2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Засгийн газар » Шинэ Засгийн газрын сайдууд иргэддээ чиглэсэн шийдвэрээр ажлаа эхлэв

Шинэ Засгийн газрын сайдууд иргэддээ чиглэсэн шийдвэрээр ажлаа эхлэв

Нийтлэлийн төрөл: Засгийн газар, Нийгэм, Онцлох мэдээ

 Шинэ Засгийн газар байгуулагдаад долоо хонож байна. Энэ хугацаанд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан хоёр ч удаа боллоо. Өчигдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргажээ.

Тодруулбал, Засгийн газар 20 жилийн дараа стратегийн салбар болох “МЦХ” компанийн хувьцааг худалдаж авна. 

ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах, УБТЗ-ын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Эгийн голын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлэх, мал, амьтны гоц халдварт өвчин, шүлхийтэй тэмцэх, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, ОХУ-д хадгалагдаж байгаа Монгол Улсад хийгдсэн геологийн судалгааны тайланг шилжүүлж авах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Харин тамга тэмдэгээ гардан аваад байгаа сайд нар дараах шийдвэр болон алхамыг хийсэн байна.

Зам тээврийн хөгжлийн сайд анхныхаа шийдвэрээр тийзний үнэ бууруулахыг үүрэг болголоо

Монголоос гадны улс орнуудад зорчих агаарын тээврийн тийз бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгаа. Тийзний үнэ бууруулах асуудлаар БНСУ-д суугаа монголчуудын зүгээс хэд хэдэн удаагийн шаардлагыг албаны хүмүүст тавиад байсан ч нааштай хариу гараагүй байна.

 Зам тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа аваад Төмөр зам, далайн тээврийн бодлого, Иргэний нисэхийн салбарын удирдлагуудтай уулзалт хийж салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг сонсож тодорхой үүрэг чиглэл өгөөд байна. Тухайлбал, МИАТ компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, зарим улс орнуудтай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэ түвшинд гаргах, шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх асуудалд анхаарал тавьж ажиллахыг үүрэг болголооЭнэ үеэр МИАТ ТӨХК-ийн зорчигчийн билетний үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, ойрын хугацаанд саналаа боловсруулж оруулж ирэхийг холбогдох удирдлагуудад үүрэг болгосон байна.

Д.Сумъяабазар замбараагүй лиценз олголтыг түр зогсоох чиглэл өглөө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзан ажил байдалтай нь танилцсан. Тэр үеэрээ төрийн өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагчид шударга үнэнчээр ажиллах ёстой болохоос лиценз нэртэй алга дарам А4-ийн цаас зардаг наймаачдыг өөгшүүлсэн байдлаар ажиллаж болохгүйг хатуу анхаарууллаа. Мөн нийтээрээ нэр нь унаад байгаа салбараа өөд нь татаж, улсдаа эзэн шиг сэтгэлээр хандан ажиллах чиглэлийг өгсөн. Энэ үеэрээ журам, тогтоолын цоорхойгоор гажуудаад байгаа лиценз олголтын асуудлыг эргэн харж зөв гольдролд оруулахын тулд тушаал гаргаснаа тус газрын дарга Б.Баатарцогтод өглөө. 

Тогтоолд “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмаар олгох үйл ажиллагаа болон хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг цахимаар авахтай холбоотойгоор олон нийт, аж ахуйн нэгжийн зүгээс санал, гомдол ихээр ирүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дүрэм, журам, заавруудыг цэгцлэх шаардлага тулгарсан. Иймд Засгийн газрын 2017 оны 210 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” тогтоол болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар хойшлуулж, тухай бүр авсан арга хэмжээний талаар Сайдын зөвлөлд танилцуулж байхыг үүрэг болголоо” гэсэн байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гэр хорооллын 21362 айлын цахилгааны халаалтыг шийднэ

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-д илтгэл тавьсан. Энэ үеэрээ “Ирэх онд нийслэлийн гэр хорооллын зарим айлыг 4.0 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаана. Ингэхдээ Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 23 хорооны нийт 21362 айл өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Гэхдээ нийслэлийг 100 хувь эрчим хүчээр хангаад агаарын бохирдол бүрэн шийдэгдэхгүй. Шөнийн тарифыг хөнгөвчлөх аргаар утааг бууруулах нь зөв ч өдөр нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглах байдлаар хослуулж шийдвэл агаарын бохирдлоос ангижрах боломжтой” гэсэн юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийг ил болгоно

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийг олон нийтэд ил болгохоо амласан. Тэрбээр "Одоо тэр захиалагч нь байдаг юм бол зарлах арга хэмжээ ав. Прокурор, тагнуултайгаа ярь. Тэгээд зарла. Юуг нь хүлээгээд байгаа юм. Эхэлж захиалагчийг нь олж тогтоочихоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Энгийн логик биз дээ. Энэ хэрэгт цагдаагийн байгууллага хайхрамжгүй ханддагаа таслан зогсоо. Шийтгүүлсэн хүмүүсийн гол тоглогч болоод байгаа Ц.Амгаланбаатар олон хэргийг өөртөө хүлээж байсан. Цагдаагийн байгууллага тухай бүрт нь шалгаж,  худлаа гэдгийг нь нотолж байсан юм билээ. Архангайн цэнхэр суманд гурван хүний амь сэжигтэй байдлаар хохироосон хэргийг хүлээсэн. Эрүүгийн цагдаагийн газрын 9 дүгээр хэлтсээс баахан хүмүүс бөөн ажил болж шалгахад худлаа байсан шүү дээ. 2007 онд Эрдэнэтэд хүний амь нас хохирсон хэргийг ч мөн хүлээсэн байдаг. Энэ бас л худлаа байсан. 2007 онд Эрдэнэтэд нэг айлын 4 хүн гэртээ шатаж амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнийг шалгаад цахилгаанаас үүдэлтэй хэрэг гэж цагдаагийнхан үзсэн. Гэтэл сүүлд нь Ц.Амгаланбаатар энэ хэргийг өөрөө үйлдсэн гэж мэдүүлэг өгөөд энэ дагуу хэрэг өөр тийшээ явсан байдаг. Энэ юмныхаа талаар танилцуулга өг. Найм, есөн хүний амь нас хохироосон гэж худлаа ярьж байсан хүний мэдүүлгээр л энэ бүх зүйл явлаа. Хуулийн мэргэжилтэй байтугай, жирийн хүн яриад сууж байна. Яагаад Монгол Улсын иргэн Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш хохирогч ч биш болгочихож байгаа юм. Яагаад шүүх хуралд оролцуулдаггүй юм. Тэгсэн мөртлөө Булганы хэлсэн ам зургаар хүн шийтгээд байдаг. Захиалсан юм бол төлбөртэй байж таараа. Хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй. Бид эцэг эхтэй, ах дүүтэй монгол хүмүүс. Цагдаагийн хуулийнхны хатуу сэтгэлээс гадна хүний нинжин сэтгэл байх ёстой шүү дээ" гэсэн юм.

ХНХЯ-ны сайд С.Чинзориг төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх шийдвэр гаргав

ХНХЯ-ны сайд С.Чинзориг ажлаа авангуутаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт өөрчлөлт оруулах нэмэлт хэлэлцээг хийсэн. Тэрбээр "Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдын дундаж цалин хувийн хэвшилд ажиллагсдын дундаж цалингийн зөрүү 5,0 хувиас илүү гарсан тохиолдолд цалин нэмэхээр заасан байдаг. Одоогийн байдлаар энэ зөрүү 27.3 хувьд хүрчихсэн байгаа. Энэ мэт олон нөхцөл байдлаас Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх  зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тиймээс Засгийн газар ойрын өдрүүдэд ОУВС-тай хэлэлцээ хийж тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОУВС-гийнхантай уулзаж төрийн албан хаагчдын орлогыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдэг дээр байр сууринд нэгдсэнээр 2017 оны төсвийн тодотголд  55.4 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр болсон" гэсэн юм. 

БХБ-ын сайд Х.Баделхан Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсгийг ахалж ажиллана

Засгийн газрын 2015 оны 450 тоот тогтоолоор шинэ цэвэрлэх байгууламжийг Концессийн гэрээгээр барихаар тусгасан байсан. Энэ дагуу өмнөх Засгийн газрын үед уралдаант шалгаруулалтыг зарлаж, эхний шатанд 5 аж ахуйн нэгж шалгарсан бөгөөд төслийн санал авах эцсийн хугацаанд зөвхөн хоёр нь л материал ирүүлсэн байдаг. Энэ нь Японы “JICA” олон улсын байгууллага болон “Артелиа Вилл энд транспорт” ХХК-иуд юм. Одоогоор тэдгээрийн онцлогийг харьцуулан хэлэлцэх гэхээсээ илүү хэрхэн хурдан цэвэрлэх байгууламжаа барьж эхлэх вэ гэдэг нь чухал болоод байгаа аж.

Тиймээс Ерөнхий сайд захирамжаа гаргаж ажлын хэсэг байгуулан Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулахаар болов. Ингэснээр дахин сонгон шалгаруулалт зарлан ТЭЗҮ, ажлын зурагтай нь танилцан хөрөнгө босгож ирэх хавар гэхэд Төв цэвэрлэх байгууламжийг барих нь эн тэргүүний зорилтоо болгож байгаа юм байна.

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл  нэн шаардлагатай аппаратыг шийдэж өглөө

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тамгаа гардаж ажлаа хүлээж авсан даруйдаа салбарынхаа ҮЭ-ийн дарга нарыг хүлээн авч уулзсан.  Уулзалтаар эмч эмнэлгийн ажилчдын тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг ярилцсан байна. Мөн Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж, нэн шаардлагатай байгаа тарианы шахуурга, хяналтын монитор, нярайн амьсгалын аппаратыг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд шийдэж өгсөн байна. 

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Цэргийн төв эмнэлгийг гомдол чирэгдэлгүй ажиллахыг үүрэгдэв

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харъяа агентлаг, байгууллагуудад ажиллаж байна. Тэрбээр "Үндэсний батлан хамгаалах сургуулийн хувьд сургалтын хөтөлбөр болоод ном товхимолд өөрчлөлт шинэчлэл хийх шаардлагатай  байгаа гэлээ. Мөн Батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг Зэвсэгт хүчний уураг тархи болсон их сургуулийг сэтгэлгээний шинэ түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлэв. 

Түүнчлэн Цэргийн төв эмнэлгийн алба хаагчидтай уулзах үеэрээ төр засгаас  та бүхний ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн учир сахилга хариуцлага өндөр  иргэдийн зүгээс ямар нэг гомдол чиргэдэл гаргахгүй үүргээ сайн биелүүлэх ёстой хэмээн үүрэгдлээ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аялал жуулчлалаас нэг сая ам.долларын ашиг олно гэв

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат бүх аймгийн БОАЖГ-ын дарга нартай уулзаж, үүрэг чиглэл өгчээ. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн Монгол Улсад аялаж буй жуулчдын тоог жилийн нэг сая, орлогыг нэг сая ам.долларт  хүргэх зорилт тавьжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг судалж байгаа гэв

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг судалж байгаагаа хэллээ. Тэрбээр "Төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх саналыг 2018 оны төсөвт тусгах асуудлыг судалж байгаа. Гэхдээ 2018 онд цалин нэмэх асуудлыг ОУВС-тай хэлэлцээр хийж байж энэ асуудлыг эцэслэнэ" гэсэн юм.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа баг нарын цалинг 30 хувь нэмэх асуудалд анхаарал хандуулав

Сайд Ц.Цогзолмаа ажлаа авмагцаа “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ноос гаргасан хүсэлтээр багш нарын төлөөллийг хүлээн авч уулзсан Энэ үеэрээ шинэ Засгийн газрын анхны хуралдаанаар хэлэлцсэн яаралтай шийдэх хоёр асуудалд өвөлжилтийн бэлтгэл, багш нарын цалин хөлсний нэмэгдлийг шийдэх тооцоо судалгааг Нийгмийн гурван талт түншлэлийн хүрээнд яаравчлан хийхийг үүрэг болгож энэ хүрээнд яамдын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаагаа хэлэв. Мөн салбарын яам болоод хамтарсан ажлын хэсгийн гаргасан тооцоо судалгаанд үндэслэн 2017 онд багтаан багшийн үндсэн цалинг 30-аас доошгүй хувиар нэмэх байр суурьтай байгаа, багш нарын урамшууллыг нэмэх чиглэлээр цалингийн эх үүсвэрийг судлан ажиллаж байгаагаа хэлсэн юм.

Б.Анир

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.