2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » МАНАНД ТӨӨРСӨН БОДЛОГЫН ЭРЭЛД

МАНАНД ТӨӨРСӨН БОДЛОГЫН ЭРЭЛД

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Нийгэм, Онцлох мэдээ

    

МАНАНД ТӨӨРСӨН БОДЛОГЫН ЭРЭЛД

2017 онд Монгол улс 66,2 сая толгой мал тоолуулж түүхэн дээд амжилтаа тогтоосон. Энэ хавар нийт 28 сая төл хүлээн авна гэсэн тооцоо бий. Үүнээс үзэхэд хүнсэнд хэрэглэж, нөөцөнд бэлтгэх хэдийгээ хаслаа ч бид лавтайяа 80 сая малтай болох нь.

            Гэвч мал өссөн ч малчдад өгөх өгөөж нь өссөнгүй, малын гаралтай түүхий эдийн үнэ санасан хэмжээнд хүрсэнгүй. Уг нь одоогоос 8 жилийн өмнө УИХ-аас баталсан "Монгол мал" үндэсний хөтөлбөрт мал аж ахуйн салбартай холбоотой олон том зорилт туссан. Харамсалтай нь АН эрх барьж байх үед алдуурч суларсан энэ бодлого өнөөдөр ч ямаршуу байдалтай хэрэгжиж байгаа нь төдий л тодорхой бус.

            Анх тус хөтөлбөрийг батлахдаа өөрөө өөртөө ажлын байр бий болгож, нийт ажиллагчдын 34.6 хувь нь хамрагдаж, экспортын нийт орлогын 10 хувийг оруулдаг мал аж ахуйн салбарыг богино хугцаанд өөд нь татах том зорилт дэвшүүлсэн. Ингэхдээ "Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг  бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд  хөтөлбөрийн зорилго оршино" хэмээн томъёолсон билээ. Гэтэл энэ хөтөлбөрийн тулгуур 5 зорилтын нэг болох мал эмнэлгийн ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, мал эрүүлжүүлэх бодлого маань чухам хаана явна вэ?

                Зөвхөн 2018 он гарсанаас хойш гэхэд Дорноговь, Дундговь, Булган, Төв гээд нийт 13 аймгийн 41 суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн байх юм. Уг нь өнгөрөгч онд  манай улс нийт 27892 тонн мах экспортолж 137 тэрбум төгрөгийн экспорт хийсэн удаатай. Энэ нь өмнөх 5 жилийн дундажтай харьцуулахад махны экспортын тоо, хэмжээ 7 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэж улсаараа хөөрцөглөж, мал мах нь үнэд хүрэх нь гэж малчдын магнай тэнийж байлаа. Гэсэн ч хүсэхэд хясна гэгчээр өнгөрсөн өвөл олон аймаг сумдыг хамарсан шүлхийн дэгдэлт энэ онд 70,000 тн мах экспортолно гэж найдаж байсан Засгийн газрын зорилтод хүндхэн цохилт болж байна.

Энэ оны эхээр батлагдсан Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан. Энэ хуулийн хэрэгжилтийг нэхэх цаг ч нэгэнт болжээ.

Хүнс экспортлогч улс болно гэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зорилт хөдөө малчны хотонд очоод өеөдөж байгааг анзаарахгүй өнгөрч боломгүй. Мал эрүүлжүүлэх бодлого малчны хотонд очилгүй төөрч явааг Засгийн тэргүүний сонорт залгуулж хэлэхгүй бол болохгүй нь.

Санаатай санаандгүй нь үл мэдэгдэх шалтгаанаар жилийн жилд түймэр мэт дэгдэх болсон гоц халдварт шүлхий өвчний асуудлын гогцоог нь тайлж, галзуу шүлхий гээд гай болсон малын халдварт өвчнийг үндсээр нь таслахгүй бол мал үнэгүйдэж, малчид цөхөрсөөр байх нь байна шүү.

Сул хариуцлагатай сумын мал эмнэлгийн тасаг, сулдаа ганхсан чадваргүй мал эмнэлгүүдийн асуудлыг яаралтай цэгцэлж мал эрүүлжүүлэх ажлаа төр бүрэн мэдэлдээ авахыг малчид маань  сануулж хэлсээр л байгааг болгоогтун. Малаа эрүүл, малын гаралтай түүхий эдээ үнэтэй байлгахын төлөөнөө малын хөлийн татвар төлөхөд цааргалаад суух цадиггүй малчин цаана чинь өдрийн од шиг цөөхөн л байх...

Дундардаг биш ундардаг баялаг болсон мал таван эрдэнээ эрүүлжүүлэн арвижуулж, шавхагддаг биш арвиждаг ашиг шимийг нь бүрэн боловсруулж хүртэхэд одоо бодлого биш сэтгэл дутаад байх шиг. Тал дүүрэн бэлчих наян сая малаа өвчинд баригдаж, эмгэгт идэгдэж, бэлчээр сүйтгэсэн амьд "адасга" болгочихолгүй байгаасай.

Буянт малынхаа үүлдэр угсааг сайжруулж, "амьд үйлдвэр"-ийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэхэд засгийн бодлого чиглэх учиртай. "Үйлдвэржилтийг дэмжих 21:100" хөтөлбөрийн үндсэн суурь нь болсон малын гаралтай түүхий эдээ дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээж чадвал өөрөө өөртөө ажлын байр бий болгосон малчдын маань амьдрал сэвхийгээд л босоод ирнэ.

Өчнөөн мянган ажлын байр хот хөдөөд бий болж , ХҮНС ЭКСПОРТЛОГЧ УЛС болоход хүрэх зам тэр хэрээр ойртоно. Мананд төөрсөн бодлогоо үнэнд ойртуулахыг сануулахын учир энэ билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.