Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Хатуу хуулиа эргэж харах уу!
ЦАГ.мн > Улс төр > Хатуу хуулиа эргэж харах уу!

Хатуу хуулиа эргэж харах уу!


15-08-2013, 02:02. Сэтгүүлч: tsag
Хатуу хуулиа эргэж харах уу!Гадаадын хөрөнгө оруулагчдад хэтэрхий муухай аашилсныхаа шанд мөнгөгүй үлдэх аюулд орчихоод байгаа Монголын хууль батлагчид, шийдвэр гаргагчид одоо амаа барьж байна. Өнгөрсөн 2012 оны тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж Монголын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсан, цөөнгүй компани сул зогсоход хүрсэн гэдгийг Засгийн газрын сайдууд хүлээн зөвшөөрч эхэллээ. Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатарын санаачилсан уг хуулийн санаа нь зөв ч УИХ-ын сонгуулийн өмнөхөн масст таалагдахын тулд хэтэрхий улс төрийн шоу болгон хувиргасны балгийг монголчууд хоолгүй хонох шахаж байж л ойлгож байх шиг. Нэмэр дээр нэрмээс гэгчээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын боловсруулж батлуулсан урт нэртэй, ужиг ихтэй хууль ч Монголын эдийн засагт үүсээд байгаа олон асуудлын эхлэлийг тавьсан юм. 2006 онд Монголбанкид тушаадаг байсан алтны хэмжээ 25 тонн байсан бол өдгөө гурван тонн ч хүрэхээргүй болж буурлаа. Хэдийгээр манай улсын гадаад зах зээлийн орчин таагүй байгаа ч дотоод дахь бодлого зохицуулалтаас болж хөрөнгө оруулалтын тогтвортой байдал алдагдсан, энэ нь тооцоо судалгаа дутуу хийгдсэн, хэрэгжилтийн явцад багагүй хүндрэл учруулж байгаа хуулиудаас болсон гэдгийг салбарын яамны сайд нь хүртэл хүлээн зөвшөөрч байгаагаа нуугаагүй юм. Тиймээс Засгийн газар өмнөх парламентын алдааг засахын тулд зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа аж. Тодруулбал, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг намрын чуулганаар хэлэлцэж магадгүй юм байна. Хуульд заасан эрдэс баялаг, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээ 49 хувиас илүү гарах тохиолдолд УИХ-аар шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хүрээнд ярилцдаг болгох, заавал Засгийн газраас зөвшөөрөл авахгүйгээр шийдвэрлэх боломж бололцоо байгаа эсэхийг судлахаар болсон гэнэ. Ямар ч байсан шүүхийн шийдвэрээр цуцлагдсан, АМГ-ын дарга асан Д.Батхуягтай холбоотой 106 лицензийн цаана хийгдэхээр төлөвлөж байсан хөрөнгө оруулалт болон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг яаравчлахаар шийджээ. Урт нэртэй хуулийг эргэн харах шаардлага, алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, энэ салбарт эрх зүйн шинэчлэл хийж, хөрөнгө оруулагчдыг татахаа салбарын сайд амалсан юм. Саяхан л Чалкотой хийсэн гэрээгээ зөрчиж, гэрээ нураах дээрээ тулсан Шинэчлэлийн Засгийн газар гэмээ ухаарсан уу, нүүрсний экспортыг харилцан ашигтай хэрэгжүүлэх талаар урд хөршийнхөнтэй хэл амаа ололцох хэрэгтэй гэдгийг ч ойлгосон бололтой юм. Тиймээс ойрын хугацаанд Хятадын Засгийн газартай нүүрсний экспортын нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахын тулд тодорхой уулзалт, хэлэлцээр хийхээр ч товлоод байгаа ажээ. Хөрөнгө оруулалт буурсан шалтгааны талаар амаа цуцтал ярьж байгаа эдийн засагчид, мэргэжлийнхний үгийг сонсохгүй бол болохгүй гэдгээ Засгийн газар ухаарч байна. Харин хэтэрхий попиулст хууль баталж, эх орончдын дүр тоглодог улстөрчдийн учруулсан хохирлын хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Хэн нэгний лоббигоор хууль баталсан, баталсан хууль нь эдийн засаг, нийгэмд багагүй хор хохирол учруулдаг алиа зангаа улстөрчид засахгүй бол нэг хуулиас болж хэсэг хүн ажил, албаа алддаг явдал засрахгүй л болов уу. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиас болж уул уурхайн салбарт ханган нийлүүлэх, туслах үйл ажиллагаа эрхэлдэг цөөнгүй компаниуд, урт нэртэй хуулиас болж алтны шороонд ордууд тэр чигээрээ хаалга, үүдээ барьсан. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат өрмийн 200-300 компани ажилгүй болоод байгааг ч хэлнэ билээ. Үүгээр ч зогсохгүй Оюутолгой компани бараа бүтээгдэхүүн ханган нийлүүлдэг зарим жижиг аж ахуйн нэгжтэй хийсэн гэрээгээ цуцлаад эхэлсэн гэх сураг ч байгаа. Тэгэхээр тооцоо судалгаагүй боловсруулалт муутай хуулиудаа эргэн харахаас өөр гарц Монголд байхгүй. Найр наадам гээд саарал ордондоо харагдахаа больсон улстөрчид намрын чуулганаар нааштай шийдвэр гаргаасай гэж хүлээх л үлдэх шив дээ. Ж.НЯМСҮРЭН

Буцах