2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » УИХ тогтоол гаргаж банкны зээлийн хүүг бууруулах нь хэр бодитой вэ

УИХ тогтоол гаргаж банкны зээлийн хүүг бууруулах нь хэр бодитой вэ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ, УИХ

Арилжааны банкны зээлийн хүүнд хязгаар тогтоож, ард түмнээ санхүүгийн мөлжлөгийн системээс аврах тухай өнгөрсөн оны намраас улс төрчид эрч хүчтэй ярьсан ч ам, ажил хоёр нь алд дэлэм зөрсөн билээ. УИХ-аас саяхан баталсан Банкны тухай хуульд арилжааны банкны зээлийн хүүнд хязгаар тогтоох тухай ганц үг ч ороогүй нь үүнийг нотолно. Мөн зээлийн хүүнд хязгаар тогтоох боломжтой Банкны зээл, төлбөр, хүүгийн тухай хуулийг хэлэлцэлгүй хассан байдаг. Ардчилсан нам төрийн эрх барих хугацаандаа зээлийн хүүг хазаарлаж чадаагүй. Тэдний дуусгаж чадаагүй ажлыг Ардын намынхан хийх байх гэсэн хүлээлт ард иргэд, бизнес эрхлэгчдийн дунд байгаа нь нууц биш. Арилжааны банкны зээлийн хүүгийн дундаж 20 хувиас дээш бол үүнийг мөлжлөг гэж Олон улсад үздэг. Харин манай улсын арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 35-36 хувь болохыг улс төрчид хэлдэг.

Банкны зээлийн хүүнд дээд хязгаар тогтоох боломжтой хуулийн төсөл гацаанд орсон ч УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчинг бүрдүүлэх тухай тогтоолын төслийг батлахаар хэлэлцэж байна. Уг байнгын хорооноос гаргах тогтоолын төсөл Засгийн газар, Монголбанк болон холбогдох бусад байгууллагад банкны зээлийн хүүг бууруулах чиглэл өгөх юм. Харамсалтай нь тогтоолын төсөл тодорхой шийдэлгүй бэлгэдлийн шинжтэй болсныг гишүүд шүүмжлэв.

-Би ийм тогтоолын төсөл гаргахаас ичиж байна-

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг: Зээлийн хүүг бууруулах үүрэг даалгаврыг эртнээс өгсөн. Гэтэл өнөөдөр орж ирж байгаа албан бичгийг харал даа. Зээлийн хүүг бууруулах байнгын хорооны тогтоол дотор нэг, хоёр жилийн дараа зээлийн хүү буурах юм байна гэсэн найдвар төрүүлэх нэг зүйл ч алга.  Би ийм тогтоолын төсөл гаргахаас ичиж байна.

-Банкны зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөл хэрэгжинэ гэдэгт итгэхгүй байна-

Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар: Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх тогтоолд тодорхой зүйл алга. 100 сая төгрөгөөс доош зээл дээр асуудал байдаг. Том зээлдэгч нарт банкууд өөр санал тавьдаг. Арилжааны банкууд том зээлдэгч дээр оочерлож байгаад хүүгээ буулгаад ярьдаг. Арга барсандаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг дэмжиж байгаа. Хүмүүс намайг эдийн засгийн ойлголтгүй зүйл ярилаа гэдэг. Бусад зүйл дээр төрийн оролцоо байх ёстой гэж хэлдэг. Зээлийн хүү дээр очихоороо зах зээл өөрөө зохицуулах ёстой болчихдог. Төрийн оролцоо байх ёстой. Би ийм тогтоолын төслийг зөндөө уншсан. Энэ тогтоолын төсөл хэрэгжинэ гэдэгт итгэхгүй байна. Тодорхой заалт оруулмаар байна. Болдог бол зээлийн хүү жилийн 18 хувь байна гэж заамаар байна. Зээлийн хүүг даваад явдаг жижиг дунд бизнес гэж алга.

-Ард түмэнд таалагдах гэж арга хэмжээ авах нь арга ядсан зүйл-

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан: Зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар боомилж барьж чадах уу. Цаг хугацаа нь мөн үү. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг төр тогтоож болно. Харин хэзээ вэ. Ямар эдийн засгийн орчинд ийм боломж гарч ирэх вэ гэдгийг бид нар харах хэрэгтэй. Зээлийн хүүнд хязгаар тогтоосон Япон улсын тухай ярих их дуртай байдаг.

Гэтэл Япон улс инфляци, эдийн засгийн тогтвортой байдал, зээлжих зэрэглэлээ хамгийн сайн барьдаг. Японд инфляци 1-2 хувийн хооронд байдаг. Бид хүмүүсийн хэл амыг дарах гэж ард түмэнд таалагдах гэж арга хэмжээ авбал арга ядсан зүйл болно. Төр ажлаа хийж ард түмний бодит мөнгөн орлогыг хэмлээд байгаа инфляцийг барьдаг болох хэрэгтэй байна.

-Арилжааны банкууд зээлийн хүүг, хадгаламжийн хүүг буулгах хүсэлтийг Монголбанканд гаргасан байдаг-

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр: Ард иргэдийн дунд банкны зээлийн хүү буурна гэсэн том хүлээлт байгаа. Арилжааны банкууд зээлийн хүүг, хадгаламжийн хүүг буулгая гэсэн хүсэлтийг Монголбанканд гаргасан байдаг юм билээ. Банкны зээл, төлбөр, хүүгийн тухай хууль гэж бий. Буцаасан барьсан гээд янз бүрийн яриа гарсан. Энэ хуулийг авч хэлэлцэх ёстой. Ингэхдээ банкны зээлийн хүү, хадгаламжийн хүүгийн дээд хэмжээг тогтоох саналтай байна.

-Зээлийн хүүг бууруулахын тулд эх үүсвэр болсон мөнгөний нийлүүлэлтийг анхаарах хэрэгтэй-

Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа: Зээлийн хүүг бууруулах тогтоол бол цаг үеэ олсон чухал тогтоол. Өнөөдөр ард иргэд ганц л зүйлийг хүсч байгаа. Жижиг, дунд бизнесийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлээч ээ гэж байгаа. Ажилгүйдэл нэмэгдэж байна гэдэг зүйлийг их хэлдэг. Сангийн яам, Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг дэмжиж өгсөн бодлого явуулбал ямар вэ. Зээлийн хүүг бууруулахын тулд эх үүсвэр болсон мөнгөний нийлүүлэлтийг анхаараач ээ гэж хэлмээр байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.