ЦАГ.мн > Онцлох мэдээ, Ярилцлага, Сонгууль > ХҮН НАМЫН ЕНБД Д.ГАНТУЛГА: УИХ-ЫГ ТАРААЖ, УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЯ

ХҮН НАМЫН ЕНБД Д.ГАНТУЛГА: УИХ-ЫГ ТАРААЖ, УЛС ТӨРИЙН НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЯ


29-05-2019, 01:37. Сэтгүүлч: tsag

Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшлох болсонтой холбогдуулан Хөдөлмөрийн Үндэсний намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулгаас тодруулга авлаа.

Хэнтийн 42-р тойргийн нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлснээр нөхөн сонгууль 6 сарын 30-нд явагдах боломжгүй боллоо. Танай нам ямар байр суурьтай байна?

Эрх мэдэлтэнүүд ҮХЦ-ийг ашиглаж өөрсдөд нь ашигтай гэж бодсон шийдвэрээ гаргадаг энэхүү ичгүүр сонжуургүй ажиллагаа анхных нь бишээ. Зөвхөн УИХ-ийн сонгуультай холбоотой жишээ хэлье. Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа 2015 оны 12 сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болох хуулийн хугацааг “мартаж”, сонгуулийн хуулийг хэзээ ч өөрчилж болдог болгосон. Ингээд 2016 онд сонгууль болохын өмнөх сард буюу 5 сарын 5-нд сонгуулийн хуулийг өөрчилсөн. Ингэж өөрчлөх “үндэслэлийг”нь мөн Үндсэн хуулийн цэцээр гаргуулсан. Сонгуулийн тойргийг ч ёстой дураараа зурж иргэдийг дэндүү басамжилсан даа. Энэ үед АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байсан. Мэхт мэхэндээ гэгчээр үр дүнд нь АН УИХ-д 8 суудалтай хоцорсон.

Энэ удаад Хэнтийн нөхөн сонгуулийн товыг УИХ 2 удаа зарлалаа, хоёуланг нь Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлснээр сонгууль болох боломжгүй боллоо. Өчигдрийн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн үндэслэл нь нэгд, сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой гэсэн хуулийн заалт зөрчигдсөн, хоёрт, сонгуулийг товлон зарлах хуулийн хугацааг хожимдуулсан гэж тайлбарлаж байна. Энэ үйл явдал нь МАН 64 суудалтайгаар эрх барьж, У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байхад болж байна. Ингэж ардчилсан тогтолцооны үндсэн зарчмын нэг болох иргэд төрийн эрх барих байгууллагад төлөөлөгчөө сонгох эрхийг хөсөрдүүлж, сонгуулийг өөрсдийнхөө хүссэн үед явуулдаг жишиг тогтоолоо.

Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргаад хууль ёсны дагуу үйлдлүүд болоод байгаа юм биш үү, үүнийгээ тодруулахгүй юу?

Хэрэв 2016 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг зөв гэж үзвэл 2012 оны УИХ-ын сонгууль тэр аяараа Үндсэн хууль зөрчсөн гэсэн үг. Товчхондоо, та нар нэгэнт сонгогдсон юм чинь хугацаагаа дуусгачих, харин дараагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж болохгүй шүү гэдэг шийдвэрийг Цэц гаргасан л даа. Энэ нь Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалсандаа биш тэнд байгаа “шууд” гэдэг ганцхан үг дээр тоглосон тоглолт байлаа. Үндсэн хуулийн тэр “шууд” гэдэг үг нь УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлэх аргаар явуулахыг хориглох зорилгоор ороогүй гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Хэнтийн нөхөн сонгуулийн хувьд Цэцийн үндэслэл арай өөр, 2 тохиолдолд хоёуланд нь УИХ-ийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзсэн. Энэ нь анхнаасаа УИХ-ын тогтоол гарахдаа зориудаар нэг “алдаа” дотроо хийгээд гаргасан байна гэсэн хардлага төрүүлж байгаа юм. Учир нь УИХ-ийн шийдвэр хууль зөрчихөөр байвал тэр зөрчигдөөд байгаа хуулийг нь өөрчлөөд гаргасан тогтоол нь хуулийн хувьд хүчин төгөлдөр болгох бүрэн эрх зөвхөн өөрт нь байгаа. Үүнийг энэ хуралд ёстой 10 дүрсэн липтон шиг болтлоо сонгогдсон нөхдүүд мэдэхгүй байна гэж юу байхав. Цэцэд гомдол гаргаж байгаа хугацааг нь сайн ажиглаарай, яг цагаа олж гаргахыг яана. Цэц уухайн тас шүүрч аваад маргаан үүсгэж байгаа зэргээс үүдээд нийгэмд Үндсэн хуулийн цэц захиалгаар ажиллаж байна гэдэг хардлагыг төрүүлж байгаа юм.

Үнэхээр УИХ алдаа хийснээ мэдээгүй гээд мэлзээд байгаа бол бүр том асуудал үүснэ. Энэ УИХ ганц нөхөн сонгууль зохион байгуулах тогтоолыг хуулийн дагуу гаргаж чадахгүй ингэж удаа дараа алдаад байгаам бол бусад баталсан хууль, гаргасан тогтоолууд нь бас л иймэрхүү алдаатай, хууль бус шийдвэрүүд байх магадлал өндөр. Ажлаа хийж чадахгүй байгаа бол тарах хэрэгтэй. Дахиад л мэхт мэхэндээ гэдэг болж байна.

Танай намаас улс төрийн бүх намуудыг тараая гэсэн утгатай мэдэгдэл гаргасан байсан. Та нар өөрсдөө бас тарах уу?

Өчигдөрийн Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд манай намын төлөөлөл эхнээс нь дуустал оролцож ажиглалт, дүгнэлт хийсэн. Хуралдааны мэтгэлцээнээс үзэхэд одоогийн Сонгуулийн тухай хууль нь сонгууль зохион байгуулах процессыг хоёрдмол утгагүйгээр тодорхой зааж өгч чадаагүй, тодорхойгүй байдал ихтэй гэдгийг оролцогч талууд болон Цэцийн гишүүд бүгд хүлээн зөвшөөрч байсан. Энэ тухай Цэцийн дүгнэлтэд ч орсон байгаа. Одоо нэгэнт УИХ-ийн сонгуулийг Цэцтэйгээ нийлээд явуулахгүй байж болдог гэдгийг “туршсан” нөхдүүд 2020 оны УИХ-ын сонгуулийг мөн иймэрхүү аргаар хойшлуулах боломжтой. Тэгээд сонгууль нь хуулийн хугацаандаа болж чадахгүй бол яахын, Ерөнхийлөгч нь онцгой байдал зарлаад УИХ-аа хүчээр тараагаад хаан суухыг хүлээж суух юм уу. Манайх парламентын засаглалтай улс. Гэтэл энэ парламент нь өөрөө хууль зөрчсөн тогтоол санаатай, санаадгүй байдлаар гаргаад ажлаа хийж чадахгүй байна. Иймд яаралтай Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулиа шинэчилж батлаад улс төрийн бүх намуудыг татан буулгаж шинэ хуулийн дагуу дахин бүртгэх санаачлага гаргасан гэж ойлгож болно. Шинэ намууд бүртгүүлсний дараа энэ УИХ-ыг тарааж сонгуулийг шинэ хуулийн дагуу явуулах шаардлага үүслээ гэж үзэж байна. Улс төрийн намын тухай хуулиндаа намуудын хатуу гишүүнчлэлийг хориглож, бодлогын нам байх шаардлага тавих хэрэгтэй. Ингэж чадвал намын нэр доор нуугдаж төрийн дээр сандайлсан хулгайч бирдүүдээс салж чадна.


Буцах