2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Оффшорчдын нэг тоолуур дуусч, нөгөөх нь гүйж эхэллэ

Оффшорчдын нэг тоолуур дуусч, нөгөөх нь гүйж эхэллэ

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Оффшорчдын нэг тоолуур дуусч, нөгөөх нь гүйж эхэллэХэзээ ч мартаж, орхиж үл болох хоёр зүйл бол агаарын бохирдол, оффшорчдын асуудал болоод байна. Эдгээрийг төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хүртэл ярьж байгаа хэдий ч одоогоор хараахан үр дүнд хүрээгүй л байна. Монголын маргааш олон тулдаа болж байх шиг. Гэхдээ аливаад бас дуусах хугацаа, хязгаар байдаг жамаар оффшор бүс дэх данс, компаниа хаах хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан Лихтенштейний вант, Бахрейны хаант, Белиз улс болон Бермуд, Британийн Виржин, Жерси, Кайман, Куук, Ангиль, Бахам, Маршалл, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан нийтийн албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээд үйл ажиллагаагаа энэ сарын 4-ний өдрөөр зогсоох зохицуулалт дуусгавар болов. Хэрэв оффшор бүсээс мөнгөн хөрөнгөө эргүүлэн татсан бол энэ тухайгаа Авлигатай тэмцэх газарт хоёрдугаар сарын 4-ний дотор мэдүүлэх ёстой. Товчхондоо, оффшорчдын тоолуур гүйж эхэлсэн гэсэн үг. Аравдугаар сарын 4-нөөс хойш гурван сарын хугацаа олгосон тоолуур ийнхүү өчигдрөөр дуусгавар болсон гэдгийг АТГ-аас сануулж, бүх яам, агентлаг, орон нутаг руу зөвлөмж, чиглэл хүргүүлжээ. Тэдэнд олгосон сарын хугацаатай тоолуур гүйж дууссаны дараа боломжоо ашиглаж чадаагүй, оффшор гэдэг үгийг нэрийнхээ өмнө тодотгосон эрхмүүдийг яах вэ. Тэдэнд арга хэмжээ авч, хариуцлага тооцож чадах болов уу гэсэн асуултад олон нийт хариулт нэхэж сууна. Учир нь, дээр дурдсан хугацаанд ганцхан иргэн хариуцлагаа ухамсарлаж, оффшор бүсээс мөнгөө татсан юм. Албан ёсоор олгосон хугацаанд Монгол Улсын нэг иргэн оффшор бүсээс дөрвөн сая 370 мянган ам.доллараа оруулж ирсэн. Эх сурвалжийн мэдээлснээр Панамын баримтад дурдагдсан хүмүүсийн нэг нь Ч.Давааням. Тэрбээр НИК-ийн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Энэ нь оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол. Харин нэр бүхий бусад хүн Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс олгосон боломжийг ашиглаж чадсангүй. Эсвэл тэд ашиглахыг хүсээгүй бололтой. Үүнээс гадна оффшорын 49 бүс нутагт Засгийн газрын тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж, 15 улсыг шинээр нэмсэн. Тухайлбал, Хонконг, Сингапур, Швейцарь, Макао, Малайз зэрэг улс багтсан. Энэ бүс нутагт оффшор данстай эрхмүүд Засгийн газрын тогтоол баталснаас хойш гурван сарын хугацаанд буюу ирэх гуравдугаар сарын 6-ны дотор оффшор бүс дэх дансаа хаах ёстой. Улмаар энэ тухайгаа дөрөвдүгээр сарын 6-ны дотор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэх шаардлагатай юм.

АСУУДЛАА ЦЭГЦЛЭЭГҮЙ БОЛ ИЙМ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 13-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан болон хамаарал бүхий этгээд оффшор бүсэд мөнгөн хөрөнгө байршуулах, данс эзэмших, хуулийн этгээд үүсгэн байгуулах, үл хөдлөх хөрөнгө өмчлөхийг хуулиар хориглосон. Хэрэв хуульд заасан хугацаанд багтаж асуудлаа цэгцлээгүй бол хариуцлага хүлээнэ. Тодруулбал, сонгогддог албан тушаалтан буюу УИХ-ын гишүүн, аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилогддог албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлнө. Энэ хуулийг Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39742 албан тушаалтан түүнтэй хамаарал бүхий этгээд хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийнхэн нь оффшор бүсэд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн үг. Хэрэв хамаарал бүхий этгээд нь оффшор бүсэд бүртгэлтэй улсад эмчлүүлэх, сургалтын төлбөрөө төлөх, аялах, томилолтоор явах үед банкинд данс нээлгэх болбол Авлигатай тэмцэх газарт заавал мэдэгдэх үүрэгтэй. Мөн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 22.10 дугаар зүйлийн хоёрт зааснаар энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч, 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Энэ хуулийг батлахаас өмнө оффшор бүсэд хууль ёсны дагуу данс, компани эзэмшиж байсан бол ямар нэгэн хариуцлага хүлээлгэдэггүй байсан. Харин одоо ямар ч тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр тусгасан нь энэ юм.

ЭР ХҮН ХЭЛСЭНДЭЭ ГЭДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ !

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан Х.Баттулга төрийн тэргүүн болохоосоо өмнө, болсныхоо дараа ч оффшорын талаар хэдэнтээ зоримог дуугарч, уриалга, захирамж хүртэл гаргаж байсан. Гэтэл сүүлийн үед амаа хумхиж, харин ч бүр агаарын бохирдол, ханиад томуу, эмнэлгийн ачаалал гэх өөр зүйлд анхаарал хандуулах болов. Уг нь Ерөнхийлөгч маань оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, байршуулсан мөнгөн хөрөнгөө оруулж ирэхийг өнгөрсөн оны долоодугаар сарын 24- нд уриалж, захирамж гаргасан удаатай. Олгосон хугацаанд өгсөн боломжийг ашиглаагүй эрхмүүдийг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн тодотгож байсныг олон нийт одоо ч мартаагүй. Харамсалтай нь, түүний энэхүү захирамж биеллээ эс олов. Монгол Улсын төрийн тэргүүн олон нийтэд таалагдаж, тэднээс оноо авахын тулд ийм шийдвэр гаргасан хэрэг үү. Тийм биш бол ажил хийвэл дуустал, эр хүн хэлсэндээ гэдэг үгийг санууштай. Эсвэл оффшортой өөрөө нэр холбогдож явсан болохоор чимээгүй болов уу. Энэ талаар товчхон эргэн сануулбал, төрийн тэргүүн оффшор бүсэд 250 сая ам.доллар бүхий данстай гэсэн яриа олон нийтийн дунд хэсэгхэн шуурч байгаад мартагдсан тал бий. Харин төд удалгүй түүний оффшор бүс дэх мөнгөний хэмжээ бүр хэд дахин өсч 1.1 тэрбум ам.доллар болсон талаар дуулдаж байлаа.

ОФФШОР БҮСЭЭС МӨНГӨ ОРЖ ИРЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ХУУРАЙ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАНА

Оффшорчдод олгосон хугацаа дуусч байгаатай холбогдуулан Оффшор, авлигын эсрэг үндэсний хөдөлгөөнийхөн өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсын 49 иргэн оффшор данстай талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн байдаг. Оффшор дансанд байгаа 17 тэрбум төгрөгийг Монгол Улсын гадаад, дотоод өрийг дарахад зарцуулах нь зүйтэй гэж Оффшор, авлигын эсрэг үндэсний хөдөлгөөний зохицуулагч Н.Баатарцогт онцоллоо. Тэрбээр “Сүүлчийн хэдэн сар ард түмний анхаарлыг оффшорчдоос холдуулах маш олон ажиллагааг санаатайгаар явуулж байна. Хөшигний ард байгаа оффшорчдоос хариуцлага нэхэж, нууц хөрөнгөө ил тодоор зарлах сүүлчийн боломжийг олгож байна. Эс бөгөөс бид дараа дараагийн шат дамжлагад шилжинэ. Оффшор бүсээс мөнгөн хөрөнгөө татсан тухайгаа хоёрдугаар сарын 4-ний дотор АТГ-т мэдүүлэх ёстой. Энэ хугацаа дуусахад хэрэв оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй тохиолдолд бид хуурай өлсгөлөн зарлана” гэв.

С.ЮМСҮРЭН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.