2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Манай Ерөнхийлөгч

Манай Ерөнхийлөгч

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

Манай Ерөнхийлөгч Сонгогчид бид “Монгол ялна” гэсэн урианд үндэсний үзлээр ташуурдуулж, цахим орчны хийрхэлд нэрлэхүү зангаараа ижилсэж,  захиалгат нэвтрүүлгийн хатгаасанд хэтэрхий мэдэмхийрч, дэлхийн хэмжээний алдарт тамирчдын амжилтад сэтгэл ээнэгшээд, ургашгүй өрсөлдөгчдөөс нь хал авахдаа Х.Баттулгад саналаа өгчихсөн юм биш биз гэсэн айдас хаа хаанаа төрөх болсон нь санаандгүй хэрэг биш биз ээ. Хэдийгээр Ерөнхийлөгчийн статус бол хөрөнгө мөнгө батлаад санхүү зохицуулаад бүтээн байгуулалтад оролцоод байх боломжгүй ч түүнд бодлогын хэмжээнд зохицуулах асар олон ажил бий. Өөрөө л бүх өрийг тэглэнэ гэж халуурснаас бус Ерөнхийлөгч нь ерөөсөө л үндэсний эв нэгдлийг хангах, илэрхийлэгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Түүнд төсвөөс мөнгө төгрөг аваад өр шир дараад байх ямар ч боломжгүй. Сонгуулийн халуурал, дэмийрэл нь аль ч улстөрийн хүчин, ямар ч нэр дэвшигчид байдаг хойно үүнийг эртхэн мартсан дээр. Тэр тусмаа төсөв төгрөгөө гадны мэдэлд өгчихсөн энэ хямралтай үед санах бүү хэл зүүдлэхийн ч хэрэггүй.

Мэдээжийн хэрэг Ерөнхийлөгч нь олон улсын тавцанд Монгол Улсын нүүр царай болох нь дамжиггүй. Хойшоо Хиагт, урагшаа Эрээнээс цааш хөл тавьж үзээгүй хэл усгүй мань мэт нь олон улсын хандлагыг үнэндээ мэдэх юм алга. Хэвлэл мэдээлийн хэмжээний л мэдээлэлтэй сууна. Яахав, бүрэн эрхийн хүрээнд аливаа хууль бус, тэр тусмаа үндэсний аюулгүй байдал талд сөрөг зүйл байвал хориг тавих эрх бүхий хүн мөнөөсөө мөн. Тийм ч учраас манай Ерөнхийлөгч цаашид үндэсний эв нэгдлийг ханган ажиллахаасаа илүүтэй “хориг тавих” гэсэн ганцхан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг урьтал болгон ажиллах нь тодорхой харагдаж байна. Төсөвт хориг тавьж, Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад дэмжээгүйд нь ч бус ерөөсөө л түүнд үүнээс өөр хийх ажил ирээдүйд харагдахгүй байгаа нь харамсалтай. Ядахад цахим орчинд хийрхэн дэмжигчид олонтой нь бүр ч тохиромжгүй. Түүний ялалтад цахим шүтэгчид хийгээд мэдээллийн төөрөгдөлд орсон он цагийн энэхэн орон зай чамгүй нөлөөлснийг цаг хугацаа харуулна, гайгүй. Мэдээж дээр нь Ерөнхийлөгч гээд харчих өрсөлдөгч ч байсангүй.  

Тэрбээр Үндэсний эв нэгдлийг хангахаар тамга гардсан цагаас хойш нэг л эвээ олохгүй явна уу даа гэмээр. Энэ нь юугаар илэрч байна вэ гэвэл тэс хөндлөнгийн гэмээр асуудалд хошуу дүрэх нь  их юм. Их Британы вант улсад суух Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах ажиллагааг эхлүүлсэн нь газар авсангүй. Чухам ямар учраас гэдэг нь ч тодорхойгүй. Энэ мэт тулга тойрсон асуудлаар хөөцөлдөх авч заавал тэр асуудал нь бүдэрнэ. Хамгийн сүүлд гэхэд Ч.Хүрэлбаатрыг Сангийн сайдад Ерөнхийлөгч маань зөвшөөрсөнгүй. Гэтэл тэр Сангийн сайд болчихлоо. Үүнтэй дөрөө харшуулан төсвийн тодотголд  хориг тавьсан нь аанай л УИХ-ын босго давсангүй. Ерөөсөө төсөвт бүхэлд нь хориг тавилаа ч хэрэгжих боломжгүй. Тэртээ тэргүй ирэх оны төсөвт бүхий л бүтээн байгуулалтын хөрөнгийг танасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нэмэгдээд байх бүтээн байгуулалт үгүй төсөв орж ирэхийг төсөөллөөс харж болно. Олон улсын валютын сангийн мэдэлд шилжсэн төсөв ямар олигтой юм батлагдаа аж. Харийн дохио зангаанд аргагүй байдалд орчихсон төсөвт хориг тавих юм бол бүр ч хөнгөдсөн гэмээр асуудал болно. Нөгөө талаар цалингаа нэмүүлэх гэж тэмцэж байгаа багш нарт олгох 55 тэрбум төгрөг юм даа. Уг нь Ерөнхийлөгчийн сонгуулиар далдхан зуузай холбож өөрийнх нь ялалтад үнэлж баршгүй гавьяа байгуулсан гэх “Монгол ялна”-чуудынх нь нэг У.Хүрэлсүхийн л ажиллагаа шүү дээ. Арай гэж засаг авсан хамтрагч У.Хүрэлсүхэд нь эхний тулгарч байгаа хүндхэн асуудал нь багш нарын тэмцэл гэдгийг Х.Баттулга мэдмээр юм. Нэгэнт л эрх баригчид маань “бид эдийн засгаа сэргээж чадахгүй” нь хэмээн харьд хандаж, гадны хөтөлбөр оруулж ирсэн хэрэг шүү дээ. Өнөөдөр та бидний элч төлөөлөгчид нэг их лут нөхөд УИХ-ын чуулганы танхимд цэцэрхээд хэрэлдээд байгаа болохоос биш зайлуул харийн мэдэлд л мөнгө төгрөгөө зарцуулахаар сууж байгаа дорой амьтад гэдгийг ч дашрамд дурдахад илүүдэх юун.

Ядахад Тамгын газрын дарга гэх З.Энхболд нь чиг үүргийн дагуу зангараг гаргаад байна уу гэхээр өс хонзонгийн сэдлээр ажлаа явуулаад ч байх шиг. Эсвэл эргээд Ерөнхийлөгчөө байдалд хийж дорд үзээд ч байх шиг. Сүүлдээ 65 суудалтай улстөрийн хүчнийг дунд нь хэрэлдүүлээд түүнээсээ таашаал авч суудаг боллоо. Үүнээс харвал Ерөнхийлөгчийн Тамгын газраас АН-ын ажлыг ч явуулаад байх шиг. Сүүлдээ Тамгын газрын дарга маань нэр цохож байгаад гишүүдийг загнадаг, гүтгэдэг байдал газар авсаар. Цаадуул нь ч чухам юунаас айдаг юм, улстөрийн карьераа хадгалж үлдэх гэж дүүжигнэж байгаа ганц муу З.Энхболдод газар дор ортлоо хараалгана гээч.  Ямар сайндаа л Д.Эрдэнэбат гишүүн 65-ын бүлгийг “хохь” нь гэж басамжилж байхав дээ. Үнэн шүү дээ. Би ч хохь нь гэж хэлнэ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас явуулж байгаа бодлогыг өнгөн хэсгээс харвал хэрүүл уруулын шинжтэй, далд хэсгээс нь харвал Үндэсний эв нэгдлийг хангах бус хагалан буталгах мэт санагдах нь даанч гачлантай.

Бас нэг сонгуулийн халуурал уу, үлгэр үү нэг асуудал бий. Оффшор бүсэд байх мөнгийг оруулж ирээд Монгол Улсыг өрнөөс салгах тухай нэгэн үлгэр түүнээс үүдэлтэй. Тэнд чухам хэдэн төгрөг хэн хэн аваачаад хийснийг гар хөл бологчид нь илрүүлсэн гэх боловч өнөөдрийг хүртэл олонд ил болгоогүйг бодоход сонгуулийн сурталчилгааны “базари” үнэлгээ авах нэгээхэн хэсэг байсан нь өөрийн эрхгүй батлагдана. Үнэн хэрэгтээ тэр оффшор бүсэд хэн хэзээ мөнгө аваачиж хийснийг хэн мэдлээ. Бидний мэдэж байгаагаар бол Сангийн сайд, гишүүн асан С.Баярцогт тэр бүсэд нэг сая ам.доллараа мартсанаа улайж байсан санагдана. Их мэдэгч, бас учир мэдэгч Ц.Нямдорж гуайн хэлснээр тэр бүсэд ОХУ, АНУ-ын тусгай албад л нэг нэвтэрч чадвал чадна, түүнээс бус Монгол цаашаа гэсэн шүү дээ. Миний мэдэхээр Б.Хурц гаднаас хүн хулгайлж ирж байснаас фанамын бүсээс баримт чирээд ирж байсныг мэдэхгүй юм.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн маань сонгуульдсан нэг ажил бол “30 гэр бүл”-ийн асуудал бий. Түүнд нь чухам хэн хэн багтаж байгааг ч мэдэх юм алга. Ерөнхийлөгчөөсөө илүү эрх мэдэлтэй ч байж болох З.Энхболдын чуулганы хуралдаан дээр хэлснээс үзвэл УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэг нь юм билээ. Тэгэхээр надад одоо 29 нөхрийн нэр хэрэгтэй л байна. Аан тийм, эртхэндээ буюу Х.Баттулга АТГ-д шалгагдаж байх үедээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг “30 гэр бүл”-ийн тоонд нэрлэсэн санагдана. Тэгэхээр одоо бидэнд 28 гэр бүлийн нэр хэрэгтэй болж таарах нь. Сонгууль болохоор ярьчихаад бусад үед нь алга болдог үлгэр, зохиомол хэрэг, гүтгэлэг нь ялалт байгуулсан ч сүүдэр мэт дагаад байхад бид харамсахгүй яах юм бэ. Сонгуулийнхаа зүүднээсээ сэрээч ээ гэж хэлэх байна.

Ерөнхийлөгчийг маань чуулганы танхимд орж ирүүт л гишүүд нь даржин шалчигараар нь дуудаж, та “Женко” группийн Ерөнхийлөгч биш Монгол Улсын Ерөнхийлөгч гэдгээ санаж яв гэх зэргээр боорлож өгнө. Өнөөх хэдэн гишүүд маань Ерөнхийлөгчийг харахаараа цөөвөр үзсэн хотны ноход шиг нийлээд боорлох юм. Бараг л уураа гаргадаг хүн нь Ерөнхийлөгч болж байх шиг. Энэ нь үнэхээр зангараггүй гэдгээ харуулж байгаа хэрэг. Гүрэн улсын Ерөнхийлөгч жаахан зангарагтай байхаас гадна тэр аар саархан, үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлээр хөөцөлдөхөө болиул таарна. Монгол Улсын хамаг баялагийг хамсан 30 гэр бүлээ нэрлээд шоронд хорихыг нь хорих хэрэгтэй шүү дээ. Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярьж, насан зүгт одож буй чавганц шиг нуршиж суухаар нэг талд нь шийдэх хэрэгтэй. Тэр оффшор бүсийнхээ нэрсийг авчруулсан бол нийтэд дэлгээд оруулахыг нь оруулаад гаргахыг нь гаргах хэрэгтэй шүү дээ. Ерөнхийлөгч танд бүрэн эрх нь бий шүү дээ.

 Ийм жалгын хэмжээний бодлого барьж цахим орчны хэт хөөрлөөр ажлаа явуулах юм бол УИХ-ын гишүүд байтугай захын нэг нөхөр таныг гөлөлзүүлсээр байх болно. Энд бид Ерөнхийлөгчийн ажил үйлсийг харлуулах муучлах гэсэнгүй. Бүхэл бүтэн гүрэн улсын эв нэгдлийг хангах ёстой Ерөнхийлөгч арай ч бүлэглэл дунд гал асааж, хориг тавьсан төдийнхөнөөр илэрхийлэгдэхгүй шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Нөгөө талаас олон улсын тавцанд ч үнэлэгдэх үнэлгээ буурах хандлага байгааг ч анзаарч сууна.

 

С.Ууганбаяр  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.