Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Ц.Элбэгдорж: Монгол улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно
ЦАГ.мн > Нийгэм, Онцлох мэдээ, Улс төрч > Ц.Элбэгдорж: Монгол улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно

Ц.Элбэгдорж: Монгол улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно


13-06-2017, 03:11. Сэтгүүлч: tsag

Ц.Элбэгдорж: Монгол улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ярилцлаа.
 
-Монгол Улс бол ШХАБ-ын хамгийн анхны бөгөөд хамгийн идэвхтэй ажиглагч гишүүн орон билээ. Иймээс ШХАБ болон Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааны түүхээр яриагаа эхэлье гэж бодож байна? 
 
-ШХАБ-ын хувьд анх үүсэхдээ бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний тулд бүс нутгийн улс орнуудын үйл ажиллагааг уялдуулах зорилгыг өмнөө тавьсан юм. Монгол Улс 2004 онд ажиглагчийн статустай болж, түүнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирлээ. Миний хувьд сүүлийн 8 жилийн хугацаанд болсон 8 удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Энэ удаагийн уулзалтын үеэр  Монгол Улс нь тус байгууллагын хамгийн идэвхтэй ажиглагч гишүүн болжээ гэдэг нь илт харагдаж байв.
 
-2009 онд анх удаагаа та ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байх үеийг өнөөгийн энэ үетэй харьцуулахад ямар өөрчлөлтүүд гарсан гэж үзэж байна вэ? 
 
-Анх үүсэхдээ ШХАБ зургаан байнгын гишүүнтэйгээр ажиллаж ирсэн. Ингэж ажиллаад нэлээд удсан л  даа. Харин саяны уулзалтаар хоёр шинэ гишүүнийг эгнээндээ элсүүллээ. Ингэснээр 6-гаас 8 орны гишүүнчлэлтэй байгууллага болж өргөжин тэлж байна. Үүнийг л хамгийн гол өөрчлөлт гэж хэлж болно.
 
-Тэгэхээр Энэтхэг, Пакистан хоёр улс ШХАБ-ын жинхэнэ гишүүнээр элссэнээр цаашдаа ажиглагч гишүүн орнуудын оролцоо, үүрэг роль, үйл ажиллагаанд ямар өөрчлөлт гарах бол?  
 
-Одоогоор ажиглагч гишүүн 4 орон байгаа.  Энэтхэг, Пакистан хоёрыг жинхэнэ гишүүнээр элсүүлэн авсны дараа ажиглагч орнуудын байр суурь, оролцоо урьдын хэвээр үргэлжилнэ гэж үзэж байна. Энэ хоёр улс гишүүнээр элссэнийхээ дараа бусад гишүүн орнуудтай ижил түвшинд үйл ажиллагаа явуулах хүртэл тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах тодорхой.
 
Өмнө нь ШХАБ-д элсэн орооч гэсэн хүсэлтийг Монгол Улсад тавьдаг байсан. Одоо энэ тал дээр хүсэлт тавих нь арай багассан. Харин Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улс ШХАБ-т орж ирснээр манай улсын тус байгууллагын гишүүн орнуудтай харилцах харилцаанд шинэ агуулга бий болж байгаа юм. Үүгээрээ сайн талтай гэж хэлж болно.
 
-Монгол Улсын хувьд ШХАБ-ын гишүүн орнуудтай худалдаа-эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Цаашдаа хамтын ажиллагааны эдгээр чиглэлүүд өргөжин тэлэх төлөв бий юу? 
 
-Монголын Улсын тавьж ирсэн хамгийн гол асуудал бол “эдийн засгийн агуулгаа улам баяжуулъя, эдийн хамтын ажиллагаагаа чухалчилъя” гэсэн санаа юм. Түүнээс гадна, ажиглагч орнуудын хувьд ч тэр, гишүүн орнуудын хувьд ч тэр эрх зүйн харилцаа, дүрэм журмаа тодорхой болгоё гэсэн саналуудыг байнга хэлж ярьж ирсэн. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын явцад ч мөн адил бид энэ санаагаа илэрхийллээ.
 
-Таны хувьд ШХАБ-ын хүрээнд гурван талт хамтын ажиллагааны шинэ механизмыг санаачилсан. Энэ талаараа та дүгнэн хэлнэ үү? 
 
-Монгол Улс, ОХУ, БНХАУ гэсэн гурван улсын дээд хэмжээний уулзалтыг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр зохион байгуулдаг шинэ хэлбэр бий болсон билээ. Өнгөрсөн хугацаанд бид гурван удаа ийм уулзалт хийлээ. Эхний уулзалтыг Монгол Улс даргалаад, дараа нь ОХУ, БНХАУ даргалах байдлаар гурван удаа уулзалт болсон. Одоо Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгох үйл явц явагдаж байна. Уулзалтын дараагийн шинэ мөчлөгийг шинэ Ерөнхийлөгчийг  оролцуулан эхлүүлье гэсэн байдлаар саяхан дипломат шугамаар зөвшилцөн тохиролцсон юм. ШХАБ-ын дараагийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-д болно. Тус улсад нэг  жилийн дараа 6 дугаар сард болох уулзалтын үеэр шинэ Ерөнхийлөгч маань хоёрдахь  шинэ үе шат, шинэ мөчлөгийг эхлүүлнэ гэсэн байдлаар манай гадаад харилцааны байгууллагууд төлөвлөн ажиллаж байгаа юм.
 
-Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр та ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзлаа. Уулзалтын үеэр ямар ямар асуудлуудыг хөндөн ярилцсан бэ? 
 
-ОХУ-ын Ерөнхийлөгчөөс гадна ШХАБ-ын ээлжит хуралдаанд хүрэлцэн ирсэн улс орнуудын төр, засгийн тэргүүн нартай бүгдтэй нь миний бие уулзаж ярилцлаа. Тэдгээрийн дотор хамгийн чухал уулзалтууд бол мэдээж хоёр хөрш орны төрийн тэргүүн нартай хийсэн уулзалт байсан. Энэ удаад хуралдааны үеэр бид 2-3 удаа уулзаж ярилцах боломж гарлаа.
 
ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт сэтгүүлчдэд нээлттэй болсон бол бусад уулзалтууд хуралдааны үеэр болсон учраас  хэвлэл мэдээллийнхэн маань оролцож чадаагүй. Хятадын удирдагч Си Жинпинээс гадна ШХАБ-ын гишүүн Узбекистан, Киргизстан, Туркменистан, Тажикистан улсын төрийн тэргүүн нар болон Беларусийн Ерөнхийлөгчтэй уулзаж ярилцлаа. Мөн ШХАБ-д шинээр  элссэн Энэтхэг болон Пакистан улсын Ерөнхий сайд нартай уулзсан. Тэдэнтэй нэлээд удаан уулзаж ярилцаж, санал бодлоо солилцох боломж гарлаа. Ингэж уулзалт хийсэн нь маш чухал байсан. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа гэдгийг эдгээр хүмүүс мэдэж байгаа. Дээрх орнуудын Монгол Улстай тогтоосон уламжлалт харилцаа цаашаа үргэлжилнэ гэдэг би итгэлтэй байна. Дараагийн шинэ ерөнхийлөгчтэй харилцах харилцаа улам урагшилна гэдэгт итгэлтэй байгаагаа миний бие илэрхийлсэн. Бусад улсын төрийн тэргүүн нар надад хандан  “таныг ШХАБ-ын уулзалтуудад оролцож ирсэн энэ хугацаанд бидний хооронд маш найрсаг дотно харилцаа бий боллоо, энэ харилцаа болон Монголын гадаад харилцааны уламжлалт бодлого цаашид үргэлжилнэ гэдэг итгэж байгаа шүү “гэсэн халуун дотно үгсийг хэлж байлаа. Нөхөрсөг сайхан уулзалтууд болж өнгөрлөө.
 
-Та ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр ОХУ-аас Монголд оруулж буй хөрөнгө оруулалтыг нэлээд  онцолж байсан? 
 
-Олон жилийн турш яригдсаар ирсэн их өрийн асуудал явсаар байгаад өнгөрсөн онд л эцэслэн шийдвэрлэгдлээ шүү дээ.ОХУ-ын хувьд гэвэл, аль нэг орон тус улсад өртэй, авсан зээлээ төлөөгүй, зээлийн ямар нэгэн үлдэгдэлтэй байгаа тохиолдолд санхүүгийн болон бусад  харилцаанд тус улсын төр, засгийн зүгээс оролцдоггүй. Харин өнгөрсөн онд өрийн асуудал бүрэн шийдэгдсэн учраас манай улсад зээл олгох тухай асуудал яригдаж эхэлж байгаа юм. Хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт, банк-санхүүгийн салбарын хамтын ажиллагаа болон бусад томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжууд нээгдэж байна. Энэ чиглэлийн харилцаа өрийн асуудлаас болоод идэвхгүй, зогсонги байдалд байсан билээ.
 
Саяхан манай Ерөнхий сайд ОХУ-д айлчиллаа. Энэ онд Ерөнхий сайдын айлчлал дахин товлогдож байгаа. Хоёр улсын Гадаад харилцааны яамдууд ойрын үед шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын жагсаалтыг гаргаад хамтран ажиллаж байна. Ийм таатай боломжууд, ийм сайхан үүд хаалга нээгдлээ. Тэгэхээр ОХУ-аас хөрөнгө оруулалтууд орж ирнэ гэж найдаж байна. Ер нь бол, Оросоос орж ирдэг хөрөнгө оруулалтууд нь маш сайн хөрөнгө оруулалтууд байдаг гэдгийг би Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах үеэрээ онцолж хэлсэн. Үүнийг Оросын тал сэтгэл хангалуун хүлээж авлаа. Оросын Ерөнхийлөгч болон түүний багтай бид маш сайхан хамтран ажиллаж ирсэн юм.  Энэ хамтын ажиллагаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал бие биендээ хандан илэрхийллээ. Ийм л сайхан уулзалт болж өнгөрсөн юм.
 
-Хоёр талын уулзалтуудын үеэр ШХАБ дахь Монгол Улсын оролцоог өргөжүүлэх асуудлыг хөндөж тавьсан уу? Хоёр хөршийн хувьд манай улсыг статусаа ахиулах болов уу гэсэн хүлээлт ажиглагдаж байх шиг байна? 
 
-Манай улсын хувьд, цаашдаа ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагчийн байр сууринаас идэвхтэй оролцоно гэдгээ хэлсэн. ШХАБ-ын бүрэлдэхүүнд хоёр том улс гишүүнээр элссэнээр тус байгууллагад элсэх хүсэлт тавих явдал багасах байх, харин ажиглагч орнуудын оролцоо нэмэгдэх байх гэж үзэж байна.
 
Нөгөө талаас, ШХАБ-ын энэ удаагийн уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга өөрийн биеэр ирж оролцлоо. Өмнө нь ШХАБ-ын хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас илгээлт ирүүлж, түүнийг нь уншдаг байсан. Миний хувьд Ерөнхий нарийн бичгийн дарга болсноос нь хойш Антонио Гутерриштэй уулзаагүй байсан бол энэ удаад уулзаж ярилцах сайхан боломж тохиолоо. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгааг өндрөөр үнэлдэг гэдгээ А.Гутерриш хэлж байсан.
 
НҮБ-ын Ерөнхий бичгийн дарга өөрийн биеэр хүрэлцэн ирж оролцож байгаа нь ШХАБ бол олон улсын хамтын ажиллагаанд жин дарсан байгууллага болж  хувирчээ, таталцлын томоохон хүчийг бий болгож чаджээ гэдгийг харуулж байгаа юм. Учир нь энэ байгууллага дэлхийн хүн амын 40-өөд хувь, дэлхийн эдийн засгийн хүчин чадлын гуравны нэг бүрдүүлэх боллоо.
 
Өөр нэгэн зүйлийг хэлэхэд, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудын дотроос Казахстан улс анх удаа дэлхийн хэмжээний “ЭКСПО” үзэсгэлэнг зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн нээлтэд ШХАБ-ын орнуудын төр, засгийн газрын тэргүүн нараас гадна Испанийн хаан, Чехийн Ерөнхийлөгч, Люксембургийн Ерөнхий сайд зэрэг хүндтэй зочид оролцлоо. Өмнө нь АСЕМ-ын үеэр уулзаж байсан эдгээр хүмүүстэй би нээлтийн ёслолын үеэр дахин уулзаж ярилцах боломж гарсан юм.
 
-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг зүйлийг асууя. Манай улс ШХАБ-ын хүрээнд ямар бодлого баримталж ирэв, үр дүн нь юу байв? гэдэг талаар ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтуудад 8 удаа оролцсон хүний хувьд та  дүгнэн хэлнэ үү?  
 
-Юуны өмнө, тус байгууллагын гишүүн болон ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түнш орнуудтай хоёр талын хамтын ажиллагааныхаа талаар ярилцах сайхан боломж нээгдсэн. Үүний дотроос хамгийн гол нь, хөрш гурван орны удирдагчдын уулзалтыг зохион байгуулдаг шинэ хэлбэрийг бий болгосон  явдал юм.  Гэтэл Казахстан болон бусад орнууд манай хөрш хоёр оронтой ийм уулзалтыг хийгээгүй байгаа билээ.
 
Монгол Улс бол ШХАБ-ын хамгийн идэвхтэй ажиглагч орон мөн гэдгийг бусад улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр энэ чиглэлийн үйл ажиллагаа цаашаа үргэлжлэх болно. Энэ бол хамгийн гол үр дүн юм аа. Үүнийг цаашид үргэлжлүүлэн авч явах нь зүйтэй гэж үзэж байна.
 
Б.Адъяахүү /Астана хот/ 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Буцах