2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Намар, Хүрэлсүх хоёр...

Намар, Хүрэлсүх хоёр...

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч

 

Намар, Хүрэлсүх хоёр...Мотоцикльчдын дуудлага гэж нэг сонин юм бий. Нийслэлчүүд утаандаа хахаж цацсан өдрүүдийн нэг. Богд Дүнжингаравт түймэр гарч, Онцгой байдлынхан хоёр хоног улаан галтай тэмцсэн боловч газрын бартаа даган цааш ахисаар, хүн хүрэхэд хэцүү болсон хэрэг. Гэнэт утас дуугарлаа. Мотоцикльчдыг Хүрэлсүх дуудаж байна гэсэн мэдээ ирэв. Уулын өгсүүр өөд ус зөөж гал унтраагчдад тус дэм болох унаа бол бартаанд баараггүй мотоцикль. Түүний дуудлагыг хүлээн авсан моточид Баянзүрхийн товчооны цаахна цуглав. Бүгд л унаагаа орилуулсаар уул өөд ус зөөсөн юм даг. Түймэр ч унтарлаа. Хамар шанаа нь утаа болж халтартсан Хүрэлсүх мотоцикль дээр дарцагладаг таних танихгүй залууст баярлаж талархсанаа илэрхийлэн Баянзүрхийн товчоо хүртэл гаргаж өгөөд үдсэн. Түймэр унтарсан ч гэсэн түүртэх ажил зөндөө үлдсэн хэрэг. Эх орон дуудахад ирсэнд баярлалаа гэж хэлсэн санагдана. Үнэндээ бол эх орныг минь төлөөлөн аатай жавхаатай залуусыг уриалан нэгтгэсэн түүнд л талархмаар санагдаж билээ. Өнгөрсөн зуны түймрүүдийг унтраахад олон нийт идэвхтэй, сэтгэлтэй оролцохын эхлэл энэ байв. Эдүгээ У.Хүрэлсүх болон түүний нөхөд МАН-ыг шинэчлэхээр эхний алхмаа хийгээд байна. Түүний анхны оролдлого ч энэ биш. "МАН-ыг Энхбаяр удирддаг юм уу, эхнэр нь удирддаг юм уу" гэж дэлгэцээр шуудхан асууж байхдаа л тэр энэ тэмцлээ эхлүүлсэн гэж би хувьдаа боддог. МАН-д байгуулагдсан анхны жигүүр буюу фракцыг Ө.Энхтүвшин удирдаж байв. Дараахан нь мөнөөх жигүүр маань С.Баярын найраанд орж, Ө.Энхтүвшин албан тушаалын сэнтийд бүдгэрэн алга болсон түүх бий. Ө.Энхтүвшинд МАН-ын дарга болох боломж 2012 оны сонгуулийн дараа тохиосон. Гэвч МАН түүний үед, богинохон хугацаанд эв нэгдэлгүй, амьгүй албат шиг болсон. Тийм ч болоод төдөлгүй огцруулж, өмнө зүгээс санхүүжилт татахын тулд М.Энхболдод найр тавин намын даргын суудлаа өгч байсан хөгийн дурсамж бол ердөө л дөрвөн жилийн өмнөх явдал. У.Хүрэлсүхтэй Ерөнхий сайдад өрсөлдөж буй Ө.Энхтүвшин нэг удаа энэ намыг асдаггүй машин шиг болгосон, хоёр дахь удаагаа ухрах араанд нь залгасан унаа шиг болгохыг хэн хүсээд байгааг ойлгохгүй юм. Олон ч удаа албан тушаалын наймаагаар өөрийгөө үнэлэн, жигүүр байгуулахад хамтран зүтгэсэн нөхдөө хөсөр хаяж байсан хүн л МАН-ын шинэчлэлийг эсэргүүцэгчдэд хэрэгтэй байгаа бололтой. Бас нэг хүний нэр сонсогдож байгаа нь Н.Энхболд. Чамбай боловч сул улстөрч. Өнөө цагт Монголын төрд хэрэгтэй байгаа эр зориг, эхэлснээ дуусгах чанар, шийдэмгий байдал түүнд дутна. Н.Энхболд бол хууль боловсруулагч болохоос удирдагч биш. Дээр нь МАН-д аливаа асуудал дэгдэхэд бөөрөнхий байр суурин дээр үлддэг, хуучинсаг нэгэн. Ард түмэн эрх баригч МАН-аас яг юу хүсээд байгаа юм бэ? Намрын жиндүү өдрүүд, хүйтэн хатуу өвөл, Валютын сангийн зогсонги зээл, хөрөнгө оруулагчдын эргэлзээ зэрэг олон олон бартаа саадыг туулахад бэлэн байгаа монголчууд энэ бүх тэвчээр, туйлбартай байдлынхаа цаана Монголын төр эрүүлжихийг хүлээн бүсээ чангалсаар удлаа. Төр л эрүүлжиж, шат шатандаа галзуурчихаад байгаа албан тушаалын наймаа, авилга, хэт улстөржилт саарч байвал бүсээ бүр ч илүү чангалан тэвчихэд бэлэн байна. Түүнээс биш ард түмэн эрх баригч МАН нэг Энхболдыг нөгөө Энхболдоор, нэг авилгачийг хоёр дахь наймаачнаар солихыг хүсээгүй. Хэрэв Ерөнхий сайдаар Н.Энхболд, Ө.Энхтүвшин нар сонгогдвол Ерөнхий сайдгүй намаржсан нь утгагүй хэрэг болох юм. Хэрэв нөгөө л хуучин агаар, хуучинсаг ялзрал Н.Энхболд, Ө.Энхтүвшин нараар дамжин энэ хэвээрээ үлдвэл МАН-ыг шинэчлэх гэж ингэтлээ тэмцсэн нь ямар ч хэрэггүй болж үлдэнэ. Тэр тусмаа МАН-ын огцорч буй сайд нар бизнесийн эрх ашигаа хамгаалуулахын тулд өөрсдийн бууны ноход, уяаны гөлөгнүүдээ илгээж буй энэ үед тус намын Бага хурлын гишүүдэд илүү сэрэмжтэй байх шаардлага тулгарч байна. Эх орноо төлөөлөн энэ цагийн залуусыг дуудаж чадах удирдагч бидэнд хэрэгтэй. Тэгж байж наймаачдын эрин үеийг халж чадна. Албан тушаал, мөнгөөр наймаалцдаггүй нэгэн үеийнхэн дөрөө мултлан, төрөө төвхнүүлэхэд ойрхон байна. 21-р зууны Монголыг өнгөрсөн зууны сүүлчийн цүнх зөөгчид удирдаж чадахгүй. Хөгжүүлж бүр чадахгүй. Үүнийг ч бид хангалттай харлаа. Эсвэл МАН цүнх зөөгчидтэйгээ хамт өнгөрсөн зуундаа үлдэхээс аргагүй. Тиймээс ч Энхбаярын цүнхийг зөөж явсан нэгэн үеийнхнээсээ МАН салах цаг болсон. Салж чадах, үгүйг энэ намынхны чин зориг мэднэ. Халуун зунаар эхэлж, сэрүүн намрыг туулан үргэлжилж буй Хүрэлсүхийн тэмцлийг олон нийт тэвчээртэй, хүлээцтэй харж байна. Эх орон мэт дуудаж чаддаг, "Эх орон дуудахад ирсэнд баярлалаа" гэж хэлж чаддаг хүнээ л илгээ, надаас эхлээд олон олон залуус дэмжинэ. Намар Хүрэлсүх хоёр, түймэр Хүрэлсүх хоёр, тэмцэл Хүрэлсүх хоёр...Хүрэлсүхдээ ч учир нь байгаа юм биш. Энэ залуу эх орон мэт эгэлхэн үлдэж чаддаг юм билээ. Тийм ч болоод нэгэн үеийнхэн түүнийг үнэлж, бас хайрладаг. Хүрэлсүх хүчтэй байгаагийн шалтгаан энэ.
 
Р.Эмүжин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.