2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан та, баяжсан шалтгаанаа тайлбарлана уу

ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан та, баяжсан шалтгаанаа тайлбарлана уу

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Шуугианы эзэн

ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан та, баяжсан шалтгаанаа тайлбарлана уу

 

Ингэхэд Монгол Улс яг буурай, ядуу орон мөн үү. Их хотыг хүрээлсэн гэр хороолол, өрөнд баригдсан дунд ангийнхан, эмчилгээний зардлаа олж дийлэлгүй нас нөхчиж буй өвчтөнүүд, Улаанчулуутад хог булаалдан зодолдох явуусыг харвал яах аргагүй буурай улс мөн болж таарна.

Гэвч нөгөө талдаа баян тарганаараа өрсөлдөж, нэгнээсээ давахын тулд эгээтэй л Арабын шейхүүд шиг аашилдаг томчуулыг харвал байдал арай өөр мэт. Ялангуяа, авдаг цалин нь бусадтай яг адил хэрнээ амжиргааны түвшин нь тэрбумтнуудынх шиг төсвийн байгууллагын дарга нараар жишээлбэл Монгол Улс хөгжилтэй орны тоонд хэдийнэ орсон гэмээр ажээ.

Тодруулбал, хэдэн сарын өмнө шүүгч нар хэмээх эрх мэдэл, хөрөнгө чинээ бүхий тусгай давхарга Монголын нийгэмд бий болсныг бид мэдэж авсан. Тэдний цалин дундаж түвшнийхээс хэд дахин илүү гэдгийг бүгд мэддэг. Бүр хүлээн зөвшөөрдөг. Гэвч шүүгч нарын амьдралын өртөг олж байгаа бодит орлогоос нь хэдэн арав дахин их байгааг харин хэрхэвч хүлээн зөвшөөрөх аргагүй. Нэгэнт шүүгч нар мөнгө тарьж ургуулж чадахгүй нь үнэн тул тэдний энэхүү байж боломгүй их орлогыг авлига, хээл хахуультай холбон ойлгохоос өөр арга байхгүй. Өөрөөр хэлбэл, тэд нийгмийн хувалз болчихжээ.

Тэгвэл алтан гарт эмч нар энэ эгнээ рүү шилжсэнийг бид дараах баримтаар илчилж болох нь ээ. Гэхдээ нэг зүйлийг хатуу ойлгох хэрэгтэй. Юу гэвээс, эмч нарын бүрдүүлж буй энэ бүлэгт жирийн эмч, сувилагч, асрагч нар огтоос орохгүй, бүр орох боломж ч байхгүй билээ.

Харин улсын томоохон эмнэлгүүд, эрүүл мэндийн төвүүдийг удирдаж буй эмч нарын бодит орлого хийгээд амьдралын түвшинг нь харгалзуулбал ихээхэн но бий гэдгийг шуудхан харж болно.

Жишээ татъя. Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн захирал Т.Мөнхсайхан гэгч нь 2017 оны ХОМ-ээ АТГ-д гарган өгчээ. Гэтэл мань эрийн өөрийн жилийн орлого 207.7 сая, харин гэр бүлийнх нь 528.4 сая төгрөг байх юм. Улмаар 647.5 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн бол 80 сая төгрөгийн машин нэг, 800 саяын газар нэжгээдтэй гэжээ. Мөн 7.8 тэрбум төгрөгийн хадгаламжтай гэсэн байлаа.

Жирийн эмч нарын хувьд ой тойнд нь багтахгүй их хөрөнгө зоорийг Т.Мөнхсайхан дарга хэрхэн хуримтлуулсан юм бол. За тоо бодох гэж оролдъё л доо. Хамгийн дээд хэмжээгээр буюу шүүгч нарынхтай адил сард 4.5 сая төгрөгийн цалин авлаа гэхэд /энэ нь бодит цалингийн хэмжээ биш болно/ 12 сарын турш нийт 54 сая төгрөг болох нь ээ. Эндээс татвар шимтгэл тооцоход л бүтэн жилд 48.1 сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Харин Т.Мөнхсайханы жилийн орлого 207.7 сая төгрөг. Зүгээр хар ухаанаар бодвол сард 17 сая төгрөгийн цалин авдаг байж гэмээнэ ийм хэмжээний орлого бүртгүүлж болно. Гэвч өнөөдөр хувийн томоохон компанийн Гүйцэтгэх захирал л биш сард 17 сая төгрөг авдаг монгол хүн тун ховор, хүн амын 1 хувь орчим л болох байх. Гэхдээ ГССҮТ-ийн дарга энэ 1 хувьд багтахгүй гэдгийг л итгэлтэйгээр өгүүлэх байна.

Дээр нь 7.8 тэрбум төгрөгийн хадгаламж гэдэг нь яг өнөөдрийн албан ханшаар бол 3.2 сая ам.доллар. Уншигч та бүхэн санаж байгаа бол С.Баярцогтыг анх оффшор бүсэд 1 сая доллар нуусан гэж бөөн дуулиан гарч байсан. Тэгвэл ГССҮТ-ийн даргын дансанд 3.2 сая ам.доллар байгаа ажээ.

Харин сумын эмнэлгүүдэд насаараа ажиллаж байгаа их эмч нар нойр хоол дутуу, өдөржин, шөнөжин ажиллаж ажиллачихаад гар дээрээ сард 800 мянган төгрөг л авдаг. Тэгсэн хэрнээ бүгд цалингийн зээлтэй. Цагаан халаадаа тайлаад л өөр өмсөх өнгөтэй өөдтэй хувцасгүй сумын эмч нарын энэ дорд байдлыг төвийн том эмнэлгүүдийн дарга нарын байр байдалтай харьцуулшгүй байгаа нь хэнд ч ойлгомжтой ажээ.

Ер нь Т.Мөнхсайханы талаар анхаарал татмаар яриа олон бий. Өнгөрсөн оны сүүлчээр, хэвлэлүүдээр Т.Мөнхсайхан ГССҮТ-ийн даргын албыг МАН-аас худалдаж авсан тухай мэдээллүүд гарсан. Тодруулбал, тэрбээрэ энэ албыг 500 сая төгрөгөөр авсан тухайгаа эмнэлгийнхэнд ярьж, сайрхсан тухай эх сурвалж мэдээлсэн. Мөн түүнийг хувьдаа дурангийн мэс заслын төхөөрөмжтэй, үүгээрээ төлбөртэй мэс ажилбар хийдэг, төлбөрийг нь хувийн дансаараа авдаг гэх мэтээр ярьдаг аж. Түүнчлэн хувийн компаниараа дамжуулж эмнэлгийн шаардлагатай хэрэгсэл, хиймэл үе зэргийг оруулж ирж, өндөр үнээр зардаг гэцгээсэн. Ерөнхийдөө Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг ГССҮТ-ийн захирлаар зүтгүүлж, дэмжлэг үзүүлсэн гэдгийг яамны хүрээнд ч ярьдаг билээ.

Мэдээж иргэн хүн баяжиж болно. Иргэн баян байвал улс баян байна. Гэхдээ баяжсан нь тодорхой шалтгаантай, хуулийн хүрээнд байх ёстой. Иймд хуулийн байгууллага үүнийг анхааралдаа авна биз ээ.

Ер нь Монгол Улсын эмч нар чадварын хувьд хаана ч гологдохгүй. Гэтэл хорт хавдар болон бусад эмчлэх боломжгүй хүнд өвчин туссан хүмүүс доод тал нь 100 сая төгрөг төлж гадаад руу явдаг. Харамсалтай нь, ихэнх нь ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүйн улмаас үхлээ хүлээн хэвтдэг гэхэд буруудахгүй. Хамгийн гол нь, эмч нар нь чадварлаг атал нарийн эмчилгээнд шаардлагатай аппарат, тоног, төхөөрөмж, өндөр үнэтэй технологийг бид дотооддоо нэвтрүүлж чадахгүй байгаа.

Гэтэл эмнэлгийн дарга нарын бэл бэнчин энэ анзаанд байгаа нь хачирхалтай. Тиймээс бид дараагийн удаа улсын томоохон эмнэлгүүдийн дарга нарын ХОМ-ийг уншигчдадаа хүргэх болно.

Эх сурвалж: Erennews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.