Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > 1 төгрөгийн үнэ цэнэ
ЦАГ.мн > Эдийн засаг, Нийгэм > 1 төгрөгийн үнэ цэнэ

1 төгрөгийн үнэ цэнэ


20-06-2017, 03:44. Сэтгүүлч: tsag

Үнэ цэнийн тухайд хүн бүр өөр өөрийнхөө бодол хэмжүүрээр ойлгодог болов уу. Харин нэг төгрөгийн үнэ цэнийн хувьд бид нэг ойлголттой яваа гэдэгт эргэлзэхгүй байна. Хөлсөө урсгаж, оюун ухаанаараа ажиллаж хөдөлмөрлөж байгаа хэн бүхэн нэг төгрөгийн үнэ цэнийг хэдийнэ мэдэрчихсэн нь биз ээ. Та бид сурсан мэдсэнээ ажлын талбарт харуулж, биеийн хүчний хөдөлмөр эрхэлж, мал маллах зэргээр амьдралын баталгаа болсон цалин хөлс, мөнгийг олж авдаг. Өнөөдөр таны ажилласан найман цаг, магадгүй 12 цагийн хөдөлмөр тань гэр бүлийн хэрэгцээгээ хангах, үр хүүхдийнхээ боловсролыг дээшлүүлэх, аав ээжээ асрах, сайхан амьдрах нөхцөл боломжийг бий болгох гол хүчин зүйл болдог.

 

 

Нэг төгрөгийн үнэ цэнийг хөдөлмөр эрхэлж мэдрэхээс гадна түүнийгээ хэрхэн ариг гамтай хэрэглэж чадаж байна гэдгээр хэмжигдэх нь бий. Уншигч та хөдөлмөрлөж олсон нэг төгрөгөө ариг гамтай хэрэглэж чаддаг уу гэдэг асуултыг өөртөө тавиад нэг үзээрэй. Хэрэв чаддаг бол та яах аргагүй үнэ цэнэ гээчийг мэдрээд зогсохгүй түүнийгээ хадгалдаг байх нь. Харин энэ асуултад итгэл дүүрэн хариулж чадахгүй байгаа бол та өөртөө дүгнэлт хийхэд буруудахгүй.

Мөнгөний хэрэглээг буруу ойлгогсод бишгүй олон байгааг бидний эргэн тойрондох үйл явдлууд бэлхнээ харуулдаг. Уул овоо, мод, хөшөөний өмнө мөнгө тавих ёс заншил манайд бий болчихсон гэхэд хилсдэхгүй. Өмнө нь ийм заншил байгаагүй л юмдаг. Мухар сүсэг нь эцэс сүүлдээ улсын мөнгөн тэмдэгтийг үнэ цэнгүй ашиглахад хүргэж байгааг энд шүүмжилмээр байна. Автобусанд бэлэн мөнгөөр зорчдог байхад урагдсан, тасарсан, хоёр мөнгийг нийлүүлж наасан, баллаж сохолсон гээд урьд хожид харж байгаагүйгээр, мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс гартал нь муухай болгочихдог байв. Энэ мэт мөнгөнд хайр гамгүй хандах тохиолдол их. Угтаа улсын мөнгөн тэмдэгтийг төрийн билэгдлийн хэмжээнд дээдлэх ёстой гэдгийг иргэд олон нийт мартсан бололтой. Энэ мөнгөн тэмдэгт нь эргээд бусад улс оронд манай улсын нүүр царай, нэрийн хуудас болдог учир мөнгийг ариг гамтай хэрэглэх шаардлагатай гэдгийг хэлээд байгаа юм.

“Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно” гэж Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл иргэн та аливаа мөнгөн тэмдэгтийг устгах, урж тасдвал хууль зөрчиж байна аа гэсэн үг. Манай улсын мөнгөн тэмдэгтийн насжилт 3-4 жил байдаг аж. Өндөр хөгжилтэй улс орны тухайд мөнгөн тэмдэгтийнх нь насжилт 10-12 жил байдаг байна. Үүнтэй харьцуулахад манай улсын иргэд төгрөгийг гамгүй эдэлж байгааг харж болохоор. 1000 төгрөгийн дэвсгэрт гэхэд 2.6 жил ашиглагдаж байгаад устгалд ордог аж. Хамгийн эрт элэгдэж, муудаж гүйлгээнээс гардаг гэж ойлгож болно. Гэтэл ам.долларын эдэлгээ 5-8 жил байх жишээтэй. Ам.долларыг дэлхийн олон улс орны хүмүүс ашиглаж хэрэглэж байна. Ийм байхад ам.долларын эдэлгээ олон жилээр хэмжигдэж байгааг бид өөрсдийн төгрөгийг хэрхэн ашиглаж байгаатай зүйрлээд бодоод үзэхэд ичмээр дүр зураг харагдаж байгаа биз!

Нэг хүнд нэг төгрөг ямар үнэ цэнтэй шиг төр улсад ч нэг төгрөг үнэ цэнэ их. Нэг төгрөгийг хэвлэж гаргахад хэдий хэмжээний өртөг зардал, хэдэн хүний хүч хөдөлмөр зарцуулагдаж байгаа нь зөвхөн төрд, Монголбанкинд хамаатай асуудал биш. Хамгийн их хамааралтай улс нь та бид. Таны гамгүй эдэлсэн мөнгөн тэмдэгтийг устгалд оруулж тэр хэрээрээ шинийг хэвлэж байгаа нь эдийн засагт орлого бус зарлага л авчирдаг.  

Иймд үнэ цэнээр олж авсан мөнгөө үнэ цэнтэйгээр хадгалж, эдэлж хэрэглэх нь бидний үүрэг гээд оюун бодолдоо ойлгож хүлээж авах хэрэгтэй юм. Наанадаж мөнгөө хаа хамаагүй хийх бус хэтэвчинд хийж заншихаас л мөнгөө ариг гамтай хэрэглэх эхлэл тавигдах учиртай. Бид өнөөдөр эх оронч байх тухай их ярьдаг болсон. Ингэж ярихынхаа оронд мөнгөн тэмдэгт болох төгрөгийг ариг гамтай хэрэглэж, зөв дадал зуршлыг өөртөө бий болгож чадаж гэмээнэ та эх оронч байгаагийн илрэл юм шүү.  

Нэг төгрөгийн үнэ цэнэ зөвхөн бидэнд бус улс оронд маань ч үнэ цэнтэй юм гэдгийг уншигч танд нийтлэлийнхээ төгсгөлд дахин сануулахыг хүслээ.    

 

 

 

Ц.Энхцэцэг


Буцах