Ш.Раднаасэд нь Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн. Эхнэр хоёр хүүхэдтэй. Аймгийнхаа арван жилийн Хоёрдугаар дунд сургуульд элсэн суралцаж байгаад Улаанбаатар хотод шилжин иржээ. Ингээд 1994 онд Нийслэлийн 10 жилийн 40 дүгээр дунд сургуулийг дүүргэсэн байна. Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрхзүйч мэргэжил эзэмшжээ.
Тэрбээр ажлын гараагаа 1998 оноос Хууль зүйн яамны Стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтнээр эхлүүлсэн байна. Ингээд 2000-2007 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шинжээч, референт, 2007-2008 онд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, 2008-2009 онд буюу Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын хуулийн бодлогын зөвлөх, 2011 онд МАН-ын байгууллагын хэлтсийн дарга, 2015 онд Ардчилсан нам Ардын намтай хамтарч Засгийн газраа байгуулахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар хэсэгхэн зуур ажилласан юм.
Цагтаа ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүрээлэлд багтаж, хуулийн зөвлөхөөр нь ажиллаж байсан бол одоо М.Энхболдын "хүн” болсон гэлцдэг. Учир нь түүнийг УИХ-д нэр дэвшүүлэхэд М.Энхболд дэмжлэг үзүүлсний дүнд Ш.Раднаасэд Говь-Алтайд ялалт байгуулжээ. Алтайчууд бол Ардын намын улаан фенүүд, тэд УИХ-ын сонгуулийг нэг ч удаа "цэнхэртүүлж” байгаагүй юм. Аймгийн иргэд нь Ш.Раднаасэдийг танихгүй ч, Ардын намын гишүүн болохоор итгэл хүлээлгэсэн нь лавтай. Угтаа бол Говь-Алтай аймаг газар нутгийн хэмжээгээр улсдаа дээгүүрт ордог. Гэвч хүн ам цөөн гэдэг шалтгаанаар 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн хоёр байсан мандатыг нэг болгосон билээ. Ингээд ганцхан гишүүн Говь-Алтайг төлөөлж байгаа болоод ч тэрүү "тойрогтоо анхаарал хандуулдаггүй, хийсэн ажил нь хангалтгүй байна” гэх шүүмжлэлийг нутгийн иргэд хэлэх болжээ.
Тус аймгийн халаалтын систем нь ачааллаа дийлдэггүй, ундны усны хомсдолтой, утааны бохирдол ихтэй, ажлын байрны хомсдолтой, шилжилт хөдөлгөөн ихтэй гээд дурдаад байвал олон зовлон бий. Өнгөрсөн өвөл Алтайчууд "гал алдаж«, айл өрхүүд нь хөлдөх дөхсөн. Харин эрхэм түшээ маань энэ бүхнийг анхааралдаа авч, хариуцсан тойргоо хэзээ "услах” юм бол доо.
Т.НОМИН
Эх сурвалж:news.mn