2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Бядгүй улстөрчдийн дорой үйлдлээс ичиж, бухимдалгүй амьдрахсан

Бядгүй улстөрчдийн дорой үйлдлээс ичиж, бухимдалгүй амьдрахсан

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Улс төрч

	 Бядгүй улстөрчдийн дорой үйлдлээс ичиж, бухимдалгүй амьдрахсан

Өнөөдөр бидэнд хамгаас чухал яг юу хэрэгтэй байна вэ. Монгол хүнд юу үгүйлэгдээд байна. Бидний өөдөлж дэвждэггүйн учир шалтгаан хаана байна гээд олон зүйлийн талаар элдвийг эргэцүүлэн шаналах юм. 

Шаналах тусам бухимдана. Нийгэм тэр чигээрээ л бухимдал. Болж бүтэж байгаа нь болохгүй, бүтэхгүйгээсээ ямагт их байх юм. Санаснаар болдогсон бол өнөөдрийн Монголд шударга ёс зүйг л дархлах хэрэгтэй байна. Цэвэр ариун ёс суртахууныг монгол хүн бүрийн тархи оюунд, программчлан суулгачихмаар санагдана. Ямар ч сайн хуулиас илүүтэйгээр ёс зүй бидэнд үгүйлэгдээд байна. Төрийн ордон, чуулганы танхим, малчны хот, үйлдвэр, албан газар, айл өрх, гэр бүлд гээд хаа сайгүй шударга бүхэн уурших мэт замхарч бүдгэрсээр. 

Ёс зүй, ёс суртахуунгүй болгоныг болохгүй, бүтэхгүй дагалдана. Болохгүй бүтэхгүй болгоны цаана төр, засгийн томчууд, удирдлагууд хийгээд нам, эвсэл холбоодын үнэгэн заль, улаан луйвар, хүний мөсгүй зан, хар амиа хоохойлсон хамгийн өөдгүй хогийн чанар нуугдаастай байдаг. УИХ-ын сүүлийн гурван сонгуулийн (2008, 2012, 2016 оны) үр дүн шударга бус байдлыг нийгэмд жинхэнэ хавтгайруулсан гэж боддог. Чухам энэ он жилүүдэд монголчууд баян хүнийг шударга хүн гэж эндүүрдэг болсон. Хөрөнгө чинээг ёс зүй, ёс суртахууны хэмжүүр болгож андуурсан.

Ёс зүйн хамгийн бүдүүлэг алдаа, шившигтэй үйлдлийг гишүүд хээвнэг үйлдэнэ 

Ард түмэн үүнийгээ мэдэх хэрнээ алдаа гаргана. Алдаагаа ямагт давтсаар байдаг нь хөөрхийлөлтэй хийгээд эмгэнэлтэй. Одоо тэгээд гороо амсаж байгаа маань юутай гашуун. Э.Бат-Үүл баатарын саяхан бичсэнчлэн бид өөрсдийнхөө сонгох эрхээ арилжааны хэрэгсэл болгож нам, нэр дэвшигчдэд зарчихна. Эвлэлдэн нэгдэх эрхээ фракцын лидер хэмээгчдэд худалдана. Жагсаж, цуглах эрхээ зохион байгуулагч, гудамжны хөдөлгөөнөөр халхавчлагдаж нуугдсан бэртэгчин, луйварчдад ашиглуулчихна.

Бид ёс зүй, ёс суртахуунаа ийн уландаа гишгэсэн болохоор ямар ард түмэн байна, тийм төр тогтоно гэдэг теоромоор өнөөгийн арчаагүй, чадамжгүй, сул дорой төртэй байх болсон биш үү! Харааж, зүхэн гаслахад хүргээд буй парламент бол бидний шууд тусгал. 

Боловсрол, туршлагаар дулимаг, дээр нь бүдүүлэг балмад, зарим нэгэнд нь дунд сургуулийн олгодог ерөнхий мэдлэг ч ахадсан “төрийн түшээд”-ээр Төрийн ордныг дүүргэсэн буруутан нь бид өөрсдөө. Монгол түмний сор, сүр, манлай болсон ухаантай, боловсролтой хүмүүсээ сонгон төр, засгаа төвшитгөх нөхцөл ч алга болсон. Тийм хүмүүсийн төрд гарч ирэх замыг хаасан хууль “үйлдвэрлэхээ” нөгөөдүүл ч мартсангүй. Төрийн түшээ хүний боловсролын талаар онцгойлон эргэцүүлж бодох хэрэгтэйг бид анхаарч байгаа юм алга. Боловсролтой хүн аливаад ухаалаг мэдрэмжтэй, сэтгэлийн зөв хөдлөлтэй, учир шалтгааныг ойлгох чадвартай, цэвэр ёс суртахуунтай, ухамсартай, шударга ёс зүй, моралийн хүмүүжилтэй байдаг юм.

Ийм хүн хэзээ ч хувийн ашиг сонирхлоо эрхэмлэсэн, явцуу эрх ашиг бодсон бэртэгчин байдаггүй. Монголын төрд ийм л түшээ хэрэгтэй зүйл байх юм уг нь. Одоо гэтэл Монголд шударга ёс гэдэг үнэхээр хэрэгтэй хаана байна вэ. Хариулах гээд хичээгээд үз. Чадахгүй байгаа биз дээ. Ёс зүйгүй нийгэмд шударга ёсны талаар дурсаад ч нэмэргүй. Монголд УИХ-ын даргаасаа эхлээд гишүүд нь худлаа ярина. Ёс зүйн хамгийн бүдүүлэг алдаа, шившигтэй үйлдлийг гишүүн хүн хээвнэг үйлдэнэ. Ерөнхий сайд нь ард түмнээ хуурна. Сайхан гэгч нь амлана. Амалснаа биелүүлнэ гэж гонж. Салбарын сайд нарын тухайд ярихын ч хэрэггүй. Тэдний боловсрол, зан суртахуунаас айдас төрнө.

Хамгийн шударга байх ёстой Хууль зүйн сайд нь хүртэл худлаа ярьдаг, нийгэмд цаашид хэр удаан тэсэх билээ. Үг,үйлдэл нь ямагт зөрсөн, шударга үнэний тухай бусдаас чанга хашхираад, шударга бусийг үйлдэж явдаг ийм хүмүүсийн хаанчлал дор яг л боол мэт амьдрах ямар гашуун юм бэ. Ард түмний нуруу ийм цөвүүн цаг дор мөд тэнийх үү! Ойрын жишээнээс харахад Засгийн газар ард иргэдээр зүгээр л бөмбөг болгоод тоглочихож байна. Ийм байж таарах уу! Гаргасан шийдвэрээсээ сарын дотор эргэж буцаад л. Нөгөө уйдсан хүүхэд юугаараа оролдоно гэдэг шиг бүр сүүлдээ ядарсан ард түмнээрээ Засгийн газар нь даажигнадаг болж байгаа юм байна.

Төрт ёс гэдгийг дэлхий ертөнцөд анхлан таниулсан монгол үндэстний агуу түүхт, яруу суу алдарт төрийн залгамж өнөө цагийн өнгөн дээр ингэж “доройтохыг” бид бүгдээрээ хараад л сууж байх ёстой юм биш бол сэрэх хэрэгтэй. Ард түмэн, улс орны хувь заяагаар айл гэр болж тоглосон эрх мэдэлтнүүдийн тогтоосон бүтцийг бид өөрсдөө шударга ёс зүй, цэвэр ёс суртахуунтай байж зоригтой, тууштай тэмцвэл эвдэж чадах билээ. Ядаж өнөөгийн бядгүй улстөрчдийн дорой үйлдлээс ичиж бухимдалгүй амьдрахсан даа.

Ш.Даваадорж

Засгийн газрын мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.