“Эрдэнэт үйлдвэр – 40” Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үеэр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал, доктор профессор С.Давааням ингэж тодотгосон. Тэртээ 1975 оны 10 дугаар сард Эрдэнэт үйлдвэрийн дэргэд “Сургалтын төв” нэртэй байгуулагдаж байсан мэргэжил сургалтын төв эдүгээ ШУТИС-ийн харьяа Технологийн сургууль болон өргөжиж, Эрдэнэт төдийгүй Монгол орны уул уурхайн салбарт өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэж иржээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овооны дэргэд Эрдмийн овоо хэдийнэ сүндэрлэн боссон гэдгийг доктор С.Давааням онцоллоо.
Тус сургууль нь Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл хосолсон үйл ажиллагаа явуулж ирсэн. Өнөөгийн зорилтоо нийгэм, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн шаардлага хангасан мэргэжилтэн бэлтгэх, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн таатай орчныг бүрдүүлж, өрсөлдөх чадвартай боловсрол олгох замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж тодорхойлон ажиллаж байна. Уг сургууль түүхэн хөгжлийнхөө хугацаанд нийт 117 мянган инженер техникийн ажилтан, нарийн мэргэжлийн ажилчдыг бэлтгэн төгсгөжээ. Тэдгээр төгсөгчдөөс өнөөдрийн Эрдэнэт хотын захирагч, Баян-Өндөр сумын Засаг дарга болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийн чадвартай инженерүүд төрөн гарсныг сургуулийн захирал бахархалтайгаар тэмдэглэв.
2017 оноос Технологийн сургуулийн хамт олон сургалтын үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн, сургалтын хөтөлбөрөө үр дүнд суурилсан хөтөлбөр болгон өөрчлөн сайжруулж, амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Доктор С.Давааням энэхүү зорилтоо цаашид бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд “Эрдэнэт үйлдвэр 40” эрдэм шинжилгээний хурлын зочид төлөөлөгчдийн үнэтэй санал бодол, зөвлөгөө том байр суурь эзэлж, Эрдмийн овооны хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэж оролцогчдод уриалав.
М.Балжинням