Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Д.Кёкүшюүзан Батбаяр: Уул уурхай муухайдаа биш тэгж авч ирсэнд асуудал байна
ЦАГ.мн > Нийгэм, Уул уурхай > Д.Кёкүшюүзан Батбаяр: Уул уурхай муухайдаа биш тэгж авч ирсэнд асуудал байна

Д.Кёкүшюүзан Батбаяр: Уул уурхай муухайдаа биш тэгж авч ирсэнд асуудал байна


14-05-2018, 11:30. Сэтгүүлч: tsag

УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюүзан Батбаяртай ярилцлаа. 

-Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед манайд цөөхөн хэдэн компани амжилттай ажиллаж байгаа талаар бизнесийн хүрээнийхэн ярилцаж байгаа. Тэр дунд танай компанийг гойд байгаа дуулдах юм. Та яг ямар, ямар чиглэлд бизнес эрхэлж байна вэ?

-Би сумод байхаасаа барилгын бизнес рүү орж, тухайн үедээ анхны залуучуудаа дэмжсэн орон сууцны төслийг хэрэгжүүлж байсныг хүмүүс санаж байгаа байх аа. Тэр ч утгаараа олон жилийн турш тогтвортой ажиллаж ирсэн манай барилгын компани сайн ажиллаж байгаа. Бид нэлээд хэд хэдэн төслүүд эхлүүлсэн маань амжилттай явж байна. Манай компани 2,500-3,000 хүнийг ажлын байраар хангаж байгаа гээд бодохоор цаана нь 12,000-13,000 хүний амьдралыг бид авч явж байна.

Мөн газар тариалан, мал аж ахуйн чиглэлд манай компани ажиллаж ирсэн. Угаасаа монголчуудын уламжлалт энэ ахуйг бид залгуулж авч явах учиртай. Энд тэндээс авсан биш өөрсдөө үржүүлж өсгөсөн 8,000 үхрийн ферм байна. Бид чацаргана тариалаад багагүй хугацаа өнгөрлөө. Түүнээс гадна уул уурхайн чиглэлд ихээхэн анхаарч ажиллаж байна. Энэ бол бидний сүүлийн үед хүч тавьж ажиллаж байгаа салбар л даа.

-Яагаад заавал уул уурхай гэж. Манайхан дунд уул уурхай гэхээр газраа ухаж мөнгө олох гэж байгаа хүмүүс гэсэн сөрөг ойлголт явдаг болжээ.

-Уг нь Монгол уул уурхайн орон. Монгол шиг хөрсөн дороо ийм их баялагтай орны хүмүүс сайхан амьдрах учиртай. Иргэн бүр сайхан амьдарч, бас уул уурхайн салбар, газрын баялагтаа талархаж байх ёстой. Гэвч өнгөрсөн он жилүүдэд энэ салбарыг эрүүлээр авч явсангүй, энэ газрын доорх баялгийн үр шимийг цөөхөн хэдэн хүн хүртэж, эрх мэдэлтэй хүмүүс нь завшиж бусад нь ядуу амьдарч байгаа учраас дийлэнхдээ сөргөөр хүлээж авах болжээ.

Үнэндээ олноороо, хамтаараа үр шимийг нь хүртэхгүй цөөхөн хэдхэн хүмүүс баяжаад байхаар хэнд ч таатай санагдахгүй. Гэхдээ бүгд уул уурхайгаа үзэн ядаад бүгдээр ядуу амьдраад байж болохгүй. Харин хамтарч, газрын доорх баялгаа ашиглаж, бас байгаль орчиндоо ээлтэй, нөхөн сэргээлтээ хийж энэ салбарыг хөгжүүлэх ёстой гэж би боддог. Тэр ч үүднээсээ энэ салбар руу сүүлийн үед хүч хаян орж байна. Би Монголд цэвэр уул уурхайг хөгжүүлэхийг зорьж байна. 

-Тэгэхээр таны ажиллах зарчим өмнө явж ирсэн жишгээр юугаараа өөр гэж. Эрх мэдэлтэй хүмүүс нь лиценз авдаг, эсвэл мэдээлэлд ойр байсан хүмүүс хуучин цагт улсын хөрөнгөөр судлагдсан газруудыг авч, Монголд хорь гучин гэр бүл баян бусад нь ядуу амьдарч байна гэж хэвлэлээр байнга бичиж байгаа шүү дээ?

-Монголчууд ашигт малтмалын тухай хууль баталж, газрын доорх баялгаа ашиглахаар болсон цагаас хойш энэ салбар өөрийнхөөрөө хөгжиж ирсэн. Гэхдээ үнэхээр ард олны дургүйцэж байгаагаар мэдээлэлд ойр байсан, эсвэл өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс лиценз эзэмших болж бусдаасаа тасарч эхэлсэн.

Оросын нууц мэдээллээр судлагдсан байсан газрыг ч авч байсан нь ч бий. Сүүлд интернэтээр бөглөж эхлэхэд ч цаанаасаа оролцоотой олгогддог гэж хүмүүс хардаж байсан шүү дээ. Тэр бүх шударга бус аргаар баялагтай болсон хүмүүсийг ард түмэн олигархиуд гэж байна. Би бол эрх мэдэлтнүүд нь биш иргэд нь олигархи болох ёстой гэж хэлмээр байгаа юм. Олигархи гэдгийг ёгт үгээр хэлж байгаа шүү. Миний санаа бол эрх мэдлээр далайлгаж, эсвэл танил талтай, мэдээлэлд ойр байгаагаараа цөөн хэдэн хүмүүс баяжих биш олноороо баян амьдрах ёстой гэж хэлж байгаа юм. Эрх баригчдаа иргэд нь олигархи гэж байвал улс орон хөгжихгүй, буруу яваад байна гэсэн үг, иргэд нь олигархи гэж дуудуулж байвал Монгол Улс хөгжиж байна гэж ойлгож болно. Уул уурхай муу гээд бид хөгжүүлэхгүй суугаад байвал суугаад л байна. Монголчууд бүгдээрээ нэг нэгийгээ хардаж, өсөрхөж бас хоосон сууна. Харин хамтраад нэгдээд олон улсын стандартын дагуу уул уурхайгаа олборлож, нөхөн сэргээж, хамтаараа хөгжих боломж байна. Би үүнийг харсан учраас уул уурхайн салбарт анхааран ажиллаж байгаа юм. 

-Тэгэхээр өөрөөр яаж ажиллана гэсэн үг үү?

-Монголчууд ашигт малтмалаа ашиглах бодлого гаргаж эхэлсэн цагаас хойш маш олон га газар лиценз олгогджээ. Хайгуулын лицензээ аваад ажлаа эхэлж байгаад зогссон, эхлүүлж амжаагүй хөрөнгө оруулалт байхгүйгээс зогссон олон тооны лиценз бүхий газрууд байна. Тэгэхээр эрх мэдэлтэй, мөнгөтэй гэхээсээ чин сэтгэлээсээ ажил хийе, эхлүүлье гэж зориод хөрөнгө оруулагчгүйн улмаас зогсоод байгаа тэр хүмүүстэй би хамтарч ажиллаж эхэлсэн. Японы хөрөнгө оруулагчдыг би танина, татаж чадна. Жинхэнэ утгаар нь уул уурхайн салбарыг яаж хөгжүүлж болох арга замыг мэдэж байна. Байгаль дэлхийдээ ээлтэй, нөхөн сэргээлтийг яаж хийх технологи нь байна. Тийм ч болохоор цэвэр уурхайг хөгжүүлнэ гэж хэлж байгаа юм.

-Хууль бус лицензийн наймаа гэсэн яриа байдаг. Энэ юутай холбоотой юм бол?

-Манайхны дунд ийм яриа их бий. Яг судлаад үзэхээр хууль зөрчсөн зүйл байхгүй л дээ. Хуулийн дагуу бүртгэгдэж, хуулийн хүрээнд явж байгаа гэдэг нь харагдана. Лицензийн төлбөрт ихээхэн хэмжээний төлбөр хураамж төлдөг, тэр нь төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг, бас лицензээ барьцаалж банкнаас үйлчилгээ авах, хувьцаа гаргах эрх гээд бүгд бий. Ийм яриа гарсан нь дээр хэлсэнчлэн эрх мэдлээ ашиглах замаар лиценз авсан, нэг хүн дээр олон тооны лиценз гаргадаг байдал газар авсан байсан учраас иргэд дургүйцэж байгаа хэрэг л дээ. Яг шударгаар лицензээ аваад, хөрөнгө оруулалтаа татаад, үр шимийг нь олуулаа хүртээд эргээд нөхөн сэргээлтээ хийдэг байсан бол хэн дургүйцэх билээ. Би одоогийн байдлаар өөрийн чадлаараа хайгуулын лицензээ авчихаад хөрөнгө оруулалт нь бүтээгүй, татаж чадахгүй байгаа иргэд, компаниудтай хамтран ажиллаж байна. Ганц нэг хүн, компани биш олуулаа хөгжих, гадны хөрөнгө оруулалтыг татах олон боломж бий. Яг олон улсын стандартын дагуу, бүгдийг хууль дүрмийн дагуу, хяналт журмын дагуу хийдэг уул уурхай бол хамгийн эрсдэлтэй бас хамгийн цэвэр бизнес байдаг. Татвар ч их хэмжээгээр төлдөг. Энэ жишгийг оруулаад ирэхээр манайхны уур уурхайд итгэл алдарсан тэр байдал өөрчлөгдөх биз ээ.

-Тэгэхээр та шинээр лиценз авч энэ салбарт ажиллаж байгаа биш бүр урьд өмнө тараагдсан лиценз бүхий компанитай хамтарч ажиллаж байна гэж ойлголоо зөв үү?

-Яг тийм. Үнэндээ энэ компаниуд дээр хэлсэнчлэн лицензийн төлбөртөө чамгүй мөнгө төлж байдаг, ажлаа явуулаагүй, хураамжаа төлж чадахгүй нь лицензээ хураалгахдаа хүрчихсэн явж байдаг. Нэгэнт лиценз нь олгогдоод, ажил нь урагшлахгүй зогсчихсон байгаа хуучин уурхайнуудтай бид хамтарч байгаа. Эрх мэдлээ урвуулан авсан биш яах аргагүй ажил нь зогссон байгаа хүмүүсийг дэмжиж хамтран ажиллаж байгаа. Манайд байгаа лицензүүдийн 80 орчим хувь нь эрх мэдэлтнүүд давуу талаа ашиглаж авчихсан, үлдэх 20 хувь нь хуулийн дагуу шударгаар, эвсэл интернэтэд аз даарч кноп нь дарагдаад авсан хүмүүс байдаг л даа. 

-Та УИХ-ын гишүүнээс гадна хоёр ч Ерөнхий сайдын зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөхийн албыг хашиж байсан. Улс төрөөс илүү бизнесийн ажлыг чухалчилж байна аа даа?

-Бүтээн байгуулах, хийж бүтээх маш их ажил байна. Өнөөдөр чадаж байгаа нь хийж бүтээхгүй бол улс орон маань хөгжихгүй.  Хэн нэгнээ олигархи гээд сууж байхын оронд хамтаараа ажиллаж хөдөлмөрлөе гэж би залуучууддаа уриалмаар байгаа юм. Монголынхоо газар нутагт бүгдээрээ эзэн болъё гэж би уриалмаар байгаа юм. Би улс төрд орохоосоо өмнө бизнесийн амжилттай, хөрөнгөтэй ч байлаа. Барилдаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 200 дахин их орлоготой гэж бичигдэж явсан бөх шүү дээ. Зодог тайлж нутагтаа ирээд УИХ-ын гишүүн болсныг бүгд мэднэ. Тэр үеэс л тэнгэрт дүүлж явсан бүргэдийн бензин дууссан даа. Кёкүшюүзан гэдэг өглөөний мандах наранд уулнаа нисч яваа бүргэд гэсэн утгатай үг шүү дээ. Өнөөх бүргэд чинь улс төрд ороод нам газардсан. Улс төрийг бизнес гэж харж, хийдэг хүмүүс байдаг л байх. Харин би байгаагаа гүвсэн. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 2008-2012 оны хооронд маш их мөнгө цацсан. СХД-т ч их ажилласан даа. Хамгийн хэцүү юм юу гээч, ямар ч мөнгөгүй байхад хүмүүс чамайг мөнгөтэй гэж харах тун хэцүү. Анхнаасаа мөнгөгүй байхад бол яахав, бас мөнгөтэй байхад мөнгөгүй гэж харах ч байж болно. Харин юу ч үгүй байхад мөнгөтэй гэж бусад бодох хамгийн хэцүү юм билээ. Тэгээд би сүүлийн сонгуулиар нэр дэвшихгүй гэдгээ хэлээд бизнесийн ажилдаа орсон. Улс төрд орсон хүн гарч чаддаггүй гэж ярилцдаг. Харин би бүтээн байгуулах, баялаг бүтээх илүү хэрэгтэй байна гэж үзээд бизнес рүү орсон. Өнөөдөр хэн нэгэн нь бүтээж байгуулж, босгохгүй бол бид яаж хөгжих билээ дээ. Ингээд л газар дээрээ буусан хүн хэд хэдэн чиглэлд бизнесээ эхлүүлж амжилттай явж байна даа. Уул уурхай муухай гэж бид ярьж дууслаа. Уул уурхай байж бид хөгжинө гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин уул уурхайг муухай харагдуулдаг байсан шударга бус хуваарилалт, эрх мэдлээрээ баялаг эзэмшиж хэдхэн өрх баяждаг энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй. Бүгдээрээ хамтаараа хөгжиж, баяжиж байгаль дэлхийдээ ээлтэй уурхайг хөгжүүлэх ёстой гэдгийг дахин хэлмээр байна.

Ярилцлсан: Ө.Булган
Эх сурвалж: Өдрийн Сонин


Буцах