2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Ард түмний бус, Ардчилсан намын жагсаал болов

Ард түмний бус, Ардчилсан намын жагсаал болов

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

АН-ын оны эхнээс бэлдсэн үндэсний хэмжээний гэх тодотголтой жагсаал санасаныг бодвол “даруухан”,  төв талбайн тэрүүхэн тэндээ болоод өнгөрлөө. Иргэд энэ жагсаалыг “Ард түмний бус АН-ын жагсаал боллоо” хэмээн голыг нь олоод хэлчихэв. Жагсаалд Ардчилсан намын өөрийнх нь лидерүүд гэгддэг Э.Бат-Үүл, Р.Амаржаргал тэргүүтэй олон хүмүүс оролцсонгүй.

Зам хааж, түгжрэл үүсгэж, хүйтэн нойтоны цагаар хүндрэл дээр хүндрэл  учруулахаас хэтрэхгүй үр дүнгүй жагсаал хэмээн  иргэд цахим орчинд  санал бодлоо илэрхийлж байна. Ядахад өнөөдрийн хүйтнийг яанам бэ.

Өглөө хотын захын гэр хорооллуудын автобусны буудал дээр хот хоорондын тээвэрт явдаг лимузин маягийн автобуснууд хэд хэдээрээ зогсчихсон байсан. Жагсаалд оролцогчдыг төв талбай руу хүргэх үүрэгтэй байжээ.  Түүнчлэн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн жагсагчид  Энхтайваны өргөн чөлөөний авто замын нэг талын урсгалыг хааж ордны өмнө алхаж ирсэн болохоор  унаа машинтай иргэдэд тэр хэмжээгээр хүндрэл учрав.

Жагсаж цуглаж болно, үзэл бодлоо илэрхийлэх нь зүй хэрэг. Гэхдээ иргэдээ, хотын ажил амьдралын хэм хэмжээнд нөлөөлөхгүйгээр зохион байгуулах учиртай мэт. Өглөө зам хаасан  түгжрэлээс шалтгаалж олон хүн ажлаасаа хожимдов бололтой. Ар талдаа ажилтай, төрийн үйлчилгээ авах гэсэн иргэдийн цагийг хумсалж, чирэгдэл учруулсан энэ жагсаал  “оготонын дуу тэнгэрт хүрэхгүй” гэдэг шиг  тэгсхийгээд замхрав. 

Энэ жагсаалын шинж байдал нь гэвэл нэг нам нь нөгөө намынхаа эсрэг хийсэн жагсаал төдий л харагдлаа. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүнийг ангийнх нь Ж.Батзандан гишүүн “65 толгойтой атгаалжин хар мангасыг дарцгаая. Монголчуудаа мориндоо мордоцгооё” хэмээн уриалав. 

МАХН  гэж орох байх газраа олж ядсан улс төрийн хүчин бий. Энэ намын нэр нөлөөний хэм хэмжээг монголчууд гадарлах байлгүй дээ. Тус намынхан АН-ын хөнжилд хэзээний гүйгээд орчихсон, Д.Оюунбаатар гэх дэд дарга нь үг хэлж байна.  Тэр хувьсгалд уриалаад байгаа бололтой юм. Д.Сүхбаатарын хэлсэн “Хувьсгал хийхэд үхэхгүй амь, урсахгүй цус гэж үгүй” гэсэн үгийг ишлэв. Энэ мэтээр хүчирхийлэл үнэртсэн үг яриа, уриа дуудлага дуулдаж байна билээ. Үүнийг юу гэж ойлгохов. Олон түмнийг хүчирхийлэлд тухирч байна гэж хэлж болох уу.  Тэд хэлсэн үг шигээ бусдыгаа манлайлаад явж чадах уу. Аль эсвэл 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдал шиг бусдыг гал руу дуучихаад өөрсдөө сэм зугатах уу. Энэчлэн асуулт араасаа хөвөрч мэдэх юм.

Үг хэлэгсэд буруу бүхнийг МАН-д хаяглав. Хоёр хүрэхгүй жилийн өмнө тэд эрх барьж байгаагүй юм шиг, эх орноо элгээр нь мөлхүүлээгүй юм шиг ааш аяг гаргаж байгаа харагдана лээ. Яаж засагласнаа мартчихлаа гэж үү. Улс төрийн нам ийм ахархан ой санамжтай байж болох уу.

Жагсаалын үеэр  эх оронч санал санаачлага гарсангүй. Хөгжлийн боломж, асуудлыг шийдэх арга замын талаар ярьсангүй. Ерөнхийдөө энэ жагсаалаас сэтгэлд  шингэж, чихэнд наалдах үг үйлдэл  гарсангүй.   

Жагсаалын утга учир зорилго юу вэ. Үнэхээр сөрөг хүчнийхээ алдаа оноог засч залруулах, шахаж шаардах эх оронч санаа бодол цаад талд нь байгаа юу. Харамсалтай нь огт өөр санаархал, зорилго тээж байгаа. Тэр нь УИХ-ыг тараах. УИХ дахь АН-ын бүлгийн  дарга, намын дарга нар нь  улстөр ярих л гэвэл УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай  эхэлж дуугардаг болсон. Үүнийг нь тус намаас сонгогдсон Ерөнхийлөгч бас хэлдэг.  Энэ үг анх хаанаас хэнээс гарсан нь тодорхойгүй. Хэн нь хэнийхээ үгийг давтаад байгаа нь ч бас бүдэг бадаг.  Ямартай ч энэ бол АН хийгээд Ерөнхийлөгчийн институцын нэгдмэл бай суурь, хамтын санал санаачлага гэдэг нь тодорхой байгаа юм.  Энэ өнцгөөс нь харвал энэ жагсаалын цаана Ерөнхийлөгч инээмсэглээд сууж байхыг бас үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгыг МАХН-тай жагсаал зохион байгуулах тухай ярилцаад явж байна гэдгийг  сануулсан. Төрийн түшээ хүн андуу эндүү хэлээгүй л байлгүй дээ. 

АН жагсдагаараа жагслаа. Чухам аль хэр үр дүнтэй, үлдэх мөртэй жагсаал болсон нь тодорхойгүй. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ тухайд “Жагсаж цуглах бол Монгол Улсын Үндсэн Хуулиар олгогдсон эрх, гэхдээ ард түмнийг уриалж жагсах ёс зүйн эрхтэй хүмүүс яавч АН-ынхан биш” гэж хэлсэн. Тиймээ, ёс зүйн эрх тэдэнд бий юу. 

Ард түмний жагсаал байв уу, аль эсвэл АН-ын гишүүдийн жагсаал болсон уу гэдгийг иргэд тунгааж харж байгаа биз ээ.

Г.Ханболор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.