Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/admin/web/tsag.mn/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Н.Гантулга: Оддын шуурганд өөрийгөө аваачиж шүлгээ тэрлэдэг дээ
ЦАГ.мн > Ярилцлага > Н.Гантулга: Оддын шуурганд өөрийгөө аваачиж шүлгээ тэрлэдэг дээ

Н.Гантулга: Оддын шуурганд өөрийгөө аваачиж шүлгээ тэрлэдэг дээ


18-04-2017, 01:41. Сэтгүүлч: tsag

 

    Н.Гантулга: Оддын шуурганд өөрийгөө аваачиж шүлгээ тэрлэдэг дээ     “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын ГАНТУЛГАТАЙ ярилцлаа. Тэрбээр “Голын цаана”, “Сэтгэлгээний шилэн хананд” хэмээх яруу найргийн хоёр номоо хэвлүүлж уншигчдын хүртээл болгоод байгаа юм. “Өдрийн сонин”-ы албаны даргаар ажилладаг түүнтэй номынх баярынх нь үеэр уулзаж ярилцсан юм.

 

-Юуны өмнө шинэ номоо өлгийдөн авсанд тань баяр хүргэе. “Сэтгэлгээний шилэн хананд”, “Голын цаана” хэмээх яруу найргийн хоёр түүврийнхээ талаар уншигчдад танилцуулна уу?

 

-2008 онд “Дотоод орон зайн урсгал” яруу найргийн ном гаргасан. Тэрхүү бүтээлээс хойш бичсэн шүлгүүдээ “Сэтгэлгээний шилэнд хананд” нэртэйгээр уншигчдад хүргэж байна. Өөрийнхөө ертөнцөд өөрийгөө бүтээж, тэр л орон зай цаг хугацааны цаламдсан их салхи, сансар огторгуй оддын шуурганд өөрийгөө аваачиж шүлгээ бичдэг. “Сэтгэлгээний шилэн хананд” ном “Шувуудаа хүлээсэн сансрын тойрог зам” шүлгээр эхэлж байгаа. Мөн “Хөхрөгч аглагийн тэнгэр”, “Сэтгэл зүрхний элементүүд”, “Оюун санаа минь яг л ингэж талстдаг” зэрэг шүлгүүдээс миний дотоод ертөнц мэдрэгдэнэ байх. “Дотоод орон зайн урсгал” номонд орсон “Голын цаана”, “Тархин доторх орон зай хагарна”, “Цаг тутамд өөрөөсөө нүүж амьдарна” шинэ шүлгүүдээ нэгтгээд бас нэг ном болгочихлоо. Ардын уран зохиолч Тангадын Галсан, төрийн шагналт соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа, түүхийн шинжлэх ухааны нэртэй эрдэмтэн академич Ж.Болдбаатар, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Дашням, Ү.Хүрэлбаатар, Б.Хүрэлбаатар, Ай.Төмөр- Очир, Урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулган гээд утга зохиолын үе үеийн бурхад, эрдэмтэн мэргэд, монголын соёл шинжлэх ухааны аваргууд номын нээлтэд хүрэлцэн ирсэнд баяртай байна. Л.Дашням доктор хэлж байна. “Н.Гантулгын шүлгүүд яагаад ийм содон бусдаас онцгой байна вэ гэхээр Монгол яруу найргийн шимт хөрсөнд өнөөгийн болон дэлхийн утга зохиолын чиг хандлага болсон сэрэл, сэрэхүй дотоод мэдрэмж, бясалгал, яруу найрагч тухайн агшинд өөрөө л мэдэрсэн болов уу гэмээр эрс тэс мэдрэмж суулгаж шүлгээ урладагаараа онцлогтой” гэсэн. Би ч үнэн байх гэж боддог.

 

-“Таныг адуундаа явж байхдаа морин дээл дээр хүртэл шүлэг уншиж явдаг. Манай нутгийнхан Гантулга ахаар бахархдаг” гэж найз маань ярьж байсан. Нутгийнхаа түмний итгэлийг алдахгүй явна гэдэг бас л хэцүү байх?

 

-Сэтгэл зүрхийг минь эвдсэн, хөндсөн ухаж төнхсөн асуултын нэг байна. Манай нутгаас эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, Монголын яруу найргийн гол төлөөлөл З.Дорж гуай зэрэг алдартай хүмүүс төрсөн нутаг. Энэ сайхан хүмүүсийнхээ залгамж халаа болж яваадаа баяртай байдаг. Төрсөн нутгаасаа анх Болор цом гардсан. Тиймээс манай нутгийнхан надад их хайртай, бахархаж явдаг байх. Анх оюутан болоход миний аав нутгийн олныг цуглуулаад 120- ын цагаан савтай айраг, хонь ямаа боогоод Улаанбаатарын зүг гаргаж өгч байв. Тухайн үед аав маань “Миний хүү олонтойгоо л яваарай. Ард түмэн гэдэг чинь агуу зүйл шүү” гэж захиж байсан нь санаанаас гардаггүй юм. Номын баярт минь олон сайхан хүмүүс хүндэтгэж ирсэнд аавынхаа захиасыг биелүүлж яваа юм байна гэх бодож, сэтгэл баясч байна.

 

-Та хэдэн настайгаасаа шүлэг тэрлэж эхэлсэн бэ.

 

-Есдүгээр ангидаа анхны шүлгээ бичиж байв. Миний аав адуучин хүн гэдэг шүлэг байлаа. Тухайн үед аавынхаа эрмэг, зоримог залуу насыг хараад адуучин ааваараа бахархаж бичиж байсан. Би энэ хорвоо дээр хоёр зүйлд сэтгэл татагдаж явдаг хүн. Адуучин Норовын хүү, Арцын улаан хад хоёр. Болор цом авч байхдаа энэ талаар бас хэлж байсан. Намайг цом авсан орой Хөшөөтийн голд амьдарч байсан аав минь уйлсан гэдэг. Миний аав баргийн юманд сэтгэлээ дэлгээд байдаггүй. Морин дэл дээр уулсынхаа дунд л явдаг хүн. Аав бүүр сүүлд нь надад хэлж байсан. Тэр орой аав нь жигтэйхэн их баярласан. Хүүгээ Болор цом авсан гэх баяртай мэдээг хүнтэй хуваалцах гэхээр болохгүй санагдаад оройхон хэрээд оргисон хэдэн морин дээрээ очсон гэж билээ.

 

-Таныг хоёр жил цагаан сараар аавыгаа “ууцгүй” шинэлүүлсэн гэж хүн ярихыг сонсч байсан?

 

-Аавыгаа хоёр жил хотод “урьсан” санаатай. 2004 онд Утга зохиолын сургуульд суралцаж байхдаа Улс тунхагласны 80 жилийн ойн “Тусгаар тогтнол” яруу найргийн их наадамд түрүүлсэн юм. Нэг том алтан цом, нэг сая төгрөгийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай гардуулж өгч байлаа. Дэд байрыг П.Бадарч ах хүртэж байсан. Хөдөө сумынхан зурагтаа үзээд “Монгол улсын хэмжээнд нэг хүү төрүүлжээ” гэж аав дээр минь очсон гэдэг. Бас 2013 оны нэг сарын 9-нд “Болор цом” авахад мөн л айраг, ууцаа аваад хүрээд ирсэн дээ. Тэгээд Хөшөөтийн голын алдарч Норов гуайг хоёр жил “ууцгүй” шинэлүүлсэн хүн дээ, би.

 

-Шүлэг бичих авьяас тань таныг хөтөлж, яруу найргийн ертөнц рүү оруулсан гэж ойлгож болох уу.Таныг яруу найрагчид тархин доторх орон зайны талаар ихэвчлэн бичдэг гэдэг юм билээ. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

 

-2008 онд Дотоод оройн зайн урсгал номоо гаргаад нээлтийн ажил болж байх үеэр миний найз “Гантулга найрагчаа тархин доторх орон зайгаар нь гэж юу гэсэн үг вэ. Би ойлгохгүй байна” гэж асуусан чинь надад хэлэх үг тухайн үед байгаагүй. 2003 онд “Голын цаана” гэдэг шүлгээ бичсэн. Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж Түмэн оны заагт ганцхан шүлэг бичье гэхэд Голын цаана байна гэж бичиж байлаа. Ингэж яруу найргийнхаа зам мөрийг тодорхойлж байв. 2004 онд “Цаг тутамд өөрөөсөө нүүж амьдарна”, 2005 онд “Тархин доторх орон зай хагарна”, 2007 онд “Сэтгэлгээний шилэн хананд”, дараа нь “Уулсын сэтгэлгээний тэлэлт” гэдэг шүлгүүд хоёр гурван жилийн давтамжтайгаар яруу найраг тэрлэж байв.

 

-Өөрийн тань утга зохиолын багш Дөнгөтийн Цоодол найрагч уу. Багш шавийн барилдлага тогтоосон дурсамжаасаа хуваалцахгүй юу?

 

-2002 оны хавар Утга зохиолын сургууль дээр “Төрийн шагналт Цоодол ирнэ” гэх яриа дуулдлаа. Тэр хүнийг би өмнө нь Удвал гуайн нутаг Дашинчилэн сумын соёлын төвд нэг удаа харсан. Сургуулийн том танхимд нэгээс дөрөвдүгээр курсын хүүхдүүдийг оруулж лекцэнд суулгалаа. Цоодол зохиолч Явуу багшийнхаа тухай, Горькийд сурч байснаа, Бадарч, Сүрэнжав, Пүрэвсүрэн, Нямдорж, Долгорын Нямаа энэ хэдийнхээ тухай ярилаа.Тэгснээ оюутнууд руу хандав. “Та хэд шүлэг уншихсан гэж байж ядаж байгаа нь мэдээж. Одоо би ганцаараа чалчихаа больё” гээд чимээгүй болов.Анзаараад байх нь ээ, гурав дөрвийн ах нараас гардаггүй шүү. Тээр хойно сандал ч байхгүй зогсч байсан би оюутнуудын дундуур шургасаар гараад ирлээ. “За чи өөрийнхөө шүлгийг унших уу, бусдын шүлгээс унших гэж байна уу” гэж байна. Би халаасаа тэмтэрч үрчийж хорчийсон дэвтрийн цаас гаргаж ирснээ “Ханийнхаа хөхний даруулгыг угаахад” гэтэл танхим нэрхийгээд явчихлаа. Ахлах курсын эгч нар өөдөөс инээлдээд сүйд болов.Багш харж байснаа “Энэ нөхөр чинь харин амьдралтай байх чинь” гэж билээ. Ингэж би “хөхний даруулга” шүлэгтэй багштайгаа уулзсан түүхтэй.Тэр шүлгийг багш минь сонинд гаргаж байсан.Энэ хорвоод хамгийн ариун зүйл эхийн цагаан сүү, түүнийг халхалж байдаг зүйлийг эр хүн угаахад ямархан мэдрэмж төрдөг бол хэмээх бодлоор тухайн шүлгийг бичсэн ухаантай.

 

-Сономын Удвал гуайн нэрийг охиндоо өгсөн гэж ярьж байхыг чинь сонссон юм байна?

 

-Манайх чинь хоёр охинтой.Том охин Удвал 2010 оны зун төрсөн. Бага маань аавыгаа “Болор цом” авдаг жил төрсөн. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд 1998 онд манай сумын зэргэлдээх Дашинчилэнгийн сургуулийг Сономын Удвал гуайн нэрэмжит болгосон юм. Цэнд- Аюушийн Дашзэвэг захирал “Хүүгээ зохиолчдын бараа харуулна” гээд Мэндээ даргын хар ногоон “69”- ийн хонины хонхорт чихэж аваад Батдэлгэр ах, Алтаа багш гээд хүмүүс явлаа. Тэгж би номын багш Дөнгөтийн Цоодолыгоо, ус нутгийн буурал ах Урианхайгаа, утга зохиолын сургуулийн багш “Хаан найргийн хатан Дулмаа”-г манайхны хэлдгээр “амьдаар” нь харж билээ. Цоодол багш маань Удвал гуайд зориулсан “Маанитай реквем” гэж шүлэг уншиж байсан.

 

-Өөрөө яруу найргаас гадна сэтгүүл зүйн бүтээл туурвиж буй хос морьтон боллоо.Хоёр жилийн өмнө байна уу даа “Бөхөн шарын тэмдэглэл” гэж хөрөг нийтлэлийн ном гаргаж байсан санагдана?

 

-“Өдрийн сонин” бол том гал тогоо. Сэтгүүл зүйн туурвилаар өнгөрсөн жил “Бөхөн шарын тэмдэглэл” ном гаргасан. Хөрөг тэмдэглэл, аян замын туурвилууд багтсан. Номын баярт ардын хувьсгалтай нас чацуу Бөхийн Бааст гуай бүжин шиг “дэгдээд” ирснийг, тэр бүр хүний баярт оролцоод байдаггүй үсэн буурал Урианхай ах минь ирж зөөлхөн уруулаараа хацрыг минь үнэрлэснийг мартамгүй. “Баяр гуниг ээлжилдэг хүний хорвоо юм даа” гээд Цоодол багш, Долгорын Нямаа гуай хоёр Цэцэн ханы Их Лууяагаа нутаглуулчихаад нүдэндээ нулимстай ирж билээ. Дорноговийн Хатанбулаг Эргэлийн зоонд насаараа сууж, Сулинхээрийн эрмэг салхинд ороолгуулан шүлгээ бичиж буй Сономын Чулуун, Өмнийн говийн Эрэнжидийн Хархүү, Сутай хайрханы Бямбажавын Хүрэлбаатар гээд утга зохиолын эрдэнийн чулууд болсон ах нар номоо бариад ирцгээсэн. Их том хүндэтгэл юм даа. Бид нэгнийхээ тухай бичих хэрэгтэй. Нэгнээ нүүрнээс далдуур дандаа муулж, үгүйсгэж явснаа сайн мууг илчлэх хэрэгтэй юм.

 

-Шүлгүүдийг тань уншихад ямар нэгэн далдын мэдрэмжээр тайвшрал олох шиг болдог?

 

-Тийм үү, баярлалаа. Намайг чинь нэг хэсэг “Улаан хадны гэрэлт хөвгүүн” гэж найрагч нөхөд минь цоллодог, өөр хоорондоо ярьдаг байв шүү. Одоо ч ялгаагүй дээ, дотны найз нөхөд, ах нар “Улаан хад сайн уу” гэж мэндчилж байдаг.Хөшөөтийн минь голд улаан ягаан дурдан шиг баралзан намирч байдаг ханарсан хадны дотоод мөн чанарт уусч, ер бусын гоо сайхныг нь мэдэрч анхны шүлгүүдээ бичсэн хүн юм, би. Анхны хайр, гоо зүйн дээд таашаал, ертөнцийн мөн чанар гээд бүхий л зүйлээ Улаан хадтай холбож, нэгэн яруу симфонийг үүсгэдэг байсан.“Улаан хадны минь есөн гоо бүсгүй” гэж бичиж л байлаа. “Дотоод орон зайн урсгал” номонд орсон тиймэрхүү шүлгүүдэд хүмүүс их дуртай байдаг. За тэгээд л 2003, 2004 онд бичиж байсан “Тархин доторх орон зай хагарна”, “Цаг тутамд өөрөөсөө нүүж амьдарна”, “Зүрх сэтгэл минь хэтэрхий ганцаардах тусам он жил улам гоё урсана” гэх шүлгүүд минь нэг хэсэг шүлэг зохиолд дуртай хүмүүсийн хараанд өртөж, утга зохиолын сургуулийн оюутнуудын унших дуртай шүлгүүдийн нэг болж явсанд молхи би баярладаг юм. Би ч өөрөө бусдын шүлгийг цээжилж хаа явсан газраа уншдаг. Над шиг 400 гаруй шүлэг цээжээр мэддэг хүн ховор байх. Үүнийг Арлааны Эрдэнэ- Очир, Лхагвасүрэнгийн Батцэнгэл нарын найрагч ах минь мэдэрдэг.Утга зохиолд сэтгэл зүрхнийхээ соронзоор татагддаг Лхамсүрэнгийн Төрбаяр ах маань бүр ч илүү мэдэрдэг.

 

-Улаанбаатарт анхны бороо ороод гоё байна.Яруу найрагчийн онгод хаврын улиралд хачин их хөглөгддөг гэж ярих юм билээ.Таны хувьд?

 

-Хаврын улирал өөрөө ирж буй цаг учир бүх зүйл шив шинэ мэт санагдах нь бий. Орчлон ертөнц шинэдээд эхэлдэг энэ л цагт оюун бодлын хүлэг морин яруусан тунгалагших нь жам юм. Ийм нэг гэгээ гэрлээр булхагдсан өдөр саруудад яруу найрагчийн байтугай хүмүүний сэтгэл өөрөө хөглөгдөөд ирнэ шүү дээ. Цэнхэр униар хөшиглөн татаад, алсын ууланд хөхөө яруухнаар донгодоход дотоод сэтгэл нь цэлмэхгүй, тийм нэг нандин мэдрэмжийг өөрөө олохгүй хэн байх билээ. Хавар бол надад ертөнцийн гэрэл гэгээг түгээгч буухиа тэрэг шиг санагддаг. Энэхүү буухиа тэргэнд олон зүйл тээгдэж ирдэг дээ. Түүний хамгийн сайхан нь бүсгүй хүн, цэцэг хоёр юм. Хаврын хаварт яруу найрагчийн зүрх ер бусаар догдолж, энэхэн хорвоо ертөнц дээр дахин төрсөн мэт болдог нь тийм учиртай болов уу. Хаврын урь ханхалж, шинэхэн ногооны гоёмсог үнэрт мансууран алхаж явахуйд дэргэдүүр бүсгүй хүн гэрэлтэн өнгөрөх тэр агшин юутай үнэтэй вэ. Эс бөгөөс анхны бороо шивэрчихсэн тунгалаг үдэш хэн нэгэн бүсгүйтэй, магадгүй үл таних охинтой санамсаргүй учирч хайр дурлалын тухай ярина гээд бод доо. Ийм л учрал, ийм л гэгээн он цаг хүмүүнийг долгилуулдаг шүү дээ.

 

С.Ичинхорлоо

 


Буцах