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жилээр тэмдэглэгдсэн юм.
Хойд хөршийн Ус, цаг уурын төвийн мэдээгээр тус улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг энэ жил хавартай эрт золгосон бөгөөд гуравдугаар сарын дундаж температур тогтсон хэмжээнээс 1-3 градусаар дулаан байна. Олон жилийн дундаж нь энэ сарынх -5.2 градус аж. Үүнийг Атлантын далайгаас ирж буй дулаан урсгалтай холбон тайлбарлажээ.
Нөгөөтээгүүр, сүүлийн хэдэн жил нарны идэвхжил хүчтэй байсны нөлөөгөөр манай гаргийн температур хэт хэлбэлзэж буй. Өөрөөр хэлбэл, хэт халж, эсвэл хүйтэрч байна. Энэ байдал ирэх жилээс л хэвийн болно хэмээн судлаачид мэдэгдсэн аж.
2019 оны хавар эрт эхэлсэн шигээ эрт дулаарахгүй, ирэх сарын сүүлчээр цас орж болзошгүйг урдьчилсан мэдээнд анхааруулж байна. Хаврын хуурайшилтын үеэр дэгдсэн түймэр нь манай хил давж, багагүй хохирол учруулдаг Эрхүү мужид цаг агаар ер бусын дулаан, хуурай байгаагаас байгалийн түймэр эрт дэгдэхээс сэрэмжлүүлэх болжээ. Тодруулбал, Байгал нуур орчимд хавар эрт болсон учир Сибирийн бүс нутагт баймгүй дулаан температур Эрхүү мужийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт тогтсонд тус бүс нутгийн удирдлага түгшиж буй гэнэ. Ой, хээрийн бүсэд нь цасан бүрхүүл бараг үлдээгүй учир эрс хуурайшилт байгалийн түймэр дэгдэх эрсдэлийг нэмсэн аж. Тиймээс тус мужийн Онцгой байдлын албанаас түймэр, хуурайшиж хатсан өвсөнд зөвшөөрөлгүй гал тавихаас сэргийлэхэд хяналт тавих эргүүл ажиллуулж байна. Тэрчлэн эрчим хүчний байгууллагуудын хариуцсан объектуудын хамгаалалтын бүсэд цэвэрлэгээ хийж, үндсээрээ булгарч унасан том мод, унанги болон овоолон шатаасан их мод, хуучин дэр мод болон шатамхай бусад хогийг зайлуулах ажил зохион байгуулж байна. Ийм хог хаягдлыг шатаан устах ажлыг гал түймрийн онцгой хяналттай гүйцэтгэхийг анхааруулжээ.
Европт гарсан хамгийн том түймэртэй Испани тэмцэж байна. Гал сөнөөгч, цэргийн алба хаагч нийлсэн 300 хүн тус улсын хойд нутагт дэгдсэн түймэртэй тэмцэж байгаа аж. Үүнд нисэх онгоц татан оролцуулж, түймэр лүү ус асгуулж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт Астур мужийн 99 түймрийг 47 болгон цөөрүүлжээ. Хөрш Кантабр мужид 18 түймрээс хоёрыг нь унтраасан байна. Түймрийн тоог цөөрүүлснээр агаарын температур буурсан ч хүчтэй салхи цурванд оруулсан түймрийг дахин дэгдэхэд хүргэжээ. Испанид зун, өмнөд нутгийнх нь илүү хуурай бүс, Газар дундын тэнгисийн эрэг дагуу ойн түймэр гардаг. Гэтэл Астур, Кантабр зэрэг өвөл нь бороо их ордог хойд бүс нутаг ингэж түймэрт автах нь ховор аж. Цагт 100 км хурдтай өмнийн салхи, жирийн энэ үед ер бусын дулаан байгаа зэрэг нь түймэр газар авахад хүргэж буй гэнэ.
Бэлтгэсэн. З.Амгалан
Эх сурвалж: Өнөөдөр сонин