2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга маань хайр даахгүй байна

О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга маань хайр даахгүй байна

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ, Улс төрч

О.Баасанхүү: Н.Энхбаяр дарга маань хайр даахгүй байна

. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдэж байна, улстөрийн эрхээ эдэлж чадахгүй байна гэж МАХН-ын гишүүд чадлаараа тэмцсэн, зүтгэсэн.  Гэтэл энэ үйлдэл нь эргээд МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийгөө хаан гэж ойлгохоор хэмжээнд хүрсэн байна. Намын гишүүдийн зүгээс намын ИХ хурлаа хийе гэсэн санал гаргасан. Түүнийг нь л УИХ-ын гишүүн О.Баасанхүү намыг хоёр хуваах гээд байна гээд байхгүй юу.

-Намын гишүүд ямар учраас Их хурлыг хуралдуулах гэж байгаа вэ. Ер нь жилд хэдэн удаа хуралдуулдаг юм бол?   

-МАХН анх 2011 оны нэгдүгээр сарын 28-нд Онц Их хурлаа хуралдуулж, зургадугаар сард Улсын дээд шүүхээс албан ёсоор бүртгэлээ авч байсан. Дүрэм журмынхаа дагуу Бага чуулганы 139 хүн дараагийн Их хурал хүртэл хүчин төгөлдөр байх ёстой. Өнгөрсөн хугацаанд Бага хурал 20 удаа хуралдсан байна. Гэтэл анхны гишүүдээ дүрмийн бусаар бүгдийг нь сольчихсон байна. Сүүлдээ энэ үйлдэл нь бүр хэтэрч 21 аймагт намын дарга томилсон байгаа юм. Ингэхдээ аймгийн намын даргаар томилогдсон хүмүүс нь намын гишүүдийг хуралдуулсан болгож зохиож, өөрсдийгөө сонгогдсон гэж баталгаагуулах гэж яваад байна. Аймгийн намын даргыг нэг хүн томилж байна гэдэг чинь энэ нам ардчилалгүй, гишүүдээсээ татгалзаж байгаагийн илрэл. Үүнийг л эгэл жирийн гишүүд эрс эсэргүүцэж, намын их хурлыг хуралдуулах гээд байгаа. МАХН-ын хамгийн дээд байгууллага бол намын Их хурал байдаг. Гэвч эгэл жирийн гишүүд 2013 оноос хойш Их хурлыг хуралдуулах хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл хуралдаагүй байна. Дүрмийн дагуу хоёр жилд нэг удаа ээлжит Их хурлыг хуралдуулах ёстой.

-МАХН-ыг нэг хүний нам гэдэг. Тиймээс ч жирийн гишүүдийн зүгээс намын даргаа шинээр сонгох хүсэлтэй байгаа байх?

-МАХН-ыг нэг хүний нам, гэр бүлийн нам гэж ард түмэн шүүмжилдэг. Энэ шүүмжлэлийг намын гишүүд авч үзэх ёстой. Намын дарга 4-өөс дээш удаа улиран сонгогдохгүй гэсэн дүрэм байгаа. Гэтэл үүнийг намын Их хурлыг хийлгүйгээр өөрчилж байгаа гэх мэдээлэл байна. Уг нь намын дүрмэнд намын дүрмийг зөвхөн намын Их хурлаар өөрчилнө гэж заасан байгаа. Гэтэл Улсын дээд шүүхэд материал хүргүүлсэн байна. 

-Намын даргыг 4-өөс дээш удаа улиран сонгохгүй гэдгийг өөрчлөхөөр үү?

-Би материалтай танилцаж амжаагүй байна. Гэхдээ тийм мэдээлэл байна. Үнэхээр ЛИДЕР юм бол Их хурлаараа сонгогдоод гараад ир л дээ. Гэхдээ дүрмэнд тодорхой заасан зүйлийг Улсын дээд шүүх бүртгэх ёсгүй гэж үзэж байна.

-Улстөрийн намын тухай хуулинд болно гэж заасан байдаг юм бишүү?

-Улстөрийн намын тухай хуулийн 13.5-д Бага чуулган, намын дүрэмд өөрчлөлт оруулж болно гэж заасан байгаа ч 13.9-д зохион байгуулалттай холбоотой асуудлыг дүрмэндээ зохицуулчихсан бол шүүх түүнийг авч хэлэлцэхгүй, шийдвэр  гаргахгүй гэж заасан байгаа. Тэгэхээр аль ч нам дүрмээ хуулиа дагах ёстой. Тэгэхээр дүрмэнд тодорхой заасан зүйлийг Улсын дээд шүүх авч бүртгэх ёсгүй гэж үзэж байна. Хэрвээ дүрмээ өөрчлөх гэж байгаа бол намын ИХ хурлыг хуралдуулах ёстой.

-Тэгээд намын Их хурлыг хэзээ хуралдуулахаар болов. Хурлын товыг хэн гаргах ёстой байдаг юм бэ?

-Их хурлыг арванхоёрдугаар сарын эхээр буюу 9-10-нд хуралдуулахаар товлосон. Хөдөө орон нутаг, Улаанбаатараас нийтдээ 1206 төлөөлөгч оролцоно гэж тооцоолсон. Гэхдээ намын Их хурлын төлөөлөгч сонгох ажилд ч намын дарга хууль бусаар оролцож байна. Төв намаас Н.Энхбаяр дарга явуулсан гээд хэсэг бүлэг залуус хөдөө орон нутагт очиж, орон нутгийн намын даргаар намайг томилсон гээд бичиг баримтаар баталгаажуулаад протокол хөтлөөд өгөөч гэсэн хууль бус үйл ажиллагаа Орхон, Сэлэнгэ, Завхан аймгуудад явагдаж байна гэсэн мэдээлэл ирсэн. Иймэрхүү арчаагүй үйлдэл хийгээд байвал энэ нам замбараагүй байдалд орно. Намын доод шатнаас гарсан хүнийг дэмждэггүй, дээрээс томилогдоод ирсэн хүнийг дэмждэг байдлыг шинэчлэнэ. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа Их хурал хийгдээгүй нам байж болох уу. Нам л юм бол Их хурлаа заавал хуралдуулах ёстой. 

-Таныг МАХН-ын дарга Н.Энхбаярыг харлуулж байгаад өөрөө намын дарга болох амбиц тээж яваа гэж хардах хүмүүс ч байна?

-Тийм зүйл байхгүй. Анх МАХН анхдугаар хурлаа хийж, намын даргаа сонгоход дөрвөн хүн өрсөлдсөн. Улмаар МАХН-ын одоогийн дарга Н.Энхбаяр олонхийн санал авч намын дарга болж байлаа. Харин одоо намын даргын сонгууль болвол хэдэн хүн өрсөлдөөд хэн гарахыг би мэдэхгүй. Намын даргад өрсөлдөх эрх нь хэнд нээлттэй. Харин хэн сонгогдохыг 1206 төлөөлөгч шийднэ. 

-Бас нөгөө талаасаа таныг Н.Энхбаяртай ингэж зууралдаж байхаар намаасаа гараад сул гишүүн болчихож болохгүй юм байхдаа гэсэн хүмүүс ч их байна?

-Би намаасаа гарч болно. Намаа хаяж болно. Гэхдээ эцсийн эцэст намайг дэмждэг, дэмжсэн 100 мянга гаруй гишүүдийг яах болж байна. Тэднийг хаяад сүүлээ хавчаад явах уу. Би Н.Энхбаяртай муудалцаагүй. Яагаад гэхээр би нэг компанийн ажилтан биш. Цалин өгөхгүй байна гээд цалингаа голоод явж байгаа хүн биш шүү дээ. МАХН гэсэн итгэл үнэмшлээрээ явж байна. Хэрвээ намаа хаяад явбал надад парламентэд явах шаардлагагүй байхгүй. 

Ярилцсанд баярлалаа.

Б.Чимэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.