Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Б.Замилан: Моринд гарамгай гүнжийн дүрийг бүтээхийн тулд бүх зүйлийг хурдан сурах шаардлагатай болсон
ЦАГ.мн > Соёл урлаг, Нийгэм, Ярилцлага > Б.Замилан: Моринд гарамгай гүнжийн дүрийг бүтээхийн тулд бүх зүйлийг хурдан сурах шаардлагатай болсон

Б.Замилан: Моринд гарамгай гүнжийн дүрийг бүтээхийн тулд бүх зүйлийг хурдан сурах шаардлагатай болсон


26-04-2018, 01:39. Сэтгүүлч: tsag

Хүмүүний сэтгэлийг амар амгалан байдал, үзэсгэлэнт байгалиараа урин дуудах өмнийн цэнхэр говийн домгийг UBS телевизийнхэн болон Монголын тайз, дэлгэцийн урлагт хүчин зүтгэж яваа уран бүтээлчид амилууллаа. Домгийн ертөнцийн нэгэн түүхийг өгүүлсэн уг бүтээлийн гол дүр Эгээрэл гүнжид СУИС-ийн оюутан Б.Замилан тоглосон юм. “Говийн домог” түүний хувьд ажлын анхны гараа нь. Морь малаас хол өссөн хотын унаган охинд эрэмгий, дайчин, харваач гүнжийн дүрийг амилуулах амаргүй байсан байх. Гэхдээ тэр өөрт байгаа бүхнээ дайчлан дүрээ чадварлаг бүтээж, Монголын дэлгэцийн урлагт анхны тод мөрөө үлдээлээ. Даль жигүүрээ дэлгэн хүсэл мөрөөдлийнхөө зүг тэмүүлэн дүүлж буй түүнтэй “Говийн домог”-ийн талаар ярилцсанаа хүргэе.

-Хорвоог хоёрхон чавхдасаараа уяраадаг морин хуурын домгоос эхлэлтэй “Говийн домог”-ийн сонин хачнаас яриагаа эхлэх үү?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав морин хуурын домгоос сэдэвлэсэн уран бүтээл хийх санааг анх гаргасан юм билээ. Морин хуурын гарал үүсэл говь нутагтай салшгүй холбоотой. Энэ санаандаа үндэслэн “Говийн домог” хэмээх дэлгэцийн бүтээлийг говьд хийхээр болсон. Энэ санааг нь зохиолч баяжуулан “Говийн домог” хэмээх нэгэн бүтээлийг амилууллаа. Би кинонд Эгээрэл хэмээх эрэлхэг, зоригтой, харваач гүнжийн дүрийг бүтээсэн. Кино эхлэлээсээ өрнүүн, үйл явдал нь сонирхолтойгоор хөвөрдөг. Тува улсын Ардын жүжигчин Эдуард Ондар киноны Иглэр хааны дүрд тоглосон. Иглэр хаан Эгээрэл гүнжийг хатнаа болгохоор хулгайлж буйгаар кино эхэлдэг юм.

-Моринд гарамгай, онч мэргэн гүнжийн дүрд тоглох жүжигчнийг сонгон шалгаруулахын тулд кино багийнхан нэлээд хайгуул хийсэн байх. Эгээрэл гүнжийн дүрийн шалгаруулалтад хэрхэн тэнцсэн талаараа сонирхуулаач?

-Киноны дүрийн шалгаруу­ лалтад орох үед би нэгдүгээр курсийн оюутан байсан. Түүхэн киноны дүрийн шалгаруулалт гэдгийг сонссон ч ямар сэдэвтэй уран бүтээл болох талаар мэдээгүй. Анхандаа жүжигчнийг хэрхэн сонгон шалгаруулдаг талаар мэдэх зорилготой шалгаруулалтад орсон. Түүнээс биш гол дүрд тэнцээд ийм гайхалтай кинонд тоглоно гэж төсөөлөөгүй. Олны хэсэгт тоглох дүрийг сонгон шалгаруулна л гэж ойлгосон. Дүрийн сонгон шалгаруулалтад орохоор ирсэн хүмүүстэй харьцуулахад би чөлөөт, эршүүд маягаар хувцаслачихсан байснаа санаж байна. Шалгалтыг зохиолч С.Сумъяа, ерөнхий найруулагч Ц.Даваажаргал нар авсан юм. Дүрд тэнцэх эсэхээ шалгуулж байхад намайг “Эмэгтэй хүүхэд байж яасан эршүүд юм бэ. Эмэгтэйлэг байгаач” гэж хэлж байсан. Магадгүй тэр байдал нь намайг сонгоход нөлөөлсөн байх.

-Ямар дүрд шалгуулж байгаагаа мэдээгүй орсон хүн Эгээрэл гүнжид тоглохоор болсноо сонсоод хэрхэн хүлээн авсан бол?

-Долоо, найман удаа шалгаруулалтад орсны дараа кино багаас намайг дуудсан. Очоод текст уншуулж шалгах юм байх гэж бодтол тийм зүйл болоогүй. Юу болох талаар мэдэхгүй сууж байтал кино багийнхан орж ирээд баяр хүргэсэн. Дараа нь киноны зураг авалтад удахгүй гарах тухай хэлэхэд л юу болоод байгааг ойлгох сөхөөтэй болсон. Тийм сайхан мэдээг сонсоод маш их баярласан учир бараг тав орчим минут уйлахад ерөнхий найруулагч Ц.Даваажаргал “Урлагийн хүн ийм сэтгэл хөдлөлтэй байх зүгээр” гэж байлаа. Энэ сайхан мэдээгээ хамгийн түрүүнд аав, ээждээ дуулгасан.

-Киноны гол дүрүүдийн нэг жүжигчин О.Амгаланбаатар “Говийн домог”-т тоглохын тулд хуурдаж сурсан гэсэн. Танд тийм зүйл тохиолдсон уу?

-Дүрүүдээ сонгон шалгаруулаад удаагүй зураг авалтад гарсан учир морь унах, нум сум харваж сурах боломж олдоогүй. Тиймээс орлон тоглогчид маань жүжигчдийг хариуцан авч зураг авалтад бэлтгэсэн. Намайг “Тэнгэрийн чоно” орлон тоглогчдын багийн Отгоо ах хариуцаж морь унах, нум сум харваж сургасан. Киноны зураг авалт Эгээрэл гүнж морио унаад зугтаж яваагаар эхэлдэг учир бүх зүйлийг хурдан хугацаанд сурах шаардлагатай болсон юм. Бас киноны зураг авалтад орохын зэрэгцээ олон зүйлд суралцлаа.

-Нум сумаар харваж сурахад бэрхшээлтэй байв уу?

-Бай харваж бэлтгэж байсан. Би кино багийнхан дундаа насаар хамгийн отгон нь. Бас туршлагагүй байсан учир бүх зүйл миний хувьд шинэ байлаа. Хамтран ажилласан, надад зааж зөвлөсөн кино багийнхан маань маш туршлагатай байсан нь надад түшиг тулгуур болсон юм. Зураг авалтын явцад загнуулах үе олон гарсан. 40 хэмийн халуун, хүйтэн хэцүү нөхцөлд кино зураг авдаг байв. Ерөнхийдөө найруулагчийн хэлж, зөвлөсний дагуу ажилласан. Миний чадахгүй, мэдэхгүй байгаа зүйлд хамтран тоглож байсан жүжигчид маш их тусалсан. Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг Эгээрэл гүнжийн ээжийн дүрийг бүтээсэн. Ийм мундаг жүжигчинтэй хамтарч ажиллахаар болсноо сонсоод эмээж билээ. Нүд бол сэтгэлийн толь гэдэг. И.Одончимэг жүжигчин нүдээрээ олон зүйл өгүүлж чаддаг юм шиг санагдсан. Хамтран тоглоход вакум орчинд орчихож байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан шүү.

-Тува улсын Ардын жүжигчин Эдуард Ондартай харилцахад хэлний хувьд хүндрэлтэй байсан уу. Зураг авалтын үеэр хэрхэн ойлголцдог байв?

-Бэрхшээлтэй зүйл байсан. Ондар зураг авалтын үед тува хэлээр ярьсан. Хамтарсан зураг авахуулахдаа би монголоор, Ондар тува хэлээрээ ярилцсан. Дээр нь жүжигчдийн текст бидний өдөр тутамд хэрэглэдэг үг хэллэгээр бус дээхэн үеийн монголчуудын баялаг үгийн сан, аялгатайгаараа онцлог байсныг дурдах хэрэгтэй. Би зураг авалтын өмнө Ондарын хэлэх текстийг урьдчилан уншиж судлан зураг авалтын үед түүнийгээ дотроо төсөөлж харилцдаг байсан.

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав киноныхоо дууг танаар дуулуулсан. Үүнээс өмнө дуулдаг байсан уу?

-Орчин цагт жүжигчид бүх зүйлийн талаар тодорхой мэдлэг, чадвартай байх шаардлагатай болсон. “Говийн домог” киноны хувьд анх дүрийн шалгаруулалтад оролцож байхад надаас дуулж чаддаг эсэх талаар асууж байсан. Өмнө нь олны өмнө дуулж байгаагүй ч тухайн үед чадах чинээгээрээ л дуулсан. Түүнийг бичиж аваад Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавт үзүүлсэн юм билээ. Тэгээд биднийг зураг авалтад байхад ирж киноны дууг надаар дуулуулах болсноо хэлсэн юм. Энэ нь миний хувьд гэнэтийн бөгөөд гайхалтай мэдээ болсон.

-Киноны зургийг авсан байгалийн үзэсгэлэнт газрууд үнэхээр хараа булаам байлаа. Тэр бүр хүн очдоггүй газар хүрэхэд хөгжилтэй, гайхамшигтай зүйл олон тохиолдсон болов уу?

-Зураг авалтын онцлогийг та хэллээ. Үнэхээр Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг уран бүтээлээрээ дамжуулан дотоод төдийгүй гадаадынханд хүргэх нь бидний нэг зорилго байсан. Тиймээс автомашинтай битгий хэл явган явахад хэцүү газруудад киноны зургийг авсан. Энэ нь ч зөв шийдэл байсан болов уу. Зураг авч эхлэхээс өмнө Өмнөговь аймагтай танилцсан. Түүний үр дүнд хаана ямар зураг авах нь тодорхой байсан юм. Тэр дундаа Хэрмэн цав үзэгчдэд их сонирхолтой санагдах байх. Манай зураг авалт хамгийн хэцүүгээсээ эхэлсэн. Ерөнхийдөө Өмнөговийн олон дурсгалт газарт зураг авсан.

-Анхны дүр бүтээснээрээ ямар зүйл сурав?

-Кинонд тоглоод дан ганц жүжигчин гэлтгүй хувь хүн талаасаа маш олон зүйл сурсан. Жүжигчин хүнд “Чадахгүй, мэдэхгүй” гэж хэлэх эрх байдаггүйг ойлгосон. Кино 500 хүний бүрэлдэхүүнтэй. Энэ хүмүүсийн хамтын хөдөлмөрөөр уран бүтээл төрдгийг ойлгосон. СУИС- ийн оюутан нэг, хоёрдугаар курсдээ кинонд тоглохыг хориглодог. Үндэс сууриа бат бэх тавьж байж дараагийн алхмаа хийх хэрэгтэй гэдэг. Тиймээс би кинонд тоглохын тулд жилийн чөлөө авсан. Оюутан болоод удаагүй ийм мундаг уран бүтээлийн гол дүрд тоглосноороо би өөрийгөө маш их азтай гэж боддог.

-Дөнгөж сургуульд орсон охин нь жилийн чөлөө авч кинонд тоглохыг сонсоод аав, ээж тань хэрхэн хүлээн авсан бэ?

-Гэр бүлийнхэн маань урлагийн хүмүүс байдаг учир маш сайхан хүлээж авсан. Манай ээжийг Д.Энхгэрэл гэдэг. Монгол Улсын гавьяат жүжигчин, бүжиг дэглээч, багш хүн бий. Аав маань морин хуур тоглодог ч одоо бизнес эрхэлж байна. Дүү Монгол Улсын консерваторийн сонгодог бүжгийн ангид суралцдаг. Ийм сайхан гэр бүлд өссөн нь намайг урлагт дурлахад нөлөөлсөн гэж боддог.

-Сургуулиа төгсөөд дэлгэцийн бүтээлд хүч сорих бодолтой байна уу. Эсвэл тайзан дээр, үзэгчидтэйгээ илүү ойр уран бүтээл хүргэхээр төлөвлөсөн үү?

-Дэлгэцийн урлаг нь надад илүү ойр санагддаг. Холливудын кино үзэж, жүжигчдээс нь үлгэр дуурайл авдаг. Тухайлбал, Хятадын алдарт жүжигчин Гон Лийн тоглосон уран бүтээлийг үзэх дуртай.

-Одоо танд кинонд тоглох санал тавивал та хүлээж авах уу?

-Би ирэх жил сургуулиа төгсөнө. Тиймээс сурлагадаа анхаарах цаг болсон гэж бодож байна. Гэхдээ үнэхээр зохиол нь таалагдвал кинонд тоглох байх. Ер нь цаашид гадаад явж мэргэжлээ дээшлүүлж, бас Холливудын уран бүтээлд тогломоор байна.

Б.Сэлэнгэ


Буцах