2019 оны 02 сарын 12 ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC түргэн хоолны газарт үйлчлүүлсэн иргэд нэгэн зэрэг шахуу хоолны хордлогод орж Халдварт өвчин судлалын үндэсний төвд одоог хүртэл эмчлүүлж байгаа. Тус эмнэлгийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны даргын хэлж байгаагаар эмчлүүлж байгаа иргэд ахуйн хавьтлын замаар халдварладаг шигелийн төрлийн нянгаар өвчилсөн болохыг баталсан мэдээллийг өгсөн. Мөн “Таванбогд фүүдс” ХХК-ийн KFC салбарын ажилчдаас шинжилгээ авахад 21 ажилчнаас хэрэглэгчдээс илэрсэн шигелийн төрлийн нян илэрснээс гадна арьсны халдварын шинжилгээнд хамрагдаагүй, шинжилгээ өгөлгүйгээр эмнэлгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн зөрчил давхар давхар илэрсэн асуудал нь батлагдсан. Үүнээс үүдээд иргэдийн хувьд нийтийн хоолны сүлжээний газруудаар үйлчлүүлэх итгэл бүрэн алдарсан гэхэд болно. Дээрх зөрчлүүд нь нэг өдрийн дотор илэрч байгаа зүйл биш. Өмнө нь тус алдаа байсаар эцсийн дүнд иргэдийг олноор хохироож нийтэд ил тод болж байгаа нь энэ.
Ахуйн хавьтлын замаар халдварладаг гэдэсний халдварт өвчин шигеллийн өвчин нь зун, өвлийн улиралд их дэгддэгээс гадна бүрэн эмчлүүлээгүй тохиолдолд тухайн иргэн насан туршдаа халдварт өвчний нянг биедээ тээх бүрэн боломж бүрддэг болохыг мэргэжлийн хүмүүс анхааруулсаар байгаа. Энэ ч үүднээс нийтийн газар ажилладаг иргэн гурван сарын хугацаанд олон нийтийн сүлжээний газар ажиллахгүй байхыг албан ёсоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс онцгойлон анхааруулсан.
Ийм цочирдмоор өвчинг ахуйн хавьтлын замаар авдаг гэдгийг “Таванбогд фүүдс” ХХК-ийн KFC салбарын удирдах албан тушаалтан болон эмнэлгийн байгууллагууд хэнээс ч илүү мэдэж байгаа. Гэтэл яагаад KFC салбар ажиллаж байсан иргэд эмнэлгийн шинжилгээний бичгийг хуурамчаар үйлдэн, байж боломгүй алдааг гаргав. Энэ нь эмнэлгийн байгууллагын хүнд суртал, хяналтгүй байдлаас хамааралтайгаас гадна төрийн байгууллага ямар ч уялдаа холбоо, хяналтгүй ажилдгийн нэг жишээ юм.
Энэ алдаа зөвхөн KFC түргэн хоолны сүлжээ дэлгүүрээр зогсохгүй байх нь одоогийн нийгмийн нөхцөл байдлаас харагдаж байна. Нийслэлийн хэмжээнд 4000 гаруй хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд байдаг юм байна. Тус газрын ажилчдын эрүүл мэндийн шинжилгээний бичигт хяналт тавьж хуурамч эсэхийг нь шалгахыг Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гээд салбар бүрийн яам тамгын газарт иргэд итгэл хүлээлгэж байна. Хэдий болтол хүний амь насаар дэнчин тавьсан нөхцөл байдал үргэлжилж, стандартгүй улс мэт, стандартгүй нийслэлийн иргэд мэт мөн стандартаа хэрэгжүүлдэггүй үйлчилгээний байгууллагууд байсаар байх вэ. Нийтийн хоол үйлдвэрлэлийн стандартыг шинэчлэх, эсвэл хэрэгжүүлэхийг шаардах цаг аль хэдийнээ болсон тохио энэ гэдгийг төрийн албан хаагчид та бүхэн ойлгож ажлаа үнэн бодитоор хийх шаардлага үүслээ.
Иргэд бид эгдүүцэж, бас эсэргүүцэж байна. Та ч бас өөрийн эрүүл мэндийн төлөө дуугарах цаг аль хэдийнээ болжээ.