2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Онцлох мэдээ » Монгол улс ардчилсан үнэт зүйлс бүхий хамтын нийгэмлэгийн нэгэн гишүүн болох нь

Монгол улс ардчилсан үнэт зүйлс бүхий хамтын нийгэмлэгийн нэгэн гишүүн болох нь

Нийтлэлийн төрөл: Онцлох мэдээ, Улс төрч
Монгол улс ардчилсан үнэт зүйлс бүхий хамтын нийгэмлэгийн нэгэн гишүүн болох ньОлон улсын парламентын холбооноос жил бүрийн есдүгээр сарын 15-ныг “Ардчиллын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбогдуулан МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарын бичсэн өгүүллийг хүргэж байна.

Монгол Улсын ардчилсан хөгжлийн замд тулгарч буй асуудлуудын талаар олон асуудлыг төрөл бүрийн өнцгөөс дүгнэж, нарийвчлан ярьж болох хэдий ч жинтэй нөлөө бүхий хэмээн өөрийн үзэж явдаг цөөн хэдэн зүйлсийг онцолъё.

Ардчилсан сонголт ба ардчилсан улс орнуудын нийгэмлэг
 
Эдүгээ дэлхийн ардчилсан орнуудын эгнээнд манай орон нэгдэж, идэвхтэй ажиллаж буй нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татах болжээ. Энэхүү анхаарлыг тэдгээрийн таашаал дэмжлэг болгон хувиргахад манай улс багагүй ач холбогдол өгч буй нь гадаад бодлого, үйл ажиллагаанаас нь тодорхой ажиглагддаг. Тийм ч учраас Монгол Улс ардчилсан орнуудын нийгэмлэгт өөрийн байр суурийг хэрхэн эзэлж буйг тойрсон сэдвийг сонгосон юм.

Миний бодлоор манай орны ардчилсан хөгжлийг нягтлан судлахыг хүсэж буй бол харах өнцгийг гадна талаас нь бус (ардчилсан орнуудын дунд ямар байр суурь эзэлдэг вэ гэдгээс бус), харин дотроос нь, Монгол Улсад ардчиллыг хэрхэн боловсронгуй болгож байна вэ гэдгээс нь эн тэргүүнд сонжиж эхэлбэл зохистой гэж боддог. Аливаа нэгэн ардчилсан орнуудын “нийгэмлэг”, “клуб”-ийн гишүүн байх, болох нь бидний туйлын зорилго биш бөгөөд ардчиллаа хөгжүүлж чадваас ийм нийгэмлэгийн гишүүн болох нь төвөгтэй зүйл огтхон ч биш. “Ардчилал” бол үг дуугүй шүтэн бишрэх шашин биш, моод ч биш. Ардчиллыг хөгжүүлнэ гэдэг нь аливаа нэг нийгэмлэгт элсэж, бусдад ардчиллаар “гоёж” харагдах тухай асуудал ч биш юм. Тиймээс Монгол Улс ардчилсан орнуудын эгнээнд яагаад нэгдсэн бэ хэмээх асуулт гарваас үүнд өгөх товчхон хариулт бол уг нийгэмлэгт харьяалагдахын төлөө бус, харин монгол иргэдээ эрх чөлөөтэй, төрийн аливаа дарангуйлах эрсдэлээс ангид байлгахын төлөө л юм. Ардчилсан тогтолцоо төгс төгөлдөр биш ч гэлээ энэ тогтолцоо иргэдийнхээ ашиг сонирхол, эрх чөлөөг эн тэргүүнд тавьдаг тул 90-ээд оноос монголчуудын сонголт байсаар ирсэн юм. Дэлхийн ардчилсан орнууд биднийг энэхүү сонголтыг хийхэд, түүнийгээ баталгаажуулан бэхжүүлэхэд харамгүй тусалсан. Иймээс Монголын ардчилсан сонголт амжилтад хүрсэн нь юуны өмнө уг сонголт үндэсний дотоод хэрэгцээ, иргэн бүрийн суурь эрх ашгаас урган гарсантай холбоотой хэмээн үзэж болно.

Коммунизмын мухардалд тулсан Монголын хувьд ардчилсан сонголт нь нийгмийн гүнээс нөхцөлдөн гарсан түүхэн шаардлага байсан. Парламентын ардчиллыг сонгож, тэр тогтолцоогоо амжилттай суурьшуулсан нь дорнын төр улсын соёлтой, Төв Азийн цээжинд орших Монгол Улсын хувьд эдүгээ ч гэсэн цөөнгүй таамаглал дагуулж, шохоорхол татсан асуудал болдог юм. Үүнд мэдээж олон хүчин зүйлс нөлөөлсөн нь гарцаагүй. Дэлхийн түвшинд үзэл суртлын “хүйтэн дайн” ардчилсан үзэл баримтлалын ялалтаар төгссөн нь шууд нөлөөлсөн. Гэхдээ дэлхийн түүх, геополитикийн энэ өөрчлөлт тухайн үед өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлсэн орон бүрт ардчилсан засаглалаар төгсөөгүй. Тэгэх тусмаа парламентын ардчиллыг жинхэнэ утгаар нь сонгож, Ази тивд амжилттай цогцлуулсан жишээ нэн ховор. Тэгэхээр түүхэн өөрчлөлтийн том давалгаа, түүнээс үүдсэн геополитикийн шинэ нөхцөл байдлын зэрэгцээгээр тухайн улс орны өөрийн дотоод соёл иргэншил, төр улсын уламжлал, бүр хувь улс төрийн зүтгэлтнүүдийнх нь боловсрол идэвх, төлөвшил зэрэг тохиолдлын гэмээр хүчин зүйлс ардчилсан тогтолцооны төлөвших эсэхэд шууд нөлөөлсөн байх боломжтой юм.

Монгол Улсын хувьд ХХ зууны ихэнх хугацаанд өөрийн тусгаар тогтносон төр улстай, үндэсний дарангуйлагч, түүнийг тахин шүтэх үзэгдлийн түүхэн гашуун туршлагатай байсан зэрэг нь парламентын ардчиллыг сонгоход хүргэсэн гэх үндэслэлтэй. Тусгаар тогтносон төр улстай байснаараа, тухайлбал, Монгол Улс өөрийн гэсэн гадаад харилцаа, тагнуулын байгууллагатай, тэдгээрээрээ дамжуулан богино хугацаанд гадаадаас оновчтой мэдээлэл туршлага (түүн дотороо ардчиллын талаарх туршлага) авч судлах бололцоотой байсан. Харин үндэсний дарангуйлагчтай, үе үеийн авторитар удирдлагатай байсан нь ардчилал дотроос парламентын тогтолцоог сонгоход тодорхой нөлөө үзүүлсэн болов уу. Мөн өөрөө өөртөө эзэн байхыг шаардсан нүүдэлчдийн соёл ч ардчиллыг тэтгэх нууц булаг шанд болсон нь тодорхой. Үүний зэрэгцээ Зүүн Европын орнуудад сурч төгссөн боловсон хүчин тухайн үед Монголд цөөнгүй байсан бөгөөд тэдгээр нь Баруун Европт хамгийн ойр байж үзсэн гэдэг утгаараа монгол түмний дунд “оюуны” нөлөө үзүүлсэн нь манай орны улс төрийн тогтолцооны түүхэн сонголтод бас түлхэц болсон юм.     
     
Өнө удаан жилийн туршид зонхилсон Дорнын төрт ёсны соёл болон коммунизмын үеийн сэтгэхүйгээ дагаад авторитар суурь сэтгэлгээтэй болсон монголчууд парламентын тогтолцоог авахдаа Төрийн тэргүүнээ хэт бэлгэдлийн болгохоос болгоомжилж, уг институцийг хуульчлахдаа бүх ард түмнээс сонгогддог байх зэрэг улс төрийн өргөн легитим суурьтай байх боломжоор хангасан байдаг. Мөн Зүүн Европын зарим орон төстэй тогтолцоог цогцлуулсан байсан нь анхаарлын гадна үлдээгүй байх.

Монгол Улсын түүхэн сонголтыг нөхцөлдүүлсэн дээрх хүчин зүйлс өнөө хэр нь манай орны хөгжилд нөлөөлсөөр байгаа тул Монголын ардчиллын өнөөгийн төрх, онцлогийг танихын тулд тэдгээрийг судлах нь зайлшгүй чухал ач холбогдолтой байсаар байх болно. Ер нь ардчилсан тогтолцоонд бүрэн шилжих олон жилийн амаргүй сорилтоос шантруулаагүй хүчин зүйлүүдийн нэг бол парламентын тогтолцоо бөгөөд үүнийг сонгосон 20 гаруй жилийн тэртээх хамтын шийдвэрийн ач холбогдлыг өндрөөр үнэлэх ёстой.

Ардчиллыг боловсронгуй болгон хөгжүүлэх

Бид XX зууны сүүлчээс ардчиллыг амжилттай хөгжүүлэхдээ багагүй амжилтад хүрэхийн зэрэгцээ чамгүй алдаа дутагдалтай тулгарсаар ирлээ. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд суурилсан ардчилсан тогтолцоо нь зах зээлийн шидэт “нууц гарын” хүчээр бүх хүндрэлүүдийг хар аяндаа шийддэг хэмээх “романтик” хүлээлт зонхилж байсан үе бий. Нийгэмд баялаг хуримтлагдахын хэрээр хүн зон аяндаа бийлэгжүү болдог хэмээн төсөөлж байсны улмаас өндөр болон бага орлоготой иргэдийн зааг ялгаа эрс тэс болж даамжирсан. Товчхон дүгнэхэд Монгол Улс иргэдээ эрх чөлөөгөөр хангасан ч “цатгалан” амьдрах боломжоор дулимаг хангасан дутагдалтай тулгараад байна. Иймд эдийн засгийн хөгжлийн асуудал өөрийн эрхгүй тэргүүн ээлжийн асуудал болон гарч ирж байгаа.

Эдийн засгийн түргэн өсөлтийг хангахтай холбогдуулаад авторитар тогтолцоотой улс орнуудын жишээг шохоорхон сонирхох үзэгдэл түгээмэл болох шинжтэй байна. Ази, Номхон далай болон Төв Азийн бүс нутагт байгаа манайтай дүйхүйц жижгэвтэр улс орнуудын хурдацтай хөгжлийн түүхийг аваад үзвэл ихэнх нь ийм тогтолцоотой байгаа. Манай эцэс төгсгөлгүй улс төрийн маргаан мэтгэлцээн, цэцэрхэл, цухалдал эдийн засгийн хөгжлийг тэтгэх суурь тохиролцоо, шийдвэрүүдийг удаашруулж, бодит хохирол учруулсаар байна гэх нэгэн цөөнгүй таарах болов. Орчин үеийн ертөнцөд алдаж буй хором бүр хорлонтой их алдагдлыг дагуулдаг болсон байна. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Ассошиэйтэд Пресс”-ийн нэрээр түгээсэн хуурамч “жиргээ” 3-7 минутын дотор дэлхийн хөрөнгийн зах зээл дээрээс 200 тэрбум ам.долларын хөрөнгийг хумхийн тоос болгосон. Монгол Улсын бүтэн нэг жилийн ДНБ-ээс 20 дахин илүү баялаг устсан гэсэн үг. Нэг минутанд 30-70 орчим тэрбум ам.доллар алдагдсан нь манай эдийн засгаас 3-7 дахин илүү гэсэн үг. Орчин үед ийм өндөр үнэтэй болсон алтан хормыг бид хэчнээн живаагаар нь алдаж байгаа нь харамсалтай. Ардчиллыг шүүмжлэх, авторитар тогтолцоог сонирхох явдал эндээс эхтэй болов уу. Гэхдээ авторитар засаглалыг багахан хэмжээнд ч гэсэн нэвтрүүлэх аваас иргэдийн эрх чөлөөнөөс тодорхой хэмжээ нь хасагдана гэсэн үг. Товчоор хэлэхэд “үмх махны” төлөө эрх чөлөөгөөрөө “наймаалцах” шаардлага гарна. Ийм шаардлага заавал бий гэж үү? Хонконг, Баруун, Зүүн Европ, Хойд Америкийн улс орнуудын хөгжлийн түүх бол иргэдийнхээ эрх чөлөөнөөс нэг ямхыг ч болов хумслалгүйгээр эдийн засгаа хөгжүүлэх боломж байдгийн бэлэн гэрч юм. Иймд бид парламентат тогтолцоогоо цаашид үргэлжлүүлэн хөгжүүлж, улам боловсронгүй болгоход анхаарах шаардлагатай.

Парламентын систем шийдвэр гаргалтыг тодорхой хэмжээнд удаашруулдгаараа хөгжлийн хурдцад ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг нь үндэслэлтэй ч манай шийдвэр гаргах үйл явц хэт удаашралтай байгаа нь ардчилалд итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй боллоо. Энэ нь парламентын тогтолцоотой холбоотой гэхээсээ улс төрийн хэт хийрхэл, судалгаа, шинжилгээний дүнг үл ойшоох харанхуй хандлага, хариуцлагагүй байдал Монгол Улс даяар газар аваад буйтай шууд холбоотой юм. Мөн хууль дээдлэх ёсны доголдол, ёс суртахууны уналт, төрийн тогтолцооны данхайлт, авлига хээл хахуулийн тэлэлт гэх зэрэг олон асуудал эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа. Иймд эдгээр асуудлыг ардчилсан үнэт зүйлсийн төлөвшлийг ярихдаа энд дурдагдаагүй бусад олон дутагдлын зэрэгцээ байнга бодолцож байх ёстой билээ.   
    
Ардчилал ба гадаад хамтын ажиллагаа

Монгол дахь ардчиллын өрнөл хөгжлийн талаар өгүүлэхдээ би эн тэргүүнд ардчилсан орнуудын нийгэмлэгт гишүүнчлэх талаасаа биш, харин ардчилал манайд хэрхэн хөгжиж буй талаас нь ярихыг илүү сонирхож буйгаа дээр дурдсан.

Аливаа улс орон чинхүү ардчилсан тогтолцоотой байвал тэр дотоод мөн чанар нь гадаад үйл ажиллагаанд нь тусгалаа олох нь гарцаагүй. Иймээс ч Монгол Улсын ардчилсан мөн чанар түүний гадаад бодлогод тусгалаа олсон байдаг. Монгол Улс аливаа орны улс төрийн дотоод тогтолцоог үл харгалзан найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрмэлздэг хэдий ч ардчилсан улс орнуудын бүлэгтэй идэвхтэй хамтран ажиллахад анхаардаг. Энэ ч үүднээсээ Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бага хурал, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, олон улсын хүний эрх, ардчиллыг дэмжих байгууллагууд зэрэг олон улсын механизмуудад идэвхтэй оролцохыг эрмэлздэг. Чингэхдээ Монгол Улс НҮБ-ын хариуцлагатай гишүүн орны хувьд түүний Дүрэм, олон улсын хуулийг чанд сахин мөрддөг. НҮБ-ын Дүрмийн хоёрдугаар зүйлийн 7 дугаар заалт буюу аливаа улс орны дотоод хэргийг хүндэтгэн, түүнд үл оролцох зарчмыг Монгол Улс хатуу сахидаг.

Товчхон дүгнэхэд  Монгол Улс ардчилсан орнуудын эгнээнд гялалзаж харагдахдаа биш, харин өөрийн ард түмнийг эрх чөлөөгөөр, бүтээлч чанараар нь “гялалзуулахад” илүү ач холбогдол өгсөөр ирсэн. Нэгэнт дотроосоо ардчиллаар гэрэлтсэн улсын гадаад үйл хөдлөлд ардчилсан шинж чанар өөрийн эрхгүй тусгалаа олж, ардчилсан орнуудын дунд зүй ёсны байр сууриа олох нь гарцаагүй. Ардчилсан орнуудыг нэгтгэн институцчилсэн байгууллагуудын хүрээнд болон тэдгээрийн гадуур бусад улс оронтой харилцахдаа Монгол Улс тухайн улсын манай улстай ардчиллын асуудлаар хэрхэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаас бодлого зорилтоо тодорхойлдог. Хэрэв тухайн улс ардчиллын асуудлаар манай улстай хамтран ажиллахыг хүсвэл бид идэвхтэй дэмждэг. Хэрвээ аливаа улс орон ардчилсан тогтолцоог шинээр цогцлоож байгаа бөгөөд ардчилсан замаар явсан бусад орны туршлагыг судлахыг хүсэж байгаа бол манай улс тухайн оронтой нягт хамтран ажилласаар ирсэн. Кыргызстан, Афганистан зэрэг оронтой төрийн байгууллагуудын түвшинд туршлага солилцох зорилгоор өрнүүлж буй хамтын ажиллагаа бол энэхүү бодлогын илрэл юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.