2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛТЭЙГЭЭ ШҮҮХДЭЛЦДЭГ ПАРЛАМЕНТЫН СПИКЕР ДЭЛХИЙД ХЭД БАЙДАГ ЮМ БОЛ?

ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛТЭЙГЭЭ ШҮҮХДЭЛЦДЭГ ПАРЛАМЕНТЫН СПИКЕР ДЭЛХИЙД ХЭД БАЙДАГ ЮМ БОЛ?

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийгэм

ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛТЭЙГЭЭ ШҮҮХДЭЛЦДЭГ ПАРЛАМЕНТЫН СПИКЕР ДЭЛХИЙД ХЭД БАЙДАГ ЮМ БОЛ?

“Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” хэмээх судалгааны өгүүлэл 

бичиж “Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн М.Энхболд нэхэмжлэгчтэй сэтгүүл зүйн судлаач, доктор Т.Баасансүрэн хариуцагчтай, М.Энхболд нэхэмжлэгчтэй хэргийн шүүх хурал 2018 оны гуравдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд товлосон цагтаа эхлэв. Хачирхалтай нь,  үнэнд гүйцэгдсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэнгүй. Хөндлөнгийн хүнээр шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүсч бичиг явуулжээ. Шүүх хурлыг хаалттай явуулахаар гаргасан шүүгчийн өмнөх захирамжаа өөрчилж нээлттэй явуулах хүсэлтийг Т.Баасансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шаравдорж, өмгөөлөгч Л.Мөнхсайхан нар гаргажээ. Мөн нэхэмжлэгчийн талаас шүүх хуралд ажиглагч оруулж байгаа нөхцөлд хариуцагчийн талд нэгэн адил тэнцүү боломж олгохыг хүссэн байна.

Үүний дараа Ч.Ичинхорлоо даргатай шүүх хурал хуралдаж шийдвэрээ гаргасан байна. Шүүх албан ёсоор хурал болох товыг нэхэмжлэгч болоод хариуцагчийн талд аль алинд мэдэгдсэн гарын үсэг зуруулсан байтал нэхэмжлэгчийн талын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирээгүй, түүнчлэн М.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Болд, өмгөөлөгч Э.Ганхүлэг нараас шүүхэд ирүүлсэн бичиг нь огноо засвартай, өөрсдөө бус хөндлөнгийн хүнээр хүргүүлсэн шаардлага хангахгүй байгааг үндэслэж нэхэмжлэгч М.Энхболдоос Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийг авч хэлэлцэх боломжггүй байна гэсэн тогтоол гаргаж буцаажээ. Сэтгүүлзүйн судлаач Т.Баасансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монгол Улсын гавьяат хуульч Ц.Шаравдоржоос шүүх хурал дээр хэлэхээр бэлтгэсэн үгэнд Монгол дахь чөлөөт хэвлэлийн цөөнгүй тулгамдсан асуудлыг хөндсөн байх тул уншигчдадаа бүрэн эхээр нь хүргэж байна. Энэ үг нэхэмжлэл гаргагч М.Энхболдод давхар хаяглагдан дайж буй үг юм. Ийм шийдвэр гаргасан нь шүүх засаглал шинэчлэгдэж байгааг, Монголд шударга шүүх, шүүгчид цөөнгүй байгааг илтгэн харуулсан тэмдэглэлт содон үйл явдал боллоо.

 

Эрхэм шүүгчид ээ!

Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энх­болд өөрийн итгэмж­лэгд­сэн төлөөлөгчөөрөө дамжуулж нэхэмжлэл гаргасны дагуу уг нэ­хэмж­лэлийн хариуцагч Тугалхүүгийн Баасансүрэн­гийн итгэмж­лэлийн дагуу  миний бие энэ шүүх хуралд оролцож, хариуцагчийн эрх ашгийг хамгаалж энэхүү үгээ хэлж байна аа,

Юуны түрүүнд М.Энхболдын нэхэмжлэлдээ бичээд байгаа гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээлэл тараасан гэж судлаач Т.Баасансүрэнг  буруутгасныг хүлээж авах ямар ч үндэсгүй гэдгийг тэмдэглэе.

Сэтгүүлзүйн судлаач, сэтгүүлч Т.Баасансүрэнгийн бодит мэдээлэлд үндэслэж бичсэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны  талаарх зарим санал бодол, үр дүн ба сургамж” нийтлэлийг М.Энхболд нь өөрийн нэр төрд халдлаа хэмээн нэхэмжлэл гаргасан нь дэндүү ташаа бөгөөд Монголын нийгэмд нэгэнт буй болоод байгаа хямралт нөхцөл байдалд хариуцлага хүлээх ёстой  төрийн өндөр дээд албан тушаалтнуудын нэг нь УИХ-ын дарга М.Энхболд мөн гэж хүн амын олонх үзэж, түүний идэвхгүй байдал, иргэдийнхээ төлөө тодорхой зүйл хийхгүй байгааг хурцаар шүүмжилж байгааг хэлэх нь  зүйтэй байна.

Судлаач, сэтгүүлч Т.Баасансүрэн М.Энхболдын буруутгаад байгаа ”Зууны мэдээ” сонинд нийтлүүлсэн дээрх судалгааны өгүүлэлдээ Монголын өдөр тутмын долоон сонины 120-иод нийтлэлд дүн шинжилгээ хийж үнэлгээ дүгнэлт өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Т.Баасансүрэн оргүй хоосноос юм уу, эсвэл өөрийн санаанаас зохиож бичсэнгүй, гагцхүү Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдний редакциудын бодлогоор хэвлэн нийтлүүлсэн сэтгүүлчдийн асар их мэдээ материалыг түшиглэн ажиглалт шинжилгээ хийжээ.

Судлаач Т.Баасансүрэн уг нийтлэлийг бичихээс өмнө иргэн М.Энхболдын “үндэслэлгүй гүтгэлэг” гээд байгаа зүйлийн талаар Монголын нийгэм зөндөө шуугиж, Монголын хэвлэл мэдээллийн ертөнц бүгдийг ил тодоор бичээд дэлгээд тавьчихсан байна шүү дээ гэдгийг  нэхэмжлэгчид сануулахад илүүдэхгүй юм.

Зарим нэг тодорхой баримтыг авч үзье.

М.Энхболд Т.Баасансүрэнг буруутгах үндэслэлээ болгож,

1, “МАН ба АН урьд өмнө хэзээ ч  гаргаж байгаагүй тийм их хэмжээний хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулсан” гэснийг  үндэсгүй гүтгэлэг

  1. “УИХ дахь МАН-ын 65-ын бүлгийн дунд ан цав гарч хагарах, улмаар М.Энхболдын байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах  хөдөлгөөн  болж хувирсан. “60 тэрбумын асуудал”, “Ерөнхий сайд, Шадар сайд хоёр биесийг  чагнасан, тагнасан гэх үйл явдал”-ыг үндэсгүй гүтгэлэг
  2. “60 тэрбумын луйвар”, “Оффшор дансны луйвар”, “Эрдэнэтийн 49 хувийн эргэн тойрон дахь яриа сонгуулийн үр дүнд нөлөөлөв” гэснийг  иш татаж үндэсгүй гүтгэлэг гэсэн байна
  3. “МАН-ын эрх баригчид сонгуулийн анхан шатны санал хураалтын явцад илэрхийгээр санал луйвардаж Сайнхүүгийн Ганбаатарыг хүчээр дарж Миеэгомбын Энхболдын саналын тоог хиймлээр өсгөсөн нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн нь ойлгомжтой юм. Унтаад босох хооронд 39 мянган амьгүй албат саналаа М.Энхболдод өгсөн нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн онигоо болно. Үүгээрээ МАН-ын нэр дэвшигч  өөрөө өөртөө цаазын ял оноожээ” гэснийг мөн л үндэсгүй гүтгэлэг гэж үзжээ.

Эдгээрийг үгүй, тэгээгүй гэж хэн улаан цайм үгүйсгэж чадах вэ? Монголын нийгэм тэр аяараа шуугиж байсан шүү дээ. Энд булхай луйвар ороогүй гэж яаж батлах юм бэ? АН, МАХН-аас  Сонгуулийн Ерөнхий хороонд явуулсан олон бичиг бий. Тэр бүгдтэй шүүх танилцах хэрэгтэй юм.

Улсын хэмжээний нэгдсэн бүртгэлд тусгагдаагүй 39 мянган  иргэн нэг шөнийн дотор хаанаас гарч ирж М.Энхболдын төлөө саналаа өгөв  гэсэн асуултанд тухайн цаг үед холбогдох зарим хүн санал хураах өдөр шоронгоос суллагдсан хүмүүс эрхээ эдэлж саналаа өгсөн, мөн гадаадад  удаан хугацаагаар  явсан иргэд  эх орондоо  эргэж ирсэн бол  сонгуульд санал өгөх эрхтэй гэх зэргээр  тайлбарлаж байсныг  та бүхэн мартаагүй байхаа?

Монголын шоронд  тийм олон хүн хоригдож байдаг юм уу? Тэгээд санал хураалтын өдөр бөөн бөөнөөрөө суллагдаад шууд санал авах байранд ирж бүгдээрээ М.Энхболдын төлөө саналаа өгсөн болж таарч байна уу?

Өнөөдрийн төр засгийн харалган бодлогоос болж монголчууд  ажил хайж амьдралаа дээшлүүлэх гэж гадаад руу цувж байгаа нь үнэн. Энд тэндгүй тарж элгэн ах дүүс, гэр бүлээсээ холын холд арга буюу “харлаж “ байгаа. Тэдгээр хүмүүс  гэв гэнэт Эх орноо учиргүй санагалзаж,  тэр тусмаа 2017 оны долдугаар сарын 7-ны орой сонгуульд  оролцож саналаа өгөхөөр мянга мянгаараа буцаж ирсэн  болж таарч байна уу? Ийм үлгэрт  үнэмшиж итгэх хүн олон гарах болов уу?

Төрийн албыг наймаалцаж худалдаж авах гэсэн 60 тэрбумын дуулиант хэрэг, сонгуулийн үед сонгогчдыг худалдаж авахад зориулагдсан Говь-Алтай, Дорноговь аймагт хураагдсан тэрбумаар тоологдох их мөнгөний асуудлыг хэвлэлд бичсэнийг судлаач Т.Баасансүрэн судалгааны дүгнэлтдээ иш татсаныг бас л үндэсгүй гүтгэлэг гэжээ. Хууль, хяналтын байгууллага яаж улаан цайм, үнэний эсрэг шийдвэр гаргасныг түрий барьж өөрсдийгөө буруугүй, “энхийн цагаан тагтаа” болгож “уснаас хуурай гарах”-ыг оролджээ. Иргэд сонгогчид үүнд итгэх үү?.

Энэ мэтээр яриад байвал асар олон зүйлийн үнэн улам бүр дурайн тодрох болно. Доктор Т.Баасансүрэн төвийн долоон сонины бүтэн дөрвөн сарын  дугаарын 120-иод нийтлэлд ажиглалт хийж өөрийн үгээ хэлжээ. Асуудал дэвшүүлж шүүмжлэлт нийтлэл бичсэн сэтгүүлчид, тэдний асуултанд хариулж ярилцлага өгсөн нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, сонин хэвлэлд санал бодлоо илэрхийлсэн иргэдийн сэтгэгдэлд анализ хийсэн байна. Нийтдээ  107 хүний нийтлэлд!

Судалгаандаа 143 мэдээ  мэдээлэл, ном зохиол, холбогдох баримт бичгийг нотолгоо болгон ашиглаж үндэслэл болгосон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би судлаач Т.Баасансүрэнгийн нийтлэлийнхээ үндэслэл болгосон “Асуудал дэвшүүлж бичсэн сэтгүүлчид, тэдэнд ярилцлага өгсөн нийгэм-улс төрийн  зүтгэлтнүүд, иргэдийн  нэрс”-ийг Шүүхэд хүргүүлж, “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”, “Монголын үнэн”, “Өглөөний сонин”, “Монголын мэдээ”  сонины нэр бүхий  сурвалжлагчид, эдгээр сонинд  ярилцлага өгсөн нийгэм-улс төрийн зүтгэлтнүүд, иргэдийг энэ хэрэгт гэрчээр татан оролцуулж, яагаад  ийм мэдээ мэдээлэл, нийтлэл бичих болов, яагаад ийм ярилцлага өгч, байр сууриа илэрхийлэв гэдгийг шүүх хуралдаанд сонсч, эдгээр нотлох баримтыг шинжлэн судлах хүсэлт гаргасан. Энэ нь шүүх хурлаас үнэн зөв, шударга шийдвэр гаргах  нэн чухал үндэслэл болно гэж үзсэн юм. Гэтэл шүүгч эл хүсэлтийг минь хүлээж авсангүй. Харин ч шүүх хурлаа хаалттай хийх тухай хачирхалтай шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэлд “Энэхүү Т.Баасансүрэн нь  ямар ч үндэсгүйгээр  М.Энхболдын  нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нийтлэлийг  “Зууны мэдээ” сонинд  нийтлүүлж тараасан байгаа юм” гэснийг хүлээж авах ямар ч боломжгүй байгааг дахин хэлье. Ийм үндэсгүй нэхэмлэлийг гаргаж байгаа нь бодит үнэнийг харахыг хүсэхгүй байгаа, өнөө л өөрсдийн дураар туйлж, ашиг сонирхлоо хамгаалан, хууль шүүхээр түрээ барьж дарамтлах, чөлөөт хэвлэл, чөлөөт сэтгүүлчдийн, түүний дотор чөлөөт судлаачдын дуу хоолойг боогдуулж хэвлэл мэдээллийн орон зайг хумих гэсэн төрийн өндөр албан тушаалтнууд, эрх баригчдын увайгүй ажиллагаа, хүсэл сонирхол үүний цаана нуугдаж байгаа нь харагдаж байна.

Сонгуулийн бохир технологийг яаж  хэрэглэсэн зэрэг  булхай луйврын аргыг нь илчилж, бодит үнэнийг нь харуулсан, өнөөгийн Монголын нийгмийг боомилсон зүйлийг нийтэд ил тод болгон гаргаж тавьсан хэвлэл мэдээллийнхний нийтлэлүүдийг нэгтгэн судалж үнэлэлт дүгнэлт хийсэн, дахин ийм зүйлийг бүү гаргаасай билээ гэж анхааруулж сануулсан  судлаач яахаараа буруутан болдог  юм бэ?

Хэвлэл мэдээллийн ганц, хоёрхон  хэрэгсэл энэхүү оффшор дансны будлиан, сонгуулийн луйвар булхай, төрийн албыг наймаалцах гэсэн 60 тэрбумын дуулиант хэрэг, төмөр замын бүтээн байгуулалтаас алга болсон 280  сая долларын асуудал,  Эрдэнэтийн 49 хувийн тухай бичсэнгүй. Бүр 10, 20, 30 удаа, ганц нэг сонинд биш, бүх сонин хэвлэлд  бичсэн нь цаанаа нэгийг өгүүлээд байгаа юм биш үү?  2017 оны  Ерөнхийлөгчийн сонгуулийн  булхай луйврын байдал, түүнд оролцогчдын тухай голч үнэнээр  нь олон хэвлэл  хөндөн тавьж, тэдгээр баримтыг нь үндэслэж дүгнэлт хийсэн судлаач буруутан болж, “үндэсгүй гүтгэлэг тараагч”-аар зарлагдаж, харин бүхний буруутан, нийгмийн шударга бус байдлыг даамжруулагч, эрх мэдэл албан тушаалаа өөрсдийн явцуу эрх ашигт ашиглагч нь  “энхийн цагаан тагтаа” болж харагдах нь шударга ёс уу?

Өнөөдөр Монголд үнэн үг хэлж зөв дуугарсан болгоныг “намнах, нухчин дарах” ажиллагаа явагдаж байна. Үүний тулд  хууль шүүхээр далайлган дарамтлах бохир үйл ажиллагаа ч эрчимжиж байгаа нь мэдрэгдэж байна. Үндсэн хуулиараа тунхаглан зарласан хүний эрх, эрх чөлөө хөсөрдөж байна. Эрх баригчид Монголын Иргэний нийгмийн орон зайг улам бүр хумихыг хичээж байна. Үүний цаана шударга ёс үнэгүйдэж байна.

Өнөөгийн нөхцөл байдал ийм л дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Хамгийн сүүлийн үеийн хөдлөшгүй баримтыг хэлье. Монгол дахь Хүний эрхийн байдал жилээс жилд муудаж байгааг Олон улсын хүний  эрхийн байгууллага сануулжээ. Саяхан “Эмнести Интернэшнл” байгууллагын судалгаагаар Монгол Улс хүний эрхийн хамгааллаар дэлхийд 130-р байранд орж, урьд өмнөхөөсөө улам ухарсныг зарласан байна.

“Хил хязгааргүй сэтгүүлчид”, “Фридом Хаус” зэрэг нэр хүндтэй олон улсын  байгууллагуудаас  жил бүр гаргадаг судалгаагаар Монгол Улс хэвлэлийн хагас  эрх чөлөөтэй улс орны тоонд багтаж байгаа бөгөөд 2016  онд 60 дугаар байр, 2017 онд 69 дүгээр байрт бичигджээ.

Манай эрх баригчид өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрсдийгөө  магтан дуулсан дуулгавартай зарцаа болгохыг хүсч байна. Сүүлийн үед ажиглагдаж байгаа нэг зүйл бол эрх мэдэлтнүүд мөнгө,  албан тушаалын байдлаа ашиглан өөрсдийн аливаа булхай луйвар, монголчуудынхаа хувь заяагаар тоглож байгаа байдлаа нуун далдлахын тулд шүүх, хуулийн байгууллагыг худалдаж авах, түүнийг өөрсдийн хамаг бурууг хамгаалдаг найдвартай хэрэгсэл, “гар хөл” болгох гэж санаархаж оролдох боллоо. Энэ бол  тун аюултай үзэгдэл. Энэ хэмжээгээр Монголд шударга ёс алдагдаж, хэлмэгдүүлэлт  бий болно гэсэн үг.

Т.Баасансүрэн гэдэг судлаачийн бичсэн бичээгүй тэр оффшорыг чинь,  тэр сонгуулийн  луйвар булхайг чинь,  тэр “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг чинь, тэр 60 тэрбумын булхайг чинь сошиал орчинд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өдөр болгон бичиж, нийгэмд хүргэж байгаа. Тэрхүү аль хэдийнээ олны хүртээл болсон мэдээ мэдээлэл, баримтад үндэслэж Т.Баасансүрэн судлаач судалгааны нийтлэлээ бичиж, дүгнэлт хийсэн хэрэг.

Монголын нийгэмд болж буй үйл явдлыг шинжлэх ухааны үндэстэй цогцоор авч үзэж үнэлэлт дүгнэлт хийж бичсэнийг зөвхөн өөрийн эрх ашгийг бодож, өөрийн нэр төрд халдлаа  гэж  Миеэгомбын Энхболд Та яаж хэлж чадаж байна вэ?

Ийм нэхэмжлэл гаргаж байгаагаараа харин М.Энхболд өөрийнхөө  нэр төрийг өөрөө унагаж байгаа юм биш үү? Монголын нийгмийг ядууруулж байгаа, эрдэс баялгийг нь хувьдаа завшиж байгаа, өнгөтэй өөдтэйг нь цөлмөж байгаа олигархи бүлэглэлийн үйл ажиллагааг зөвтгөн, үүнийгээ хуулийн хамгаалалтад оруулах гэж оролдож байгаагаараа М.Энхболд хэн бэ гэдгээ харуулж өөрийнхөө нэр алдрыг өөрөө унагаж байна.

Ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Сэтгүүлч хүн  тэр үнэнийг  нь бичиж ард түмэндээ үйлчлэх үүрэгтэй. Сэтгүүлч, судлаач Т.Баасансүрэн энэ үүргээ л чин үнэнчээр гүйцэтгэсэн байна. Бүгдийн анхааралд байгаа, санаа зовинож байгаа, үнэн худлыг шүүн тунгаахыг, иргэдийн хүсч байгаа зүйлийг сэтгүүлч хүн бичихгүй байх  ёстой юу?

Үгүй ээ. Монголын нийгэмд буй болоод байгаа шударга бус явдал, луйвар булхай, ард түмнийхээ язгуур эрх ашгийг гутаан доромжилсон  аливаа зүйлийг “болж байна”, “байх ёстой “ мэтээр үзэж дуугүй, чимээгүй байх, өмгөөлөн хаацайлж, магтан сайшааж бичих  эрх сэтгүүлч хүнд байхгүй. Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын ёс зүйн хэм хэмжээ, Монголын  хэвлэл мэдээлэлд ажиллаж буй сэтгүүлчдийн өөрсдийнх нь ёс зүйн зарчмаар үүнийг  зөвшөөрдөггүй юм.

Тугалхүүгийн Баасансүрэн  гэдэг энэ сэтгүүлч, судлаач  шударга хүн учраас  байгааг байгаагаар нь  бичиж дүгнэлт хийсэн нь харин ч түүний гавьяа юм.

Ингэж иргэний болон сэтгүүлчийн үүргээ нэр төртэй гүйцэтгэснийг үгүйсгэж, үнэнийг худал болгож, тэр ч байтугай “нэр төрд халдлаа”. “үндэсгүй гүтгэлэг тараалаа” хэмээн шүүхэд хандаж байгаа Миеэгомбын Энхболд өөрөө сэтгүүлч Т.Баасансүрэнгийн нэр төрд халдсан байна. Энэ үйлдлийнхээ төлөө  тэр харин уучлал гуйх ёстой. Үүнийг Т.Баасансүрэн сэтгүүлчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд би УИХ-ын дарга М.Энхболдоос шаардаж байна!

Өргөн утгаар нь авч үзэж, үнэн бодит байдлаар асуудалд хандах юм бол ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэгч “Дөрөв дэх засаглал” болсон  чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчинг улам боловсронгуй болгон сайжруулах үүрэгтэй УИХ-ын дарга өөрөө чөлөөт  хэвлэлүүд рүүгээ ийнхүү дайрч давшилж, шүүмжлэлт  нийтлэлүүдээс нь өө сэв эрж хайж шүүхдэлцэж байгаа нь гайхал төрүүлж байна. Дэлхийн бусад  улс оронд ийм Парламентын дарга /спикер/ хэд байдаг юм бол?

Хэвлэлд нийтлэгдсэн мэдээ мэдээлэл, иргэдийн санал бодол, ярилцлагад үндэслэн судлаачийн хийсэн дүгнэлт нь  Таны асар  өндөрт байсан нэр хүнд /рейтинг/-ийг буруугаар гаргасан, доош нь татсан гэж Та хэлэх гээд байна уу?  Тэгвэл Таны рейтинг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ямар байсныг, өнөөдөр ямар түвшинд байгааг нэр хүнд бүхий судалгааны байгууллагын судалгааны дүнгээр  авч үзье.

“Сант Марал” (Конрад-Аденауэр-Сан)-гаас 2017 оны гуравдугаар сарын байдлаар гаргасан судалгаагаар “Улс орондоо нэр хүндтэй хүмүүсээс  хэнийг нь  манай орны  улс төрийн  амьдралд чухал үүрэг  нөлөөтэйгээр оролцоосой гэж хүсдэг вэ? гэсэн асуултаар Та 10 хүний долдугаарт буюу 7,5 хувьтай, Улстөрчдийн рейтингээр Улаанбаатар хотод эхний 10-т багтсангүй. Олон аймагт нэр тань огт  гарсангүй. Үүнийг нэр хүнд өндөр байсан гэж хэлэх үү?

Бас дахиад хамгийн сүүлийн үеийн нэг жишээ авья. Судалгааны байгууллага болох МЭК компанийн 2018 оны хоёрдугаар сард Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны  800 иргэний дунд хийсэн  судалгаагаар “Үйл ажиллагаа нь  таалагддаггүй улс төрчид” гэдэгт “үйл ажиллагаа таалагддаггүй” гэж 11 хүний нэр гарч ирсний хамгийн эхэнд “УИХ-ын дарга М.Энхболд” гэсэн нэр байна. Үүнийг нэр хүнд өндөр байна гэж хэлэх үү?

Нэр төр, алдар хүндийн  сэдвийг  хөндөж ярих  гэж байгаа бол М.Энхболд тийм ариун нэр төртэй цэвэр хүн үү? 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд  монголын ард түмний олонхи нь яагаад танд саналаа өгсөнгүй вэ?

Монголын хэвлэл мэдээлэл яагаад  энэ хүний талаар ахин дахин тасралтгүй  бичээд, шуугиад  байдаг юм бэ? Сэтгүүлчид нэг биш тохиолдолд яагаад өнөөгийн нийгмийн гамшиг, болж өнгөрсөн болон болж байгаа үйл явдлыг энэ хүнтэй холбож дүгнэж шүүмжлэн бичдэг юм бол?

Нэгэнт ийм асуултууд  тавигдаж байгаа болохоор, Монголын нийгэмд болж буй үйл явдалд “би хариуцлага хүлээхгүй”, “надад хамаагүй” гэсэн агуулгаар М.Энхболд нэхэмжлэл гаргаж байгаа болохоор эдгээрийн хооронд “шалтгаант холбоо” байгаа эсэх тухай авч үзэхэд хүргэж  байна.

Тэгвэл “Шалтгаант холбоо” байна гэж шууд хэлье!

Төрийн өндөр албан тушаалтан, эрх барьж байгаа улс төрийн намын дарга, УИХ-ын дарга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нэг гишүүний хувьд Монголын нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж түүнд байх ёстой. Үүнийг л  жирийн монголчууд М.Энхболдоос асуугаад, хариуцлага нэхээд байгаа юм. Шударга ёс, хууль ёс алдагдаж байхад та хаана байна вэ, Монголын сонгогчдод амласан амлалтаа эрх баригч нам яагаад биелүүлэхгүй байна вэ, Монголчуудын дундын өмч байгалийн баялаг ард түмэндээ биш, хэдхэн олигархи бүлэглэлийн хувийн баяжилт, амьдралаа дээшлүүлэхэд очоод байгааг та юу гэж үзээд байна вэ, ард түмэн төрийн тогтолцоогоо зөв шударгаар бүрдүүлж чадахгүйд хүрч, сонгууль болгон булхай луйврын дунд болж байхад та зөв гольдролоор нь залж чиглүүлж явуулахын оронд харин ч энэхүү булхай луйврыг зохион байгуулагчийн байр сууринд байгаа мөртлөө өөрийгөө яагаад зөвтгөөд байна вэ гэж Танаас асуугаад байгаа юм. Та үүнийг мэдэхийн дээдээд мэдэж байгаа ч өөгшүүлэн дэмжиж, өдөөн тухирч, бурууд нүд нь дассан, зөвийг нүд үзүүрлэж байгаа учраас Монголын нийгмийн өмнө Таны буруутай үйл ажиллагааг шударга сэтгүүлч, судлаач нар үе үе гаргаж тавиад байгаа юм.

Хүн амын таван хувийг эзэлдэг тэрбумтан баячууд гадаадынхантай хамтран манай орны хөрөнгө  санхүүгийн 95 хувийг  эзэмшиж байхад, хүн амын  95 хувийг  эзлэж буй Монголын ард түмэн үлдэх  тавхан  хувийг эзэмшиж байна. “Новости  Монголий” сонины  2016 оны  ¹11/1043/-д судлаач Д.Цэндийн  нийтлүүлсэн судалгаанаас харахад, Монголд 699.9 мянган үгээгүйчүүд, 1231.2 мянган  ядуучууд аж төрж байна. Нийт 1961.1 мянган хүн буюу  хүн амын 65.4  хувь нь ядуу, нэн ядуу түвшинд  амьдарч байна.

Монгол Улсын эдийн засгийн  идэвхтэй хүн амын 10 орчим хувьтай тэнцэх 140 мянга гаруй  ажилгүй иргэд байна. Энэ бол 70 мянган хүн ам бүхий дөрвөн аймгийн  хөдөлмөрийн насны  бүх хүн ажилгүй  байгаатай адил юм.

Үүнд болон өөр олон асуудлуудад санаа зовнисон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, шударга сэтгүүлчид асуудлыг ахин дахин босгож ирээд байгаа билээ. Нэгэнт буруутай үйл ажиллагааг газар авахуулж байгаа “эс үйлдэхүйн” төлөө Танаас Монголын нийгэм хариуцлага асуугаад байгаа юм. Та энэ бүхэнд хариуцлага хүлээх ёстой. Энэ асуугаад байгаа хариуцлагыг тодотгон гаргаж тавьсан нэгэн сэтгүүлч, судлаачийг үндэслэлгүйгээр буруутгах эрх Танд байхгүй ээ!

М.Энхболд Та өөрийн нэр, нэр төр,  алдар хүнд, ажил хэргийн нэр  хүндээ  боддог, бодож байгаа бол Монголын нийгмийг туйлдуулан ядууруулахад хүргэж байгаа аливаа үзэгдэлтэй эрс хатуу тэмцэж таслан зогсоох, байгалийн баялгийг гадаадын эдийн засгийн алуурчидтай хамтран завшиж, идэж ууж байгаа олигархи бүлэглэлийн үйл ажиллагааг илчлэн гаргах, монголчуудынхаа Үндсэн хуульд заасан “Сонгох, сонгогдох эрх”-ийг шударгаар эдлэхэд саад болж байгаа булхай луйврыг гаргахгүй байх, албан тушаалын байдлаа хэтрүүлэх, урвуулан ашиглах аливаа илрэлтэй хатуу тэмцэх байсан. Гэвч Таны зүгээс ийм алхам хийгдэхгүй, харин ч зөвтгөх өнгө аяс гаргаж, шударга үнэний төлөө үүргээ биелүүлсэн жирийн нэгэн сэтгүүлчийг шүүхэд дуудаж байгаа үйлдлийг тэнь зөвтгөх, таны нэхэмжлэлдээ бичсэн зүйлийг хүлээж авах ямар ч боломжгүй байгаагийн учир ийм байгаа юм..

Эцэст нь, судлаач Т.Баасансүрэнгийн нийтлэлд хэн нэгнийг доромжилсон, гүтгэсэн асуудал байгаа эсэх талаар ШУА-ийн Хэл-зохиолын хүрээлэнгийн  эрдэм шинжилгээний  тэргүүлэх ажилтан, Хэл бичгийн шинжлэх ухааны  доктор, профессор, академич Л.Болдын байр суурийг товчлон хүргэе. Тэрээр, “…Судлаач Т.Баасансүрэн “Өнгөрснөөсөө зөв сургамж авч, ирээдүйгээ итгэлтэйгээр төсөөлөн тэмүүлж, эв эеэ хичээж, ухаан бодлоо уралдуулж, хүч хөдөлмөрөө нэгтгэн зүтгэвэл болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй” гэсэн өөдрөг санаа бодлоо уншигчдад хүргэхийн тулд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр бүхий өдөр  тутмын сонинд нийтлэгдсэн эерэг болон сөрөг зүйлүүдийг судлаач хүний байр сууринаас задлан үзэж, түүндээ тулгуурлан цаашид өвлөн уламжлах сайн зүйл, таягдан хаях муу зүйлийг өөрийн сэтгэл хөдлөлийн үүднээс биш, бас “хардах эрхээ” гэж олон сэтгүүлчийн хэлэх дуртай үгээр амиа хоохойлох үүднээс ч биш, сонинд хэвлэгдэж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байсан тэр л баримтад тулгуурлан гаргасан байна. Гэхдээ зохиогч хууль хүчний байгууллагад ужгирч буй асуудлыг “ …усанд хаясан чулуу шиг алга болгосонд олон хүн гайхаж эргэлзсэн хэвээрээ байгаа”, “Түүний …гурван охиных нь тоогоор илгээсэн АКА-47 автомат бууны гурван ширхэг сумыг хэн, хаанаас, яах гэж, ямар зорилгоор илгээв”, “УБ хотын  МАН-ын хорооны дарга асан Ц.Сундуй хар машины учрыг олчихсон шүү дарга аа… хэмээн баярлан хэлж байгаа бичлэг олон нийтэд …ил тод болчихоод байхад …цагдаа тагнуулынхан ус балгасан мэт дув дуугүй сууж байгаа нь хачирхалтай” гэх мэт холбогдох байгууллагаас хариу нэхсэн нэхэл хатуутай дүгнэлт, “Монголын улс төр дэх МАНАН-1 нь бүр  өтгөн МАНАН-2-оор солигдож байгаа бол түүн шиг эмгэнэлтэй бөгөөд гунигтай  зүйл үгүй мэт” гэхчилэн сэтгүүлч хүний эмзэглэлээ ч нуулгүй уг нийтлэлдээ дурдсан нь цөөн биш тохиолдож байна. Энэ мэт зүйлийг бичихдээ зохиогч  хэн нэгнийг доромжилж, гүтгээгүй бөгөөд дахин хэлэхэд өмнө нь нийтлэгдсэн тодорхой  эзэнтэй  эх сурвалжид тулгуурлан урлан бичжээ. Тийм үг хэллэгийг ч хэрэглээгүй байна.

Нийгэмд болж өнгөрсөн зүйл бүхэн түүх болон үлддэг гэдэг. Харин түүхийн гайхамшиг нь  сургамждаа байдаг гэдэг. Монгол Улсын  тав дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгууль ч  цаашид өвлөн үргэлжлүүлэх, эсвэл үтэр түргэн салж хагацах ёстой сайн, саар олон сургамжийг бидэнд үлдээжээ. Түүнийг цаг алдан назгайралгүй, үйл явдлын халуун мөрөөр /энд төвийн сонинуудад нийтлэгдсэн зүйлийн/ орж, сэтгүүлзүйн ухааны  шаардлагад нийцүүлэн тодорхой задлан шинжилгээ хийж байх нь манай өнөөгийн бас нэг шаардлага мөнөөсөө мөн билээ” гэжээ.

Иймд М.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Т.Баасансүрэн нь  ямар ч үндэслэлгүйгээр М.Энхболдын нэр, нэр төр, алдар  хүнд, ажил хэргийн  нэр хүндийг  гутаасан … худал мэдээллийг  нийтэд  түгээсэн байна. …үндэсгүй гүтгэлгийн шинжтэй мэдээ, мэдээллийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж  өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна.

 

Хариуцагч Т.Баасансүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 

Цэрэнхүүгийн ШАРАВДОРЖ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.