Deprecated: preg_replace(): The /e modifier is deprecated, use preg_replace_callback instead in /home/tsagusers/public_html/engine/modules/show.full.php on line 348 DataLife Engine > Версия для печати > БАКУ-гийн татаам дээрх “буцалсан” өдрүүд
ЦАГ.мн > Спорт, Шуугианы эзэн > БАКУ-гийн татаам дээрх “буцалсан” өдрүүд

БАКУ-гийн татаам дээрх “буцалсан” өдрүүд


4-10-2018, 15:47. Сэтгүүлч: tsag

         

   Азербайжаны нийслэл Баку хотноо 2018 оны жудо бөхийн эрэгтэй болон эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын тэмцээнд 125 орны 758 аваргууд зодоглож, авахаалж самбаагаа уралдуулан, хүч чадлаа шавхан барилдаж, 8 өдрийн туршид ширүүн өрсөлдөн дүнгээ гаргалаа. Энэ тэмцээний 56 медалиас 3 медалиийг нь манай жудочид хүртсэн нь чамлахааргүй амжилт байв. Тэмцээнийг үзэж байхад медалд хүрнэ гэдэг ямар хэцүү бэрх даваа болох нь яруухан ойлгогдож, яс маханд мэдрэгдэж байлаа.

            Тэмцээний нэгэн сонин зүйл гэвэл 48 кг-н жинд Украйн улсын “залуу од” хэмээгдсэн 17 настай охин Даръя Билодид Олимп, дэлхийн аварга тэргүүтэн өрсөлдөгчдөө ээлж дараалан сөхрүүлсээр босоо түрүүлсэн явдал юм. Өрсөлдөгчдөөсөө толгой өндөр, 170 гаруй см нуруутай тэрбээр үнэндээ элбэгдэж байв. Гэвч тэр манай Уранцэцэгтэй таараагүй юм.

            Судлагдаж гүйцсэн Сумъяа, Урнаа хоёр маань үүрээ хөмрөөгөө үргэлжлүүлэн төгөлдөршүүлбэл ирэх дэлхийн аварга, олимпд илүү амжилт гаргах нь магадаа. Энхрийлэн зэрэг энхрий охидууд маань хэзээ эрийн цээнд хүрч эгч нарынхаа шийрийг хатаах юм болдоо. Олимп, дэлхийн аваргуудтай өдөр бүр бэлтгэл хийнэ гэдэг хэн бүхэнд олддоггүй өсөх боловсрох ховорхон завшаан биш билүү. Дэлхийн аваргын тэмцээнд очоод ганц хоёрхон барилдчихаад аянчин жуулчин шиг алийн болгон тэмцээн үзэж суух юм бэ?

            Манай найдлага хүлээдэг уламжлалт жингүүд болох 60, 66 кг-д медаль сураггүй өнгөрлөө. Дэлхийн аварга Цагаанбаатар, Болдбаатар нарын ээлжит халаа бэлтгэгдэж амжаагүй л байна.

            Дэлхийн аваргын тэмцээнээс харахад барилдааны хувь заяаг шийдэж байсан зүйл нь нэгдүгээрт барилдааныг явуулах тактик буюу ухаан, хоёрдугаарт мэхний гүйцэтгэлийн хурд-техник буюу төгөлдөршил байв. Хагас шигшээд Японы бөхтэй барилдсан Уранцэцэг маань оноо илүү байсан ч хожигдсон явдал нь барилдааны тактикийн асуудал байлаа.

Жудогийн үндсэн мэх болох үүрэх, хөмрөх мэх их төгөлдөршсэний дээр улам л хурдтай хийгддэг болжээ. Дэлхийн аваргад аварга болох зорилготонгууд шинэ мэх бэлтгэж ирдэг болсон байна.  Япон ,Солонгосын сайчууд бие биеннийхээ үүрэх мэхийг хориод хамгаалаад байхаар шал өөр барилдааны хувилбар боловсруулан бэлтгэж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж байх юм. 73 кг-ийн жинд өмнөт Солонгосын алдарт бөх Ан Чанрим дэлхийн аварга Хашимототой барилдахдаа дархан үүрэх мэхээрээ биш өөр мэхээр буюу сугадаж тонгороод дутуудмагц барьцаа ахиулан татаж мордоод цэвэр орхиж дэлхийн аваргын титэмд хүрлээ. 81 кг-ийн жинд Японы бөх Фуживара өрсөлдөгчөө хав барьцнаас хавсарч цохиод далаар нь унагаасан, Ираны шинэхэн дэлхийн аварга Моллаегийн өмсөх мэх, араасаа тэврүүлсэн байхдаа тохож эргээд томоохон үнэлгээ авсан барилдаанууд гайхамшигтай байлаа. Эдгээр нь манай үндэсний бөхийн барилдаанд бүгд тохиолддог, хийгддэг мэхүүд шүү дээ. Улсын харцага Төрөөгийн Баасанхүү зэрэг манай бөхчүүдийн барилдаанд дээрх мэхнүүд бишгүй л харагддаг биздээ.

 Ан Чанрим, Фуживара, Моллае нарын дээрх барилдааны бичлэгийг цаашдын сургалтанд зориуд анхааран судлаж, давтуулан хэрэгжүүлэх нь ихээхэн тустай байх боловуу. Манай бөхчүүд үүнийг амжилттай эзэмших нь гарцаагүй. Энэ талаар эрхэм хүндэт дасгалжуулагч багш нар анхаарч ажиллана байх гэдэгт их итгэж байна.

         Нөгөө нэг асуудал нь манайд эмэгтэй -78, +78 кг-ийн жинд барилдах тамирчдын хомсдол олон жил үргэлжилсээр байна. 22 аймаг, нийслэлээс хүнд жинд бэлтгэж барилдах боломжтой нуруутай туруутай охидууд олддоггүй юм байхдаа. Үнэхээр олдохгүй байгаа бол БНХАУ-д олноороо байгаа хүнд жинд барилдах боломжтой эмэгтэйг авч бэлтгэн улсынхаа нэрийн өмнөөс барилдуулж болох бишүү. Илүү юм байвал өгч дутуу юм байвал авч л амьдардаг хорвоо шүү дээ. Дэлхийн аварга болон Азийн наадамд оролцож байгаа БНХАУ-н эмэгтэй хүнд жингийн тамирчид нь 120 кг жинтэй, 2 метр шахам нуруутай бүсгүйчүүд байсан бөгөөд үүний эсрэг манай Г.Мөнхтуяа мастер үнэндээ юм юмаар дутаж байлаа. Эмэгтэй хүнд жиндээ үнэхээр анхаарах цаг болжээ.

Ш.Сэржхүү

 

 

 

 

 

 


Буцах