Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батбаяр: Осака хот руу шууд нислэг нээнэ

“МИАТ” ТӨХК саяхан АНУ-ын Боинг компаниас хамгийн сүүлийн үеийн технологи бүхий цоо шинэ “Б737МАХ8” онгоц худалдаж авсан билээ. Үүний дараахан тус компани шууд нислэгийнхээ тоог нэмэхээр төлөвлөж, Гуанжоу хот руу нислэг үйлдэх болсоноо зарласан. Тус компани цаашид аль улсын ямар хот руу шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа талаар Маркетингийн хэлтсийн дарга С.Батбаяртай уулзаж, тодрууллаа.

-Гуанжоу хот руу шууд нислэг үйлдэхээр болжээ. Энэ чиглэлийг яагаад сонгох болов? 

-Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Азийн чиглэлийн нислэгээ өргөжүүлэн БНХАУ-ын худалдааны томоохон хотуудын нэг болох Гуанжоу руу энэ оны гуравдугаар сарын 31-нээс аравдугаар сарын 25 хүртэл пүрэв, ням гарагуудад шууд нислэг үйлдэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ чиглэлийн нислэгийг нээх болсон шалтгаан нь Гуанжоу бол Хятадын төдийгүй дэлхийн томоохон үйлдвэр, компани, бизнесийн байгууллагууд төвлөрсөн хот. Сүүлийн үед манай иргэд, бизнес эрхлэгчид тус хотыг ихээр зорих болсон. Мөн Гуанжоу болон БНХАУ-ын зүүн өмнөд бүс нутгаас аялал жуулчлалын зорилгоор ирж буй Хятад иргэдийн тоог нэмэгдүүлэх зэрэгт үндэслэн уг шууд нислэгийг эхлүүлж байгаа юм. 

-Шинээр нээж байгаа нислэгүүдийн эдийн засгийн үр өгөөжийг танай компани хэрхэн төсөөлж байна вэ?

-Эдийн засгийн үр өгөөжийн хувьд агаарын тээврийн компани нислэгийн шинэ чиглэл нээсэн жилдээ ашигтай ажиллана гэж төдийлөн байдаггүй, тухайн зах зээлийг бойжуулж зорчигч урсгалыг тогтворжуулсаны дараа ашгийн тухай асуудал яригддаг. Бид ч гэсэн Гуанжоугийн чиглэлийн нислэгийг энэ жилийн хувьд алдагдалтай байхаар төлөвлөсөн ч алдагдлын хэмжээг бууруулахын төлөө ажиллаж байна.  

-Дахин шинээр шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа чиглэл бий юу?

-Японы Осака хотын нислэгээ сэргээж байгаа. Аялал жуулчлалын оргил үе долоо, наймдугаар сард шууд нислэгээ үйлдэнэ. Манай компани  энэ чиглэлд нислэг үйлдэж байгаад 2014 онд зогсоосон байсан юм. Осака хотын нислэгийг дахин сэргээж байгаа шалтгаан нь мөн л зуны улиралд Монголыг зорин ирэх жуулдчын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотой юм. 

-Гуанжоу, Осака хоёулаа улирлын чанартай нислэг юм байна, тийм үү?

-Тийм. Улирлын чанартай гэснээс “МИАТ” ТӨХК  өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор өвлийн улиралд Бангкок, зуны улиралд Гуанжоу,Осака хотууд руу улирлын чанартай нислэг үйлдэнэ. Энэ нь  зорчигч урсгал ихтэй хугацааг сонгон нислэг үйлдэнэ гэсэн үг. 

-Өөр чиглэл нэмэхгүй гэсэн үг үү?

-2019-2021 он хүртэлх бизнес төлөвлөгөөнд БНХАУ-ын Гуанжоу, Японы Осака хотууд руу шууд нислэг эхлүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил. 

-Танай компани саяхан нэг шинэ онгоц авсан. Дахин хоёр онгоц нэмж авна гэж сонссон. Олон онгоцтой болж байгаа юм чинь шинэ чиглэл нээхгүй гэж үү.

-Агаарын хөлгийн парк шинэчлэлтийн хүрээнд АНУ-ын Боинг компанид үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий “Тулуй Хаан” “Боинг 737 МАХ-8” агаарын хөлгийг шинээр нь  энэ сарын 1-ний өдөр хүлээн авсан. Мөн энэ оны 5,10-р саруудад дахин хоёр “Боинг 737 MAX-8” авч үйл ажиллагаандаа ашиглана. Энэхүү агаарын хөлөг нь  хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон, ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай. Манай компани эдгээр агаарын хөлгүүдийг авснаар агаарын хөлгийн паркаа шинэчилж одоо үйлдэж байгаа нислэгийн давтамж, захиалгат нислэгийн тоогоо нэмэгдүүлж байгаа.

-Захиалгат нислэгийн тухайд...

-Энэ нь аялал жуулчлалын компаниудын захиалгаар хийдэг нислэгүүд гэж ойлгож болно. Өвлийн улиралд Хайнан, Дубай, Чежү, Бали, зуны улиралд  Муан, Нагояа, Окинава, Чендү зэрэг хотууд руу нисдэг. Нэмж хэлэхэд Гуанжоугийн нислэгийн нээлтийн урамшуулал болох эхний гурван нислэг хоёр талдаа нэг сая найман зуун төгрөгөөр нисэх боломжийг бид үйлчлүүлэгчиддээ олгож байгаа.

-Үнэ гэснээс танай компани ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөнгөлөлт үзүүлдэг үү?

-Гэр бүл, ахмад, оюутан залуучуудын гэсэн зорилтот бүлгийнхэнд зориулсан хөнгөлөлт байдаг.

Н.ТЭГШЖАРГАЛ: ГОЛОМТ БАНКНЫ ДУУ ХООЛОЙГ ХАЙЖ БАЙНА
Н.ТЭГШЖАРГАЛ: ГОЛОМТ БАНКНЫ ДУУ ХООЛОЙГ ХАЙЖ БАЙНА
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.