2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийслэл » “Цаст констракшн” оршин суугчдын тав тухыг алдагдуулжээ

“Цаст констракшн” оршин суугчдын тав тухыг алдагдуулжээ

Нийтлэлийн төрөл: Нийслэл

Хаа дуртай газраа ба­рилга барьж бусдын биш өөрийнхөө эрх ашгийг боддог хуулиас дээгүүр барилгын компаниудын үйлдэл хэрээс хэтэрч эхэлжээ. Тухайлбал тэдний нэг нь “Цаст констракшн” компани. Тэд Монгол Улсын хэд хэдэн хууль, дүрэм норм зөрчсөн барилгуудын эгнээнд жагсаж яваа газрын нэг. 

 

Тус компанийн “Цадиг­гүй ажиллагааг ил гаргаж өгөөч” гэсэн оршин суугчдын гомдол манай сонинд ирлээ. Тодруулбал Баянзүрх дүүр­гийн 25 дугаар хорооны 88 дугаар байрны оршин суугчид болон Гаалийн газ­рын ажилчдын орон сууцны иргэд дээрх гомдлыг гаргах болсон юм.

 

Учир нь “Цаст конст­ракшн” ХХК энэ сарын 6-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны зориулалттай 22 давхар бү­хий тансаг зэрэглэлийн байр барихаар хэдийнэ аж­лаа эхэлжээ. Ингэхдээ тэд оршин суугчдын тав тухыг алдаг­дуулж орж гарах гарцыг нь хааснаар өдгөө нэ­лээд маргаан дэгдэх болсон байна. 

 

Оршин суугчдын хэлж буй­гаар өнгөрсөн оны долоо­дугаар сард “Цаст констракшн” ХХК орц гарцыг нь хааж барилгын тухай хуулийг ноцтой зөрчжээ хэмээн МХЕГ-ын улсын байцаагчийн 2012 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 020789/314 дугаар албан тоот шаардлагаар барилгын ажлыг нь зогсоож байжээ. 

 

Түүнчлэн эл асуудлыг нь холбогдох байгууллагууд хүртэл газар шорооны ажлаа зогсоож, орчны барилга байгууламжтай уялдуулан зураг төслөө боловсруулж, зохих журмыг мөрдөн оршин суугчидтай зөвшилцөж тохиролцсны үндсэн дээр зураг төслөө батлуулахыг анхааруулж 2012 оны 02/1246 дугаар бүхий албан бичиг илгээж байсан байна. 

 

Хамгийн гол нь иргэд тус компанийн барьж буй барилгын ажлыг шалгаж үзэхэд БАЭҮЗ-ын жагсаалтад байхгүй байсан гэнэ.

 

Гэтэл энэ бүх дүрэм журмыг зөрчсөн “Цаст констракшн” ХХК хуулиас дээгүүр жаалж чаддаг гэдгээ дахин батлан харууллаа. Өмнө нь тус компани Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Монгол эм импекс” компанийн газраас сөөм сөөмөөр хулгайлсаар байгаад яг чанх ар талд нь орон сууц барьж барилгын норм дүрэм зөрчлөө гэх шуугиан тарьж байсан. Тэгвэл өнөөдөр энэ асуудал оршин суугчдын сэтгэлийг зовоож эхлээд байна. 

 

Хэдийгээр “Цаст констракшн” ХХК нь тус дүүргийн нутаг дэвсгэрт барилга барих зөвшөөрөлтэй ч Газрын тухай хуульд зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй. Гэтэл тэд хот байгуулалтын тухай хууль, барилгын тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль зэргийг ноцтойгоор зөрчиж байгаа нь хуульд хэр нийцтэй юм бол гэж асуумаар санагдах юм. Иргэд өнөөдөр тус компанийн даварсан үйлдлээс болж хогоо ачуулах, машинаа оруулах, өмчлөлийн грашаа хүртэл ашиглаж чадахгүйгээр үл барам хэзээ бидний дээрээс юм унаж ирэх бол гэсэн айдас хүйдсийн дунд амьдарч байгаагаа тоочиж байсан юм. 

 

Оршин суугчдын орц гарцыг шийдэж өг гэсэн л хүсэлт тавьсан 

 

Тус хороог хариуцсан СӨХ-ны дарга Т.Амарсайхан хэлэхдээ ““Цаст констракшн” ХХК-ийн даварсан үйлдэл хэрээс хэтэрч өдгөө 300 айлын 1000 гаруй хүний эрх ашиг хөндөгдөөд байна. Бид удаа дараа тус компанийнхантай уулзаж учир байдлаа хэлэхэд биднийг нэг нь ч хүн гэж тоохгүй байна. 

 

Тиймээс бид аргаа бараад Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт хандсанаар тус газрын дэд бүтцийн хяналтын албаны дарга Эрдэнэтуяа гэх хүн ирээд “Цаст”-ын барилгын зургийг үзсэн. 

 

Гэхдээ Эрдэнэтуяа дарга “Бидний өгсөн зөвшөөрөл бодит байдал дээр нийцэхгүй байна” гээд тус компанийн барилга эхлүүлэх ажлыг энэ сарын 10-ны өдөр зогсоож албан шаардах хуудас өгөөд явсан юм. Уг шаардлагад “Та нар оршин суугчидтай уулзаж зөвшилцсөны үндсэн дээр барилга эхлүүлэх эсэхийг шийднэ” гэсэн утга бүхий бичиг өгсөн байна билээ. 

 

Товчхондоо оршин суугчдаас зөвшөөрөл авбал та нарын ажлыг эхлүүлнэ гэсэн утгатай юм шүү дээ. Гэтэл юун тэдний шаардлагыг биелүүлэх харин ч үл огоорч барилгын ажлыг маргааш нь шууд л эхлүүлсэн. Аргаа барсан бид тэдний том том хүчирхэг техникүүдийг дийлэхгүй учраас хүчний байгууллага дуудаж ажлыг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан шүү дээ. 

 

Хэрвээ барилгаа бариад эхэлвэл бид бүхэн гэнэтийн аюулаас аврагдах боломжгүй болно гэсэн үг. Бид “Цаст констракшн” ХХК-нийн бизнесийн үйл ажиллагаанд их хүндэтгэлтэйгээр хандаж ирсэн шүү дээ, өнөөдрийг хүртэл. Гэтэл тэд биднийг хэл амаар ихэд доромжилж “Хаа хүрэхийг чинь харнаа” гэж хэлдэг. 

 

Ер нь “Цаст”-ынхан дөрвөн жил болоод солигддог Монгол Улсын төрийн тогтолцоог сайн мэддэг, бас тэр боломжийг нь далимдуулан хууль бусаар барилга барьдаг гэдгийг хэн хүнгүй л мэдэх байх. Тиймээс холбогдох албаны хүмүүс иргэдийн ая тухыг бодож барилгын норм стандартыг хатуу чанд мөрдөхийг “Цаст констракшн” ХХК-нд сануулж өгөх хэрэгтэй байх. Хамгийн гол энэ компанийн хууль бус үйлдлийг хаацайлан далдалдаг эрх мэдэлтэн хэн бэ гэдгийг хэнээс асуух вэ. Бүх зүйлийг мөнгөөр худалдаж авч болдогийн нэг жишээг тус компани харуулаад байна. Гэхдээ бид өөрсдийн эрх ашгийн төлөө хэнээс ч айхгүйгээр тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

 

Мэдээж оршин суугчдын хэлж буй зүйл бүгд үнэн. Өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтэй нөхдүүд иргэдийн нар үзэх эрхийг хүртэл худалдаж авдаг болсон. Тансаг зэрэглэлийн гэх орон сууцны гадна хүүхэд тоглох нь бүү хэл машин тавих талбай байхгүй нь барилгын стандартыг шууд зөрчсөн үйлдэл гэхээс өөр юу гэх вэ. Энэ тансаг орон сууцанд амьдрах айлуудын хүүхэд гэртээ, эсвэл орцондоо тоглож, хөгшид нь тагтан дээрээ нарлахаас өөр аргагүй бололтой.

 

“Цаст констракшн” компанийн цадиггүй ажиллагааг зогсоож өгөөч 

 

Мөн биднийг СӨХ-ны даргатай уулзаж байхад нэгэн иргэн өөрийгөө 25 дугаар хорооны иргэн Ч.Болд хэмээн танилцуулсан. Тэрбээр “СӨХ-ийн дарга залуу маань ихэнх зүйлийг ярьчихлаа. Би нэг л зүйлийг хэлье гээд их л бухимдаж байв.

 

Оршин суугчид биднийг хэтэрхий доромжилж байна. Энэ хоёр байранд төрд насаараа өндөр алба хашсан нэр нөлөө бүхий хүмүүс амьдардаг юм. Бид нэг дээврийн дор нэг ижил хуулийн дор тэгш эрхтэйгээр амьдардаг хүмүүс гэдгийг хэн хэн нь мартах ёсгүй байх. Гэтэл одоо энэ бүхнийг “Цаст” компани уландаа гишгэж хуулийг гууль болгож байгаа нь үнэхээр харамсалтай байна. Эд нар бидний оронд өөрсдийгөө тавиад үзээсэй. 

 

Ямар нэгэн байдлаар гэнэтийн осол гарлаа гэхэд бид байрандаа шатаж үхэх аль эсвэл өвчин зовлон тохиолдвол эмнэлгийн тусламж ч авч чадалгүй орон дээрээ чад хийх ийм л нөхцөлд байна. Түүнээс бид тус компанийг барилга барилаа гэж эсэргүүцсэн зүйл нэг ч байхгүй. Зөвхөн оршин суугчдын орц гарцны асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг л тавьж байгаа шүү дээ. Ямартай ч эцсээ хүртэл тэмцэх болно” гэж байсан. 

 

Түүнчлэн тус байрны оршин суугч залуу барилгын ажлыг эсэргүүцэж байгаад эксковаторт хөлөө дайруулж өдгөө эмнэлгийн үүд сахих болсон гэдгийг тус байрныхан хэлж байсан юм.

 

Үнэхээр “Цаст констракшн” шударга, сайнаар ажлаа явуулсан бол иргэдийн эрх чөлөө хумигдахгүй, хүн гэмтэхгүй тэд өөрсдөө хаана ч ам бардам байх учиртай. Барилгын тухай хуульд барилга барих зөвшөөрөл олгохдоо оршин суугчдын хэвийн амьдрах нөхцөл боломжийг хангасан эсэхэд өндөр шалгуур тавих ёстой гэсэн заалт байдаг. Гэтэл хүүхэд хөгшид нарлаад суух боломжгүй эл газрыг стандартад нийцжээ гэж дүгнээгүй л баймаар. Дөнгөж цутгалтын ажлаа хийж эхлээд буй барилгын ажлыг бага дээр нь зогсоож арга хэмжээ авахгүй бол дахин хүн гэмтэж хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа алга. Иймээс амьдрах орчин нь бүрдээгүй барилгын тусгай зөвшөөрлийг хэн гэдэг эрх мэдэлтэн өгсөн нь олны анхаарлыг татаж байна.

 

Мөн тус компанийн гарын аясаар хөдөлдөг нэгэн эрхэм байдаг гэдгийг оршин суугчид нотлон хэлж байсан. Тодруулбал Нийслэлийн ерөнхий төлөвлөлтөд ажилладаг Болор хэмээх нэгэн эмэгтэй оршин суугчдад дараах хариултыг өгч байжээ. Тэрбээр “Та нар хохь чинь” гэж хэлээд тусламж гуйсан иргэдийг хөөн гаргаж байсан аж. Харин оршин суугчид хариуцлагатай албан тушаал хашдаг Болор хэмээх бүсгүй цаад утгаараа биднийг “Үхэж далд ор” гэсэн утгатай үгийг хэллээ хэмээж байсан юм.

 

Ер нь сүүлийн үед барилгатай холбоотой элдэв юм сонсогдохоор осол, аваар л бодогддог болжээ. Зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудыг Нийслэлийн удирдлагууд зарлаж, захирамж гарган арга хэмжээ авахаа мэдэгдсэн ч хөдөлмөрийн аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангаагүйгээс өдөр бүр хүний амь эрсдэх вий хэмээн олон нийт түгшиж байна. 

 

Мөнгөний төлөө улайрсан “Цаст констракшн” ХХК-нийн даварсан эл үйлдлийг зогсоох эрх мэдэлтэн байна уу. Бид дараагийн дугаартаа тус компанийн нүсэр техникт хөлөө дайруулж гэмтсэн хохирогчийн тухай мэдээлэх болно. 

 

Р.Саруул

Эх сурвалж "Өглөөний сонин"

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.