2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » БНПУ-ААС ЕВРОПЫН НОРМ, СТАНДАРТЫГ НУТАГШУУЛАХ ТУРШЛАГААС СУДАЛНА

БНПУ-ААС ЕВРОПЫН НОРМ, СТАНДАРТЫГ НУТАГШУУЛАХ ТУРШЛАГААС СУДАЛНА

Нийтлэлийн төрөл: Нийгэм, УИХ

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ХБНГУ-д зохион байгуулагдсан Олон улсын тээврийн форумд оролцох үеэрээ БНПУ-ын Дэд бүтэц, барилгын дэд сайд Ежи Шмиттэй уулзлаа. Энэхүү уулзалтаар Монгол Улс, БНПУ-ын хоорондын тээврийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашид хамтран шийдвэрлэх хэд хэдэн асуудлын хүрээнд ярилцжээ.

Монгол Улс, БНПУ нь 1990 оноос өмнө буюу социалист нийгмийн тогтолцооны үед ахан дүүсийн найрамдалт харилцааг хөгжүүлж, нийгэм, эдийн засгийн бүх салбарт нягт хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатай гэдгийг сайд Д.Ганбат уулзалтын эхэнд онцоллоо.

БНПУ нь Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, барилгын болон барилгын материалын үйлдвэрүүдийг тусламжийн шугамаар барьж байгуулж, Монголын олон оюутан тус улсад боловсрол эзэмшүүлж байсан туршлагатай. Цаашид эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх чиглэлээр хоёр тал илүү идэвхтэй ажиллахаар тохиролцож, үүнд тээврийн салбарын оруулах хувь нэмэр ихээхэн ач холбогдолтой гэдгийг тэрээр хэллээ.

Төмөр замын тээврийн чиглэлээр Польш Улс багагүй туршлага хуримтлуулсан, тухайлбал ялгаатай царигийн төмөр замуудын хооронд ачааг шилжүүлэн ачиж тээвэрлэх дэд бүтэц, үйл ажиллагааг амжилттай шийдэн хэрэгжүүлж байгаа юм. Цаашид тус улсын төмөр замын салбарт 1990 оноос хойш хийсэн техникийн шинэчлэл, Европын норм, стандартыг авч нутагшуулсан туршлагаас суралцах сонирхолтой байгаа бөгөөд төмөр замын мэргэжилтнүүдийг Польшид сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр дэмжиж ажиллахыг хүсэв.

Тээврийн салбар дахь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд  эрх зүйн орчин ихээхэн чухал үүрэгтэй тул монголын талаас хоёр улсын хооронд хийгдэх автотээврийн харилцааг илүү сайн зохицуулах, иргэд болон аж ахуйн нэгжүүд харилцан зорчих таатай хөнгөвчилсэн нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Олон улсын автотээврийн харилцааны тухай Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахаар төслөө хүргүүлээд байсан. Тэгвэл энэхүү уулзалтаар тус хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулж, хоёр улсын эдийн засгийн харилцааг сайжруулж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар боллоо. Талууд энэхүү уулзалтын хүрээнд авто тээврийн хэлэлцээр байгуулах хүртэл зөвшөөрлийн бичгээр түр журмаар тээвэрлэлт гүйцэтгэхээр тохиролцлоо. БНПУ-ын Дэд бүтэц, барилгын дэд сайд Ежи Шмит Олон улсын тээврийн форумд илтгэл тавих үеэрээ “Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдтай албаны уулзалт хийж, дамжин өнгөрөх тээврийн чиглэлд илүү нягт хамтран ажиллахаар болсон нь тулгамдаж буй асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэхэд ихээхэн үр өгөөжтэй форум боллоо” хэмээн онцолсон юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.