2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Хэрхэн Азийн Монголоороо үлдэх вэ?

Хэрхэн Азийн Монголоороо үлдэх вэ?

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Сонгууль

Ардын нам хогийн сав, Ардчилсан нам гэхээр гялгар уут биш юм. Эдгээр намуудын аль алинд Монголын нийгмийн уураг тархи болсон эрдэмтэн сэхээтнүүд бий. Бас нам бус олон арван сэхээтнүүд, инженерүүд, газар тариалан эрхлэгчид, бизнесменүүд, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс Монголын бүтээгч хүчин мөн. Эдгээрийг зангидаж, улс орныхоо эрх ашгийг хувийн болоод бүлэглэлийн эрх ашгаас дээгүүр тавьж чаддаг, улс төрийн болоод эдийн засгийн эрсдлийг даван гарч чадах сонгуулиас үл хамаарах урт хугацаан хөгжлийн бодлогыг цаг үе биднээс нэхэж байна.  

 

Бид 2031 он гэхэд дэлхийн 217 орны хаана нь явах бол гэдэг одоо ярихад түвэгтэй асуудал хэдий ч хөгжлийн нэгдмэл бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж чадсанаар амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Газрын хөрсөн дор байгаа баягалийн баялаг биднийг дэлхийн нийтийн анхаарлын төвд оруулсан. Монгол орныг үнэ цэнэтэй болгосон. Гэтэл алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчийн үлгэрээр манайхны хэт талцсан улс төржилт Монгол хүнийг, Монголын баялагийг үнэ цэнэгүй болгож, монгол төгрөгийг ноолийн цаас болгож байна. 

 

Эдийн засагт буй болсон хүндрэл нь бодлого, улс төрийн алдаанаас үүдэлтэй, төрийн хэт их оролцоотой холбоотой гэдгийг төрийн тэргүүнээсээ эхлээд хүлээн зөвшөөрөөд буй. Нэг талаас унаган байгалиа хэвээр нь авч үлдэх гэсэн иргэдийн хүсэл сонирхол, нөгөө талаас байгалийн баялаг дээр тулгуурлан хөгжих гэсэн төрийн бодлого харшиж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад энэ нь халтай тусч байна. 

 

Төр энэ асуудлыг шийдэж чадахгүй явсаар нөхцөл байдлыг улам хүндрүүлж, зөрчил дээд цэгтээ хүрсний нэг илрэл нь саяын ордны гадна гарсан буун дуу юм. Төр дүлий биш бол энэ дууг дахин гаргуулахгүй байх ёстой. Хуулийг гадаадын хөрөнгө оруулагчдад зориулж гаргах биш, гадаадын хөрөнгө оруулагчид хуулийн дагуу ажиллах тогтвортой орчинтой л байх хэрэгтэй хэмээн нэгэн хуульчийн хэлснийг ч бид санах учиртай.

 

Гаднын хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн тогтвортой байдал нэн чухал бол Монголын төрийн хууль сонгуулиас сонгуулийн хооронд савлан өөрчлөгдөж, нэгдсэн нэг бодлогын дор бус улс төрч бүр дор бүрнээ нэг зүйлийг ярьж, өмнөх хийсэн ярьсан бүхнээ арчиж хаяхаас сийхгүй аашилж байгаад хөрөнгө оруулагчид эмзэглэж байна. Эмзэглэх төдий бус тэдний итгэл алдарч эхэлжээ.

 

Өмнөх оны өдийд гадаадын хөрөнгө оруулагч 470 аж ахуйн нэгж байсан бол энэ онд 50 хувиар буурсан нь үүнийг гэрчилж байгаа юм. Хэргийн учир нь Ардчилсан нам төрийн эрхэнд гарсандаа ч бус ерөөсөө л цөөхөн монголчууд хоорондоо хэл амаа олж чадахгүй, 4 жилийн хооронд хэрэлдсээр цаг хугацааг барж буй улс төрийн тогтолцоонд байна. Гэхдээ Ардын намыг төрийн эрхэнд байхад хөрөнгө оруулалт огцом буурч, монгол төгрөг ингэтлээ шалдаа бууж, олонхи нь цөөнхөө хүч түрэн буланд шахаж байсангүй. Олонхийн түрэмгийлэл Өвөрхангайд дээд цэгтээ хүрсэн. Ардын намыг шил шиг толигор гэж би хэлэхгүй. Алдаа оноо аль аль нь бий. Ардчилсан намд ч авилгачид байхгүй гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Гагцхүү энэ хоёр нам бодлогоороо өрсөлдөж, түүхэн цаг үед улс эх орны эрх ашгийг дээдлэн хамтран ажиллах цаг иржээ гэдгийг хэлмээр байна. Одоо бол арай л өөр зүйлээр биенийхээ мууг үзэж өрсөлдөж байгаа нь Монголын элит хэсгийнхний төдийгүй дэлхийн гайхашыг барж байна. 

 

Бид гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн буцаан авах вэ? Мэдээж хэрэг хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчноо шинэчлэх, тогтвортой байлгах нь чухал. Би өмнөх нийтлэлдээ, алийн болгон зээлжигч орон байх вэ, үйлдвэрлэгч бүтээгч орон больё гэдэг асуудлыг хөндөх гэж оролдсон. Бид эдийн засгийн шинэ нөхцөл байдал, дэлхийн технологийн шинэчлэлийн цаг үетэй хөл нийлэх, магадгүй хөтөлж авч явах чадварлаг боловсон хүчнийг яаралтай бэлдэх хэрэгтэй байгаа юм. Хамгийн чухал асуудал бол урт хугацааны тогтвортой бодлогыг баримталж, монголчууд өөрсдөө нэг улс, нэг баг болж тоглож сурах хэрэгтэй байна. 

 

Хэн нэг Сү.Батболд, хэн нэг Н.Алтанхуяг гарч ирснээр монголчууд хуваагддаг бус. Ялсан намынх нь гишүүд ажилтай болж, ялагдсан нь гудамжинд гардаг бус бүх монголчууд ажилтай байх, үйлдвэрлэгч байх бодлогыг хэрэгжүүлье. Баялагийг хэрхэн зөв хуваарилах тогтолцоог бий болгож чадсанаар бидний ирээдүй Азийн Монголоороо үлдэх үү? Аль эсвэл Африк шиг ядуу буурай орон хэвээр үлдэх эсэх маань шалтгаална. Гадныхан манай хууль эрх зүйн орчин, дэд бүтэц, боловсон хүчний мэдлэг чадварт чамлалттай ханддаг гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл бид байгалийн баялагаас олсон орлоггоо хий хоосон тараахын оронд эдгээр салбаруудаа санхүүжүүлвэл бодитой хөрөнгө оруулалт болох юм. Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?

 

Удахгүй Ази тив дэлхийн хөгжлийн төв болно. Азийн орнуудын нийгэм эдийн засгийн хурдацтай өсөлт түүн дотроо Зүүн хойд азид өрнөж буй бүс нутгийн хөгжил, аж үйлдвэржилт нь уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялаг, түүхий эдийн эрэлт хэрэгцээг огцом нэмсэнээр манай улсын хувьд энэ зах зээл дээр томоохон тоглогч байх таатай боломжыг олгож байна.

 

Оюутолгой гэхэд Азийн төдийгүй дэлхийн том төсөл. Энэ бол монголчууд бидний хувьд том боломж. Эдийн засагт маань хурд нэмэх, бүс нутагтаа том тоглогч байх такс бүхий энэ “галт тэрэг”-ийг бид хамтарсан үедээ хөдөлгөж чадсан. Цааш хүрэх ёстой газар нь хүргэх ёстой. Бүхнийг 100 хувь ард түмний сэтгэл санаанд нийцүүлнэ гэвэл бүтэшгүй. Харин улсын эрх ашиг улс төрчдийн эрх ашгаас дээр эрэмбэлэгдэж байх учиртай. Юуны түрүүн бид хүнээ, дэд бүтцээ, хууль эрх зүйн орчноо хөгжүүлэх хэрэгтэй байна. Бид маш цөөхүүлээ ард түмэн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй.

 

Хоёр том хөрштэйгээ харилцахгүйгээр, тэднээс суралцахгүйгаар бид нэг ч алхам урагшлахгүй. Гуравдагч хөршүүд Англи, Америк, Франц, Герман, Япон бидний түнш байх нь мэдээж. Далайд шууд гарцгүй орны хувьд бид Орос, Хятадын дээгүүр нүүрс зөөхгүй нь тодорхой. Францын гадаад харилцааны сайдын айлчлал яагаад хойшлов. Магадгүй Ерөнхий сайдын Японд хийж буй айлчлалтай холбоотой байхыг ч үгүйсгэхгүй юм. Гадаад харилцааны уян хатан басхүү тодорхой бодлого бидэнд хэрэгтэй.

 

Үндэсний статистикийн судалгаар манайд  ядуурлын түвшин бараг 40 хувьд шүргэж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Орлогын туйлширсан зөрүүг багасгах, баян хоосны ялгааг арилгах арга хэмжээ авахгүй бол энэ нь нийгэмд тогтворгүй байдлыг үүсгэж, улмаар нийтийг хамарсан хямралын нөхцлийг бий болгож болзошгүй юм. 

 

Солонгосын эдийн засгийн ухааны доктор ноён Жэ Ха Пак “Өндөр орлоготой улс болохын тулд инновацад анхаарал хандуулж, бизнес эрхлэх боломжийг нээлттэй болгож, хувийн хэвшлийнхнээ дэмжин, чанартай боловсролын тогтолцоог нэвтрүүлэх нь чухал. Түүнчлэн орлогын ялгаа, тэгш бус байдлыг аль болох арилгаж, дундаж орлоготой иргэдийг дэмжих бодлогыг эрчимжүүлэх нь зөв” хэмээн илтгэлдээ дурджээ. Азийн хөгжингүй орнуудын хандлага ч ийм байгааг тэрбээр онцолжээ.

 

Ази тив удахгүй дэлхийн эдийн засгийн хөгжлийн төв болох цаг айсуй. Харин бид бүс нутагтаа стратегийн тоглогч, шинэ технологи, шинэ хөгжилд тэмүүлсэн Азийн Монгол хэвээрээ үлдэх үү? Аль эсвэл Африкийн ядуу буурай орны замаар явах уу? гэдэг нь гадныхнаас бус зөвхөн биднээс хамаарах юм. 

 

Тийм ч учраас бид бүс нутагтаа том тоглогч байж, хөл нийлүүлэн алхахын тулд үндэсний онцлогтоо тохирсон урт хугацааны хөгжлийн бодлогыг нэн яаралтай батлан гаргах хэрэгтэй юм. Бодлоготой хөгжихийг цаг үе биднээс шаардаж байна.

Сэтгүүлч, эрх зүйч Г.Нэргүй

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой. tsag.mn