2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Site News » Цэцэрлэгийн хүүхдүүдээ бөөснөөс яаж салгах вэ

Цэцэрлэгийн хүүхдүүдээ бөөснөөс яаж салгах вэ

Нийтлэлийн төрөл: Site News, Нийгэм

 

Цэцэрлэгийн хүүхдүүдээ бөөснөөс яаж салгах вэ“ХҮҮХДИЙНХЭЭ ТОЛГОЙГ ҮЗЭЭРЭЙ, ЭЦЭГ ЭХЧҮҮД ЭЭ”

Бид бөөс гэх шимэгч амьтныг мартаад уджээ. Энэ талаар ам нээхээс ичиж, асуудал гарсан ч дор бүрнээ нуугаад өнгөрдөг. Тэртээ 80-аад оныхон болон түүнээс өмнөх үеийнхэн бөөстэй нүүр тулж явсан нь үнэн. Бидний аав, ээжийн үед бөөстдөггүй хүн гэж бараг л байгаагүй, тухтай гэгч нь суугаад, бөөсөө нясалдаг байсан гэдэг.

Сүүлийн хэдэн жилд бөөсний тухай яриа их гардаг боллоо. Тэр тусмаа цэцэрлэгийн багачууд ангиараа бөөстөх болж, ангийнхаа хаалган дээр “Хүүхдийнхээ толгойг үзээрэй эцэг, эхчүүд ээ” гэсэн бичиг хадаастай байх вэ дээ.

Ихэвчлэн 3-5 насны хүүхдүүд бөөстөж байгаа аж. Нэг ангид 40-50 хүүхэд хүмүүждэг. Хажуу бөөрөөрөө наалдаад, зэрэгцэж унтахаас өөр аргагүй учраас бие биедээ дамждаг бололтой юм. Сүүлиий үед цэцэрлэгүүдийн ачаалал хэтэрхий их нэмэгдсэн нь хүүхдүүд бөөстөх бас нэг шалтгаан болсон байж магадгүй. 

Усанд ордоггүй, угааж цэвэрлэдэггүй бохир заваан хүмүүст байдаг гэх тодотголтой өнөөх бөөс яагаад хүн бүр соёлч боловсон болсон өнөө үед гарч ирээд, хүүхэд “зовоох” болов? Үүнийг эцэг, эхчүүд янз бүрээр л тайлбарлаж байна. Тодруулбал, урд хөршөөс оруулж ирж буй үсний хавчаар, элдэв зүүлт, боолтоос болж хүүхэд нь бөөстсөн гэх яриа цөөнгүй.

Дээрх бичсэнтэй адил явдал яалт ч үгүй гараад буй. Өнгөрсөн намар нэг танил маань “Хархорин” зах дээрээс 100 төгрөгийн хар сунадаг боолт аваад, хүүхдийнхээ үсийг боож л дээ. Гэтэл хэд хоногийн дараа яг боодог хэсгээр нь хуурс шавчихсан байсан гэдэг.

“Хүүхдийн минь толгойд байсан бөөс хар өнгөтэй, үсэрдэг, хурдан хөдөлгөөнтэй, гарт баригддаггүй. Юугаар ч угааж цэвэрлээд устахгүй, арцаар угаагаад ч тусыг эс олсон” гэж танил маань ярьж байсан юм.

-ХОЛБОГДОХ АЛБАНЫХАН “БӨӨС ЮУНААС БОЛЖ ҮҮСЭЭД 
БАЙГААГ МЭДЭХГҮЙ” ГЭВ-

Бид энэ талаар МХЕГ, ХӨСҮТ, Зооноз судлалын үндэсний төв рүү холбогдоход “Бөөс юунаас болж үүсээд байгааг мэдэхгүй. Эцэг эхчүүдээс гомдол ирэхээр шалгадаг. Бөөсөөр дамжин хүнээс хүнд ямар өвчин халдварладгийг ч мэдэхгүй” гэсэн хариулт өгөв.

XXI зуунд ч бөөс гээч шимэгч устаж үгүй болоогүй нь үнэн учраас бид сэргийлэх аргыг мэддэг байхад илүүдэхгүй биз. Нэг удаа гарсан бөөс дахиад дэгдэхийг үгүйсгэхгүй тул дараахь зөвлөмжийг хүргэж байна.

-Хүүхдийн үс, хувцасны хуниас, нугалаас зэргийг тогтмол шалгаж, толгойн бөөс дамжихаас сэргийлж, үсийг боох, сүлжих

-Толгойн үсэнд бөөс байгаа эсэхийг шалгахын тулд мөрөн дээр цагаан даавуун алчуур юм уу, цаасан сальфетка тавьж, үсийг самнах

-Угаагаагүй хувцас, үсний сам, малгай, алчуур, цагаан хэрэглэл, чихэвч, хүүхдийн чихмэл тоглоом зэргийг бусадтай хуваалцаж хэрэглэхгүй байх

-Бөөс нь хүйтэнд тэсвэргүй учир хөнжил, гудсыг гадаа тавьж, сайтар гүвж хэрэглэх

-Цэцэрлэгт хүүхдүүдийн үсийг самнахдаа самыг солихгүй байх, цагаан хэрэглэлийг тус тусад нь хадгалж хэрэглүүлэх

-Бөөс устгах шампунийг сард 2-оос дээш удаа хэрэглэхгүй. Ихэнх шампунийг 5-аас доош насны хүүхэд, жирэмсэн ба хөхүүл эхчүүд, мөн арьсны эмгэгтэй, эмийн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.

Нэмж хэлэхэд, толгойн бөөс нь хүний толгойн үс, зарим тохиолдолд сахал зэрэгт шимэгчилдэг, 2-3 мм урт биетэй, өдөрт 2-3 удаа цус сордог. Хүний цусыг сороогүй нөхцөлд 35 хэмд нэг, 25-30 хэмд хоёр, 10-20 хэмд долоо ба түүнээс дээш өдөр амьдрах чадвартай аж. Эмэгчин бөөс өдөр бүр дөрөв, амьдрах хугацаандаа 100 орчим хуурс гаргадаг байна. Бөөстөхийг эмч нар өвчин гэж үздэг бөгөөд зориулалтын шампунь хэрэглэхийг зөвлөдөг аж.

М.АМАРЖАРГАЛ

Medee.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.