2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » Нярайн зүрхний гажигийг оношлох хөдөлгөөнт оксиметрийг бэлэглэлээ

Нярайн зүрхний гажигийг оношлох хөдөлгөөнт оксиметрийг бэлэглэлээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл, Нийгэм

Нярайн пульс оксиметр нь нярайн цусан дахь хүчилтөрөгчийн ханалтын төвшин, зүрхний цохилтыг тодорхойлж, ингэснээр нярай хүүхэд зүрхний ямар нэг гажигтай эсэхийг эрт оношлож, эмчлэн, эрүүл саруул өсч бойжих нөхцлийг хангахад нэн шаардлагатай байдаг ажээ. Хөх хэлбэрийн хавсарсан хүнд гажгуудын үед нярай хүүхдийн амьдралын эхний цагуудад цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг пульс оксиметрээр хэмжихэд хүчилтөрөгчийн ханамж буурсан байдаг хэмээн мэргэжилтнүүд хэлэв. 

 

Манай улсын төрөх эмнэлэгүүдэд энэ төрлийн аппарат байдаггүйн улмаас нярайн зүрхний гажигтай эсэхийг тэр даруйд нь мэдэж чаддаггүй байна. Хөдөлгөөнт оксиметр аппаратыг ухаалаг утастай холбон хүүхдийн хөл болон гарт зүүснээр нярайн зүрхний гажгийг эрт оношлох боломжтой. Нийслэлийн төрөх эмнэлгүүдэд “Мод Трейд” компанийн захирал Ч.Содномпил агсны хань, үр хүүхдүүд нярай хүүхдийн зүрхний гажгийг төрсөн даруйд нь оношлох “Нярайн пульс оксиметр” аппаратыг хандивласан юм. 
 

Зүрхний төрөлхийн гажиг нь нярай хүүхдэд хамгийн элбэг тохиолдох хөгжлийн гажиг аж. 1000 төрөлт тутамд есөн тохиолдол илэрдэг. Зүрхний төрөлхийн гажгийн 25 хувийг хүүхдийн амьдралын эхний жилд зүрхний мэс заслын ба катетерийн эмчилгээ шаардлагатай хүнд гажгууд эзэлдэг байна. 

 

Зүрхний хөх хэлбэрийн хавсарсан гажиг нь дийлэнхдээ яаралтай эмчилгээ шаардлагатай тул зүрхний гажгийн эрт оношилгоо нь өвчний явцад шууд нөлөөлдөг байна. ДЭМБ-ын шинжээчдийн хийсэн судалгаанаас харвал, долоо хоног хүртэлх нярай хүүхдийн дунд зүрхний төрөлхийн эмгэг нэгт эрэмбэлэгджээ. Монгол Улсын хэмжээнд 2011 онд 70328 эх амаржсанаас 405 нярай хүүхдэд төрөлхийн хөгжлийн гажиг оношлогдсон нь нийт төрөлтийн 0.6 хувийг эзэлжээ. Үүнээс зүрхний төрөлхийн гажиг хамгийн их буюу нийт оношлогдсон тохиолдлын 29.1 хувьтай тэнцсэн байна. Судлаач Ө.Оюунчимэгийн 2005-2007 онд ЭХЭМҮТөвд хийсэн судалгаагаар нийт гаж хөгжилтэй нярай хүүхдийн 28.7 хувь нь зүрхний гажигтай болох нь тогтоогджээ.
 

Түүнчлэн Т.Болормаа нарын судлаачид 2012-2013 онд нярайн амьдралын эхний 6-48 цагийн дотор зүрхний хэт авиан шинжилгээнд тулгуурлан хийсэн тандалт судалгаагаар зүрхний төрөлхийн гажиг нь нийт амьд төрсөн нярайн 2.42 хувьд нь оношилогдсон байна. Эдгээрийн 10 хувийг зүрхний төрөлхийн хавсарсан хүнд гажиг эзэлжээ. 
 

Зүрхний төрөлхийн гажгийг нярайн эрт үед оношлох нь эмчилгээний зөв тактик баримтлах, эмчилгээний асуудлыг зөв шийдвэрлэх, учирч болох бусад эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм байна.
 

Энэ үеэр Ч.Содномпил агсны охин С.Отгонням болон Нийслэлийн Өргөө амаржих газрын нярайн эмч, хүүхдийн зүрхний эмч, анагаах ухааны магистранд Б.Өлзийхишиг нарын байр суурийг сонирхлоо. 

С.Отгонням: Ирээдүй хойч үеэ эрүүл өсч торниосой гэж хүссэн


-Аав минь зургаан жилийн өмнө зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон. Миний бага охин төрснөөс 2-3 сарын дараа зүрхэнд нь гажиг байгааг мэдсэн. Эрт оношилж, шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны ачаар охин минь эрүүл саруул өсөн торниж байна. Зүрх судасны өвчин нь хүнийг гэнэтийн үхэлд хүргэдэг аюултай өвчин. Манай хүн амын дунд тохиолдох түгээмэл өвчнүүдийн нэг нь зүрх судасны өвчин байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд олноор төрөх болсон юм билээ. Энэ нь агаар, орчны бохирдлоос шалгаалдаг тухай мэргэжлийн эмч нар хэлж байсан. Тиймээс хүүхдийг төрөнгүүт нь зүрхний гажигтай эсэхийг нь оношлох боломжтой ч орчин үеийн, хүүхдийн хөдөлгөөнд мэдрэг биш аппарат хэрэгсэл байдаггүй гэдгийг эмч, мэргэжилтнүүдээс мэдэж авсан. Төрж буй хүүхэд бүр эрт оношлогддог болоосой, эрүүл саруул өсөн торниж, элэг бүтэн амьдраасай гэж хүссэндээ бурхан болсон аавынхаа араас буян хийх зорилгоор эдгээр аппаратыг хандивлаж байна.

Б.Өлзийхишиг: Нярайн зүрхний гажигийг эрт оношлосноор урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ


 

-Дөнгөж төрсөн нярай хүүхдэд зүрхний гажигийн эмнэлзүйн шинж эрт илэрдэггүй. Бид аль болох эрт оношлох, цаашид хэрхэн эмчлэх, юуг анхаарах, эрүүл саруул өсч торниход нь хамгийн наад захын алхамуудыг хийхийг зорьж байна. Манай улсын хувьд нярайн пульс оксиметр аппарат байдаггүй. Тиймээс сүүлийн үеийн шинэ технологи нэвтэрсэн аппаратыг хувь хүн нийслэлийн дөрвөн төрөх эмнэлэгт хандивлаж байгаад нь баяртай байна. Төрсөн хүүхэд бүрийг 24-36 цагийн дотор энэ аппаратаар үзэж, тандалт хийх зайлшгүй шаардлага бий. Ер нь нярай хүүхэд зүрхний гажигтай эсэх нь эрт оношлогдсоноор ирээдүйд эрүүл өсч бойжих боломжтой. Аливаа өвчнийг эрт илрүүлснээр тохирох эмчилгээг дариу хийлгэх боломж бүрдэнэ. Цаашилбал, өвчнийг бүрэн илааршуулж эдгээх бүхий л эмчилгээг сонгож болно. Нярай хүүхэд зүрхний гажигтай гэдэг онош эрт илэрүүлж чадвал эцэг эхчүүд ханиад хүргэхгүй байхаас эхлээд дархлааг нь сайн байлгах бүхий л аргыг эрэлхийлнэ шүү дээ. тиймээс нярайн пульс оксиметр аппаратыг бэлэглэж байгаа С.Отгоннямынхаа гэр бүлд аз жаргал хүсье.

 

Төгсгөлийн оронд
 

Үндэсний хэмжээнд нярайд зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлэх пульс оксиметрийн тандалтыг хэрэгжүүлж байгаа орнуудаас хамгийн өргөн хэрэглэж байгаа нь АНУ юм. ПОТ-ыг АНУ-ын Хүний эрхийн холбоо, АНУ-ын зүрх судасны холбоо, АНУ-ын Хүүхдийн академи, АНУ-ын Зүрх судасны коллеж, АНУ-ын генетик судлалын коллеж нэгдэн 2001 оноос үндэсний хөтөлбөрт оруулсан байна. 

Х.Онон

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.