2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Яагаад санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах ёстой вэ?

Яагаад санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах ёстой вэ?

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Нийгэм

Яагаад санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах ёстой вэ?

АНУ-ын моргейжээс эхлэлтэй дэлхийн эдийн засгийн хямралын бас нэг шалтгаан нь тухайн үед банкууд иргэдээ зээлээ төлөх чадамжгүйг нь мэдсээр байж, их хэмжээгээр зээл олгосоор байсан нь нөлөөлсөн гэдэг. Өөрөөр хэлбэл, байшин авах гэсэн хүн нохойныхоо нэр дээр хүртэл зээл авч байсан гэх шог яриа ч бий.

 

Мэдээж, банкууд зээлдэгчийнхээ чадамжаас давсан зээлийг маш ихээр олгосноор эргээд зээл нь чанаргүйдэж, банк, санхүүгийн салбараа “хөмөрч” орхисон түүх 2008-2009 онд бичигдсэн. 

Нэг талаас банк, санхүүгийн байгууллагын хэт ашгаа бодсон, ёс зүйгүй байдал, нөгөө талаас иргэдийн санхүүгийн мэдлэг, мэдээлэлгүй байдал нь нэгдсэнээр ийнхүү улс орныг хямралын хавцал руу “түлхсэн” юм. Энгийнээр тайлбарлахад, банк бол маш хүчирхэг хуульчид, эдийн засагчдын баг бүхий мэргэшсэн институци. Тэд иргэн, харилцагчид ямар бүтээгдэхүүнийг хэрхэн санал болгож, хэрхэн борлуулахаа сайн мэднэ. Харин иргэн хүн, харилцагч нь аливаа зээл авлаа гэхэд түүнийг даган бий болох гэрээний үүрэг, хариуцлагаа төдийлөн ухамсарладаггүй. 

Зөвхөн зээлээ л авч байвал боллоо гэх байдлаар ханддаг аж. Ингээд гэрээгээ ч уншихгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулснаар зээл төлөх явцдаа ямар нэгэн байдлаар хохирч, санхүүгийн дарамтанд ордог гэнэ. Эцсийн дүндээ иргэн болон банк аль аль нь хүнд байдалд орж, энэ байдал даамжирснаар яваандаа санхүүгийн салбар хямрал руу унасан юм.  

Тийм учраас дэлхий дахин 2008-2009 оны хямралын дараа “Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах хамгийн чухал хөшүүрэг нь санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах, харилцан тэгш мэдээлэл, эрхтэйгээр санхүүгийн харилцаанд ордог байх нь чухал юм байна” гэж үзсэн гэдэг. Улмаар дэлхийн төв банкууд үндсэн зорилтдоо санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үүрэг функцийг оруулж эхэлсэн байна.

Монгол Улс ч бас 2012 оноос хойш Дэлхийн банкны техник, туслалцааны хүрээнд санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар тодорхой судалгаа, ажлууд хийж эхэлсэн. Улмаар 2018 онд Төв банкны тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, төв банкны үндсэн үүргүүдэд санхүүгийн салбарын хэрэглэгчийн эрхийг хамгаалах зүйл заалтыг тусгаж өгөөд байна. Ингэснээр манай улс ч бас дэлхийн жишгээр санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалттай болоод байна.  

Монголчуудын хувьд санхүүгийн боловсрол дутмаг, санхүүгийн сахилга, бат хариуцлагын талаар үндсэндээ ямар ч ойлголтгүй гэхэд болно. Хуримтлал үүсгэдэггүй, олсныхоо хэрээр үрдэг, зээлээс зээлийн хооронд явах нь жирийн монгол хүний өдөр тутмын амьдралын хэмнэл болчихсон гэлтэй. Тэр хэрээр банк, санхүүгийн байгууллагатай харилцаанд орохдоо орлого, зарлагаа ч төдийлөн зөв тодорхойлж чадахгүйгээс алддаг байна.

Зөвхөн зээл авахад ч биш хадгаламж байршуулах, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн сонгохдоо ч тэр мэдлэг, мэдээлэлгүйн улмаас буруу сонголт хийх нь бий. Зүй нь бол банк, санхүүгийн байгууллагууд энэ тал дээр иргэдэд хамгийн том туслагч нь болж, мэдээллийг ойлгомжтой, энгийн байдлаар, товч тодорхой өгөх ёстой. Нөгөө талаас иргэд ч бас авч буй санхүүгийн үйлчилгээнийхээ талаар тодорхой мэдээллийг банк, санхүүгийн байгууллагаас шаардах, зээл, санхүүгийн үйлчилгээний гэрээ, нөхцөл, шаардлагуудыг сайн уншиж, танилцах нь чухал юм. 

Өнгөрсөн хугацаанд банк, санхүүгийн байгууллагатай холбоотой аливаа зөрчил, маргаанд ихэвчлэн харилцагч хохироод үлдэх тохиолдол элбэг байв. Учир нь харилцагч эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандахаа мэдэхгүй. Гол төлөв тухайлсан банк, санхүүгийн байгууллагынхаа дээд удирдлага, эсвэл дотоод хяналтын албандаа ханддаг. Тэр үр дүнгүй болохоор төв банкинд ханддаг ч төв банкны хувьд харилцагчийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой хууль, эрх зүйн зохицуулалт, ажиллах журам, дүрэм байгаагүйгээс маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхийг зөвлөж иржээ. Харин одоо маргааныг аль болох шүүхийн шатнаас өмнө буюу төв банкны хяналт, шалгалтын хүрээнд шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Үүний тулд төв банкинд банкны зохистой харьцааг хангуулах хяналт, шалгалтаас гадна хэрэглэгчийн эрхийг хамгаалах хяналт, шалгалтын нэгж ажиллахаар болсон байна. 

Монголбанкны хувьд санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах талаар 2012 оноос хойш Дэлхийн банкны зөвлөмжийн дагуу шат дараатай ажлуудыг хийсэн гэдгийг дээр дурдсан. Энэ бүхний үр дүнд 2017 онд Монголбанкны санаачилгаар санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр томоохон гурван ажил зохион байгуулагдсан байна.

Тодруулбал, нэгдүгээрт, санхүүгийн салбарын бодлого тодорхойлогч төрийн байгууллагуудыг хамруулсан онол практикийн бага хурал, сургалт, семинар, хоёрдугаарт, “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний чуулган”, гуравдугаарт дэлхийн есөн орны төлөөлөл оролцсон олон улсын бага хурлыг зохион байгуулжээ. 

Харин энэ он гарсаар төв банкнаас санаачлан “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах” 5 сарын хугацаатай аяныг эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд санхүүгийн  хэрэглэгчийн эрхийг хамгаалах, иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажлуудыг хийх аж. Мөн аяны эцсийн үр дүн нь “Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль”-ийг боловсруулж, УИХ-аар батлуулахыг зорьж буй аж. 

Монголын хувьд банкны салбарт нэг үеэ бодвол ёс зүй, хариуцлага нь эрс дээшилсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэхдээ аяны хүрээнд наад зах нь иргэнтэй байгуулж буй зээлийн гэрээний үсгийн фонтыг том, ойлгомжтой хэлбэрээр хэвлэх зэрэг энгийн хэрнээ чухал дадлуудыг банкуудад хэвшил болгохыг зорьж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.