2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Багануурт цахилгаан станц байгуулж чадвал эрчим хүчний хэрэгцээгээ шийдвэрлэж чадна

Багануурт цахилгаан станц байгуулж чадвал эрчим хүчний хэрэгцээгээ шийдвэрлэж чадна

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийслэл

Монгол Улс эрчим хүчний гурван системтэй. Төвийн эрчим хүчний систем Баруун ба Зүүн бүсийн эрчим хүчний системүүдээсээ цар хүрээгээрээ хавьгүй том, улсын хөгжилд үзүүлэх нөлөө нь харьцангуй их. Тиймээс 1980-аад оны дундуур Багануурт 600 МВт- ын том чадлын цахилгаан станцыг ЗХУ-ын тусламжаар барихаар Монгол-Зөвлөлтийн хоёр тал шийдвэр гарган барилга угсралтын ажил нь эхэлсэн байдаг. Энэ нь ирээдүйд Төвийн эрчим хүчний системд бий болох ачаалал, улс орны хөгжил дэвшилд ахиц авчрах томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах зорилго агуулж байжээ. Удалгүй хойд хөршид төдийгүй, Монголд нийгэм солигдсоноор Багануурын станцын төслийн санхүүжилт зогссон аж. Социализмын үед урт хугацааны хөгжлөө төлөвлөж түүнийг угтуулан эхлээд дэд бүтцээ барьж байгуулдаг байсныг үүнээс харж болно. Тухайн үед өнөөгийн эрчим хүчний системд тулгараад буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга зам, эдийн засгийн хөгжлөө урт хугацаанд нь төсөөлж байсан талаар Монгол Улсын 16 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Багануурын нүүрсний ордыг түшиглэн том чадлын цахилгаан станц барьж, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэх хэрэглээгээ хангах шийдвэр хэдийд гарч байсан бэ?

-Багануурын уурхайн түшиглэн цахилгаан станц барих асуудлаар төр засгийн шийдвэр 1985 онд гарсан. ТЭЗҮ нь 1990 он гэхэд бэлэн болоод бүтээн байгуулалтын ажил ч эхлээд байлаа. Гэвч 1990 оны есдүгээр сарын 30-нд ЗХУ-ын Дээд зөвлөлөөс улс орныхоо эдийн засгийн байдлыг харгалзан гадаад орнуудад аливаа зээл тусламж өгөхийг хориглосон. Үүнээс болоод Монголд ажиллаж байсан ЗХУ-ын байгууллагууд ажлаа зогсоосон юм. Багануурын цахилгаан станц ч ЗХУ-ын зээлээр баригдаж байсан учраас барилгын ажил нь зайлшгүй зогсоход хүрсэн. Түүнээс хойш Багануурт том чадлын цахилгаан станц барих асуудал цухас яригдсаар өдийг хүрлээ.

-Тухайн үед Багануурын цахилгаан станцыг байгуулах ТЭЗҮ-д хүчин чадлын хэдэн МВт байхаар төлөвлөсөн байдаг вэ?

-Төлөвлөж байсан хүчин чадал нь 600 МВт. Тухайн үеийн эрчим хүчний хэрэглээгээ бодоход илүүдэл хүчин чадал бий болох байсан ч ирээдүйд өсөн нэмэгдэх хэрэгцээ, эдийн засгаа тэлэх боломжийг харж гаргасан тооцоо. Гадаадаас их хэмжээгээр худалдаж авдаг цахилгааны хэрэгцээ дотоодоос хангах, мөн газрын тос, зэс боловсруулах үйлдвэр тэргүүтэй эрчим хүчний өндөр хэрэглээтэй үйлдвэрүүд байгуулагдахад зайлшгүй шаардах хүчин чадал байсан юм.

-Одоо ажиллаж байгаа нүүрсний цахилгаан станцуудыг Улаанбаатар хотод төвлөрүүлж байгуулсан. Тэгвэл 180 км-ийн зайтай Багануурын уурхайн аман дээр цахилгаан станц байгуулах нь ямар ач холбогдолтой гэж үзсэн юм бол?

-Нэгдүгээрт, овор ихтэй нүүрсийг зөөж илүү тээврийн зардал гаргахгүй. Хоёрт, Багануур орчмын бүсэд аж үйлдвэрийн парк байгуулж, хөгжүүлэх сайхан боломж гарах юм. Багануурыг түшиглэн хүлэмжийн том аж ахуй байгуулж, Улаанбаатар хотынхоо хүнсний ногооны хэрэгцээг хүйтний улиралд хангана. Харин дулааны улиралд нь өндөр чанартай бетон эдлэлүүд шарах замаар ашиглах боломжтой байсан. Цахилгааны өөрийн өртөг ч хямдрах боломжтой гэдэг тооцоо гаргаж байсан.

-Багануурт цахилгаан станц барих анхны шийдвэрээс 30 жилийн жилийн дараа буюу 2015 онд дахин төр засгаас шийдвэр гаргасан. Энэ нь маргаан дагуулах болоод удаж байна. Багануурын цахилгаан станцын өртөг хэд орчим баригдах тооцоо байдаг вэ?

-Үнэ өртгийн талаас асуудал гарч байж магадгүй. Олон улсын жишгээр цахилгаан станц барихад нэг кВт.цаг эрч хүчний үйлдвэрлэх хүчин чадалд 2500 ам.доллар ногддог. Энэ жишгээр бодвол, 600 МВт-ын хүчин чадлын станцыг 1.5 тэрбум ам.долларт багтаан байгуулах боломжтой. Сүүлийн үед манай төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд аж ахуй, эдийн засгийн асуудлаа цогцоор шийдэж чадахгүй байгаагаас хүндрэл үүсч байна. Багануурын цахилгаан станцыг шийдвэрлэж чадвал эрчим хүчний системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангаж, цаашдын боломжоо нэмэгдүүлнэ. Эрчим хүчний хэрэглээ өндөртэй боловсруулах аж үйлдвэрүүд байгуулах нөхцөл бүрдэх юм.

-Багануурын цахилгаан станцад үйлдвэрлэх суурь дэд бүтцийг түшиглэн Говьсүмбэр, Дорноговь аймагт хэрэгжих уул уурхай болон хүнд үйлдвэрийн төслүүдийг эрчим хүчээр хангах асуудал яригдах болсон. Энэ нь станцыг ашигтай ажиллагааг дэмжинэ гэж ойлгож болох уу?

-Манайхан уул уурхайгаа яриад л байдаг. Уг нь уурхайгаас гаргасан түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээх талаар бодууштай юм. Ирээдүйд өсөн нэмэгдэх эрчим хүчний өндөр хэрэгцээ бий. Газрын тос болон зэс боловсруулах үйлдвэрүүдээс гадна Цагаан суварга, Оюутолгой дээр ч эрчим хүчний хэрэгцээ үүснэ. Нөгөө талдаа том чадлын цахилгаан станцад олон мянган хүний ажлын байр бий болно. Олон мянган хүний хэрэгцээг дагаад үйлдвэрлэл, үйлчилгээний төвүүд байгуулагдана. Үүнийг дагаад Улаанбаатар хотын төвлөрөл саарна гэх мэт ач холбогдолтой өндөртэй.

-Манай эрчим хүчний системийн одоогийн нөхцөл байдал ямар төвшинд байгаа гэж үздэг вэ?

-Ер нь бол үлгэн салган байгаа систем. Гол хэрэглээ ахуйн хэрэгцээнд түшиглэж байна. Энэ хэрэгцээгээ дүнгэн данган хангаж байгаа. Өнгөрсөн жил гэхэд л оргил ачаалал хүчин чадлынхаа дээд цэгт туллаа. Дээр нь нэмэгдээд 100 мянган тонн зэс боловсруулах үйлдвэр байгууллаа гэхэд 200 орчим МВт цахилгаан шаардлагатай. Мөн оргил ачааллын үед хойд хөршөөс цахилгаан импортолдог, Оюутолгой цахилгаанаа Хятадаас аваад сууж байна. Нүүрсний асар их нөөц баялагтай ийм орон гаднаас цахилгаан худалдаж аваад сууна гэдгийг бодлогын том алдаа л гэж хэлэх юм уу даа.

-Багануур, Шивээ-Овоо гэх мэт том чадлын цахилгаан станцын төслүүд яригдаж байгаа. Эдгээрийг концессын гэрээгээр шийдвэрлэхээр болоод байгаа нь ямар үр дагавартай гэж харж байна вэ?

-Хоёр хөршийн зүгээс хөрөнгө эрчим хүчний салбарт зээл, тусламж өгье гэдэг асуудал олон жилийн турш яригдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.