ЦАГ.мн > Засгийн газар, УИХ > “ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙГ ДҮГНЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙГ ДҮГНЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО


28-03-2019, 06:39. Сэтгүүлч: tsag

“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙГ ДҮГНЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Өнөөдөр УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Үндэсний хөгжлийн газар болон УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан Ажлын хэсэг хамтран Төрийн ордонд “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Өнгөрсөн хугацаанд төрөөс 517 төрийн бодлогын баримт бичиг гаргасан ч өнөөдөр дөнгөж 132 нь хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙГ ДҮГНЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

            Тэгвэл энэ дундаас 2010 онд УИХ-аас баталсан Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр Монгол улс ардчилсан нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэрэгжсэн хамгийн том, бас хамгийн бодитой хөтөлбөр хэмээн дүгнэж болно.

"Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрт туссан Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбосон 5572 км авто зам барих, "100 мянган айлын орон сууц" барих зэрэг томоохон зорилт үндсэндээ бүрэн хэрэгжээд байгаа юм.

“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙГ ДҮГНЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Хэдий тийм ч хөтөлбөрт туссан Монгол улсын хэмжээнд бүтээн байгуулалт өрнүүлэх, хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар улсын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор нь шийдэх зорилт бүрэн хэрэгжиж чадаагүйг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт үнэлгээ хийж, Засгийн газарт чиглэл өгөх Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт  “Хэдийгээр хөтөлбөрт туссан орон сууц, авто зам гээд том зорилтууд биелэгдсэн ч тэрэнтэй уялдаатай бусад зорилтууд хэрэгжилгүй орхигдсон  Тухайлбал агаар хөрсний бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэх ёстой байсан гэр хорооллын янданг цөөлөх, утаа бууруулах асуудал хаягдсан. Эрчим хүчний 5 дахь эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах зорилт цаасан дээр үлдсэн” гэдгийг хэлсэн юм.

Тиймээс гэр хорооллыг нэн тэргүүнд дэд бүтэцтэй болгох, гэр хорооллын айл өрхийг дэд бүтэцтэй өртөг нэмэгдсэн газраа барьцаалан орон сууцтай болох, орон сууцны зээлд хамрагдах бололцоогоор ханган амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэх зорилтыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох ёстой талаар онцоллоо.  Мөн хотын суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, төвөөс алслагдсан, хөгжлөөр сул бүс нутаг, аймгуудын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төсөл боловсруулж, хөрөнгө оруулалтыг тэнд түлхүү хуваарилах талаар ажлаа эрчимжүүлэхийг тус Ажлын хэсгээс Засгийн газар чиглэл болгохоор төлөвлөөд байгаа юм.

“ШИНЭ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” ХӨТӨЛБӨРИЙГ ДҮГНЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

 Мөн иргэдэд бүс нутгийн нэмэгдэл олгох, банк, санхүү, татвар, зээлийн бодлогоор дэмжих,  шилжилт хөдөлгөөнийг сааруулахын тулд аймаг, бүсийн тулгуур төвийг хүн амын таталцлын төв болгон хөгжүүлэхийг зорьж байгаа юм.  

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ чухам хаана алдав гэдгээ мэдсэнээр алдаа онооноос сургамж авч, ажлаа эрчимжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Түүнчлэн Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын ойрын хараа болсон “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д туссан зорилтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээг тодорхойлсон энэ удаагийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой хэмээн дүгнэж байгаа юм.

 


Буцах