2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг өнөөдөр танилцуулна

У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг өнөөдөр танилцуулна

Нийтлэлийн төрөл: Site News, Засгийн газар

Засгийн газрын тэргүүнд танхимаа эмхлэн байгуулах хугацаа бараг үлдсэнгүй. Үндсэн хуульд зааснаар маргааш гэхэд шинэ Засгийн бүтэц бүрэлдэхүүнээ Их хуралд мэдүүлэх учиртай. Тиймээс өчигдрийн бүлгийн хуралд сайд нарынхаа нэрийг оруулж ирэх байв. Гэвч хэсэг бүлгээрээ хэд хуваагдаж санал зөрөлдсөн эрх баригч намын гишүүд асуудлыг удаашруулсаар байна. 

Хуваарийн дагуу өчигдөр хоёр намын бүлэг хуралдах байсан ч АН орон тооны бус гишүүдээ оролцуулан өргөтгөсөн хуралдаан хийж, МАН-ынхан бүлгээрээ ажил хаяв. Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сайд нарын нэр тодрох энэ өдөр олонхын бүлэг санасныг бодоход дуу чимээ, хөл хөдөлгөөн багатай өнжлөө.

Өчигдөр үд дунд болтол 65-ын бүлгийн бараг нэг ч гишүүн Төрийн ордон, ажлын өрөөндөө харагдсангүй. Ихэнхийнх нь өрөө цоожтой, Г.Занданшатар нарын зарим гишүүд уулзалттай гэсэн бол ордонд орж ирээгүй гадуур ажилтай гэсэн хариултыг цөөнгүй гишүүний туслах хэлсэн юм. Эндээс харахад МАН-ын бүлэг хуралдахгүй гэдэг нь нэгэнт тодорхой байсан мэт. Эмэгтэй гишүүд ч нэгнийхээ өрөөнд цуглаж, ямар ч асуудал байсан өнөөдөртөө байр сууриа илэрхийлэх боломжгүй гэцгээв.

Харин 13:00 цагаас хойш МАН-ын бүлгийн гишүүд ордны давхар бүрээр хэд гурваараа холхилдож, зарим гишүүдийн өрөө рүү яаравчлан шивэр авир хийсэн дүр зураг харагдаж эхэлсэн юм. Тухайлбал, бүлгийн дарга Д.Хаянхярваа, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн нар хэд хэдэн гишүүний өрөөгөөр орсон бол УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Дамба-Очир, Б.Баттөмөр нар ч уулзалттай гэсээр яаравчлан явж одов. Мөн Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нар ч сэтгүүлчдээс нэлээд дөлж яваа харагдсан. Гишүүдийн хэн нь ч бүлгийн хуралдаан хуралдах эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Энэ үеэр сөрөг хүчин энэ оны төсвийн тодотгол, 2018 оны нэгдсэн төсвийн тухай хууль болон бусад асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийж өнөөдөр үргэлжлүүлэхээр болж завсарласан юм.

МАН-ын бүлгийн хуралдаанаар яригдах байсан шинэ сайд нарын нэрс хаана гацав. Өөрөөр хэлбэл, албан бусаар хоёр хуваагдчихаад байгаа эрх баригч намын гишүүдийн шахаа, тохироо нэг л болж бүтэхгүй байгаа бололтой. Өнгөрсөн баасан гаригаас хойш амралтын өдрүүд дамнан яригдсан УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тохироо буюу 40/60-ын харьцаанд цөөнгүй гишүүд сэтгэл дундуур байгаа аж.

Бүр нөлөө бүхий улстөрчид сайд нарын нэр дээр санал зөрөлдөж, тохироог М.Энхболдоор мэдүүлэх дургүй байгаа гэнэ. Ийнхүү бүлэг дотроо бүлэг үүсгэж, сайд нарын нэр дээр тохирч чадахгүй хэд хэд хуваагдчихаад байгаа 65-ын бүлгийн хажуугаар Ерөнхийлөгчийн санал ч сайд нарын нэрийг удаашруулсан байж магадгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Түүнчлэн Ерөнхий сайд Мэргэжлийн Засгийн газрын 2-3 сайдыг шинээр байгуулагдах Засгийн газарт орж ажиллах санал тавьсан ч сайд нар ажиллахгүй гэх хариуг өгсөн гэх мэдээлэл ч байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ нэрийг өнөөдөр намын Удирдах зөвлөлд хэлэлцүүлэх юм байна. Улмаар Удирдах зөвлөлийн дараа бүлэг хуралдах юм. Харин албан бус аль ч бүлгийнхээ эв нэгдэл, тохироог хангасан Засгийн газрын “зураг” өчигдрийн байдлаар иймэрхүү дүр зурагтай байв.
 
  • Шадар сайд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Д.Хаянхярваа,
  • ЗГХЭГ-ын дарга УИХ-ын гишүүн Г.Занданшатар,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Гадаад харилцааны сайд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар,
  • Сангийн сайд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд,
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд УИХ-ын гишүүн С.Чинзориг
  • Батлан хамгаалахын сайд УИХ-ын гишүүн Н.Энхболд,
  • Барилга, хот байгуулалтын сайд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, О.Содбилэг,
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
  • Зам, тээврийн сайд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд УИХ-ын гишүүн Б.Батзориг,
  • Эрчим хүчний сайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн,
  • Эрүүл мэндийн сайд УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа нарын нэр яригдаж байгаа аж.

Эндээс харвал чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхий сайдын тодотгосны дагуу танхимынх нь сайд нь бүгд “давхар дээл”-тэй байх бололтой.

С.Уянга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.