2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Эдийн засаг » Битгий давар, нефть импортлогчид оо

Битгий давар, нефть импортлогчид оо

Нийтлэлийн төрөл: Эдийн засаг, Онцлох мэдээ

 Энэ үйлдэл нь “Бидний оруулж ирсэн бензингүйгээр та нар яах юм бэ, хүссэн хүсээгүй авч л таарна” гэж илт басамжилсан алхам байлаа. Бас үнэ нэмлээ гээд гоншгиноод байвал бүр юу ч дусаахгүй шүү гэсэн үггүй сүрдүүлэг байв. Нэг ёсондоо бидний тогтоосон үнээр бензин авбал ав, үгүй бол уучлаарай гэсэн сануулга мэт.  Импортоор оруулж ирэх шатахууны татвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор оны эхнээс бензин шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн таамаг байсан. Тэр хэрээр таксины үнэ нэмэгдэж, дахиад л нэг дарамт болох нь гэсэн айдас ч иргэдэд байсан. Бензиний үнэ нэмэгдэнгүүт  дагаад л бүх юмны үнэ суга өсдөг жишиг манайд бий. Хариуцсан салбарын сайд нь импортоор оруулж ирж байгаа бензин шатахуунд ногдуулах татварын хэмжээ жирийн иргэний таксины үнэд нөлөөлөхөөр их биш гэж мэдэгдэж байсан нь саяхан. Гэвч Засгийн газрын тэргүүн хэлэхдээ “Бид бүх зүйлийг барьж чадахгүй. Бензиний үнэ зах зээлийнхээ журмаар тогтоогдоно” гэдгийг хэлсэн. Ерөнхий сайдыг ингэж хэлмэгц шатахуун импортлогч нар шууд л сүүлээ сөхөж эхэлсэн гэхэд болно. Ямартаа л АИ-92 бензин 1630 төгрөгөөс 1890 болж, АИ-95 бензин 1750-иас 1950 төгрөг болж өссөн. Үнэ нь ингэж суга өссөн хэрнээ бензин олдохгүй байгаа нь юуных вэ. Тэд яагаад бензиндээ хязгаарлалт хийв. Дахиад үнээ хөөрөгдөх гэж байна уу, гэвэл үгүй.

Гол нь тэдний нэмж тогтоосон үнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн эхлээд газрын өгсөн мэдээллээр энэ бол хөөсөрсөн үнэ, шатахууны үнийг ингэж нэмэх үндэслэл байхгүй гэж эсэргүүцсэний хариуд барьж буй увайгүй үйлдэл юм. “Бид шатахууныхаа үнийг нэмэхээс аргагүй, та нар авахаас аргагүй” гэдгийг зүгээр л үйлдлээрээ харуулж байгаа нь энэ. Үнэндээ энэ хэдхэн шатахуун импортлогч компаниуд Монголд монополь эрхээ тогтоогоод зогсохгүй, Монголын төрийг бүхэлд нь атгачихсан юм биш үү. Байж байгаад л цагаан сар, наадам, намрын ургац хураалтын ид ажлын сургаар Монголд бензиний хомсдол болж, хязгаарлалт тавьж байгаад сэм сэм үнээ нэмдэг байсан бол одоо бүр ил цагаандаа гарч 50-60 төгрөгөөр бус 200-300 төгрөгөөр нэмдэг болов. Татварыг эсэргүүцэж байгаа үйлдэл гэлээ ч нэгэнт өссөн үнэ эргэж буудаггүй тогтолцоо зөвхөн манайд л бий. Юутай ч бензиний үнэ нэмэгдлээ. Одоо дагаад бүх юмны үнэ эрс өснө. Төрөөс татвар нэмсний балгийг шатахуун импортлогчид жирийн биднээс хэд нугалаад авч байгаа нь энэ. Нэгэнт Төр, засгаас үнийг тогтоон барьж дийлэхгүйдээ хүрээд зах зээлийнхээ жамаар нь сул тавьсан юм бол заавал энэ хэдхэн компанид шатахуун оруулж ирэх эрхийг эзэмшүүлэх нь алба уу. Шударга өрсөлдөөн бий болгох хэрэгтэй шүү дээ. Эднээс хамаагүй хямдаар шатахуун оруулж ирээд борлуулах үндэсний компани олдож л таарна. Бүр болохгүй бол ОХУ-аас ШТС оруулж ирж болно шүү дээ. Шатахуун импортлодог дотоодын хэдхэн монополь компаниуддаа шантаажлуулаад  “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” болсон биднийг хараад хөрш гүрэн өрөвдсөн бололтой.

Юутай ч, Роснефть компани Монголд 150 ШТС байгуулан өнөөгийн Монголын компаниудын бензин борлуулж байгаа үнээс 20-30 хувиар хямд үнээр шатахуун худалдаалах санал тавьжээ. Энэ үнэхээр боломжийн санал биш гэж үү. Бид АИ-92 бензинийг 1640 төгрөгөөр авдаг байсан бол Роснефтийн тавьсан саналаар бол нэг литр бензинийг 1148 төгрөгөөр авах нь. Литр тутамд 492 төгрөг хэмнэнэ гэсэн үг. Арван литр бензинээс 4920, зуун литрт 49200 төгрөг хэмнэнэ. Сайхан л хэрэг. Үнэхээр дотоодын хэдхэн шантаажлагч компаниуддаа гарах гарцгүй болтлоо атгуулчихаагүй бол, эдгээр компаниас далдуур “цалинждаггүй” бол Засаг төр жирийн иргэдийнхээ төлөө нэг юм бодмоор болж дээ. Хэрвээ Роснефть ороод ирэх юм бол өнөөдөр сүүлээ сөхөөд байгаа шатахуун оруулагч энэ хэдхэн монополь компани бүгд хаалгаа барихад хүрнэ. Яадаг юм бэ, тэдний ШТС-уудыг дампууруулж байгаад Роснефтэд боломж олгоод үзвэл яасан юм бэ. Иргэдэд хямд бас хэзээ ч хязгаарлалт тавьдаггүй найдвартай бензин л хэрэгтэй байна.

Эцэст нь хэлэхэд, бензиний үнэ буусан ч, юмны үнэ буухгүй. Юу үнэн, энэ л үнэн.

Н.Саранчимэг

Эх сурвалж: 24tsag.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.