2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Барилгын зах зээлийн БОДИТОЙ судалгаа хийгджээ

Барилгын зах зээлийн БОДИТОЙ судалгаа хийгджээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм, Онцлох мэдээ

Агаарын бохирдол, хөрсний бохирдол гэхчлэн нийслэлд тулгамдаад буй асуудлуудыг шийдэх гарцыг том зургаар нь харвал мэдээж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр юм. Харин орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн яаж хүртээмжтэй, өгөөжтэй байдлаар явуулах вэ гэдгийг тодорхойлохын тулд судалгаа хэрэгтэй. Тэгвэл БХБЯ, ТОСК, МИК, Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанитай хамтран "Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт"-ийн судалгааг 2018 оны гуравдугаар сарын байдлаар эцэслэн гүйцэтгээд байна. Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн нар хэвлэлийнхэнд өгсөн юм.

Судалгаагаар Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлжээ. 21 аймгийн хэмжээнд 2017 оны байдлаар 482,687 өрх байна. Үүний 41% буюу 198,302 өрх нь аймгуудын төвд оршин сууж байна. Тэдний 57,377 өрх буюу 29%  нь орон сууцанд, 140,925 өрх буюу 71%  нь гэр хороололд амьдарч байгаа судалгаа гарсан байна.  Улаанбаатар хотын хэмжээнд ирэх 5 жилийн хугацаанд нийт 9 дүүргийн 216.913 өрхөд инженерийн дэд бүтэц бүхий орон сууц худалдан авах хэрэгцээ байна. Ойрын 5 жилийн хугацаанд орон сууц хэрэгцээтэй эдгээр өрхийн 16,3 хувь буюу 35,497 өрх нь бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт байна. Энэхүү бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлтийн 93 хувь буюу 33,102 өрх нь ирэх 3 жилийн хугацаанд орон сууц худалдаж авахаар төлөвлөж байгааг судалгаа харуулж буй аж.

Зах зээл дээр борлуулагдаагүй 80 мянган орон сууц байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм. Тэгвэл нийслэлд 207 мянган орон сууцны хэрэгцээ шаардлага байна. Гэтэл 33,102 өрх  ирэх 3 жилийн хугацаанд орон сууц худалдаж авахаар төлөвлөж буйг дээр өгүүлсэн шүү дээ. Тэгэхээр бодит хэрэгцээ, бодит эрэлтийн хооронд ихээхэн зөрүү эндээс харагдаж буй юм. Айл өрхүүдэд орон сууцны хэрэглээ байгаад байдаг. Гэсэн мөртлөө тэдний эрэлт эдийн засгийн утгаар бодит бус мөрөөдлийн чанартай байх нь олон байна. Тэгвэл иргэд чухам яагаад орон сууцтай болж чадахгүй байна вэ гэдэг асуултад судалгаа дараах хариултуудыг өгч байгаа юм.

•           Урьдчилгаа 30 хувиа бүрдүүлэх боломжгүй

•           Зах зээл дээр борлуулагдаж байгаа орон сууцны үнэ өндөр

•           Өрхийн орлого нь зээл төлөлтөнд хүрэлцдэггүй гэх мэт хүчин зүйлс голлон нөлөөлж байгаа юм.

Дэд сайд Ш.Лхамсүрэн хэлэхдээ “Яамны зүгээс судалгаан дээр тулгуурлан  ипотекийн зээлийн шаардлага хангахгүй байгаа иргэдээ орон сууцжуулахын тулд  зээлийн урьдчилгаа, хүү, хугацаа зэргийг эргэн харах шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлаар Сангийн яам, Монголбанктай зөвшилцөж байна. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг буцаагаад орон сууц худалдан авах гэж байгаа иргэдэд олгооч ээ гэсэн байр сууринаас манай яам хандаж байгаа. Эргэн төлөлтөөр 2017 онд 10 мянга орчим өрхийг орон сууцжуулсан.Судалгааны үр дүнгээс урьдчилгаа 30 хувь төлөөд 8 хувийн хүүтэй зээл авах боломж ард иргэдэд байхгүй нь харагдаж байна. Тиймээс эхний ээлжинд ядаж хөдөө орон нутаг, хотын зах орчмын хороололд ипотекийн зээл огохдоо урьчилгааг 25 хувь, хүүг 7 хувь болгож бууруулаач ээ гэсэн хүсэлтийг байнга тавьсаар байгаа. Мөн багш, эмч, малчдад зориулан тусгайлсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх бодлого барьж байгаа.  БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудал яригдаж эхэлсэн. Үүнийг агаар орчны бохирдлыг бууруулахад зарцуулах бөгөөд урт хугацаанд хэрэгжих төслүүд тухайлбал, хороолол барихад зарцуулна.2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар бололцоо бүхий гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд холбоно.Улаанбаатар хотыг цаашид хөгжүүлэхэд ипотекийн зээл, инженерийн дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй. БНХАУ-аас ирж байгаа 2 тэрбум юанийн буцалтгүй тусламжаар бололцоо бүхий гэр хорооллыг инженерийн дэд бүтцэд  холбож өгнө. Бололцоо бүхий гэдэг нь газар зүйн байрлалаас хамаарч байгаа.  Дэд бүтэц татах боломжтой байрлалд амины орон сууц барихыг дэмжинэ.  Бага дунд орлогтой иргэдээ яаж орон сууцжуулах уу, орлогыг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал дээр Засгийн бодлого төвлөрнө” гэсэн юм.

Ер нь бол “Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт"-ийн судалгааг холбогдох байгууллагууд хамтран, бодитойгоор гаргаж ирж байгаа нь тун зөв юм. Судалгаа, тооцоолол муу ажлууд байгаа онодоггүй болохыг бид хаа хаанаа харж буй. Тиймээс ч орон сууц худалдан авах чадвартай өрхүүдийнхээ тоог бодьтой гаргаж, цаашид ямар хэлбэрээр айл өрхүүдээ дэмжих вэ, өөр ямар гарц гаргалгаа олж болох вэ. Дэлхийн улс орнуудын туршлага юу байна вэ гэдэгт анхаарал хандуулах ёстой.

Судалгаанд байгаа анхаарал татсан тоонуудаас онцлоход:

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах сонирхолтой өрхүүдийн ирэх 5 жилийн худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт

  • Урьдчилгаа төлбөрийн хэмжээ      30%-ийг төлөх чадвартай 30,297өрх (Урьдчилгаа төлбөрийн хэмжээ    25%болоход төлөх чадвартай өрхийн тоо 31,576 өрх, Урьдчилгаа төлбөрийн хэмжээ    20% болоход төлөх чадвартай өрхийн тоо 33,942 өрх болж өсөж байна.)
  • Бэлэн мөнгөөр худалдан авах чадвартай 5200 өрх

Ипотекийн зээлийн өнөөгийн шалгуурыг хангаж буй 30,297 өрх, бэлэн мөнгөөр худалдан авах чадвартай 5200 өрх, нийлээд 35,497 өрхөөс 1,009 өрх нь ипотекийн зээл авсан байгаа ч дахин орон сууц авах сонирхолтой байгаа дүр зураг бодит байдал дээр харагдаж буй юм.

 За мөн Түрээсийн орон сууцны талаар зайлшгүй яригдах ёстой. Улаанбаатар хотод инженерийн дэд бүтэц бүхий орон сууц түрээслэх хэрэгцээтэй байгаа нийт 44,747өрх байна. Орон сууц түрээслэх сонирхолтой нийт өрхүүдийн 16,717 өрх нь нийтийн орон сууцанд, 14,686 өрх нь дэд бүтцэд холбогдоогүй хашаа байшинд, 13,016 өрх нь монгол гэрт, 329 өрх нь дэд бүтцэд холбогдсон хашаа байшин, АОС-нд амьдарч байна. Нийт түрээслэх хэрэгцээтэй байгаа өрхийн 10,364 өрх нь тухайн амьдарч буй сууцаа түрээслэж амьдардаг бол 4890 өрх нь төлбөргүйгээр бусдын өмчлөлийн байранд төлбөргүйгээр амьдарч байна.

                                   

Нийт түрээслэх хэрэгцээтэй өрхийн 28,5 хувь нь “гэр бүлийн бусад гишүүдийн хэрэгцээнд зориулж”, 28,1 хувь нь “өөрийн өмчлөлийн сууцгүй” гэсэн шалтгаанаар түрээслэх сонирхолтой. Орон сууц түрээслэх хэрэгцээтэй байгаа өрхүүд нь дундажаар  4,4 ам бүлтэй, 0-17 насны 2,1 хүүхэдтэй, өрхийн тэргүүн нь 43,3 настай, өрхөд ажил эрхэлдэг 1,6 хүнтэй өрхүүд байна. Өдгөө Улаанбаатар хотод нийт 31,402 өрх түрээсийн орон сууцанд амьдарч буйг судалгаанд өгүүлжээ.

Ер нь бол судалгаанаас дэлгэрэнгүй мэдээллийг хэн хүнгүй авч болохоор байгааг онцлоё. БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн “Гэр хорооллын иргэдээ хамгийн амархнаар орон сууцжуулах гарц бол ерөөсөө л дэд бүтэц татах, амины орон сууцжуулах. Гол асуудал нь дэд бүтцийн асуудал байгаа биз. Дэд бүтцийг шууд л татчихаж болохгүй байна. Уулын орой руу өгсөөд буучихсан айлууд руу цахилгаан, ус татлаа гэхэд бохирын асуудлыг шийдэх боломжгүй.  Учир нь шугам хоолой тогтсон стандарттай. ЖАЙКА, Азийн хөгжлийн банк гээд манай хотын нөхцөл байдлыг удаан хугацаанд судалсан байгууллагууд хамтран Ногоон уур амьсгалын санг байгуулахаар яригдаж байна. Уг сангаас дэд бүтэц нь шийдэгдсэн бүсэд ногоон буюу дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих загвар зургийг иргэдэд гаргаж өгөхөөр төлөвлөж байгаа. Сангаас дээрх шаардлагыг хангасан бол таван хувийн хүүтэй зээл олгох боломжтой гэж үзсэн. Мэдээж ипотект хамрагдах бас боломжтой” хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.