Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан "Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийв. БХБ-ын сайд Х.Баделхан: 2008 оноос “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байна. 2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авсан. 2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна.
2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан.
ОУВС 2019 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн. 2017 оны улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг, 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Ипотекийн зээл нь улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа.
2018 оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3,798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3,578 иргэн орон сууцтай болжээ. Энэ оны эхний 10 сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжүүлтэд 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7,300 иргэн орон сууцтай болсон. Оны эцэс гэхэд энэ тоо нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгадаа онцолж байлаа.
Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгасан гэдгийг салбарын сайд Х.Баделхан онцлов.
Өнгөрөгч тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийхэд нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган иргэн байгаа аж. Иймд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тогтоолын төслийг боловсруулжээ.
Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувийн саналаар дэмжлээ.