2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » УИХ » НИЙТЭД ТААЛАГДАХ БУС НИЙГЭМД ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ ЧУХАЛ

НИЙТЭД ТААЛАГДАХ БУС НИЙГЭМД ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ ЧУХАЛ

Нийтлэлийн төрөл: УИХ

НИЙТЭД ТААЛАГДАХ БУС НИЙГЭМД ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ ЧУХАЛ

Нэг үе хууль гурав хоног гэх үг байсан бол өдгөө бүр “улстөрчид өөрсдөдөө зориулж хууль санаачилж, баталлаа” болж өөрчлөгджээ. Харин сүүлийн үед бол нийгэмд хэрэгтэй гэхээсээ илүү нийтэд таалагдахын тулд хуулийн төсөл санаачилж, эсвэл бүр нэмэлт өөрчлөлт оруулдаг улстөрч олширсон бололтой.

Эгээ л бөөсний онигоо гэдэг шиг. Яагаа вэ, нэг оюутан шалгалт өгөөд билет сугалдаг даа. Хөөрхий ганц бөөсний тухай л мэддэг юм болохоор ямар ч билет сугалсан яаж, ийж байгаад л бөөстүүлж, түүнийхээ талаар дуржигнатал ярьдаг даа. Яг л түүн шиг.

Учир нь өдгөө УИХ-аар банкны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүн өргөн барьсан Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. 

Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Банкны зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл санаачлаад байгаа. Мэдээж банк, санхүүтэй холбоотой хуулийн төслүүдийг мэргэжлийнхэн тухайн салбарынхан ихээр анхаарч байгаа нь тодорхой. Харин энгийн иргэдэд бол хадгаламжийн болон зээлийн хүү нь хамгаас чухал байдаг.

Угаас одоо хэлэлцэж буй хоёр хуулийн төслийн хувьд 14 хоногийн зайтай өргөн баригдсан байдаг бөгөөд олон улсын стандарт, шаардлагад нийцэх, бусад хуулийн эрх зүйн болон цаг хугацаа, нийгмийн шаардлагын дагуу зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж парламентын гишүүд болон банкны салбарынхан үзэж байгаа. Банкны тухай хуулийг анх 1991 онд Монгол Улсын Бага Хурлаас баталсан Монгол Улсын банкны тухай хууль, дараа нь 1996 онд УИХ-аас баталсан Банкны тухай хууль, 2010 онд УИХ-аас шинэчлэн баталсан Банкны тухай хуулиар тогтоож, тэдгээрийг үндэслэн Монголбанкнаас баталсан журмаар тус тус зохицуулж иржээ. Харин Төвбанкны бие даасан хараат бус байдлыг л гэхэд 1996 онд УИХ-аар баталсан хуулиар зохицуулж байх жишээний.

Энэ ч утгаараа Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Бусад улс оронд нэвтрээд байгаа банкны хяналт шалгалтын олон улсын зарчим, стандартад нийцүүлэх шаардлагатай болсныг өнгөрсөн хугацааны Монголбанкнаас банканд хяналт тавих үйл ажиллагааны хэрэгжилт, туршлага харуулж байна" гэдгийг тайлбарласан.

Тиймээс “Банкны хяналт шалгалт, зохистой  засаглал, удирдлагын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа.

Үүний тулд банк үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлагад тавих шалгуурыг сайжруулах, зээлийн төвлөрлийг шинэчлэн тодорхойлж банкны эрсдэлийг бууруулах, банканд авах албадлагын арга хэмжээг зөвхөн зөрчил гарсны дараа бус, зөрчил үүсэж болзошгүй эрсдэлийн түвшинд хүрсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх байдлаар хэрэгжүүлж, банк санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн үндэслэлийг шинээр хуульчлах; албадлагын арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэх; албадлагын арга хэмжээг банкны хяналт шалгалтаар тогтоосон дутагдал, эрсдэлийн түвшинд үндэслэдэг байх; бусад зохицуулалт зэрэг агуулгаар хуулийн төслийг боловсрууллаа хэмээн өргөн барих үедээ хэлсэн.

 Харин Төвбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн; Засгийн газрын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин “Аливаа улсын Төвбанкны бие даасан, хараат бус байдлыг үнэлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, индекс аргачлал болон манай улсын дотоодын эрдэмтэн судлаачдын үнэлгээгээр Монголбанкны бие даасан, хараат бус байдал нь “хангалтгүй” буюу 0-1 оноогоор тооцсоноор 0.5-0.6 орчим хувьтай байна.

Энэхүү хангалтгүй байдал инфляцын өндөр хэлбэлзэл, гадаад валютын улсын нөөцийн хомсдол, Монголбанкны өөрийн хөрөнгийн алдагдал зэрэг макро эдийн засгийн тоон үзүүлэлтээс харагдаж байна. Иймд Төвбанкны бие даасан, тогтвортой байдал нь үнийн түвшний тогтвортой байдалтай удаан хугацаанд шууд хамааралтай байдаг .талаар тогтоосон судалгааны ололтод тулгуурлан Монголбанкны бие даасан, хараат бус байдлыг дээшлүүлснээр эдийн засагт үүсэж буй бэрхшээл, асуудлыг шийдвэрлэх нь хуулийн төсөл боловсруулах шаардлага, зорилго болсон” хэмээн тайлбарласан.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь зургаан зүйлтэй бөгөөд батлагдсанаар эрсдэл даах чадвартай, санхүүгийн хувьд бэхэжсэн банкны тогтолцоо бүрдэж Монгол Улсад тулгарч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулах суурь нөхцөл бий болох, цаашлаад хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Мөн Монголбанкнаас банканд тавьж буй хяналт шалгалтын эрх зүйн орчин сайжирч, түүнийг олон улсын жишгийн дагуу хэрэгжүүлэх, банк санхүүгийн салбарт бий болж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хөгжлийг түргэсгэхэд эрх зүйн хувьд таатай орчин бий болох ажээ.

Харин Төвбанк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Төв бие даасан, хараат бус байдлын үзүүлэлтийг тооцсон индексийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкны үндсэн зорилтыг дэлхийн нийтийн түгээмэл, чиг хандлага болсон “Үнийн тогтвортой өөрчлөх, мөнгөний бодлогыг боловсруулах, УИХ зөвхөн хуульд заасан “мөнгөний бодлогын зорилтыг баталж, энэ дагуу Монтолбанкнаас хэрэгжүүлдэг болох, Монголбанкны удирдлага буюу Монголбанкны ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нарыг албан тушаалд томилох шалгуур, чөлөөлөх үндэслэл журмыг нарийвчлан тогтоох, Монголбанкнаас баримтлах мөнгөний бодлогын зорилтын төслийг хэлэлцдэг, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх шийдвэр гаргадаг “Мөнгөний бодлогын зөвлөл", банкны хяналт шалгалтын шийдвэрийг гаргах “Банкны хяналт шалгалтын хороо”, Монголбанкны бусад үйл ажиллагаа, төсөв санхүүтэй холбоотой шийдвэрийг гаргах “Удирдах зөвлөл” байгуулахаар тусгаж, төсвийн шинж чанартай санхүүжилт- хөтөлбөрийг Монголбанкнаас санхүүжүүлж, мөнгөний бодлогын зорилт үр нөлөөг алдагдуулдаг байдлыг арилгах зорилгоор Засгийн газарт зээл олгох, Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах Монголбанкны үйл ажиллагааг тодорхой зааж, хязгаарлалтыг тусгаад байгаа юм.

Гэвч эдгээр хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх явцад олон асуудал гарч зарим гишүүний зүгээс зээлийн хүүг бууруулах асуудлыг хөндөх, эсвэл банкуудын активыг өсгөх тухайд таагүй хандах зэргээр байр сууриа илэрхийлж байгаа. Энд мэдээж буруутгах зүйл үгүй мэт боловч цаад утгаараа тухайн хуулийн төслийг батлахад хугацаа алдахаас эхлээд цаг хугацааны хувьд удаашралд орно. Үүнийг л эдийн засагчдын хувьд анхааралтай ажиглаж байгаа.

Учир нь олон нийтийн хүсэн хүлээгээд байдаг хадгаламжийн хүүг өсгөх, зээлийн хүүг бууруулах асуудал нь банкуудын зохистой үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хөдөлгөөнд орно. Тэр ч утгаараа улстөрчид банкуудын хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд, Төвбанк хараат бус байснаараа эдийн засагтаа чухал үүрэг, ач холбогдолтой гэдгийг ойлгож, попорч, олны анхаарлыг татахгүйгээр улс төрийн зориг гаргах нь чухал гэж үзэж байгаа юм.

Хэрвээ дээрх хуулийн төслүүд батлагдаад банкуудын суурь хуулиуд сайжраад ирвэл хадгаламж, зээлийн хүүгийн асуудлыг шийдвэрлэхэд гарц олдож, С.Эрдэнэ түүний санаачилсан Банкны зээлийн хүүгийн хувийн зээл хэмжээг тогтоох тухай хуулийн төсөл урагшлах боломжтой болох биз ээ. Суурь хуулиа бататгаж, банкуудын үйл ажиллагааг бэхжүүлэхгүйгээр аливаа нэмэх, хасах хүүгийн талаар хөндөх нь нийгэмд хэрэгтэй бус нийтэд таалагдах асуудлыг л хөндөж буйн илэрхийлэл болоод байна.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.