2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » С.Чинзориг: Залуучуудын ур чадварт түшиглэсэн ажлын байрыг бий болгоно

С.Чинзориг: Залуучуудын ур чадварт түшиглэсэн ажлын байрыг бий болгоно

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийгэм

Монгол улсын их хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.

-Ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа, гэтэл хөдөлмөрийн насны иргэд маань хилийн чанадад ажиллахаар зориод байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Ажилгүйдлийн түвшин буурахгүй байгаа нь үнэн. 2016 онд 11.7 хувьтай байсан. 2017 онд 9,7 хувьтай гарсан. Тиймээс бид хөдөлмөр эрхлэлтийн  байгууллагуудаар дамжуулж ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах ажлыг явуулж байна. Гэхдээ томоохон төсөл хөтөлбөрүүд эдийн засгийн эргэлтэд орохгүй, аж ахуйн нэгж байгууллагууд орон нутгуудад бий болж чадахгүй байна. Үүнээс үүдэн ажилгүй иргэд 100 хувь хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудаар зуучлуулан ажлын байртай болж чадахгүй байна.

Ажлын байрны олдоц хомс байгаа учраас залуучууд гадаадын улс оронд очиж ажиллах сонирхолтой байна, энийг буруутгахгүй. Тодорхой хэмжээгээр тухайн орны хэл соёлыг  сурч, орчин үеийн техник технологи дээр ажиллах чадвартай болох нь тийм ч муу зүйл биш. Ажилгүй иргэдийг ажлын байранд 100 хувь зуучилж, ажилтай болгож чадахгүй байгаа учраас залуучуудын өөрсдийн үүсгэл санаачлагыг түшиглэж 3 чиглэлээр ажлын байр нэмэгдүүлэх хөтөлбөр  хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Нэгд, их дээд сургууль, коллежоо төгсөөд ирсэн залуус тодорхой хэмжээнд өөртөө ур чадвар бий болгочихсон байгаа. Тэр ур чадварт нь түшиглээд ажлын байртай болгох хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Дархан мужааны ур чадвартай бол тэр чиглэлээр нь ажил үйлчилгээ явуулахад шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг нь урт хугацааны лизингээр олгож, ур чадварт түшиглэсэн ажлын байртай болгох хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хоёрт, орон нутаг сумын түвшинд ажлын байр бий болгож, нөхөрлөл хоршоо байгуулахыг дэмжинэ. Нөхөрлөл хоршоо байгуулсан иргэд сумандаа хадлан тэжээлээ бэлтгэх, цас зудтай тэмцдэг, зам гүүрээ цэвэрлэдэг, хавар ямаа самнадаг, хонь хяргадаг, түлш түлээгээ бэлддэг байх юм. Өөрөөр хэлбэл орон нутагт зохион байгуулалтайгаар ажлын байр бий болгоход дорвитой анхаарч ажиллана.

Гуравт, хөдөө орон нутагт мал аж ахуйг дагасан ажлын байр бий болгох асуудал байна. Сүүлийн 20 орчим жил олон малтай, ам бүл цөөтэй малчид туслах  малчин, гэрээт малчинг авч ажлуулаад ирсэн.  Энэ асуудал гол нь тодорхой хууль эрх зүйн акт гэрээгээр  зохицуулагдалгүй, малчид хоорондын аман тохироогоор явж ирсэн. Тиймээс энэ оноос албан ёсоор “Гэрээт малчин” хөтөлбөр  хэрэгжүүлнэ.  Ингэхдээ төв суурин, аймаг сумын төвөөсөө гэрээт малчинаар гэр бүлээрээ ажиллах сонирхолтой залуучуудыг дэмжих юм.

Гэрээт малчинаар ажиллах залуучуудыг сургалтад хамруулж, мал маллах ухааны аргын талаар мэдлэг мэдээлэл олгож, гэр бүлээрээ ажиллах бол эрүүл мэндийн даатгалын хураамжийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлдөг. Нийгмйин даатгалын  шимгэлийн 50 хувийг өөрөө төлдөг, 50 хувийг нь Хөдөлмөр эрхлэлтийн сангаас төлдөг байх. Мөн гэрээт малчин авч ажлуулж байгаа малчныг  дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр орон нутагт ажлын байр бий болгох юм.

-Энэ онд хэрэгжүүлэх гол төсөл хөтөлбөрүүд юу байх вэ?

-Ажлын байрыг нэмэгдүүлэхэд л анхаарна. Ингэхийн тулд томоохон төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аж ахуйн нэгжүүдийг бий болгох хэрэгтэй. Түүнчлэн бүтээн байгуулалтын ажлуудыг улсын хэмжээнд өрнүүлж чадах юм бол томоохон төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтыг дэмжсэн ажлын байрууд бий болно. Бүтээн байгуулалтыг дагасан ажлын байрууд бий болх боломжгүй бол миний хэлээд байгаа орон нутагт байгаа нөөц боломжоо ашиглаж залуучуудын өөрт нь байгаа чадавхид түшиглэсэн ажлын байр бий болгох, гэрээт малчин хөтөлбөр зэргийг хэрэгжүүлнэ.

-Уул уурхай барилгын салбарт гадаадаас ажиллах хүчин аваад байдаг. Энэ салбартаа монгол залуучуудаа ажлуулж болдоггүй юм уу?

-Бид гадаадаас авч байгаа ажиллах хүчний  тоог бууруулах чиглэл барин ажиллаж байгаа. Саяхан Засгийн газарт бид асуудал оруулаад гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг аж ахуйн нэгж байгууллагуудтай манай  хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд гэрээ байгуулж ажиллах болсон. Тодорхой хэмжээгээр гадаадаас ирж байгаа ажиллагасадыг дагалдуулан Монгол ажилтанууддаа ур чадвар эзэмшүүлье. Ингээд дараа нь монгол ажилтнаа ажлын  байртай болгоно. Мөн гадаадаас авч байгаа ажиллагсадын тоог 2020 он гэхэд 50 хувь буурсан байх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Түүнчлэн гадаадаас ажилтан авч байгаа аж ахуйн нэгжүүдийг монгол залуучуудаа ажлын байраар хангах үүрэг хүлээлгэн гэрээ байгуулан ажиллаж байна.

-2018 онд гадаадаас хичнээн ажилтан ирж ажиллах вэ?

-2018 онд гадаадаас тэдэн хүн авна гэсэн  квот зорилт байхгүй. Ямар ч байсан 2017 онд авсан ажилчдын тооноос 25 хувиар бууруулж авна гэсэн ерөнхий төлөвлөгөө байна.  Өнгөрсөн  онд бид 17900 ажиллах хүчин гадаадаас авсан байдаг. Энэ жил энэ хүмүүсийн тоог 25 хувиар бууруулж авна.

-Залуучууд цагийн ажлын хөлс болон амралтын  өдрүүдийн ажлынхаа цалин хөлсийг авдаггүй хохирох тохиолдол цөөнгүй байгаа. Энэ тал дээр ямар зохицуулалт байх ёстой юм бэ?

-Энэ жилийг бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр хууль тогтоомжыг шинэчлэх жил болгоно. Тэр утгаараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад Засгийн газарт оруулж,УИХ-д өргөн барихад бэлэн болоод байгаа. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Яг одоогийн байгаа хуулиар хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад ажиллаж байгаа залуучуудын ажил амралт цалин хөлстэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулж байгаа . Гэтэл манай ажил олгогч нар залуучуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй, дадлага, туршилтын хугацаагаар авч ажлуулдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас тухайн иргэний ажил амралтын цаг, цалин хөлстэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулж чадахгүйгээс дунд нь хохирох, хэлмэгдэх асуудал түгээмэл байна.

Одоогийн бидний УИХ-д өргөн барьж байгаа хуулиар хөдөлмөрийн гэрээг заавал байгуулсанаар Хөдөлмөр тухай хууль үйлчилэх бус хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол Хөдөлмөрийн хуулиар харилцааг зохицуулах болсноороо онцлог байх юм. Өөрөөр хэлбэл, дадлагын хугацаа туршилтын  хугацаа эхэлсэн л бол бүх ажил амралтын өдрүүдтэй холбоотой  асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг болно гэсэн үг.

Харин шөнийн цагаар ажилласан бол ажлын хөлсийг 1,2 дахин нэмэгдүүлж байхаар хуульчилж өгч байгаа. Илүү цагаар ажилласан бол одоогийн 1,5 дахин нэмэгдүүлэх хуулийн зохицуулалт хэвээр байна.

-Өнчин хүүхдүүд асрамжийн газарт насан хүрээд гарахдаа сургууль соёл, ажлын байр олохгүйгээс амьдралд хөл алдах гээд байна гэсэн мэдээлэл байгаа. Энэ асуудлаар хийж төлөвлөсөн ажил байгаа юу?

-Одоогийн манай нийгмийн халамжийн чиглэлээр бүрэн хүрч чадахгүй байгаа  зохицуулалт бол энэ асуудал. Тухайлбал, Хүүхэд хөгжил хамгааллын асрамжийн төвүүдэд хүүхэд 18 нас хүртлээ амьдардаг. Тэгээд насанд хүрлээ гээд гаргачихдаг. Гэтэл насанд хүрсэн хүн маань  хаашаа ч явж байгаа нь бүү мэд,  нийгэмд уусаад алга болчихоод байгаа.

Тиймээс цаашдаа хүүхдийн асрамжийн  төвүүдэд хүмүүжиж амьдарч байгаад насанд хүрхээд гарч буй залуучуудыг орхилгүй өөрөө ажлын байртай, гэр бүлтэй болж, амьдралаа хэвийн хэмжээнд аваад явчих хүртэл нь нэмэлт  халамжийн чиглэлийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг үйлчилгээ үзүүлдэг байх  зэрэг цоо шинэ төрлийн ажлууд хийх шаардлагатай байна.

Тухайлбал, гэр бүлтэй болвол орон байртай болгох, их дээд сургуульд орвол төлбөр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх,  сургуулиа төгслөө ажлын байртай болоход нь зуучлах. Ингээд насанд  хүрээд өөрийнхөө амьдралыг өөрөө аваад явчих тэр хэмжээнд нь хүртэл нь төрийн бодлогоор  дэмждэг байх гэсэн зохицуулалт үгүйлэгдээд байна.

Нөгөө талаас энэ хүүхэд асрамжийн төвүүдэд сурч хүмүүжиж амьдарч байгаа  хүүхдүүдийг бие даан амьдрах чадавхи суулгах асуудал их чухал байна. Мэдээж аав ээж нь байхгүй учраас бэлэн асрамж үйлчилгээний газар хувцсаа  угаалгаж, бэлэн хоол идүүлээд байх тусам өөрийнх нь  бие даан амьдрах чадвар нь алдагдах, амьдарлын төлөө тэмцэлгүй болох асуудал ажиглагддаг.

Тийм болохоор  Асрамжийн төвүүдэд байгаа хүүхдүүдийг тодорхой хэмжээнд бие дааж амьдрах аргад суралцуулж, үйлчилгээнүүдийг бий болгох зайлшгүй шаардлагатай байна. хоол хүнсний тодорхой хэсгийг бэлдэлцдэг байх, Өөрийн хувцас хунараас угаадаг байх зэрэг ажлуудыг хийлгэж хэвийн амьдрал руу орох нөхцөл бололцоог дэмжих хэрэгтэй байна.

 -Хорих ангиас хүмүүжээд гарч буй иргэд ажлын байр олж чадахгүй байгаа асуудал  байна?

-Хорих ангиас  гарч байгаа иргэдийн асуудлыг орон нутгийн удирдлагуудтай гэрээ хийсэн. Орон нутгийн болон сум дүүргийн Засаг дарга нар манай  Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагуудтай гэрээ хийгээд тэдгээр залуучуудыг ажилтай болгох нийгэмшүүлэх чиглэлийн үйл ажиллагааг явуулах хэрэгтэй гэсэн үүрэг чиглэл өгч байгаа. Тодорхой хэмжээний халамжийн үйлчилгээнд хамруулах, ажил олоход нь дэмжлэг үзүүлэх орон байртай болоход нь тусламж үзүүлэх гэсэн асуудлыг орон нутгийн Засаг даргатай хамтран байгуулсан  гэрээний хүрээнд хэрэгжих юм.

Энэ ажлаа нилээн сайн хийж хүрээгээ нэмэгдүүл гэсэн үүрэг даалгавар өгч байгаа. Нөгөө талаар ажлын байр хайж байгаа хүн маань  Хөдөлмөр эрхлэлтийн албандаа ойр ойрхон очиж ажил идэвхитэй хайж байгаагаа мэдэгдэж, хүсэл сонирхлоо илэрхийлж байх хэрэгтэй. Манайхан бүртгүүлчихээд  алга болчихдог талтай. 

-Цэрвээд эсвэл ажил олж өгөхдөө хойрго, үл тоох маягтай хандах асуудал гардаг талаар мэдээлэл байдаг?  

-Харилцааны таагүй асуудал үүсдэг эсэхийг хэлж мэдэхгүй. Гэхдээ Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт ажиллаж байгаа бол бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэлтэй хүн л ажилладаг гэж би боддог. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг авах гэж байгаа бол “задарсан нь ирдэггүй, ядарсан нь ирдэг”. Зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй болоод л очиж байгаа. Асуудлыг нь бүрэн шийдэж чаддаггүй юм аа гэхэд хүн ёсоор эелдэгхэн хандаад, ядаж нэг сэтгэл  санааг нь засаад гаргаж байх ёстой. Яг тиймэрхүү харилцаа хүмүүжлийн асуудалд өндөр соёлтой хандах ёстой.

- Энэ оны дөрөвдүгээр улирлаас төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэсэн. Энэ 56 тэрбум төгрөгийг яаж хуваарилж цалинг нэмэгдүүлэх юм бэ?

-2017 оны төсөвт 54 тэрбум төгрөг тусгаад үр дүнгийн урамшуулал олгосон. 2018 оны төсөв 56 тэрбум төгрөг тусгасан үр дүнгийн урамшуулал олгоно гээд оруулсан байгаа.  Гэхдээ Олон улсын Валютын сангийн ажлын хэсэгтэй хоёрдугаар сарын эхээр ирэхэд нь уулзаж ярьж зөвшилцсөн. Энэ оны 4 дүгээр улирлаас цалин  нэмэх тохиролцоонд хүрсэн. Нэгдсэн ойлголтод хүрч чадсан. Тийм учраас бид тодорхой хэмжээгээр төсөвт тусгасан эх үүсвэртээ багтаагаад  үр дүнгийн урамшуулал олгох хэлбэрээр биш Төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх чиглэлэээр ажиллана.

Гол нь цаашдаа төрийн албан хаагчдын цалинг ижил дүнгээр нэмээд байх биш цалин хөлсний тогтолцоог нь өөрчлөх ёстой. Тэр хүний ажлын ур чадвар, ачаалал үр дүн ажлын  байрны нөхцлөөс хамаарсан цалин хөлс авдаг байх тогтолцоо руу орохоор зорьж байна. Энэ чиглэлээр Олон улсын байгууллагуудтай хамтарч байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт ажиллагсадын ажлын байрны нөхцлийн судалгаа хийсэн.

Энэ үнэлгээг түшиглээд хэн нь илүү ур чадвар шаардсан, ачаалал өндөртэй ажиллаж байна гэдгийг тодорхойлсон. Ийм аргаар ажлын байрны нөхцлөөс хамаарсан ялгамжтай цалин хөлс авдаг байх тогтолцоог бүрдүүлнэ. Эмч л бол эмч ижилхэн цалин хөлс  авах ёстой гэсэн тогтолцоог өөрчилнө. Бидний урьдчилсан байдлаар гаргасан судалгаагаар нярайн эмч гэдэг хамгийн их ачаалалтай, ур чадвар шаардсан ажил юм байна. Дараа нь мэс заслын эмч, нойрсуулагч эмч хамгийн их ачаалалтай, ур чадвар шаардагддаг гэж гарсан. Тиймээс энэ хүмүүс арай илүү цалин хөлс урамшуулал авдаг байх ийм тогтолцоо руу орно.

-Цэцэрлэгийн багш, бага ангийн багш нар бас ачаалал эхтэй байдаг. Тэд хүүхдийн суурь хүмүүжлийг олгодог хүнд ажил санагддаг?

-Тарийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудалдаа л ороолд явна Бид эрүүл мэндийн салбарт ажиллагсадын ажлын байрны нөхцдийн үнэлгээг хийсэн. Одоо энэ жил  боловсролын салбарт ажиллагсадын ажлын байрны нөхцлийн үнэлгээг хийж эхэлсэн. Магадгүй хүний жаахан хүүхдэд суурь хүмүүжил олгож байгаа цэцэрлэгийн багш, бага ангийн  багш нар хамгийн их ачаалалтай, илүү их ур чадвар шаардсан ажил гээд гараад ирэх байх. Ингээд гараад ирвэл энэ үнэлгээг үндэслээд арай өөр ялгамжтай цалин, нэмэлт урамшуулал нь авдаг байх юм.

-Ахмадын асрамжийн газар болон хувийн асрамжийн газрыг бодлогоор дэмжинэ гэсэн.  Энэ ажлыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Манайх улсын  ганцхан асрамжийн газартай. Тийм учраас улсан халамж асрамжийн  газрын үйлчилгээг жаахан өөрчлөх ёстой гэж боддог. Ялангуяа асаргаа сувилахуйн чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлж, нэр төрлийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Нөгөө талаас хувийн хэвшилд асрамжийн ахмадын чигэлээр ажиллах  боломжийг нэмэгдүүлэх юм. Орон нутгийн удирдлагуудтай гэрэээ хийгээд хувийн хэвшлийн асрамжийн газрыг дэмжинэ.

Ер нь дэлхий нийтийн хандлага  төвлөрсөн асрамжаас татгалзаж байгаа юм билээ. Бөөнд нь нэг газар асрамжлах биш яг нийгэм хамт олныхоо, гэр бүлийн гишүүдийнхээ дунд  байгаа юм шиг асардаг  болсон байна. Тиймээс ийм чиглэлээр ажиллахаар зорьж байна. Энэ ажлыг аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагуудтай хийсэн гэрээний үндсэн дээр цөөнөөр нь гэр бүлийнэхээ орчинд байгаа мэт асрамж үйлчилгээ үзүүлэх бололцоо бидэнд бий.

 

П.Наран

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.