Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

KFC-ГИЙН ТАХИАНД ХОРДСОН ИРГЭН “SHIGELLA SPP” НЯНГААР ХАЛДВАРЛАСАН БОЛОХ НЬ ТОГТООГДЖЭЭ

Зайсан дахь KFC салбараар үйлчлүүлсэн хүмүүс олноороо хордсон тухай мэдээлсэн билээ. Мэргэжлийн байгууллагууд тус салбарт хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь тодорхойгүй хугацаанд хаагаад байгаа юм. Ингэсэн ч KFC Зайсан салбараар үйлчлүүлж, хоолонд нь хордсон гэх иргэд ХӨСҮТ-д хүргэгдэн ирсээр байгаа аж. Өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 20, хордлогын шинжтэй 50 гаруй иргэд бүртгэгдээд байсан бол хагас өдрийн дотор буюу өнгөрсөн баасан гаригийн 18 цагийн орчимд ХӨСҮТ-д хордлогын улмаас хэвтэн эмчлүүэгсдийн тоо 37-д хүрсэн, KFC-гийн тахианд хордон эмнэлэгт хандсан хүний тоо 70 гаруй болжээ. Учир нь хоёрдугаар сарын 8-ны өдөр тус салбараас “Гэр бүлийн багц” 28, “Андууд багц” 24, Давхар бургер зургаан ширхэг болон бургер сэт, твистер сэт, тэнд сэт тус бүр нэг ширхэг гарч 137 хүн авч явсан бол хүргэлтээр 67 хүн захиалж, тухайн өдөр нийт 168 хүн үйлчлүүлсэн байна. Харин хоёрдугаар сарын 9-ний өдөр “Гэр бүлийн багц” 31, “Андууд багц” 30, “Давхар бургер багц” 21, бургер сэт 85, давхар бургер 107, твистер сэт 14, тахиатай сэт 27, тэндер сэт 37 гарсан байна. Эл өдөр уг салбараар 191 хүн үйлчлүүлсэн байна. Харин хоёрдугаар сарын 10-ны өдөр 160 хүн үйлчлүүлсэн бол 11-ний өдөр үйлчлүүлсэн хүний тоо 200 гаруй байжээ. Иймд хоолны хордлогод орсон хүмүүсийн тоо цаашид ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй аж.

БУСАД САЛБАРУУДАД ХООЛНЫ ХОРДЛОГО ГАРАХААС НААШ ШАЛГАЛТ ХИЙЖ БОЛДОГГҮЙ БОЛОЛТОЙ

Мөн энэ сарын 14-ний өдөр НМХЕГ-т “Home plaza” дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсэн иргэнд хордлогын шинж илэрсэн гэх гомдлын дагуу Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс тухайн газар очиж, шалгалт хийж хүнсний болон бүтээгдэхүүнийг шинжлэхээр дээж авсан байна.

KFC-гийн Зайсан дахь салбараас үүдсэн хоолны хордлогын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Лабораторийн төвийн эрхлэгч М.Бадамцэцэг, Эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Д.Цэнд-Аюуш “Хоёрдугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд Зайсан KFC салбараас хоол идсэн гэх 16 хүнд цусархаг гүйлгэлт, бөөлжих, дотор муухайрах, өндөр халуурах зэрэг эмнэл зүйн шинж илэрч ХӨСҮТ-д эмчлүүлэж байсан гэсэн мэдээллийг НМХЕГ-т хоёрдугаар сарын 12-ны 15 цагийн орчимд ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Үүний дагуу Зайсан салбар дээр дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс байцаагч нарыг томилсон. Энэ хугацаанд тоног төхөөрөмж, эд зүйлийн гадаргуугаас арчидас болон 9,10,11,12-ны өдрүүдэд хэрэглэсэн 39 төрлийн хоолны дээж, 24 нэр төрлийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүн, ундны усны хоёр дээж, агаарын таван сорьц, хэрэглэж байсан ундааны дөрвөн сорьцыг лабораторид илгээсэн. Мөн ажилчдаас нь нян тээгч илрүүлэх шинжилгээг авч ХӨСҮТ-д шинжлүүлж байгаа. Иймд Зөрчлийн хуулийн 1.8-д зааснаар зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна. НМХЕГ-ийн Лабораторийн шинжилгээний хариу хоёрдугаар сарын 18-ны өдрийн 20 цагт гарна. Урьд нь ийм олон хүнийг хамруулсан хоолны хордлого гарч байгаагүй. Гомдол мэдээлэл ирж байсан” гэв.

Уг нь олон арван хүнийг хамруулсан хоолны хордлого гарчихаад байхад бусад салбаруудад нь яагаад шалгалт хийхгүй байгааг Мэргэжлийн хяналтын газрын зүгээс тайлбарлахдаа “KFC нь нийт 12 салбартай. Хоолны хордлого нь юунаас болсныг тогтоогоогүй байгаа учраас бусад салбаруудыг нь МХЕГ зүгээс шалгаж болдоггүй. Бид хуулийнхаа дагуу ажлаа явуулна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хордлого юунаас болсныг нь тогтоож байж л бусад газруудыг нь шалгах эрх зүйн үндэслэл бүрддэг гэнэ. Нэг ёсондоо шинжилгээний хариу гараагүй учир бусад газруудад хүн хордохоос нааш шалгалт хийж болдоггүй аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ: ИЙМ АСУУДАЛ ҮҮСЭЭД БАЙГАА НЬ ЦААШДАА ФРАНЧАЙЗИНГИЙН БИЗНЕС МОНГОЛД ОРЖ ИРЭХЭД ХААЛТ БОЛНО

Монголд франчайзинг бизнесийн орчинг зохицуулдаг эрх зүйн орчин нь дутмаг байдаг. Франчайзинг бизнесийн эрх зүйн орчинг бий болгохоор УИХ-ын гишүүн Н.Учрал судалж байжээ. Иймд түүнээс Дэлхийн алдартай брэндийн салбарыг оруулж ирдэг компаниуд хариуцлагагүй алдаа гарвал хэрхэх талаар асуулаа.

-Монголд франчайзинг бизнесийн эрх зүйн орчин ямар байдаг юм бол?

-Монголд франчайзингийн бие даасан хууль гэж байдаггүй. Одоогоор иргэний хуульд заасан франчайзингийн гэрээгээр зохицуулагддаг. Гэрээ нь өөрчлөгдөх, дуусгавар болоход хэрхэх талаар нарийн зохицуулалт алга. Тэгэхээр иргэний хуульд заасан гэрээнүүдтэй адилхан бие даасан гэрээ маягаар авч үздэг. Уг нь франчайз нь систем хэлбэрээр бусад улс орон хэрэгждэг. Франчайзингийн бие даасан хуультай орнууд олон байна. Тухайлбал, ОХУ, Малайз зэрэг орнууд маш сайн хууль боловсруулан хэрэгжүүлсэн. Энэ ч утгаараа Малайзад маш олон компаниуд франчайзинг хийж орж ирсэн. Манайд ч гэсэн худалдааны, үйл ажиллагааны, үйлдвэрлэлийн франчайзингийн гэрээгээр олон компани орж ирж байна. Гэтэл манай улс ашигтай загвар, тэмдэглэгээн нь л оюуны өмчөөр хамгаалаад явж байгаа болохоос биш бүхэлд нь зохицуулж чадаагүй.

-Хэрэв франчайзингийн эрхийг авсан газар нь алдаа гарган хэрэглэгчидээ хохироовол хэнд хариуцлага тооцдог вэ. Мөн толгой компани нь сүлжээг өөрийн орондоо оруулж ирэгч компанид хариуцлага тооцдог болов уу?

-Эрх шилжүүлэгч, эрх хүлээн авагч гэсэн хоёр тал бий. Эрхийг нь шилжүүлж байгаа тал болох төв компани нь мастер франчайз буюу эрхийг нь дамлах Азийг хариуцсан компани нь бусад орнууд руу зуучилдаг. Манайх тус компанийн төв газартай шууд харьцахаас илүү Азийн хариуцагчтай нь гэрээ хийн, эрхийг хүлээж авдаг. Эрх шилжүүлж байгаа болон эрх хүлээн авагчид гэрээ хийхдээ тухайн стандартаар нь үйл ажиллагаагаа явуулж, тэдний тоног төхөөрөмжийг хэрэглэнэ, түүхий эдээ тэднээс худалдаж авна гэх мэт олон төрлийн гэрээг хийдэг. Харин хэрэглэгчдээ хохироосон, компанийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд эрх шилжүүлж байгаа тал гэрээгээ цуцлах бүрэн боломжтой. Дээрээс нь мөнгө хүртэл нэхэмжилдэг. Тэгэхээр Франчайзинг системээр орж ирэгч компаниуд стандартаа маш сайн баримталж, чанарыг эрхэмлэх ёстой. Учир нь франчайзинг гэдэг нь брэндийн нэр хүндийг ашиглаж байна л гэсэн үг. Иймд нэр хүндэд халдсан үйлдэл гаргасан тохиолдолд хэрхэх талаар бүгдийг гэрээнд тусгаад өгчихдөг. Харин бусад асуудлаар хэрэглэгчдийг хохироосон тохиолдолд нэгэнт манай улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа тул гэрээ хийж оруулж ирэгч компани нь хариуцлага хүлээнэ.

-KFC-гийн хоолноос иргэд хордлоо гэх мэдээлэл гарсан. Энэ нь дэлхийн түргэн хоолны бизнесийн зах зээлд Монголын нэр хүндийг унаж магадгүй гэсэн үг үү?

-Юунаас болсныг шалгаж тогтоох хэрэгтэй. Гэхдээ яг ийм тохиолдол болбол эрх шилжүүлж байгаа компани өөрсдийн дотоод шалгалтаа оруулж, мөнгө нэхэмжилдэг. Хүссэн ч эс хүссэн ч эрх шилжүүлэгч, авагч хоёр компанийн хооронд асуудал үүснэ. Уг нь бусад бизнестэй харьцуулахад франчайзинг нь хамгийн өндөр шаардлагатай, хариуцлагатай ажил. KFC Монголд үйл ажиллагаагаа явуулна гэдэг нь нэр хүндийн асуудал. Ийм асуудал дэгдээд байгаа нь цаашдаа франчайзингийн бизнес Монголд орж ирэхэд хаалт болно доо гэв.

НМХЕГ-аас 2017 онд Зайсан KFC-д шалгалт хийж байсан. Энэ үед бага эрсдэлтэй гэж бүртгэгдсэн бол 2018 онд дахин шалгахад дунд эрсдэлтэй гэж үнэлэгдэж байжээ. Дэлхийн сүлжээ хоолны газрыг оруулж ирэх эрхийг авч буй франчайзинг бизнес эрхлэгчид толгой компанийн тавьсан шаардлагын дагуу нэрийг нь ашигладаг байна. Энэ ч утгаараа Монголд ажиллаж байгаа KFC түргэн хоолны газрууд нь хоолны үндсэн түүхий эд болох тахианы махаа Хятад улсын Шандао мужаас авдаг аж. Мөн тогтсон хугацаанд толгой компаниас нь салбарууддаа хяналт шалгалт хийдэг гэнэ.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНААС “SHIGELLA SPP” ГЭХ НЯН ИЛЭРЧЭЭ

Анх нэг гэр бүлийн таван хүн Зайсан дахь KFC-гийн салбараар үйлчлүүлсний улмаас биед нь хордлогын шинж илэрч ХӨСҮТ-д хандсан байдаг. Иймд уг гэр бүлийн тэргүүн Ч.Чинбатаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Гэр бүлийн таван гишүүн бүгд хоёрдугаар сарын 12-ний өдөр эмнэлэгт хэвтэж, өнөөдөр (Хоёрдугаар сарын 15)-нд эмнэлгээс гарсан. Анх хоёрдугаар сарын 8-ны баасан гаригийн зургаан цагийн орчимд Зайсангийн KFC-гээс “Өнөр бүлийн багц”, плей бургерээс хоёрыг авч гэртээ авчран идсэн. Манайх 9,11,14 насны хүүхдүүдтэй. Бидэнд дараа өдөр нь ямар ч шинж тэмдэг илрээгүй. Гэтэл 10-ны өглөө үүрээр гэнэт гэдэс базлаад сэрж нойл ороход шууд шингэн усан суулгалт өгсөн. Тэр үеэр манай хүүхдүүд, эхнэр бас тийм байдалтай сэрсэн. 9,11 настай хоёр хүү маань их хүнд туссан. Энэ хоёр 10-ны өдрөөс эхлэн гүйлгээд, бөөлжөөд, дээшээ, доошоо ойр ойрхон шингэн алдсан. Бие сульдаж, халууран, шингэн алдаж, бүх үе янгинаж өвдөж байлаа. Түргэний эмч болон эмийн санчаас ямар эм хэрэглэхээ асууж аваад хоёр хоног гэртээ гүрийн хэвтсэн боловч ер дээрдээгүй. Гурав дахь өдрийн өглөө нь ХӨСҮТ рүү очсон. Анх очиход асуулга асууж, биеийн байцаалт үзсэн. Бид хордлого хамгийн сүүлд идсэн зүйлээсээ болно гэж бодсон болохоор гайхаад KFC идсэн гэдгээ хэлсэн. Тэгээд биднийг хэвтүүлсний дараа ирсэн хүмүүс бас KFC-ээр үйлчлүүлсэн гэж мэдүүлсэн учир ХӨСҮТ-ийн эмч нар тэр дор нь учрыг олсон. Уг нь KFC-гийн бүтээгдэхүүнээс ямар ч өөрчлөлт ажиглагдаагүй. Анх очиход биднээс шинжилгээ авч өнөөдөр (хоёрдугаар сарын 15) эмнэлгээс гаргалаа. Уг нь гаргахгүй гэж байсан ч хордлогын шинжтэй өвчтөнүүд улам нэмэгдсэн болохоор гаргасан. Шинжилгээний хариунаас shigella spp гэхэд нян илэрсэн. Миний бодлоор үүссэн энэ асуудал нь монголчуудын хариуцлагагүй байдлынх гэж бодож байгаа. Энэ нян антибиотик л ууж байж дарагдсан. Манай гэр бүлийн итгэж үйлчлүүлдэг дэлхийн сүлжээ байсан юм. Гэтэл гэр бүлээрээ үхэхээ шахлаа шүү дээ. Бид гомдол мэдүүлэхээр цагдаа дээр очсон ч мэргэжлийн хяналт руу хандахыг зөвлөсөн болохоор нь гомдол саналаа өгсөн” хэмээв.

З.МӨНХСУВД

Нийслэлийн тээврийн газраас авто үйлчилгээ эрхлэгч иргэд, байгууллагуудад ангиллын гэрчилгээ олгож байна
Нийслэлийн тээврийн газраас авто үйлчилгээ эрхлэгч иргэд, байгууллагуудад ангиллын гэрчилгээ олгож байна
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.