2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Б.Энх-Амгалан:Энэ удаагийн парламентад эх орон, ард түмнээ гэсэн зөв сэтгэтэй залуус олон орж ирсэн

Б.Энх-Амгалан:Энэ удаагийн парламентад эх орон, ард түмнээ гэсэн зөв сэтгэтэй залуус олон орж ирсэн

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

-Дата төвийг эх орондоо баривал жилд 200 сая ам.доллар олох боломж бий-

УИХ-ын гишүүн Бямбасүрэнгийн Энх-Амгалантай улс орны аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засгийн  хамтын ажиллагааны тухай ярилцлаа.

-Та хойд, өмнөд хөршид боловсрол эзэмшиж, төрийн тусгай албанд зүтгэж байсан хүн. Өдгөө ч УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харъяалагдан ажиллаж байна. Тэгэхээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал хэр хангагдсан бэ?

-Аль өнцгөөс нь яаж дүгнэхээс л болно. УИХ-ын гишүүн болсон цагаас хойш улс орны аюулгүй байдал, гадаад бодлого, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаархи хууль тогтоомж, гадаад харилцааны чиглэлд анхаарч ажиллаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгээс авахуулаад, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Батлан хамгаалах тухай багц хууль, Хилийн тухай хууль, Цагдаагийн тухай хууль, Шүүхийн шийдвэрийн тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Эрүүгийн хууль, Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр” батлах тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай  хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтухай ... гэх мэт хуулийн ажлын хэсэгт орж ажилласан байна. Маш товчоор зарим нэгээс нь дүгнэж хэлбэл Батлан хамгаалахын тухай багц хуулиар олон жил улс төрийн болон үе үеийн Засгийн газруудын хооронд маргаантай байсан нэг асуудалд цэг тавьсан юм. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах сайдын эрхлэх асуудлын хүрээнд хилийн цэргийг шилжүүлнэ, шилжүүлж болохгүй мөн цэргийн байгууллаага, хууль сахиулах байгууллагудын зааг ялгааг тогтоосон. (цагдаагийн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын гэх мэт) Өөрөөр хэлбэл Цэргийн байгуулал гэж эрх зүйн шинэ нэр томоёлол гарган түүнд зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага байж цэргийн эрх зүйн хэм хэмжээнд хамаарагдахаар болгосон. Дээр дурьдагдаж буй цэргийн байгууллагууд нь тайван цагт тус тусын хуулиар хүлээсэн чиг үүргээ бие даан явуулна. Харин эх оронд аюул тулгарсан үед нэгдсэн удирдлагад орох хуулийн зохицуулалттай болсон.Хилийн тухай хууль” Цэргийн албаны тухай хууль, Цэргийн албаны эрх зүйн байдлын тухай хууль батлагдан гарснаар энэ салбарт ажиллаж байгаа албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж,шагнал урамшуулал, нийгмийн хамгаалал, цол хэргэмээс эхлээд олон зүйл хуулиар баталгаажсан.  Ингэснээр батлан хамгаалах салбарын албан хаагчдын албандаа итгэх итгэлийг сэргээж, тогтвор суурьшилтай, итгэл зүтгэлтэй ажиллах хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлсэн. Улсын торгон хил дээр бороохой барьсан цагдаа биш, тангараг өргөсөн, галт зэвсэг атгасан, цол мөрдөстэй дайчин эрс зогсон, хилийн онцгой бүсэд хамраах 100 километр орчим газрыг хэвээр нь авч үлдсэн.

-Хилийн бүсээс 100 километр газрыг ямар учраас гаргах гээд байсан юм?

-Хилийн онцгой бүсэд хилийн 70 гаруй сумын нутаг дэвсгэр,1071 ашигт малтмал бүхий орд газар орчихсон гэдэг яриа байсан учраас бүсийн 100 километр газрыг гаргах санаа яваад байсан хэрэг. Хэрвээ энэ газрыг онцгой бүсээс гаргавал уул уурхайн компаниуд ороход бэлэн байсан нь ойлгомжтой. Тэгэхээр хуулиараа компанийн өмч хөрөнгөнд халдаж болохгүй, эзэмшил газарт ньхилийнхэн онцгой дэглэм тогтоож чадахаа болино. Хилийн бүсэд хамар дор нь ямар үйл ажиллагаа явуулж байгааг хянах ямар ч боломжгүй болно гэсэн үг. Мөн хилийн аливаа зөрчлийг тогтоосон бүсэд илрүүлж, таслан зогсоох хамгаалалтын бүс шүү дээ.Хэрвээ тогтоосон бүсэд хилийн цэрэг хил зөрчигчийг илрүүлж чадаагүй бол хариуцлага хүлээлгэх бодит хэмжүүр юм. Тиймээс Монгол Улс хилийн цэрэгтэй байна. Монгол Улсын хилээр орж гарч байгаа хөдөлгөөнд хилийн цэрэг хяналт тавих, хилийн шалган нэвтрүүлэх анги хилийн цэрэгт байх тухай заалт хийж өгсөн. Энэ нь ч улсын хил хамгаалалтыг нэгдсэн бодлогод оруулж өгснөөрөө зөв байсан. Хилийн цэрэг цаад талынхаа хилийн цэрэгтэйгээ, хилийн тусгай төлөөлөгч мөн хөрш улсынхаа ижил түвшиний хилийн цэргийн албан хаагчтай хил дээр гарсан асуудлаар шууд харилцана гэсэн үг. Үүн дээр нэмж хэлэхэд Цагдаагийн тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль байна. Цагдаагийн алба хаагчид нийгмийн хэв журмыг сахиулсныхаа төлөө, ажлаа сайн хийснийхээ төлөө өөрсдөө эргээд хуулийн хариуцлага хүлээдэг, цол мөрдөс албан тушаалаараа хариуцлага хүлээдэг жишиг тогтчих гээд байсан. Тиймээс цагдаагийн албанд ажиллаж байгаа алба хаагчдын эрхийг нэмэгдүүлэх замаар хариуцлагыг өсгөх тал дээр анхаарсан. Мөн нийгэмд эмх замбараагүй байдал үүслээ гэхэд журам сахиулах, тогтоон барих хүчөмнө нь мөрдөж байсан хуулиудаар байхгүй болсон бөгөөд цагдаагийн одоо байгаа хүчин чадал мөхөсдөх тул “Дотоодын цэргийн тухай хууль”-тай болсон.

-Эндээс харахад та улс орны аюулгүй байдлаас эхлээд чухал чухал асуудал хөндсөн хуулийн ажлын хэсэгт ажиллажээ. Хууль хэлэлцэх үед гардаг маргаанаас эхлээд олон зүйл бий байх?

-Олон үзэл бодол уралдаж байгаа учраас тодорхой маргаан байлгүй яахав. Гэхдээ энэ бүгд улс үндэстний эрх ашгийн төлөө болохоор нэг цэг дээр уулзаж ойлголцолд хүрэх нь олон байдаг. Санаатай санаагүйг нь мэдэхгүй хуулийн заалтын өөрчлөлтүүд анхны томъёоллоосоо өөрчлөгдсөн, өөр зүйл заалтаар зүйлчлэгдсэн тохиолдол бий.  Өмнө нь Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах явцад “Эх орноосоо урвасан” гэх заалтыг өөр зүйл ангиар зүйлчилсэн юм билээ. Тиймээс энэ хуулийг хэлэлцэж байх үед нэг заалтыг оруулж өгсөн. Тус хуульд тусгахдаа “гадаадын тусгай албанд элссэн, тэдэнд төрийн нууцын мэдээ мэдээлэл дамжуулсан үйлдэл нь....  эх орноосоо урвасан зүйл ангид биш, харин “Гадаадын тусгай албатай хамтран ажилласан” гэж тусгайлсан зүйл ангиар хөнгөрүүлж шийтгэх шийтгэл болсон байсан. Тиймээс Я.Содбаатар гишүүн бид санаачлаад уг хуулийн заалтыг эрүүгийн хуульд буцаан оруулах тал дээр ажилласан.

-Хэзээ нэгэн цагт цахим засаглалтай болно, одоо бол цаг нь биш-

-Мөн цахим засаглалтай болох тухай асуудал хэлэлцэж байх үед нэлээд маргаан дэгдэж, таны хувьд энэ хуулийг буцаахад нөлөөлсөн гол гишүүн гэж болно. Чухам ямар учраас энэ хуулийг буцаах болов?

Би буцаадаг хүн ч биш л дээ гишүүдийн олонхи тэгэж үзсэн. Би саналаа хэлсэн. Монгол Улсын иргэдийн бүх мэдээллийг цахим мэдээллийн санд нэгтгэж оруулах л санаа яваад байсан юм л даа. Тухайлбал, Монгол Улсын иргэний бүртгэл, иргэдийн газар ба үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл гээд бүгдийг Монгол Улсын мэдээллийн нэгдсэн санд оруулах. Ингэснээр цахимаар мэдээлэл хүлээж авах, бүртгэх, хадгалах, дамжуулах, цахимаар баталгаажуулах, цахим хуулбар гаргаж өгөхөөс авахуулаад..хүний гарын үсэг хүртэл цахимаар баталгаажих бөгөөд цахим гарын үсэг нь гараар зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна гэсэн заалт байсан. Мөн түүнчлэн Монгол Улсад бүртгэлтэй өмчлөлийг иргэний харъяалал харгалзахгүйгээр бүртгэх тухай... заасан байгаа юм. Энгийн үгээр хэлбэл аквариумын загас мэт нэвт харна, нэг цонхонд иргэдийнхээ бүх мэдээллийг оруулна л гэсэн үг.Тийм учраас нь хожим үүсч болох аюулыг нь бодоод л цаг нь болоогүй гэж хэлсэн юм. Цахим халдлагын хувьд Монгол Улс их дээгүүр бичигддэг. Сүүлийн үед цахимаар залилан хийдэг болсон тухай, хүний цахим хаягаар орж мөнгө зээлэх нэрээр халдлага үйлддэг тухай, мэдээллийг нь хакерддаг тухай, шантааж хийдэг тухай ... зөндөө мэдээлэл нийгмийн сүлжээнд байна. Тэр бүү хэл төрийн өндөр албан тушаалтны бичсэн мессеж, ярьсан яриа, урьсан зочид цахимаар гараад ирдэг болсон... Хүн гүтгэж доромжлох бол бүүр хэрээс хэтэрсэн... Бидэнд туршлага байгаа шүү дээ. Цахимаар газар олгосон, цахимаар лиценз олгосон, цахимаар НӨАТ-ын сугалаа бүртгэсэн... Яасан? бүгд асуудал дагуулсан, бульхай луйвар яригдсан. Бид мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадаж байна уу? Шуудхан хэлэхэд Үгүй. Нэр, хаяг үнэн дүрээ нууцалсан цахим дээрэмчид гадна, дотноос чинь чөлөөтэй довтолж байна. Монголд Кибер аюулгүй байдлын тухай хуульМэдээллийн аюулгүй байдлын тухай хууль гараагүй байхад цахим засаглал ярих юм бол бид хаалга үүдээ нээгээд, авдар саваа дэлгэчихээд хулгайтай, аюултай тэмцэх тухай мөрөөдөл ярьсантай адил болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт цахим засаглал бий болно. Өнөөдөр бол цаг нь биш.

-Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг унагахад нөлөөлсөн гишүүдийн нэг нь бас л та. Чухам яагаад энэ хуулийг унагаах болов гэдэг нь өөрөө сонин учраас асууж байна?

-Төр гэдэг тоглоом биш. Аюулгүй байдал гэдэг бол бүүр ч тоглоом биш. Түүгээр улс төр, шоу, популизм хийж болдоггүй юм. Наанаа ямарч гоё маск зүүж болноо, цаад санаархалыг нь олж хар. Аюултай шүү дээ.Ард нийтийн санал асуулгын тухай хуульУИХ-д орж ирсэн. Энэ хуулийн гол агуулга нь 500 хүн цахимаар гарын үсэг цуглуулан  үзэл бодлоо илэрхийлэх, нэгэндээ өөрийнхөө гарын үсгийг итгэмжлэлээр авч бас өгч болно гэсэн агуулгатай. Тодотговол, би чиний эзгүйд гарын үсгийг чинь аваад чиний өмнөөс улс төрийн шийдвэр гаргана гэсэн үг. Санал асуулгын хуулийн төслийг Өргөдлийн байнгын хороо хүлээн аваад хууль болгох тухай байсан. УИХ-д хууль тогтоох эрх нь байхад ахиад хууль тогтоох эрхийг өөр арга замаар бий болгох гэж байгааг юу гэж ойлгох вэ. Өөрөөр хэлбэл өөртөө таалагдсан аливаа зүйлээр санал асуулга явуулаад түүнийгээ хууль болгох гэсэн санаархал. Энэ бол Монголын Төр, нийгмийг тогтворгүй болгох аюултай  үйлдэл учраас эсэргүүцсэн.

-Бид хил гаалиас эхлээд төр, нийгмийг өргөн хүрээнд хамарсан аюулгүй байдал ярьж байхад экологийн аюулгүй байдал алдагдаж байна. Таны хувьд энэ тал дээр анхаарч ажиллаж байгааг ОХУ-д тавьсан нэг саналаас харж байлаа.Үүнийг тодруулбал?

-Новосибирск, Улаан-Үүд, Хабаровск, Эрхүү, Чита, Хабаровск гээд Уралын нуруунаас нааш, алс Дорнодын чиглэлд манай улстай хиллэж байгаа ОХУ-ын муж, хотуудтай, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган, Бугат, Манжуур, Хөх хот, Улаанцав гээд хил залгаа аймаг хотуудтай Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байх үеэсээ буюу 2014 оноос хойш харилцаж байна. Тэр үед бол хотуудын түвшинд харилцаа үүсгэж байсан, 2016 оноос хойш улсын түвшинд асуудлаа тавьж ирлээ. Тус бүс нутгийн удирдлагуудад нэг л саналыг заавал тавьдаг. Танай Амур мөрөн, Енисей мөрөн, Ангар мөрөн, Галуут нуур, Байгаль нуурын эх ундарга бүгд Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаг учраас та бидний сонирхол адил байна. Усны эх,ойн санг  хамгаалах тал дээр эрдэмтдийн баг бүрдүүлэн, төсөв гаргажхамтран ажиллая.  Манай багахан ой модыг танайхаас орж ирж байгаа улаан өт, мөн хүний нөлөө, хэт хуурайшилтаас үүссэн түймэр гэх мэт зүйл сүйтгэж байна. Энэ тал дээр туслах, хамтран ажиллах арга хэмжээ авахыг санал болгосон. Эх нь ундарагагүй бол адаг нь устай байх тухай ойлголт байхгүй шүү дээ. Тиймээс тус бүс нутгийн удирдлагууд манай энэ саналыг нааштай хүлээн авч хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Харин монголчууд бид өөрсдөө эх орныхоо гол мөрний сав газар, ойн сан бүхий газар, бэлчээр,  ургамалаа, цэвэр усны нөөцөө эзэн хүний ёсоор сэтгэл гаргаж хамгаалах учиртайг мартаж болохгүй. Үүнд монгол хүн бүрийн сэтгэл зовних ёстой гэж боддог. Говийн бүсэд гүний ус ховордож байна. Их уурхайд гүний ус ашиглуулж болохгүй. Оюуттолгой, Таван толгой улс оронд хэрэгтэй том төсөл байж болно. Ус нутаг сүйдэлсэн харалган бодлого байж болохгүй. Баялгийг нь ашиглаж байгаа бол байгаль дэлхийг нь нөхөн сэргээх, онгон дагшин байдлыг нь хадгалж үлдээх нь зүй ёсны асуудал.

-Монгол хүний эрүүл мэнд, Хүнсний аюулгүй байдал санаа зовоож байна. Эрүүл монгол хүн, Хүнсний аюулгүй байдлын талд бодож төлөвлөж байгаа зүйл бий байх?

-Энэ талаар би сонин хэвлэлд бишгүй л яриа өгч байсан даа. Монгол хүний үндсэн хүнс бол мах гурил шүү дээ. Монгол орон түүхэн уламжлалаараа МАА, ХАА-н орон. Мал сүргээ эрүүлжүүлэх, буянт малынхаа хишиг буяныг зөв боловсруулж хүртэх. МАА-гаа орчин үеийн дэвшилтэт мал эмнэлэг, техник технологи, эрүүл ахуй, ноу хауд түшиглэн хөгжүүлэх. Эх орны хөрсөнд ургасан эрүүл хүнс, экологийн цэвэр ногоон бүтээгдэхүүнээр улс орноо хангах. Хүнсний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж генийн өөрчлөлттэй гадны хүнсээс бүрэн татгалзах, хууль эрх зүйн орчноо сайжруулах.Хяналт шалгалтыг мэргэжлийн өндөр түвшинд явуулах, олон улсын итгэмжлэгдсэн лаборатори, судлагаа шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах. Ногоон хүнс үйлдвэрлэж байгаа болгоныг төрийн бодлогоор дэмжих гээд олон сайхан ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ, монгол хүн л хамгаална.  Гэхдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой, зөв төлөвшил хүмүүжилтэй, зөв үзэл бодолтой эх оронч монгол байж хөгжүүлнэ бас хамгаална. Үйлийн үр, хувь тавилангийн хатуугаас өвчин зовлонд нэрвэгдэж байгаа монгол хүнээ бол төр бодлогоор хамгаалж эмчлэх эрүүлжүүлэх, илааршуулах тал дээр анхаарч ажиллах нь зүйн хэрэг. Хүн ам зүйн бодлогоо төрийн хар хайрцагны бодлого болгох цаг ирснийг сэтгэл цочоом тоо баримтууд харуулж байна. Манай улс хар тамхийг дамжуулдаг бус хэрэглэдэг орны тоонд орчихсон, 90 гаруй мянган хүн хэрэглэдэг гэсэн тоо баримт бий. Тэгэхээр бид залуу хойч үеэ энэ тахалд нэрвэгдүүлж болохгүй. Үүнтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Яг одоо зогсоохгүй бол болохоо болилоо. Энэ бол чимээгүй тахал. Санаатай хорлол !!!, үүнийг дамжуулсан худалдсан, хэрэглээ болгосон бүгдийг хатуу шийтгэвэл таарна.Нөгөө талаар бид дөрвөн уулынхаа дунд нийт нутаг дэвсгэрийнхээ 0,3 хувь дээр  хүн амынх нь тал хувь ирээд суурьшиж, хөрсний болон агаарын бохирдол, усны бохирдол дунд амьдарч байна. Үүнээс үүдэн олон төрлийн өвчин нэмэгдэх нь. Ингэхээр бид Улаанбаатарыг задлах,бүсчилсэн хөгжлийн бодлого гаргаж эзгүйрээд байгаа зах хязгаар нутгаа эзэнтэй болгох асуудал тулгарлаа. Яриад байвал дуусахгүй. Хувь хүнийхээ хувьд санаа зовж явдагаа л хэллээ.

-Бидний түүх дэлхийн түүх учраас харийнхан мартуулах гэж үзэж байна-

-Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг нэг зүйл бол боловсрол. Таны хэвлэлд өгсөн ярилцлагад энэ тухай дурдсаныг санаж байна. Энэ талаар дэлгэрүүлж яриач?

-Боловсрол бол хөндөх ёстой том асуудал. Боловсрол төрийн бодлогод байх ёстой, харамсалтай нь ашиг олох хэрэгсэл болчихлоо. Би монгол хүүхэд эхлээд Монгол хүн болох ёстой. Дараа нь чанартай сайн боловсрол, мэдлэг эзэмших ёстой. Дэлхийд өрсөлдөх шинэ иргэдийг багаас нь төлөвшүүлэх тухай л ярьдаг. Гадаад хэл дээр суурь боловсролыг тавьж болохгүй гэдэг дээр хатуу зогсдог, учир нь хэл дагаж сэтгэлгээ явдаг учраас хичнээн монгол байгаад хэл, соёл, түүх, домог, зан заншил, өв уламжлал, уран зохиол, яруу найраг, үлгэр тууль, тоглоом наадгай, ахуй.... гээд Монголын гэсэн бүхнээс нь тасалчихаар чинь хойч үед маань бахархан дуурайх, жишээ авах, магтан дуулах, сэтгэлийн их тэнхээ авах, эцэг өвгөдийнхөө гэсэн бүхэнтэй холбогдох холбоос нь тасарчихаар Монгол хүн гэж хэлэхэд хэцүү болно. Хойч үеийн маань буруу биш, бидний буруу гадны соёлд шүтэж, гадны бодлогыг хуулсан, гадны хөтөлбөрийг тэдэн дээрээ туршсан бидний үе  буруутай, юу тарьсан тийм л үр жимс авна гэдэг байхаа, бидний үр хүүхэд харийн соёлыг  даган дуурайх алдааг сүүлийн 25 жил хийлээ дээ. Монголын түүх бол дэлхийн түүх, Евро Азийн түүх учраас ийм ард түмний хойч үе  хандлагаа өөрчлөх болсон одоо.

-Цэргийнхээ гутлыг Эрээнд үйлдвэрлээд авчирдаг улс байж таарахгүй-

-Та Монгол, Оросын парламентийн бүлгийн дэд даргаар ажилладаг хүн. Харин таны хувьд хойд хөрштэй эдийн засгаас эхлээд олон зүйлд ач холбогдол өгч ажилладагийн хувьд Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгтэй, дэлхийн улс гүрнүүдтэй сайн хамтарч ажилладаг. Гэхдээ бид далайд гарцгүй орон. Бид далайд гарцгүй ч “хүн далайн гарц”-тай орон. Нэг тэрбум гаруй хүн амтай хөгжилтэй Хятад улс өмнө байна. Хойд талд хүчирхэг Орос орон байна. Бид ийм хоёр зах зээл дээр өөрсдийнхөө оюун ухаан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаад байхад газар нутгаа ухах шаардлага алга. Нэг жилд 10 сая арьс шир зах зээлд нийлүүлэгдэж байна, үүнийг боловсруулаад зөвхөн хүчнийхээ байгууллагын гутлаас эхлээд бүхий л хувцас хэрэглэлийг хангаж болно. Мөн үслэг эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүнийг Хятад, ОХУ-ын зах зээл дээр гаргах юм бол маш том эргэлт бий болгоно. Монголын мал 65 сая хүрлээ. Энэ хоёр том хөршийн дунд эдийн засгийн маш том харилцаа байдаг болохоор бараа эргэлт жилдээ 10 сая тонноос давдаг. Гэтэл тэр 10 сая тонн бараа монголоор дамждаггүй. Гэтэл хятадын далайд гарцтай гурван боомтоос Замын-Үүдийн боомт хүртэл автомшинаар тээвэрлэхэд гуравхан хоног тээвэрлэнэ. Замын-Үүдээс хойд хил хүртэл хоёр хоног тээвэрлэнэ. Үүнээс харахад долоо хоног дотор өмнөд далайн гарцаас оросын хил дээр аваачина. Энэ бол монголд хамгийн дөт гарц. Хуучин цагт үүнийг “Цайны зам” гэж нэрлэдэг байсан. Энэ замаар явдаг ачаа эргэлтийг нэмэгдүүлэх нь чухал болжээ. Бид хойд хилээсээ Улаанбаатар, Улаанбаатараас Ханги Мандалын боомт хүртэл зам тавихад л болно. Ханги Мандалын боомтоор тээвэр хийлээ гэж үзэхэд хилийн цаана 130 километрт дэлхийн том төмөрлөгийн үйлдвэр байдаг. Энэ үйлдвэр нь жилдээ зургаан сая тонн төмөр, таван сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг. Тэнд тогтмол хугацаатай, үнийн савлагаагүй, гадаад худалдаа хийж чадвал монголын эдийн засаг маш хурдан босно. Дээр нь ОХУ, хятад хоёрын хооронд явж байгаа ачаа эргэлт, транзит тээврийг нэмэгдүүлбэл зам дагасан хөгжил бий болно.Эдийн засгийн коридорийг яагаад яриад байна вэ гэхээр үүгээр дамжиж аялал жуулчлал хөгжинө. Одоо урд талд маш халуун болж байгаа болохоор халууны улирал эхлэхээр бүгд сэрүүн бүс Хөвсгөл рүү, Байгаль далай руу явахаар эндээс маш их боломж ирнэ. Үүнээс гадна бид мэдээллийн тээвэрлэгч болох цаг нь болжээ. ОХУ-аар дамжуулаад Европ Азийг холбосон маш том мэдээллийн Дата төвийг эх орондоо барих юм бол зөвхөн тэр мэдээллийн төвөөс жилд 200 сая ам.доллар олох боломж байна гээд олон зөв гарцуудыг бий болгомоор байна.

-Энэ бүх зүйл биелэх боломж байна уу. Бодлого хууль эрх зүйн орчин гээд нөлөөлөх хүчин зүйлс олон бий байхдаа?

-Боломж байна. Бид энэ талаар хоёр хөрштэйгөө тохиролцож шинэ шатанд гарч байгаа зүйл бий. Хоёр улсын Засгийн газрын түвшинд яригдаж шийдэлд хүрэхээр болсон энэ мэт асуудлуудаа сейфэндээ хийгээд дарах бус ажил хэрэг болгох тал дээр л анхаарах үлдлээ. Бид бүгдийг хийх албагүй. Шатахуун түлш, хүдэр боловсруулах үйлдвэр, малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байхад л хөл дээрээ бат зогсож чадна. Хамгийн наад зах нь цэргийнхээ гутлыг Эрээнд үйлдвэрлээд авчирдаг улс орон байж таарахгүй. 2014 оноос хойш хоёр хөрштэй бүс нутгийн харилцааг хөгжүүлэх тал дээр санаачлага гарган ажиллаж байгаагийн хувьдэерэг үр дүн гарч байгаад баяртай байгаа. Ялангуяа ОХУ-тай Монголын малыг эрүүлжүүлэх, вакцинжуулах, малын гаралтай түүхий эдийг боловсруулах, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажил ч эрчимтэй яригдсан. Хийх хүнд арга олддог гэдэг шүү дээ. Албан тушаал хашиж байгаа заримд нь хийе гэсэн сэтгэл байгаасай.

-Бодлогын хэмжээний зүйл ярьж байна, хамгийн гол нь бодлого гаргах түвшинд эх орон, ард түмнээ гэсэн хүмүүс олон байвал уг нь саадгүй зүйл байна гэж харлаа?

- Бид одоо хийхгүй бол бүгдээрээ алдах тул хойш тавихгүйгээр ханцуй шамлаад л ажилдаа орох ёстой. Монголчууд бид улс төржиж, айл гэр болж тоглож ханалаа... Одоо үр хүүхдийнхээ төлөө, тэдэнд маань үлдэх эх орныхоо төлөө, монгол хүн байна даа жаахан сэтгэл гаргаад юм хийх цаг боллоо. Энэ удаагийн парламентад эрүүл сэтгэлгээтэй залуучууд олон орж ирсэн. Цаг өөр болно гэдэгт итгэж байна.

С.Ууганбаяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.