2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Прокурор: Ерөнхийлөгч буруугүй, М.Энхболд, Ц.Сандуй нар албан тушаал зараагүй, У.Хүрэлсүх “60 тэрбум”-ын ярианд оролцоогүй...

Прокурор: Ерөнхийлөгч буруугүй, М.Энхболд, Ц.Сандуй нар албан тушаал зараагүй, У.Хүрэлсүх “60 тэрбум”-ын ярианд оролцоогүй...

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ

 

Прокурорын байгууллагаас өчигдөр олны анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тоймлон хүргэе.
 
Прокурор: Ц.ОЮУНГЭРЭЛИЙН ДҮГНЭЛТИЙГ НОТЛОХ БАРИМТААР ҮНЭЛЭХ БОЛОМЖГҮЙ
 
Прокурор “...УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгсөн Америкийн Нэгдсэн Улсын ‘Нью Йорк” хот дахь ‘Аудио Пэйнт” ХХК-ийн салбар болох шүүх шинжилгээний үйлчилгээний “Легал Аудио Видео” компаниар гаргуулсан шинжээчийн дүгнэлт гэх баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй учраас нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр шинжээч томилж, тухайн хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн, хэрэв санаатайгаар худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хариуцлага хүлээнэ гэдгийг ойлгож, үүнийгээ баталж дүгнэлт гаргаж буй шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх хуулийн зохицуулалттай. Тэгэхээр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гаргаж өгөөд байгаа шинжээчийн дүгнэлт гэх баримтыг бид нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
 
Ц.Оюунгэрэл: ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН АЖЛАА ӨГСӨН НЬ ДЭЭР
 
-Энэ талаарх мэдээллийг сая авлаа.  МАН-ын бага хуралд зориулж 60 тэрбумын асуудлыг түр хаасан шоу болов уу гэж харж байна. Түр хаасан, эргэн сэргээнэ гэдэгт итгэж байна. Ер нь түр хаах, гэнэт сэргээх асуудал манай хууль шүүхийн байгууллагад байдаг л нэг үзэгдэл болсон.  Би 60 тэрбумын бичлэгийг АНУ-ын “Легал Аудио Видео” компаниар шинжлүүлж дүгнэлт гаргуулсан. Техникийн шинжилгээний дүгнэлтийг хуулийн байгууллагад хүргүүлсэн.  Хуулийн байгууллага техникийн дүгнэлтийг үндэслэхгүйгээр өөр ямар баримтад тулгуурлаж ийм шийдвэр гаргасныг гайхаж байна.   Хуулийнхан тэр дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол ажлаа өгсөн нь дээр биз дээ.  Ер нь Монголын хууль шүүхийн байгууллага ялзарчээ. Шүүх шинжилгээний төвд нь хүртэл үнэн юм алга байна. Энэ асуудлаар ахиад прокурорын байгууллагад гомдол гаргана.
 
Прокурор: МАН-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТЭРГҮҮТЭЙ УЛСТӨРЧДИЙН БУРУУТАЙ НЬ ТОГТООГДООГҮЙ ТУЛ ПРОКУРОРООС ХЭРГИЙГ ХААСАН
 
-Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар шалгахад сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, нам эвсэл, улс төрийн хүчний зүгээс хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тоолох машин /хар машин/-ыг хакердсан, сонгуулийн үр дүнг зориудаар өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн будлиан зөрчил үүсээгүй, хууль, журмын дагуу хэвийн явагдсан болох нь тогтоогдсон. Дээрх шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.
 
Өмгөөлөгч Г.Баасан: 60 ТЭРБУМЫН ХЭРЭГ БОЛ ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
 
-Өмгөөлөгчид нь мэдэгдэлгүйгээр хэргийг хаах үндэслэлгүй. Гэтэл харамсалтай нь хаасан байна. Монгол хуулийн байгууллагагүй, эрхзүйт төргүй улс болж буйгаа зарлалаа. Монголд хуулийн дагуу шийдэгдэж байгаа хэрэг цөөхөн болж байна. 60 тэрбумын асуудал бол албан тушаал наймаалцаж, ард түмнийг хуурч, төрийн эсрэг гэмт хэрэг гэж нэрлэж болохоор ноцтой үйлдэл. Харамсалтай хэн нэгэн бүлэглэлийг хамгаалахыг тулд энэ хэргийн үнэн мөнийн өмнө Монголын хуулийн байгууллага сөхөрч байна. Улс орны эрх ашиг тэдэнд хамаагүй, ямар нэгэн нам улс төрийн хүчний  талд хууль зогсож байна. Өмгөөлөгчийн хувьд энэ хэргийг хаагаагүй, хаахгүй, дахин гомдол гаргана.
 
У.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР 60 ТЭРБУМЫН УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН НЬ ТОГТООГДООГҮЙ
 
Прокурор хэлэхдээ “...Төрийн албыг үнэлж мөнгө босгох тухай яриа уулзалтад Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар болон А.Ганбаатарын өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдоогүй” гэв.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЧӨЛӨӨЛЖ, А.ГАНСҮХ НАРЫГ АВЧ ҮЛДЖЭЭ
 
“Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой Монголын төмөр замын суурь бүтэц барих ажлыг хууль бусаар явуулсан хэргийн талаар прокурор “...Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессыг холбогдох хууль тогтоомж зөрчин “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлж улмаар БНСУ-ын “Самсунг Си энд Ти” ХХК-тай концессын гэрээ байгуулан улсад их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ЗТ-ийнсайдаар ажиллаж байсан А.Гансүх, ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатар, “Самсунг Си энд Ти” компаний Монгол дахь “Эс Си Ти Си Эм” ХХК-ний захирал БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2017 оны гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2017 оны долдугаар сарын 29-нд нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэн хэргийг буцааж, шүүхийн захирамж, магадлалд заасан ажиллагааг хамтарсан ажлын хэсгээс хийж гүйцэтгэн одоо А.Гансүх нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад ирүүлснийг хянаж байна” гэв. Харин энэ асуудалд холбогдоод байсан Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар “...Х.Баттулга нь Ч.Ганбат, Б.Батзаяа нартай урьдчилан үгсэн тохиролцож Даланзадгад Чойбалсангийн чиглэлийн 1100 орчим  километр төмөр замын суурь бүтэц барих төсөлд Зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар “МакКинсэй энд Компани” компанийг холбогдох хууль тогтоомж зөрчин сонгосон, ЗТ-ийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхтэй бүлэглэн Концессын хууль холбогдох бусад дүрэм журмыг зөрчин Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг хууль бусаар “Самсунг Си энд Ти” компанид шилжүүлсэн зэрэг үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж дүгнээд Х.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татах мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Харин дээрх хэрэгт ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөгчийн саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагчаар татан одоо мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэв.
 
“САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨӨС ЗАВШСАН НЬ ТОГТООГДООГҮЙ
 
“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажилд нэр бүхий улс төрийн албан тушаалтнууд 4.4 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх асуудлаар “...Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны зарим албан тушаалтнууд болон “Натур фрейндли” ХХК-ний гүйцэтгэх захирал Г.Буяндэлгэр, Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгаа хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дарга М.Баянмөнх, нарийн бичгийн дарга Г.Түвшинжаргал, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Золжаргал гэх зэрэг 20 гаран хүмүүсийг холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 273 дугаар зүйлийн 273.2, 1661 дугаар зүйлийн 1661.3, 148 дугаар зүйлийн 148.4  дахь хэсэгт зааснаар шалгасан. Хэрэгт авагдсан баримтаар  Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХК, “Натур Фрейдли” ХХК-ний хооронд 2013 оны аравдугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээний дагуу Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэрт орших 3519.7 га, шинэ суурьшлын бүс байгуулах Сайншанд сумын нутаг дэвсгэрт орших 508.9 га талбайд болон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт орших “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын 24623 га талбайн “Байгаль орчин, нийгэм эдийн засгийн төлөв байдлын үнэлгээ”-ний хүрээнд бодит ажлыг гүйцэтгэсэн нь тогтоогдсон. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэв.
 
ОФФШОРТ ДАНСТАЙ ХҮМҮҮСИЙГ МӨРДӨН ШАЛГАЖ БАЙНА
 
Оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар “...-Олон улсын сэтгүүл зүйн нийгэмлэг /ICIJ/ цахим хуудсанд оффшор бүсэд данс эзэмшдэг аж ахуй нэгж, компани, хүмүүсийн талаар мэдээлэл гарсан энэ дунд “Монгол Улс” гэсэн бүртгэлтэй 49 буюу 48 иргэн, нэг аж ахуйн нэгжийг мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнийг нарийвчлан шалгаж үзэхэд Монгол Улсын 29 иргэний нэр дээр бүртгэлтэй 42 аж ахуй нэгж тогтоогдсон. Үүнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс болон уг хүмүүстэй хамаарал бүхий хүмүүс байдаг. Тухайн хүмүүсийг ХАСХОМ-ийн мэдээллийг хянаж үзэхэд оффшор бүсэд данс эзэмшдэг талаар огт мэдээлэл бичээгүй болох нь АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн шалгалтаар тогтоогдсон тул 2017 оны наймдугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэв.
 
С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАР ОФФШОР ДАНСТАЙ. МӨРДӨН ШАЛГАЖ БАЙГАА ТУЛ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ БОЛОМЖГҮЙ
 
Оффшор данстай холбогдуулаад дэлгэрүүлж асуух зүйл байна. Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр нар оффшор бүсэд данс эзэмшдэг талаар “...Оффшор бүсэд данс эзэмшдэг гэх 23 иргэний мэдээлэл дотор таны сая асуусан хоёр хүн байгаа. Тухайн хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийг олж тогтоох болон бусад мэдээлэл нь энэ хэрэгт шалгагдаж байгаа. Харин энэ хэрэгт гадаад улсын нутаг дэвсгэрт бүртгэлтэй дансны мэдээллийг шалгах шаардлага гарч байгаа нь Олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гадаад улсын нутаг дэвсгэр дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах, хүсэлт хүргүүлэх болон хариу материал авах зэргээр цаг хугацаа нэлээн шаардсан ажиллагаатай бөгөөд одоо энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж ярилаа.
 
 
Б.ДАМДИН-ОЧИР, Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.