2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Ярилцлага » Б.Мөнгөнчимэг: Жүдо миний амьдралын салшгүй хэсэг

Б.Мөнгөнчимэг: Жүдо миний амьдралын салшгүй хэсэг

Нийтлэлийн төрөл: Ярилцлага
Б.Мөнгөнчимэг: Жүдо миний амьдралын салшгүй хэсэгҮндэсний шигшээ баг, жудогийн олон улсын хэмжээний мастер Б.Мөнгөнчимэгтэй ярилцлаа. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат тамирчин болсон юм.
 
-Юуны өмнө Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх эрхэм алдар, цол хүртсэнд баяр хүргэе.Бэлтгэл жигдэрч, зорилго тодорхой болсон энэ цагт Монголын төр, засгаас шагнасан нь таны ирээдүйн тэмцээнд “ташуур” өгч, урам хайрлаж байгаа болов уу. 23-хан насандаа ийм эрхэм алдар хүртэх мөчид танд ямар сэтгэгдэл төрсөн бэ. Хамгийн түрүүнд баяраа хуваалцахыг хүссэн хүн хэн байв?
 
-Баярлалаа. Гавьяат тамирчны тэмдгээ зүүгээд Төрийн ордноос гарч ирэхэд найз нөхөд болон хамт олон минь угтсан. Тэд баярт мөчийг минь хуваалцаж намайг дээш нь шидэхэд үгээр хэлэхиин аргагүй мэдрэмж төрсөн. Тухайн үед аав, ээж хоёр маань Солонгост байсан учир хамт байж чадаагүй. Тиймээс хамгийн түрүүнд тэдэнтэйгээ утсаар ярьсан.
 
-Ээжийнхээ зөвлөснөөр нэлээд хожуу жүдогоор хичээллэсэн гэсэн. Ер нь өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
 
-14 настайдаа ээжийнхээ зөвлөснөөр “Женко” клубийн тамирчин болж, Ш.Цэвэлмаа, Г.Энхбаяр багшийн удирдлага дор жүдогоор хичээллэсэн. Хүн тодорхой хүсэл сонирхолтой байж ямар нэгэн зүйлийг эхлүүлдэг. Би ч гэсэн жүдогоор хичээллэж өөрийнхөө хүч чадлыг сориод үзье гэж бодсон. Бэлтгэлээ хийгээд эхлэхэд энэ спортоор амжилт гаргах боломжтой юм шиг санагдсан учир шантрах талаар ерөөсөө бодоогүй.
 
-Магадгүй багаасаа уран нугаралтаар хичээллэж байсан нь таны хувьд давуу тал болсон байх?
 
-Хүмүүс “Уран нугараач болох хүн яагаад бөх болчихов оо" гэж асуудаг. Магадгүй энэ спортоор хичээллэхэд намайг хүлээж авсан байдал, уур амьсгал нөлөөлсөн байх. Спортоор хичээллэх нь хүнийг хүмүүжүүлдэг гэдэг. Тэр дундаа манай жүдод дасгалжуулагч болон ах эгч нараа хүндлэх ёс гэж бий. Энэ нь жүдогоор хичээллэх нэг шалтгаан болсон. Мөн үлгэр дуурайлал авдаг ах эгч нар байдаг. Өөрөө ямар мундаг байлаа ч дүү нартаа мэддэг чаддаг бүхнээ хэлж, зөвлөдөг нь манай гэр бүл шиг болсон хамт олныг улам ойртуулж өгдөг юм. Намайг бага байхад манайх Яармагт байлаа. Хэдий тийм ч жүдогоор хичээллэх дуртай учир хол гэртэй гэдгээ нэг их тоогоогүй. Өглөөний бэлтгэлийн дараа гэртээ харьж амждаггүй байсан учир орой хүртэл хүлээж байгаад бэлтгэлээ хийчихээд явдаг байсан юм. Намайг жүдогоор барилдаж эхэлдэг жил Н.Түвшинбаяр ах олимпийн аварга болсон. Энэ нь надад урам өгч, “Би ч гэсэн олимп, дэлхийн аварга болж чадна” гэж бодсон. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бэлтгэлээ өдөр өнжихгүй хийдэг байсан нь өнөөдрийн амжилтад хүргэсэн. Одоо жүдо миний амьдралын салшгүй хэсэг болжээ. Хүмүүс надаас “Дуртай зүйл чинь юу вэ” гэж асуухад “жүдо” гэж эргэлзэхгүй хариулдаг.
 
-Жүдогийн тамирчдын бэлтгэлээ хийж байгааг харахад сайхан санагддаг. Учир нь, олимп, дэлхий, тивийн аварга гэж ахархаж харилцалгүй дүү нартаа ч мэддэг зүйлээ зааж, биечлэн үзүүлж байгааг харахаар үнэхээр халуун дулаан санагдаад байдаг юм.
 
-Манай хамт олон яг нэг гэр бүл шиг байдаг. Нэг нэгнийхээ алдаа дутагдлыг хэлж өгнө. Мэдэж байгаа зүйлээ заадаг тийм л хүмүүс.
 
-Монголынхоо тамирчдаас мэхийг нь сайн хийж сурах юмсан гэж боддог хүн бий юү?
 
-Хүн бүрийн биеийн онцлог өөр. Энэ нь мэхний олон хувилбар гарахад нөлөөлдөг байх. Миний хувьд тамирчин мэхээ яаж хийж байгааг хардаг. Зарим хүний мэхийг сайн хийгээд сурчих юм сан гэж боддог л юм. Бүр алхаа гишгээг нь  дуурайх хүн хүртэл бий шүү.
 
-Таны дархан мэх хөмрөх. Гарт орсон мэхээ сайн хөгжүүлж хувилбар гаргаж чадаж байгаа юу?
 
-Хичээж л байна. Миний хувьд хөмрөх, ачих мэхийг багаасаа хийсэн. Эдгээр мэхээ улам сайжруулахын тулд бэлтгэл сургуулилтдаа анхаараад явж байна. Төгс зүйл гэж үгүй. Гэхдээ өөрийн мэхнүүдээ бүр илүү хийхийн төлөө хичээнэ.
 
-Бөхөд нүдтэй хүмүүс улс орнуудаас шинээр гарч ирж байгаа тамирчныг хараад барилдааныг нь судалдаг. Тэгэхээр одоо өмнөхөөсөө арай өөрөөр барилдах талаар бодох цаг болсон болов уу?
 
 -Япончууд энэ талын судалгааг маш сайн хийдэг юм шиг санагддаг. Дэлхийд алдартай зарим бөхийн мэхний хариу хувилбарыг олон янзаар гаргачихсан байдаг байх. Гэхдээ гарт орсон мэх гэж бий. Барилдааны үед сайн мэдэрч, зөв цаг үед мэхээ хийх хэрэгтэй, Тиймээс бөх хүнд мэдрэмж чухал гэдэг байх.
 
-Ш.Цэвэлмаа дасгалжуулагч хэр хатуу багш вэ?
 
-Хүний төлөө гэсэн сэтгэлтэй багш л гэж хэлнэ. Биднийг нэг их загнадаггүй. Мэдээж хэлэх гэснээ хэлнэ. Багш тэр нь амжилт гаргасан гээд илүү ханддаггүй. Бүгдтэй нь адилхан харилцдаг.
 
-Таны баяртай мөчүүдэд хамт байдаг болохоор багш тань ээжээс дутахааргүй ачтай хүн юм даа?
 
-Тийм шүү. Ээжтэй минь адилхан. Миний баяр, гунигтай мөч бүхэнд хамт байдаг багшдаа маш их баярладаг. Энэ ярилцлагын дашрамд гэрбүл,хамт олон,
“Женко" клуб болон“Korea optic Mongolia” компанийнхандаа баярлалаа гэж хэлье.
 
-Ирээдүйнхээ талаар төлөвлөж амжсан уу. Багш шигээ дасгалжуулагч болох уу?
 
-Тэр талаар бодоогүй явна.Өмнөө том зорилго тавьсан учир өөр ямар ч зүйлд анхаарлаа хандуулахгүйгээр бэлтгэл сургуулилтаа л хийж байна. Энэ талаар тамирчны карьераа дуусгах үедээ л бодох байх. Төр засаг, ард түмэн маань надад итгээд ийм том цол хүртээсэн учир хүмүүсийн итгэлийг алдахгүйн төлөө зүтгэнэ.
 
-Юунаас хамгийн их эмээдэг вэ?
 
-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Мэдээж дэвжээн дээр гарсан бол ялалт байгуулах үүрэгтэй. Ялахын төлөө өөрт байгаа нөөц бололцоогоо бүгдийг нь дайчлах ёстой гэж боддог.
 
-Дэлхийн дэвжээн дээр барилдчих юмсан гэж боддог тамирчин бий юу?
 
-2013 онд шигшээ багийн бүрэлдэхүүнд орсноос хойш тэмцээнд тасралтгүй оролцсон. Жингийнхээ бөхчүүдээс барилдаж үзээгүй хүн бараг байхгүй шүү.
 
 -Эцэст нь ойрын үед оролцох тэмцээний талаар тодруулж ярилцлагаа өндөрлөе.
 
-Токиогийн их дуулга, Мастерс зэрэг тэмцээн бий. Удахгүй Франц руу легионероор явах гэж байна.Францын нэрийн өмнөөс багийн тэмцээнд оролцох юм. Залуу хүн учраас сурч мэдэхэд илүүдэхгүй гэж бодож байна. Тэр тэмцээний дараа Токиогийн тэмцээнд оролцохоор явах юм.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.