2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Л.Болд: Вагон худалдаж авахын тулд журам зөрчсөн нь ерөнхий хорооны шийдвэр байсан

Л.Болд: Вагон худалдаж авахын тулд журам зөрчсөн нь ерөнхий хорооны шийдвэр байсан

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Л.Болд: Вагон худалдаж авахын тулд журам зөрчсөн нь ерөнхий хорооны шийдвэр байсан

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл болон тус яамны нэр бүхий удирдлагууд УБТЗ-д олон тооны хуучин вагон шахаж, бизнес хийж байна гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд гараад буй. Түүнчлэн журам зөрчин оруулж ирсэн олон тооны вагоны насжилт дууссан, УБТЗ-ыг хуучин вагоны оршуулгын газар болгох гэж байна гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан УБТЗ ямар учраас хуучин вагон худалдаж авсан, цаашлаад эдгээрийг ашиглах боломжтой, дүрэм журам зөрчсөн эсэх талаар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн албан ёсны байр сууриа илэрхийллээ. Тодруулбал, тус хуралд УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан, Суурь бүтэц хариусан замын орлогч дарга К.Берош, Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд нар хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос шалтгаалан хагас ачааны вагоны захиалга эрс нэмэгдсэн учраас УБТЗ-ын эзэмшлийн 1347 хагас вагон хэрэгцээ хангаж чадахгүйд хүрсэн учраас шинээр вагон худалдаж авах шаардлага гарсан гэдгийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсан хэлсэн. Тодруулбал, 2016 оны сүүлч, 2017 оны эхнээс эхлэн уул уурхайн түүхий эдийн үнэ гадаад зах зээлд өссөн учраас түүнийг дагаад вагон тээвэрлэлт нэмэгджээ. 2017 онд 22.8 сая тонн ачаа тээвэрлэсний 75.8 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлсэн байна. Тиймээс шаардлагатай тээвэрлэлтийг хангахын тулд өнгөрсөн оны наймдугаар сард УБТЗ-ын нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан “Үнийн комисс” ажиллаж 1000 вагон худалдан авах хоёр талын хамтарсан шийдвэр гаргасан байна.

Үүний дагуу өнгөрсөн оны намраас ОХУ-аас хуучин вагон худалдан авч, өнөөдрийн байдлаар 587 вагон тээврийн үүрэг гүйцэтгэж байгаа аж. Эдгээр вагон тус бүрийн үнэ дунджаар 9-11 мянган ам.доллар бөгөөд эдгээр вагоны завсар үйлчилгээ, өөрийнх нь өртөг нийтдээ 16.2 тэрбум төгрөг болсон байна. Харин энэ сарын 5-ны байдлаар 587 вагон 16.9 тэрбум төгрөгийн орлого олсон нь өөрийн өртгийг нөхөж, 700 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан гэдгийг хэлсэн. Түүнчлэн “УБТЗ-ын эзэмшлийн 1347 хагас вагоны ихэнх нь ашиглалтын хугацаа дууссан. Дахиад 1400 ширхэг вагон шаардлагатай байна. Цаашид тээвэрлэлтээ нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ жил 27 сая тонн ачааны захиалга ирсэн. Жилд ойролцоогоор 2-2.3 сая тонноор ачааны захиалга нэмэгдэж байна. Тиймээс хэрэгцээ шаардлагаа хангахгүй бол өдөр тутам 206 хагас вагон дутаж, ачаа тээвэрлэлтээс 93 тэрбум 795 сая төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан” гэлээ. Өнгөрсөн жил нийт тээвэрлэлтийн 35-40 хувийг хангаж байсан бол вагон худалдан авснаар 63.4 хувьд хүрсэн байна. Харин яагаад хуучин вагон худалдаж авсан талаар Вагоны аж ахуйн албаны дарга Л.Болд “Эдгээр вагон нь 1994-1995 онд үйлдвэрлэсэн, ОХУ-д 22 жил ашиглаад сүүлийн 1-2 жил сул зогссон. Харин Монгол Улсад мөрдөж буй норм, стандартын дагуу 6-7 жил ашиглах боломжтой. Шинжээчдийн хийсэн судалгааны дүгнэлтээр вагоны ачаалал хүлээн авдаг үндсэн хийц ноён нурууны хэсгүүд цаашдаа 15.5-17.9 жил ачаалал даах чадвартай нь батлагдсан. Бид түлш, замын засвар, ажилчдын цалингаа өөрсдөө тавьдаг учраас парк шинэчлэлийн хэмжээний хуримтлал үүсэхгүй байна. Тиймээс шинэ вагон авах боломж байгаагүй. Шинэ вагон ОХУ-д 40-60 мянган ам.доллар, БНХАУ-д 79.5 мянган ам.долларын үнэтэй байдаг” гэлээ. Өнгөрсөн жил УБТЗ-ын экспортын тээврийн захиалгыг 46.8 хувь буюу 75026 вагоноор дутуу хангажээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар УБТЗ-аар үйлчлүүлэгч 101 байгууллага 33575 вагоны захиалга ирүүлснээс 28199 вагоноор хангаж, 5376 вагоны тээврийн орлого 9 тэрбум 130 сая төгрөг алдсан гэж тооцжээ. Тиймээс вагон хангалтын асуудлыг анхаарч яаралтай шийдэх шаардлага байгааг УБТЗ-ын удирдлагууд хэлж байна. Харин . Харин цаашид УБТЗ үлдсэн вагонуудыг худалдан авах шаардлагатай гэж үзэн бөгөөд энэ талаарх саналаа холбогдох байгууллагад хүргүүлсэн байна. Мөн үлдсэн 413 вагоныг оруулж ирэх эсэх асуудлаар комисс гарч, шалгаж эхэлжээ. Харин дэд сайд Б.Цогтгэрэл бие дааж шийдвэр гаргаад, дүрэм журам зөрчөөд олон тооны хуучин вагон авчихлаа гэж шүүмжлэл гарсан тухайд тэрбээр “Орос Хятадад ч мөн шинэ вагоны хэрэгцээ байна. Бид вагон захиаллаа гэхэд 3-4 жилийн дараа л орж ирнэ. Бид дугаар бичүүлж байж л ийм хугацааны дараа хүлээж авна гэсэн үг. Ийм л нөхцөл байдал үүссэн учраас журам зөрчихөөс аргагүй байсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол ерөнхий хорооны буюу хамтын шийдвэр. Орос, Монголын талаас хамтарч байж ийм шийдвэр гаргасан юм шүү дээ” гэх хариултыг өглөө.

М.Өнөрөө

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.