Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Отгонманлай: Сумын Засаг даргын зурганд сэтгэгдэл бичээд, гэрээ зарж торгуулийн хоёр сая төгрөгийг барагдуулсан

П.Отгонманлай: Сумын Засаг даргын зурганд сэтгэгдэл бичээд, гэрээ зарж торгуулийн хоёр сая төгрөгийг барагдуулсан

Сумын засаг дарга нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, нутгийн иргэнийхээ эрхийг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй хэргийн талаар нэгэн эмэгтэй цахим хуудаснаа мэдээлжээ. Тэрбээр “Жил хүрэхгүй хугацааны өмнө хань ижлээ алдаж, хоёр охиныхоо төлөө хүний дайтай амьдрах гэж зүтгэж байгаа нутгийн эгч сумын засаг даргынхаа бичсэн постны дор охин хүүхэдтэй ээж хүний хувьд сэтгэгдэл бичсэн.

Гэтэл  түүнийхээ төлөө хоёр сая төгрөгийн торгуульд унаж, түүнийг нь төлж чадахгүйн улмаас гэр орноо хураалгах дээрээ тулж нулимстайгаа холилдон суухыг харах үнэхээр өрөвдмөөр байлаа.

Сумын Засаг дарга сэтгэгдэл бичсэн эмэгтэйн эсрэг цагдаад гомдол гаргаж, цагдаа нь үтэр түргэн шийдэж, шүүхийн шийдвэрт хүргүүлж, шүүхийн шийдвэрийнхэн хөөрхий эгч рүү өдөр бүр залгаж, “Торгуулиа төл, үгүй бол гэр орныг чинь хураана” гэж шаардсаар байгаа мэдээлэл бий юм.

Эрх мэдэлдээ аархсан сумын Засаг дарга, эрх мэдэлтэнд үйлчилсэн цагдаа хоёрын өмнө сөхөрсөн нутгийн эгчийнхээ эрхийг хамгаалж хүний эрхийн комисс, прокурорын байгууллагад хандах болно” гэж бичжээ.

Уг хэрэг нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд болсон байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын дунд сургуулийн өнгөрсөн жилийн төгсөлтийн баярт Засаг дарга С.Эрдэнэжаргал оролцон үг хэлж, баяр хүргэжээ. Ингэхдээ богино юбкатай гуяа гялалзуулан суугаа төгсөгч охидыг хараад “Миссүүд ээ” хэмээн дуудаад хэлэх үгээ эхлүүлсэн, түүний энэхүү үгийг сонссон охид болон эцэг, эхчүүд ихэд эмзэглэжээ. Иргэн П.Отгондалайнь Засаг дарга С.Эрдэнэжаргалын төгсөгчидтэй авхуулсан зураг цахим хуудаст тавигдахад “ДӨНГӨЖ СУРГУУЛЬ ТӨГСӨЖ БАЙГАА ЖААХАН ОХИДЫГ МИСС БОЛГОЖ ХАРААД БАЙХГҮЙ ШҮҮ. ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭХЧҮҮДЭЭ УДИРДАГЧ ХҮНИЙ ХАРААГААР ХАРНА ШҮҮ, ЭРДЭНЭЖАРГАЛ АА” гэсэн сэтгэгдэл бичжээ. Гэтэл Засаг дарга С.Эрдэнэжаргал өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн үзэж, түүний эсрэг цагдаад гомдол гаргажээ.

Цагдаа, прокурор, шүүхийн байгууллага нь Засаг дарга С.Эрдэнэжаргалын гомдлыг шалгаад, М.Отгонманлайг хүний нэр төрд халдсан хэмээн үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.21 заалтаар хоёр сая төгрөгөөр шийтгэсэн байна. П.Отгонманлай шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд гэрээ зарж, торгуулийн хоёр сая гаруй төгрөгийг нь төлж барагдуулжээ.

Нээлттэй нийгэмд олон нийтийн сүлжээнд тавьсан өөрийнх нь сэтгэгдэл дор шүүмжлэлийн утга агуулгатай сэтгэгдэл бичих төдийд сумын Засаг дарга нь иргэнээ цагдаад өгч торгуулаад байвал энэ хүний иргэдээсээ огт шүүмжлэл сонсдоггүйг илтгэнэ. Угтаа бол удирдагч хүн шүүмжлэл, магтаалыг зэрэг даах чадвартай байх ёстой. Нөгөөтэйгүүр энэ нь хүний эрх зөрчсөн ноцтой үйлдэл байж болзошгүйг холбогдох газар нь шалгах ёстой юм.

Болсон хэрэг явдлын талаар П.Отгонманлайтай холбогдож тодрууллаа.

П.ОТГОНМАНЛАЙ: НАМАЙГ ХОХЬ НЬ ГЭСЭН

-Сумын засаг дарга болон та хоёрын хооронд үүссэн маргааны талаар бидэнд мэдээлэл өгнө үү? 

-Сургуулийн төгсөлтийн баярт оролцлоо гэх тайлбартай сумын Засаг даргын сурагчидтай авахуулсан зураг цахим хуудаснаа тавигдсан байсан. Энэ үеэр Засаг дарга төгсөгч охидыг “Миссүүд ээ” гэж хэлсэн хэмээн тус баярт оролцсон эцэг, эхчүүд надад хэлсэн. Тэгэхээр нь би тус зургийнх нь дор “ДӨНГӨЖ СУРГУУЛЬ ТӨГСӨЖ БАЙГАА ЖААХАН ОХИДЫГ МИСС БОЛГОЖ ХАРААД БАЙХГҮЙ ШҮҮ. ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД, ЭХЧҮҮДЭЭ УДИРДАГЧ ХҮНИЙ ХАРААГААР ХАРНА ШҮҮ ЭРДЭНЭЖАРГАЛ АА” гэсэн сэтгэгдэл биччихсэн юм. Сэтгэгдэл бичих үед шөнийн 12:00 цаг болж байсан санагдаж байна. Би бичсэн сэтгэгдлээ 3-4 минутын дараа устгахаар орсон чинь Эрдэнэжаргал постоо устгасан байсан. Миний сэтгэгдлийг хадгалж авсныхаа дараа устгасан юм байна лээ. Уг нь миний сэтгэгдлийг хүмүүс үзэж амжаагүй. Би сумын намын нарийн бичгийн дарга хийдэг хүнийхээ хувьд өөрийгөө үг, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гээд бодчихсон юм. Хэдийгээр олон нийтийн хэрэгслээр сэтгэгдэл бичсэн гэх нэртэй боловч олонд хүрч чадаагүй байхад нь устгачихсан байсан. Мисс гэдэг нь муухай үг биш. Гэхдээ мисс гэж хэлсэн нь төгсөлтийн баярт оролцсон охид болон эцэг, эхэд нь эмзэглэлтэй санагдсан байгаа юм. Би ч мөн өөрөө эмэгтэй хүн, эх хүн хэлсэн үгэнд нь эмзэглээд тэр сэтгэгдлийг бичсэн юм. Яг энэ асуудлыг Эрдэнэжаргал өөрөө дуулиан болгоод байна.

-Та өөртэй нь уулзаж учир, зүйгээ олъё гэж ярьж үзсэн үү?

-Би өөрийн биеэр очиж уучлалт гуйх ёстой юм байна гэж бодоод хандсан ч хүлээж аваагүй. Боломж ч гараагүй. Уулзах гээд очихоор ажил дээрээ байхгүй. Миний утсыг авахгүй байсан. Тийм болохоор би сумын намын даргаа уулзуулахаар явуулсан. Уулзаад учирлаад, уучлалт гуйлгах гээд даргаа явуулахад намайг “Хохь нь” гэж хэлсэн гэсэн. Би нүүр тулж ярилцъя гэж бодсон ч хүлээж аваагүй. Их л гомдсон хүний л үйлдэл байх.

-Таныг хоёр сая төгрөгөөр торгосон гэсэн. Торгуулийг төлж барагдуулсан уу?

-Шүүхээс намайг хоёр сая төгрөгөөр торгосон. Би цалин дээрээ нэмээд хүнээс мөнгө зээлээд, гэрээ зараад хоёр сая төгрөгийг нь бүрдүүлээд, өнөөдөр банкинд тушаачихлаа. Тэгээд мөнгө тушаасан баримтаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөөд явж байна. Би гэрээ 500 мянган төгрөгөөр зарсан. Мөн би үнэн учраа хэлээд, намынхаа нөхдөөс хандив тусламж гуйсан. Хандиваар 350 мянган төгрөг цугласан. Энэ мөнгөө ч мөн торгуулийнхаа мөнгөнд нэмэрлэсэн. Намынхаа группт хандив авах асуудлаар бичихээр Эрдэнэжаргал дахин шүүхэд өгнө гэж сүрдүүлж байгаа юм. Одоо би унтах ороо багтааж чадвал гэрийнхээ үүдний амбаарт амьдарна (уйлав.сурв). Би нөхрийнхөө зурагтай ярилцаж жаахан уйлж байгаад л тайвширдаг. Дэмий зүйл хийлээ дээ хэмээн өөрийгөө яллаад л сууж байна даа, эгч нь.

-Засаг дарга С.Эрдэнэжаргал та хоёр өмнө нь ямар харилцаатай байсан бэ?

-Миний нөхөр өнгөрсөн өвөл нас барахад Эрдэнэжаргал надад маш их тусалсан. Тэгэхэд нь би их баярласан. Хувийн асуудлаа хувьсгалын асуудалтай холиод дуугарах ёстой үедээ дуугарч чадахгүй байж болохгүй биз дээ. Эмэгтэйчүүд, охидын асуудалд би эмзэг хандсан нь үнэн. Тиймээс ч сэтгэгдэл бичсэн. Эх хүний амнаас гаргаж боломгүй үгийг хэлсэн гэж намайг буруутгаж байгаа. Гэтэл тийм муухай үг энэ өгүүлбэрийн хаана нь байна вэ.

-Энд нам доторхи зөрчил нөлөөлсөн үү?

-Эрдэнэжаргал дүрмийн бусаар сумын Засаг дарга болсон хүн.

https://news.caak.mn/view/8278889/

ТҮРЭЭСИЙН БАЙРАНД Ч ТУХТАЙ АМЬДАРЪЯ
ТҮРЭЭСИЙН БАЙРАНД Ч ТУХТАЙ АМЬДАРЪЯ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА, ХЭНТИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Х.ГАНЧУЛУУН ЭХНЭРИЙНХЭЭ КОМПАНИАР ЭРЧИМ ХҮЧНИЙ ТЕНДЕРҮҮДИЙГ ТҮҮЖ БАЙНА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.