Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Жигжиднямаа: \“УБТЗ\“ ХНН-ийг 2020 оны сүүлээр 34 сая тонн ачаа зөөх хүчин чадалтай болгоно

“УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-2020 ОНЫ СҮҮЛЭЭР 34 САЯ ТОНН АЧАА ЗӨӨХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ БОЛГОНО-

-“УБТЗ” ХНН-ийн Сүүлийн үед хийж хэрэгжүүлж буй ажлын тань талаар яриагаа эхлүүлье?

-Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд “УБТЗ” ХНН-ийн ачаа тээвэр болон зорчигч тээврийн ажил эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад техник технологийн зайлшгүй арга хэмжээнүүдийг авах шаардлага үүсээд байна. Өөрөөр хэлбэл нэвтрүүлэх чадвараа дээшлүүлэх, тээврийн чанарыг сайжруулах зэрэг өргөн цар хүрээтэй зохион байгуулалтын ажлууд их бий. Тээвэрлэх ачааны хэмжээ ихэсч байгаа нь галт тэрэгний хөдөлгөөн ихэсч байгааг илэрхийлж байгаа. 2016 оны эхэнд хоногт ойролцоогоор 30-35 мянган тонн ачаа ачдаг байсан бол энэ жилийн хувьд 50-60 мянган тонн ачаа ачдаг болсон байна. Нэвтэрч буй галт тэрэгний тоо ч өссөн. Технологийн өөрчлөлтийн асуудал, хөрөнгө оруулалтын асуудал зэргийг шинэ түвшинд гаргах шаардлагатай болж байна. Мөн ачаа тээврийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, зорчигчдод ил тод “тунгалаг” үйлчилгээг үзүүлэх тал дээр анхаарч байгаа. Өнгөрөгч 2018 оны турш онлайн билет худалдаа, жишиг вагоны үйлчилгээг нэвтрүүлсэн. Цаасгүй технологид шилжиж өөрийн ачаа бараа хаана явж байгааг хянах, захиалга хэрхэн өгөх, захиалгын байдал ямар байгааг харах боломжтой болсон. Энэ оноос хүчин чадал дээд цэгтээ тулснаас үүдэн технологийн шинэчлэл хийгдэх зайлшгүй шаардлага үүссэн. Одоогийн байдлаар 245 сая долларын хөрөнгө оруулалтын асуудал яригдаж байгаа юм. 2020 оны сүүл гэхэд Улаанбаатар төмөр замын нэвтрүүлэх чадвар 34 сая тонн ачаа зөөх хүчин чадалтай болгох асуудал чухлаар хөндөгдөж байна.

-Нийгмийн асуудлын хүрээнд ямар ажлууд хэрэгжүүлж байна вэ?

-Нийгмийн асуудлын хүрээнд 6000 гаруй залуу төмөр замчдын байрны асуудал шийдэгдээгүй хүлээгдэж байна. Мэдлэг боловсрол, мэргэжил дээшлүүлэх тал дээр сургалтын асуудлууд шийдэгдээд явж байна. Орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхлээд үргэлжилж байгаа шүү. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд гурван байр ашиглалтад оруулсан бол Зүүнхараа, Сүхбаатар, Айраг, Хөтөл өртөөдүүдэд байрны асуудлууд шийдэгдэхээр хүлээгдэж байгааг хэлье. Мөн олон цагаар гадаа их ажилладаг ажилчдынхаа эрүүл мэндийн асуудлыг анхаарах, элэгний өвчнийг эрт илрүүлэх, оношлогоонд хамруулж байгаа юм.

-“УБТЗ” ХНН нь улсын төсөвт хичнээн төгрөг төвлөрүүлдэг юм бэ. Таныг ажлаа авснаас хойш хэрхэн өөрчлөгдөв?

-Төсөвт шууд өгдөг мөнгөн хөрөнгө бага шүү. УБТЗ хамтарсан байгууллага учир жил бүр ногдол ашиг олгодог. Энэ нь хоёр хөрөнгө оруулагчид нэг нэг тэрбум гаруй төгрөгийг жилд хувааж өгдөг. Гэхдээ 2016 оны үед зөвхөн тээврийн жилийн орлого 300 гаруй тэрбум төгрөг байсан бол, өнөөдрийн байдлаар 500 гаруй тэрбум төгрөгт хүрчихээд байна. Монгол Улсад юу үлдэж байгаа вэ гэвэл тээврийн үйл ажиллагааныхаа орлогоор нийгмийн салбарыг үүрч явдаг л байгаа байхгүй юу. Тээврийн орлогоороо 16 мянган гаруй төмөр замчид тэдний ар гэрийнхний амьдралыг үүрч явдаг гэж хэлж болно.

-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг гэж явдгын хувьд хэдэн оны ямар гэрээгээр ажил хөдөлмөр зохицуулагддаг юм бэ?

-БНМАУ, ЗХУ хоёрын хооронд “УБТЗ” ХНН байгууллагыг байгуулах гэрээ 1949 оны зургадугаар сарын 06-нд хийгдсэн. Энэ гэрээгээр хамтарсан нийгэмлэгийн бүх үйл ажиллагааг зохион байгуулж явдаг. Засгийн газар хоорондын гэрээний статустай. Энэ жил 70 жилийн ой тохиож байна.

-ОХУ-аас хичнээн хүн ажилладаг вэ. Тэдгээр ажилчид ямар үүрэг, оролцоотойгоор ажилладаг юм бэ?

-Манай байгууллагад нийт 16 мянган хүн ажилладагаас 22 нь Орос улсын мэргэжилтэнгүүд юм. Хариуцсан ажлуудаа өөрсдийнхөө хэмжээнд сайн гүйцэтгэж ажилладаг. Энэ Монголын талын ажил, энэ Оросын ажил гэж зааглаж ялгаварласан зүйл байдаггүй. Харин нийгэмлэгийн удирдлагын Орос талын оролцоо бий. Манайд удирдлагын ерөнхий хороо гэж байгууллага бий. Ерөнхий хороо нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй. Гурав нь Монгол, гурав нь Орос талаас томилогддог зарчимтай. Ерөнхий хорооны хурлаар нийгэмлэгийн шийдэх ёстой бүхий л асуудлуудыг шийдэж төмөр замын удирдах газарт даалгавар өгч ажилладаг даа. 1949 оны хэлэлцээрт хоёр талын тэнцүү удирдлагыг шийдэж өгсөн байдаг. Замын дарга нь Монгол хүн байвал нэгдүгээр орлогч нь Орос хүн байна гэх мэтчилэнгээр тэгш эрхийг хангасан зарчмаар ажилладаг.

-Төмөр зам бол улс төрөөс ангид байх ёстой байгууллага. Сүүлийн үед улс төрийн нөлөөлөл, хэн нэгэн эрх мэдэлтний оролцоотой байгууллага болсон гэдэг шүүмжлэл тасардаггүй болсонтой санал нийлэх үү?

-Хариуцлагатай, онцгой эрсдэлтэй бүс. Урьд нь хагас цэрэгжсэн зохион байгуулалттай, тусгай онцлогтой байгууллага байсан. Үүнтэй холбогдуулан үүсгэн байгуулагдсан цагаас л улс төрийн оролцоо байдаггүй байсан. Албан тушаалтнууд, ажилчид нь улс төрийн арга хэмжээнд ордоггүй л байсан шүү дээ. Сүүлийн жилүүдэд УБТЗ-ын үйл ажиллагаа нийт ард иргэдийн сонирхлыг татдаг байгууллага болсон гэдэг нь харагддаг. Энэ нь улс төрийн зорилго гэхээсээ илүү зарим нэг хувь хүмүүсийн сонирхол, энэ байгууллагыг тогтворгүй байдалд хүргэх, санаатай санаандгүй сонирхож орж ирэх явдал их байна. Үндсэн шалтгааныг ойлгохгүй буруу зөрүү тайлбар мэдээлэл өгөх, нөлөөлөх гэсэн оролдлогууд байдгийг үгүйсгэхгүй. Энэ байдал сүүлийн жилүүдэд эрчимжиж, тайван ажил хийхэд нөлөөлж байна.

 

-УЛС ТӨРИЙН ЗОРИЛГОТОЙГООР ОЛОН НИЙТЭД МИНИЙ ТУХАЙ БУРУУ МЭДЭЭЛЭЛ ТАРААЖ БАЙНА-

-Танай байгууллага байнга мэдээлэл хийгээд байдаггүй. Цаг үеийн асуудлаар тодорхой мэдээллүүдэд хариулт яагаад өгдөггүй юм бэ?

-Төмөр замчид өөрийнхөө урдах ажил үүргээ биелүүлэхийг л хичээж ажилладаг хүмүүс. Улс төр, хэрүүл маргаанд оролцох сонирхол байдаггүй. Яагаад гэвэл манай ажилчдад хийх ажил их, тухайн ажилдаа санаа сэтгэл тавьж янз бүрийн шалтгаантай ажлуудад оролцох хүсэл байдаггүй. Өөрөөр хэлбэл янз бүрийн хэрүүл маргаан, ном хаялцах ажилд оролцоод байх шаардлагагүй. Хийх ажил тэртээ тэргүй их байдаг юм. Ялангуяа сүүлийн хэдэн жилд их ч, хүнд ч ажлуудтай байгаагаас маргаан дуудсан асуудалд оролцохгүйг хичээдэг.

-Танай байгууллагад сүүлийн таван жил шалгалт хийгдээгүй. Өмнө нь хоёр удаа шалгалт хийлгэхээс татгалзаж байсан, мөн таныг санхүүдээ шалгалт хийлгэхээс татгалзсан гэдэг мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөөд байгаа. Шалгалтуудаас татгалзсан шалтгаан юу байв. Мөн санхүүгийн асуудалд шалгалт хийлгэхгүй байх шалтгаан танд бий юу?

-Өчигдөр ийм утга бүхий мэдээллүүд цацагдсан байсан. Энэ тал дээр зөв тайлбар мэдээлэл өгөхгүй бол болохгүй нь дээ гэсэн байр суурьтай сууж байсан юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд буруу өнцгөөс нь тайлбарлаад байх шиг байна лээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгдүгээр сарын 10-ны өдөр манай байгууллагад “хөдөлмөр хамгааллыг хангаж ажиллаж байгаа эсэх” талаар шалгалт шалгалт хийнэ гэсэн удирдамж ирүүлсэн. Тухайн шалгалтын удирдамжид санхүүгийн бичиг баримттай танилцана гэсэн зүйл байсныг хараад 1949 оны хэлэлцээрийн дагуу “УБТЗ” ХНН-д ямарваа нэгэн санхүүгийн шалгалтыг хийхэд заавал тэгш эрхтэй комиссар шалгана гэсэн заалт бий. Өөрөөр хэлбэл, Орос Монголын хөрөнгө төлөөлж буй улсууд зэрэг шалгана, нэг талын эрх ашгийг барьж шалгалт хийхгүй гэдэг заалт бий. Үүний дагуу би мэргэжлийн хяналтын байгууллагад нэг удаа захиа бичсэн. Хоёр дах удаадаа санхүүгийн шалгалт хийж болно, ингэхдээ 1949 оны хэлэлцээрийн заалтыг харгалзан мөрдөж Оросын талтай хамтарч шалгаачээ гэдэг хүсэлтээ гаргасан. Тэрнээс биш шалгалт оруулахгүй гэсэн байр суурийг илэрхийлээгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөлөлтэй уулзаж энэ асуудлаар хэлсэн. Үүний дараа мэргэжлийн хяналтын байгууллага 1949 оны хэлэлцээрийг Засгийн газар хоорондын гэрээ гэдэг утгаараа мөрдөх ёстой юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч дөрөвдүгээр сард тэгш эрхт шалган байцаах комиссын ажил эхлэнэ. Тухайн шалгалтаар жил бүр бид санхүүгээ шалгуулдаг. Хувь нийгэмлэгийн хамтарсан өмч байгаа л бол хамтарсан шалгалтаар шалгах үндэслэлтэй. Хоёр тусдаа шалгалт хийж тус тусдаа актууд зөрөөтэй гарвал хоёр талын хөрөнгө оруулагч талуудад маргаан үүсэх эрсдэлтэй байдаг. Нэгдсэн удирдлага нэгдсэн шийдвэртэй явахын тулд хамтран шалгалт хийх нь зүйтэй.

Гэтэл өчигдрийн хувьд олон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дагуулж орж ирээд шалгалт хийлгэхгүй байна гэдэг асуудлыг ярьж эхэлсэн. Түүний өмнө нь ч гэсэн шалгалт хийлгэхгүй байна гэдэг асуудлыг ярьж байсан. Жигжиднямаа гэдэг хүн ямар байр суурьтай байгааг хэн ч асуугаагүй мөртлөө санхүүгийнхээ булхайг нуух гэж байгаа мэтээр цацсан. Дахин хэлэхэд шалгалт оруулахгүй гэж эсэргүүцсэн асуудал байхгүй.

-Мэргэжлийн хяналтын байгууллага Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж буй байгууллага учир Монголын хуулиар зохицуулагдсан шалгалт явагдах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан шүү дээ?

-1949 оны хэлэлцээрт тусгаарлан заагаагүй нөхцөлд Монголын хуулийг хэрэглэнэ гэж заасан байдаг. Яг хамтарсан шалгалтууд хийнэ гэдэг нь тусгаарлагдаад тэр хэлэлцээр дээр заагдчихсан байгаа учир Үндсэн хуулиар Засгийн газар хоорондын гэрээ нь МУ-ын нутаг дэвсгэр дээрээ байгаа хуулиас илүү хүчин төгөлдөр гэсэн байдаг. Үүнийгээ сайн ойлгохгүй байгаа юм болов уу гэж ойлгож байна. Хэлэлцээр нэртэй болохоос биш Засгийн газар хоорондын хэлэлцээр нь Монгол Улсын хуулиас давуу эрхтэй байдаг гэдгийг бүрэн дүүрэн ойлгохгүй байх шиг санагдсан. Үүнийг хуульчид бүрэн тайлбарлаад өгөх байх. Хоёр байгууллагын учраа ололцох л асуудал юм. Чи, би гээд л байх шаардлагагүй хоорондоо яриад тохирох асуудал. Бүх дүрэм журам тодорхой байгаа учир түүнийхээ дагуу л ажиллах ёстой. Тэрнээс биш мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт хийж буй ажилчид олон нийтэд ташаа мэдээлэл өгөх, олны санааг буруу тийш эргүүлэх зэргээр УБТЗ-ын байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн. Сурвалжлагчдыг өөрсдөө дуудаж авч ирээд, ярилцлага өгөхдөө буруу зөрүү тайлбар мэдээлэл хийх зэргээр зохион байгуулалттайгаар гүйцэтгэсэн гэж харж байна. Шуудхан хэлэхэд өөр зорилготой. Тиймээс дуугүй суугаад байж болохгүйд хүрлээ.

-Урьдчилсан байдлаар “УБТЗ” ХНН-ийг эрсдлийн үнэлгээгээр асар өндөр эрсдэлтэй гэж тогтоосон тухайгаа мэдээллэсэн байдаг. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Хөдөлмөр хамгааллын асуудал энэ байгууллагад урьд өмнө нь ч гарч л байсан. Хойшдоо гарахгүй байх гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Төмөр замын тээвэр өндөр эрсдэлтэй аж ахуй. Хүнд техникээр хурдтай үйлчилдэг учир, өндөр ур чадвар, өндөр мэдлэг шаардсан ажил. Иймд алдаа дутагдал хааяа гарч л байдаг. Төрийн байгууллагууд зохих шалгалтыг хийхэд, гарсан дүгнэлтүүдийг хүндэлж үзэж, алдаагаа арилгахыг хичээж ажиллана. Гэхдээ олон нийтийн санаа бодолд буруу сэтгэгдэл төрүүлэхүйц байдлаар мэдээлэл өгч шалгалт хийж байгаа явдалд харамсаж байна. Ямарваа нэгэн шалгалт буруу зөрүү үйлдлийг илрүүлж, түүнийг засч залруулах зөвлөгөө өгөх бололцоо олгодог гэж ойлгодог. Хамгийн гол нь дүрэм журмынхаа дагуу шалгаач ээ гэдэг асуудал тавихад, үл ойлголцлын асуудал гарсан байх магадлалтай.

-Сүүлийн хоёр жил 62 осол гарсан тухай бүртгэгдсэн мэдээлэл бий. Осол гарсан шалтгаануудад хэн буруутай , хэний хариуцлагагүй байдлаас үүдсэн тухай асуудал сөхөгддөг. Ер нь хэн хариуцлага хүлээх ёстой юм бэ. Тухай бүртээ зохих хариуцлагууд яригддаг биз дээ?

-Сүүлийн хоёр жил 62 осол гарсан гээд бүртгэчихсэн байсныг харсан. Автомашины гарам дээр маш олон осол бүртгэгдэх болсон. Өмнө нь нэг цагт хоёр галт тэрэг явдаг байсан бол одоо цагт 19 галт тэрэг явж байна. Жолооч нар төмөр замын хөдөлгөөний мэдлэггүй, дүрэм журмаа биелүүлдэггүй нь үүдэн ослын тоо нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй. Гол шалтгаан нь хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотой. Ийм үед гарцыг хоёр түвшинд хийж хүний эрүүл мэнд амь насыг хамгаалах арга хэмжээг авах ёстой байдаг. Харамсалтай нь мөнгө төгрөгний бололцооноос хамаараад бүх гармыг хоёр түвшинд хийх боломж тааруу байгаа. УБТЗ гурван жилийн өмнө хотын захиргаатай тохирч найман гарч хийхээр төлөвлөснөөр өөрийнхөө гүйцэтгэх ёстой хоёр гарцыг 400 сая төгрөгөөр хийсэн. Одоо хотын захиргааны ажил үлдээд байна. Улаанбаатар гэлтгүй Замын-Үүд, Чойр, Сүхбаатар, Сайншанд, Дархан зэрэг эрсдэлтэй бүсүүд их бий. Галт тэрэг ирлээ гээд улаан гэрэл, дуут дохио өгөөд байхад машинтай жолооч тоолгүй яваад орчихсон тохиолдол хүртэл гарсныг санаж байгаа байх. Иймэрхүү осол болоход хүний амь эрсэдхээс гадна эдийн вагон дөрвөөс таван цаг саатахад эдийн засгийн тооцооллоор асар их мөнгөний алдагдалд хүлээдэг.

 

-Л.ПҮРЭВБААТАРЫН 1.5 ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ БАЙРЫГ ЗАРЖ 300 ТӨМӨР ЗАМЧДАД БАЙРНЫ УРЬДЧИЛГАА ОЛГОНО-

-Өнгөрөгч 2018 оны наймдугаар сард Замын-Үүд чиглэлийн төмөр замын гарам дээр цахилгаан утас янзалж байсан инженер залуу осолдсон явдал гарсан. Тус залуугийн ар гэрийнхэн танай байгууллагыг одоо хүртэл ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй өдий хүртэл чимээгүй байгаа гэдэг байр суурийг илэрхийлсэн. Энэ мэдээлэл үнэн үү?

-Тухайн залуу дагалдангаар ажиллаж байсан. Гарам дээр ажиллагаагүй. Өндөр эрсдлийн бүс дээр зохих заавар аваад ажиллаж байсан юм билээ. Галт тэрэгний хөдөлгөөн рүү яваад орчихсон. Харамсалтай үйлд явдал болсон. Манай байгууллагаас хөдөөлүүлэх зардал зэрэг шаардагдах зардлуудыг төлсөн. Хожуу гарсан задлан шинжилгээний хариугаар бага зэрэг согтолттой байсан гэдэг нь тогтоогдсон. Ар гэрийнхэн нь ямар асуудал тавьж байгааг мэдэхгүй байна.

-Хоёр камер байсан ч ажиллагаагүй байсан гэдэг мэдээлэл үнэн үү?

-Хоёр камер ажиллаж байсан. Хүн эрсэдсэн хэрэг болгон дээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Хуулийн байгууллагуудын дүгнэлт гарах байх. Хөдөлгөөнтэй зам дээр нарны хаалтаа мөрөн дээр тавиад утсаа яриад алхаж байсан хүн хүртэл анхаарал болгоомжгүйгээсээ болж амиа алдсан харамсалтай сэтгэл эмзэглэм тохиолдол хүртэл гарч байсан. Осолдсон зарим иргэдийн ар гэрийнхэн бүх насаар нь тэжээхийг шаардаж ирэх тохиолдол ч байдаг.

-Таныг зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлтэй хамтран актлагдсан 1000 вагоныг худалдан авч, мөнгө угаасан гэдэг мэдээллийн дуулиан олон он дамнан яригдаж байна. Хэрэг одоо хүртэл шалгагдаж байгаа. Энэ тал дээр албан ёсны байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Энэ талаар олон ч удаа ярьсан даа. Энэ бол 1000 вагоны асуудал биш. 997 вагон худалдан авах гэрээ анх хийгдсэн. Үүнээс 20-21 жил ашиглагдсан 648 вагон нь орж ирсэн байдаг юм. Огт ашиглагдах боломжгүй, актлагдсан вагонууд биш. Оростоо засварын хугацаа дууссан байсан. Ийм вагонуудыг маш хямдаар аваад өөрийнхөө хүчин чадлаар зассан байдаг юм. Засварласан хүмүүс нь тээвэр хийхэд саадгүй гэсэн баталгаагаа хүртэл гаргасан. Энэхүү 648 вагон одоо хүртэл тээвэрт явж байгаа. Худалдаж авсан, засвар хийсэн мөнгөө нөхөхөөс гадна 40 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаад байна. Хэрэв энэ вагонуудыг худалдаж аваагүй байсан бол 2017, 2018 онд ачаа зөөх бололцоогүй болох хэмжээнд хүрэх байсан. Харин манайд 2400 вагон байснаас 80 хувь нь гучаас дээш жил ашиглагдсан юм л даа. Худалдаж авсан вагонуудаа шалгах ёстой газруудад ном журмынх нь дагуу шалгуулсан. Ашиглах боломжгүй “сэг” оруулж ирсэн мэтээр буруутгах өнцгөөс харж байгаа нь харамсалтай.

Энэ 1000 вагоны ачаар тээвэрлэлт эрс өсч, тэр хэрээрээ орлого нэмэгдсэн. Тухайн орлогоороо ажилчдынхаа цалин хөлсний хангамжийг жилд арван хувиар нэмэгдүүлж байгаа. Ажилчдынхаа цалинг ингэж нэмэгдүүлдэг манайхаас өөр байгууллага Монголд байдаг эсэхийг мэдэхгүй байна.

-АТГ-аас сэтгүүлчид тодруулахад шалгалтын ажил үргэлжилж байна, удахгүй шийдэгдэнэ гэсэн хариултыг өгдөг. Хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудал ямар шатандаа үргэлжилж байна вэ?

-Олон талаас шалгагдаж байна. Эрүүгийн цагдаа хүртэл шалгаж байна. Яллагдагчаар татлаа гэсэн мэдээлэл хүртэл цацагдсан. Гэхдээ арванхоёрдугаар сард намайг яллагдагчаар татахаас өмнө наймдугаар сард хэвлэл мэдээллээр яллагдагчаар татагдлаа гэсэн мэдээллүүд нийтлэгдсэн шүү дээ. Арванхоёрдугаар сард яллагдагчаар татсан шалтгаан бол хоёр жил УБТЗ-д ажиллаагүй хугацаандаа татвар төлөөгүй гэдэг шалтгаантай. Мөн үндэслэлгүй хэрэг нээж шалгаж байгаа. Гэхдээ УБТЗ-тай ямар ч холбоогүй. Мөрдөн байцаалтийн ажилд саад учруулахгүй цаг тухайд нь очиж байгаа. Надад ямар ч буруу байхгүй гэдэг 100 хувийн итгэлтэй байна. Холбогдох бичиг баримтуудаар үүнийг нотлох болно. Дүгнэлт гарсны дараа хэвлэл мэдээллийн байгууллагаар танилцуулна гэж бодсон үүднээс янз бүрийн гүтгэлэг, урьдчилж ялласан байдалд тайлбар хийхгүй суугаад байгаа. Үнэн мөн нь олдох байх, зүгээр л өөрийнхөө өмнөх ажлаа хийж байя гэж бодож байна.

 

-Богдхан уулын урдуур тойрч Багахангай өртөөнд холбогдох чиглэлтэй төмөр замын төсөлд Л.Пүрэвбаатар гарын үсэг зураад явчихсан. Таны хувьд Тавантолгойн нүүрсний чиглэлийн зам Монгол Улсын эдийн засагт илүү ашигтай гэсэн байр суурийг илэрхийлсэн. ТЭЗҮ гарсан уу, энэ ажлыг хийж хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгараад байна вэ?

-Богд уулын төмөр зам төсөл яригдаж байсан. Гэхдээ тэр төслийн ТЭЗҮ болон хичнээн төсөвтэй яаж барих шийдвэр огт байгаагүй. Яг өнөөдөр УБТЗ-д нэн шаардлагатай зам бол Замын-Үүд-Эрээн хэсгийн зам болчихоод байна. Өнгөрсөн онуудад 26,7 мянган сая тонн ачаа тээвэрлэсэн гэх амжилтыг тогтоосон боловч 29 сая тоннд хүргэх боломж байсан. Үүнийг Эрээн өртөө буюу Хятадын тал хязгаарласан. Техникийн хүчин чаадал болохгүй гэдэг үүднээс хүлээж авахгүй байсан. Энэ үед Хятадын нутаг руу гарах хоёр зам буюу Ханги Мандалын зам зайлшгүй хэрэгтэй байгаа гэсэн дүгнэлт гарсан байдаг юм. Нүүрс, төмрийн хүдэр, зэс зэргийг Эрээнээр тээвэрлэх зам хязгаарлагдаад байгаа тул Ханги Мандалаар тээвэрлэлт хийх гарц нээх бодол УБТЗ-д бий. Гэхдээ Богд Уулын төмөр зам, Ханги Мандалын төмөр зам аль нь баригдах эсэх шийдвэр эцэслэж гараагүй. Богд Уулын урдуур татах төмөр зам Улаанбаатарын дундуур галт тэрэг зорчих явдлыг зогсооход хэрэгтэй хэдий ч, Ханги Мандалын төмөр зам түүнээс түрүүнд хэрэгтэй байна. Монголын эдийн засгийн үр өгөөжийн үүднээс тэр шүү дээ.

-Л.Пүрэвбаатар 1.5 тэрбумын тансаг хаусаа УБТЗ компанид эргүүлэн өгөхөөр болж, өчигдөр хураах шүүхийн шийдвэр гарсан. Тансаг хаусынхаа оронд нэг өрөө байр авах саналыг тавьсан гэх мэдээлэл бий. Таньтай ямар нэгэн байдлаар тохиролцоо хийсэн үү?

-Л.Пүрэвбаатар УБТЗ-ын хөрөнгөөр Зайсан 87м2 байр хувьдаа авсан байдаг. Гурван шатны шүүхээр тухайн байрыг УБТЗ-д өгөх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргасан. Манай удирдах байгууллага буюу Ерөнхий хороо Л.Пүрэвбаатарын нэр дээр байгаа УБТЗ-ын байрыг зарж борлуул гэдэг даалгаврыг надад өгсөн байдаг юм л даа. Үүний дагуу би өвлийн хүйтэнд Л.Пүрэвбаатарыг гудманд гаргаад яах вэ гэдэг үүднээс мөнгийг нь төлөөд байраа өөрийн болгож авах санал тавьж, боломж олгосон. Өгөхгүй гэдэг хариулт надад өгсөн. Түүнээс биш нэг өрөө байраар солъё, эвлэрье зэрэг янз бүрийн тохиролцоо надтай хийгээгүй. Манай байгууллагын удирдлагууд зөвшилцсөний үндсэн дээр байрыг зарж 1.5 тэрбум төгрөгийг 300 гаруй төмөр замчдад хувийн байр худалдаж авах урьдчилгаа төлбөр хэлбэрээр олгох шийдвэр гаргасан.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

Түшээд маань төрийн буянаар газар үзэж, ганц хоёр туршлага судлахад 5 тив ч багаддаг бололтой
Түшээд маань төрийн буянаар газар үзэж, ганц хоёр туршлага судлахад 5 тив ч багаддаг бололтой
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.