2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Хорыг эм гээд зарвал авч уух нь ээ, энэ монголчууд

Хорыг эм гээд зарвал авч уух нь ээ, энэ монголчууд

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Twitter

Монголчуудын нэг сул тал бий. Тэр нь эмчээс ганц удаа асууж, биеэ үзүүлээгүй хэр нь хэн нэгнээс дуулж сонссон цуу яриа, өнгө будаг нь эрээлжилсэн сурталчилгаанд итгэж, хор байсан ч хамаагүй авч уудаг зан.

Үүнийг нь овжноор ажигласан зарим нэгэн этгээд гарал үүсэл нь тодорхойгүй элдэв эм тан, бортого шилтэй бодисыг хорвоогийн хамгийн сайн эм, витамин, тамир тэнхээ сэлгэгч, залуужуулагч гэж рекламдаад л энэхүү луйврын бизнесээ хөл дээр нь босгочихдог. Хамгийн гол нь, өнөөг хүртэл эрдэмтэд судалсаар байгаа, хариуг нь олж тогтоогоогүй хорт хавдарыг хүртэл анагаана гэсэн зар сурталчилгаа хүмүүст хамгийн ихээр хүрдэг. Бас жам ёс, байгаль дэлхийн хуулийг зөрчиж, залуужуулдаг бэлдмэл бий гэдэгт ч итгэдэг. Тийм ч учраас хуурам эм, тан, бэлдмэлийн хориотой зах зээл Монголд хөгжин цэцэглэсэн аж.

Үүний нэг жишээ нь, охид эмэгтэйчүүдийг нэг хэсэг хуйлруулсан ALIVEMAX гэх биологийн нэмэлт бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнийг оруулж ирдэг этгээдүүд цахим зар, фейсбүүк хуудас, сонин сэтгүүл, ТВ, ФМ радиогоор сурталчилж, чухам үүнийг хэрэглэвэл ерөөс өвчин тусахгүй, бүх төрлийн витамины дутагдлыг нөхөх мэтээр ухуулсаар байгаа.

Бүр Alivemax Mongolia гэдэг фейсбүүк хуудас байх бөгөөд 40 орчим мянган хүн үүнд нэгджээ. Улмаар бичвэр нэг бүрийг уншиж үзвэл эдгээр 40 орчим мянган хүн бүгд энэ бүтээгдэхүүнийг ихэд сонирхож, олонх нь хэрэглэж үзсэн байх юм. Үүнээс гадна 10 мянга, 5000, 7800, 679 дагагчтай хуудас цаана нь бий. Дээр нь зарын сайтуудаар Alivemax худалдана гэсэн зарлал олонтаа таарч байлаа.

Гэтэл энэ сарын 21-нд НМХГ-аас нэгэн мэдээлэл хийв. Уг мэдээлэлд Аlivemax-ын дөрвөн төрлийн цацлага нь эм, биологийн нэмэлт бүтээгдэхүүн биш, харин хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Гэтэл тус бүтээгдэхүүнийг эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн мэтээр иргэдэд ойлгуулж, төөрөгдүүлж байгаа нь Монгол Улсын Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудын тодорхой заалтуудыг зөрчиж байна.

Alivemax-ын цацлагыг хэрэглэснээр төрөл бүрийн харшил, даралт, нойргүйдэл , зүрх судас, үе мөч, ууц нурууны асуудалтай, цагаан мах эргэх, төрөлхийн болон олдмол саажилттай хүүхэд болон насанд хүрэгчдэд “маш олон” хүнд үр дүн гарч байна гэх мэт иргэдийн төөрөлдүүлсэн зар сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр яваад нэлээдгүй хугацааг өнгөрөөжээ.

Тус бүтээгдэхүүн нь жимсний охь буюу хүнсний бүтээгдэхүүний ангилалд ордог тухай тодорхойлолтыг Нийгмийн Эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргажээ. Энэхүү бүтээгдэхүүн нь жимсний болон хүнсний ургамлуудыг хүнсний тэжээллэг чанарыг нь хадгалан зориулалтын дагуу боловсруулж хатааж нунтаглаж шингэн хэлбэрт оруулан савласан шууд болон усанд найруулан уух зориулалттай аж.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд барагцаалсан тооцоогоор 70 гаруй мянган хүн уг цацлагын сурталчилгаанд итгэж мөнгөө хий дэмий үрсэн болж таарах нь ээ.

Үнийн байдлыг судлахад, зарын сайтуудад 37,500₮, 80,000₮, бүр 300,000₮ гэсэн үнэ харагдах юм билээ. Харин фейсбүүк хуудсанд үнийн талаар “Veratrol plus-80.000₮, Vitality spray-80.000₮, Multivitamin-80.000₮, Slim-100.000₮-р худалдаалагдаж байгаа. Багцаар худалдан авалт хийвэл 16ш-370$ 28ш-605$ болно” гэсэн мэдээлэл өгсөн байв.

Хамгийн гол нь, мэргэжлийн хяналтын байгууллагаас анх удаа энэ бүтээгдэхүүний тухай анхааруулж байгаа юм биш. Өнгөрсөн гуравдугаар сард МХЕГ энэ бүтээгдэхүүний луйврын шинжтэй сурталчилгаанд автахгүй байхыг иргэдэд анхааруулсан.

Гэтэл энэ анхааруулга үр дүнгээ өгсөнгүй. Өнөөдөр нь Аlivemax-ыг худалдааны бүхий л сүлжээгээр зарж борлуулсаар байна.

Гол нь асуудал ийм хэмжээнд хүрчихээд байхад хууль хяналтын байгууллагаас борлуулагч нарыг таслан зогсоох арга хэмжээ яагаад авсангүй вэ. Учир нь иргэд мөнгөө хий дэмий үрээд зогсохгүй эрүүл мэндээрээ ч хохирсон тохиолдол бий ажээ.

Тухайлбал, үүнийг хэрэглэснээр сөрөг нөлөө үзүүлж, нүүр нь хавдсан, ходоод нь үрэвсэж, цөс нь өвдсөн гэх хүмүүс сэтгэгдэл бичсэн байв.

Гэвч Аlivemax-ыг оруулж ирдэг компанийн зүгээс цахим хуудсандаа “Манай компани нь АНУ-ын “Alivemax” Co.Ltd компаниас 4 төрлийн цацлага хэлбэрт оруулан савласан ургамлын болон жимсний охь агуулсан эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр импортлон оруулж ирдэг.

Тухайн бүтээгдэхүүн нь Монгол улсын Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн хүнсний бүтээгдэхүүний ангилалд хамааруулсан тодорхойлолттой, Гаалийн Ерөнхий газрын Гаалийн төв лабораторийн хүнсний бүтээгдэхүүнд хамааруулан, Мэргэжлийн хяналтын байгууллагын холбогдох бичиг баримт албан бичигтэй, НМХГ-ын улсын байцаагчийн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй бүтээгдэхүүн болно.

Мэдээлэл хийсэн улсын байцаагчид эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн гэж албан ёсоор мэдээлээгүй, хэрэглэгчдийг худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлээгүй байтал олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан хэрэглэгчдийг төөрөлдүүлсэн мэдээлэл явуулж, худалдан авахгүй байхыг анхааруулсан мэдээллийг гаргаж компанийн нэр хүндэд халдаж, бизнесийн үйл ажиллагааг таслан зогсоох оролдлого хийж байгаад харамсч байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан худал мэдээлэл тараахгүй байхыг үүгээр мэдэгдье. Alivemax Mongolia Компани” гэх төдийгөөр өөрсдийгөө өмгөөлж, хуулийн байгууллагын дүгнэлтийг эс тоон олон нийтийг төөрөгдүүлсээр байгааг холбогдох албаныхан анхааралдаа авч, дорвитой арга хэмжээ авах цаг болжээ.

Erennews.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.