Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зээл тэглэх талаар удахгүй нэгдсэн шийдвэр гаргана
ЦАГ.мн > Улс төр, Онцлох мэдээ, Ярилцлага > Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зээл тэглэх талаар удахгүй нэгдсэн шийдвэр гаргана

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зээл тэглэх талаар удахгүй нэгдсэн шийдвэр гаргана


22-01-2020, 01:27. Сэтгүүлч: tsag

Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зээл тэглэх талаар удахгүй нэгдсэн шийдвэр гаргана

УИХ-ын даргын айлчлалын багт багтан, Австрали улсад томилолтоор ажиллаад ирсэн нэр бүхий УИХ-ын гишүүд казинод тоглосон гэх дуулиан дэгдээд буй. Тухайн гишүүдийн зүгээс “Тоглоогүй, орж сонирхсон” гэх тайлбарыг өгсөн. Энэ тухайд манай улсын Засгийн газраас албан ёсны шийдвэр гаргасан бөгөөд төрийн албан хаагч мөрийтэй тоглосон бол ажлаас чөлөөлөхөөр хуульчилсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүдийг хэрхэх вэ гэх асуудал үүснэ. Түүнчлэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа чөлөөлөх тухай хуулийг УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан тэтгэвэр тэглэхэд шаардлагатай хөрөнгийг босгох ажил үлдээд буй. Эдгээр асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай хуулийг УИХ-аас баталсан. Шаардлагатай хөрөнгө босгох ажил ямар шатандаа явна вэ. Цагаан сараас өмнө шийднэ гэж ойлгосон?
 
-УИХ-аас хууль баталсан учраас Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс бид арга замыг нь олоод хуулийн хүрээнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага байхаар тооцож энэ асуудлыг шийдвэрлэнэ. Маргааш /өнөөдөр/ болох Засгийн газрын хуралдааны дараа энэ талаар өргөн бүрэлдэхүүнтэйгээр  ярих төлөвлөгөөтэй байгаа. Энэ талаар бид тодорхой график гаргасан. Түүнийхээ дагуу ажиллана.
 
-Хуулиа батлаад цөөнгүй хоног өнгөрчихлөө. Энэ хугацаанд ямар ажил хийсэн бэ?
 
-УИХ-аас хууль баталсны дараа “Төрийн мэдээлэл”-д хэвлэдэг шүү дээ. Ингэж баталгаажих хугацаа байдаг. Түүнээс хойш бид ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
 
-Зээлээ тэглүүлсэн акмадууд ирэх сарын 1-нээс тэтгэврээ авах боломж бүрдэх үү?
 
-Үүнийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас тодруулах нь зүйтэй Нэгэнт шийдвэр гаргачихсан учраас аль болох хугацаа алдалгүйгээр энэ асуудлыг нэг талд нь гаргах талаар бид хамтран ажиллаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд олон байгууллага хамтран ажиллаж байгаа учраас шууд тайлбар хийх боломжгүй. Бид нэгдсэн байдлаар мэдээлэл солилцсоны дараа эцсийн шийдвэрийг гаргана.
 
-УИХ-ын гишүүд гадаадад томилолтоор ажиллахдаа казинод тоглосон байж болзошгүй нөхцөл үүссэн. Энэ тухайд та бүхэн мэдээлэл солилцсон уу, хариуцлага ярих уу?
 
-Засгийн газрын 33 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 40.2, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Засгийн газраас ёс зүйн дүрэм баталсан. Та бүхэн санаж байгаа бол Засгийн газрын 2019 оны 122 дугаар тогтоолоор энэ дүрэмд дахин өөрчлөлт оруулаад 3.1.4-т “Гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн газраар үйлчлүүлэхгүй байх” гэдгийг нэмсэн. Тэгэхээр Засгийн газрын тухай энэ тогтоол бол төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад үйлчилнэ гэж ойлгож болно. Дипломат алба нь төрийн тусгай албад тооцогддог. Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 272 дугаар тогтоолоор баталсан дүрэм байдаг.
 
 
 
Дипломат ажилтны сахилгын дүрэмд казино тоглох хориотой. Гэхдээ дипломат ажилтан дээр шууд халах үндэслэл байхгүй. Өнөөдрийн хууль тогтоомжоор сануулах, уучлалт гуйлгах үндэслэл байдаг. Үүнийг бид өмнө нь баталсан дүрмээр сахилгын зөрчил гэж үзвэл халах боломжтой.
 
 
 
Энэ ташрамд, хэвлэлийнхэн болон иргэддээ баярлаж байгаагаа илэрхийлье. Яагаад гэвэл, манайд казино тоглосон гэх хэрэг нэлээн бугшчихсан байсан. Ямар нэгэн байдлаар зураг ил боллоо гэхэд нийгэм тоохоо больчихсон. Үүнийг УИХ-ын гишүүд хийх ёстой мэтээр үздэг. Төрийн албан хаагчид олуулаа казинод тоглодог нь тодорхой. Тэр бүхнийг Элчин сайдын яамд мэддэг байсан. Харин ёс зүйн дүрэм баталснаас хойш нийгэмд казиногийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй сэтгэл зүй бүрдэж байгаад миний хувьд баяртай байна. Бас энэ талаарх мэдээллийг өгсөн иргэддээ баярлалаа.
 
-Тэгэхээр төрийн албаны ёс зүйн дүрэм УИХ-ын гишүүдэд адил үйлчлэх үү?
 
-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг УИХ-ын тогтоолоор баталдаг. Засгийн газраас УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдах боломжгүй. Сүүлийн жишээг харахад хоёр намын бүлгийн дарга хоёулаа байсан байна. Мөн төрийн албан хаагчдын сахилгын асуудлыг ч ярихаар байна. Ёс зүйн талаар байнга ярьдаг Д.Лүндээжанцан гишүүн хүртэл өөрөө холбогдсон асуудал үүслээ. Энэ нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хуульчлах шаардлага үүссэнийг харуулж байна. Ёс зүйн дүрэмд улс төрийн албан тушаалтныг оролцуулан хуульчлахаас аргагүй нийгмийн шаардлага үүссэнийг УИХ-ын гишүүд маань ойлгосон гэж бодож байна. Хуулийн төслийг Засгийн газраасөргөн барьсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ёс зүйн дүрэмтэй холбоотой асуудлыг давхар өргөн барьсан тухай мэдээлэл авсан. Тэгэхээр үүнийг нэн даруй баталъя. Хоёр намын бүлгийн даргыг улс төрийн манлайлал гаргаж ажиллахыгхүсч байна. Төрийн албан хаагчид халагдаад байхад үлгэр жишээ үзүүлэх ёстой УИХ-ын гишүүд нь хариуцлагын гадна үлддэг жишгийг үүгээр цэглэе.
Засгийн газар асуудалд ийм итгэл үнэмшилтэйгээр хандаж байна.
 
-Австрали улсад суугаа Элчин сайдад ямар хариуцлага тооцох бол?
 
-Элчин сайдтай холбоотой асуудлаар Гадаад харилцааны сайдтай өчигдөр /уржигдар/ холбогдсон. Мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэхгүй байхыг дүрэмд заасан. Тэгэхээр тухайн байгууламжид орсныг үйлчлүүлсэн гэж үзэх үү гэдэг маргаантай асуудал үүснэ. Тиймээс үүнийг нэг талд нь гаргахын тулд Засгийн газраас Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газарт хандаж, чиглэл өгсөн. Хэрэв ямар нэгэн байдлаар тэнд мөнгөн гүйлгээ хийсэн, тоглосныг нь тогтоовол Элчин сайдыг нэн яаралтай эргүүлэн татах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад Ерөнхийлөгчид санал хүргүүлэх боломжтой.
 
-Төрийн албан хаагч мөрийтэй тоглосон талаарх мэдээлэл Засгийн газарт хэр их ирдэг юм бэ?
 
-Одоогоор төрийн болон улс төрийн 27 албан хаагчтай холбоотой мэдээлэл ирээд байна. Өмнө нь хариуцлага хүлээсэн хоёр хүн мөнгө солиулаад, тоглож байсан нь нотлогдсон тул шууд өөрсдөд нь танилцуулаад сахилгын зөрчил гэж үзээд халсан. Бусад хүмүүст сануулах арга хэмжээ авсан гэж ойлгож болно. Тэдний хувьд бичлэгээр нотлогдоогүй. Тэгэхээр өнөөдрийн хууль журмын хүрээнд бидний зүгээс ингэж ажиллаж байна. Цаашдаа нэн яаралтай УИХ-ын гишүүдийг бүрэн эрх гэдэг байдлаар халхавчлан орхих биш хамтдаа хариуцлага хүлээдэг байх зарчим руу оруулснаар иргэдийг Засгийн газартай хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.
 
-Хэрвээ хууль хяналтынхан УИХ-ын гишүүдийг казинод тоглосон эсэхийг нягтлаад өөрсдийнх нь тайлбарлаж байгаачлан “ороод гарчээ” гэж үзвэл хариуцлага тооцохгүй өнгөрнө гэсэн үг үү?
 
-Дүрэмд зааснаар казинод орсныг үйлчлүүлсэн гэж үзэх үү, үгүй юү гэдэг иь өөрөө хуулийн маргаантай асуудал болчихоод байна л даа. Гэсэн ч бид арга хэмжээ авлаа гэхэд тухайн хүн шүүхэд хандаад эргээд ороод ирэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс л бид хуульдаа нарийвчилсан зохицуулалт оруулах шаардлагатай юм байна гэдгийг харлаа шүү дээ.
 
-Эсрэгээрээ, УИХ-ын гишүүд казинод тоглосныг нь хуулийнхан тогтоочихвол хэрхэх вэ?
 
-УИХ-аас 2009 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүний ёс зүйндүрмийгбаталсан. Харин өнөөдөр энэ дүрэм хуучирсан гэж ойлгож болно. Ёс зүйн Дүрмийг өөрчлөх асуудалд УИХ-ын гишүүд туйлын эмзэг хандаж байгаа. Тиймээс ёс зүйн дүрмийг хуульчлах ёстой. Хэрэв ямар нэгэн байдлаар хуулийг зөрчих юм бол ямар хариуцлага байх вэ, түүн дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, хариуцлага оногдуулах эсэхийг хэрхэн оруулснаас хамаарч хариуцлага ярина. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлчихсэн шүү дээ. Өмнө нь УИХ-ын гишүүн заавал гэмт хэрэг хийж байгаа нь газар дээрээ баримттайгаар нотлогдсон байхыг шаарддаг байсан.
 
 
 
Ер нь УИХ-ын гишүүн, улс төрийн албан тушаалтнуудад хандаж хэлэхэд бид төрийн захиргааны албан хаагчдадаа хатуу шаардлага тавина гэдэг нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдээс илүү их ёс зүйн манлайлал шаардана гэж ойлгох хэрэгтэй. Казинотой холбоотой асуудлыг нийгэм хүлээж авахгүй байгаа нөхцөлд хуулийг өөрөөр тайлбарлах юм уу, нэг удаа аргалах гэж оролдохоосоо илүүтэй эрх зүйн орчныг нь бүрдүүлж, цаашид илүү ёс зүйгээ өндөр болгох нь гарц юм.
 
 
 
-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн асуудлыг бүлэг дээр ярих уу?
 
-Би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хувьд бүлгийн шийдвэр ингэнэ, тэгнэ гэж УИХ-ын дарга, намын даргын өмнөөс ярих боломжгүй. Юутай ч нэг намын Засгийн газар манлайлал үзүүлээд явж байгаа нөхцөлд үүнийг УИХ-ын гишүүд хүлээн зөвшөөрч дагаж ажиллах нь зүйтэй. Би УИХ-ын гишүүдийн заримынх нь тодруулгыг үзсэн. “Төрийн албан хаагчдаас УИХ-ын гишүүд ямар нэгэн байдлаар илүү эрх дархтай байх нь буруу” гэдэг өнцгөөс манай гишүүд ярьсанд талархалтай байгаа. Энэ үгэндээ эзэн байгаад УИХ-д яаралтайгаар ёс зүйн асуудлыг оруулж, батлах хэрэгтэй.
 
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Буцах