2013 он 8-р сарын 17 Бямба,
Онгироо.МН
Эхлэл » Нийгэм » Монголбанкны шалгалтаар Х.Баттулга 127 тэрбум төгрөгийн зээл хууль бусаар олгосон нь илрэв

Монголбанкны шалгалтаар Х.Баттулга 127 тэрбум төгрөгийн зээл хууль бусаар олгосон нь илрэв

Нийтлэлийн төрөл: Нийгэм, Онцлох мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг Монголбанкинд шалгалт хийсэн. Шалгалтаар гурван их наяд төгрөгийн зөрчил илрээд байгаа юм. Монголбанкинд хийсэн шалгалтыг арван чиглэлээр гүйцэтгэжээ.

Үүнд:
1.Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналт
2.Монголбанкны мөнгөний зах зээл дэх үйл ажиллагаа
3.Уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн үндэслэл, хяналтын тогтолцоо
4.Монголбанкнаас гаргасан тушаал, шийдвэрүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх, нээлттэй байдал
5.Монголбанкны мөнгөн гүйлгээ, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт
6.Эмиссийн үйл ажиллагаа
7.Монголбанкнаас байгуулсан санхүүгийн хэлцлүүд, тэдгээрийн үр дүн
8.Монголбанкны алдагдал, түүний шалтгаан, нөхцөл
9.Үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, тайлагналт, Монголбанкны удирдлага, МБ-ны Зөвлөл, МБ-ны Хяналтын Зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар
10.Улсын Их Хурлаас гарах шаардлагатай шийдвэрийн санал

Шалгалтаар төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дэвшүүлсэн инфляцийн зорилтод түвшин 2012-2014 онуудад хангагдаагүй, 2015-2016 онуудад хангагдсан байна.

Банкны салбарт олгосон зээлийн 9.5 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл байжээ

Зээлийн эргэн төлөлт удааширсан, хугацаа хэтэрсэн, зээлийн чанар муудаж байгаа нь банкны тогтолцооны хувьд ихээхэн эрсдлийг бий болгож байна.
- Зээлийн өрийн үлдэгдлийн хэмжээ 2012 онд 7.0 их наяд төгрөг байснаа 2013 оноос эхлэн эрс нэмэгдэж 2016 онд 12.4 их наяд төгрөгт хүрчээ.
- Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2016 онд 866.6 тэрбум төгрөг болж, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.1 хувийг эзэлж байна.
- Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 онд 879.6 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.2 хувийг эзэлсэн байна.
- Банкны салбарын хэмжээнд хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хувь 2012 онд 1.6%, чанаргүй зээл 2.2%-ийг эзэлж байснаа 2014 оноос эхлэн эрс нэмэгдэж 2016 онд хугацаа хэтэрсэн зээл 7.1%, чанаргүй зээл 7.2% болж нэмэгджээ.
- Монголбанкнаас 2012-2016 онуудад хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн эрсдэлд дүн шинжилгээ хийж, тодорхой бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй байна.
Орон сууцны борлуулалт удааширсны улмаас зарим барилгын компаниудын үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь барилгын салбарт олгосон зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлж байна. Барилгын салбарт олгосон нийт зээлийн 9.5 хувь нь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд ангилагдсан байна. Мөн бөөний болон жижиглэнгийн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгосон зээлийн чанар системийн дунджаас доогуур байна.
2016 оны Банкны системд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 2012 оны эцэстэй харьцуулахад 2.2 хувиас 7.3 хувь хүртэл буюу 5.1 хувь нэгжээр өссөн үзүүлэлттэй байна.

Засгийн газрын “Сайн” хөтөлбөрийн санхүүжилт 449.7 тэрбумыг зарцуулжээ

Өмнөх Засгийн газраас хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөрүүдийн хүрээнд Засгийн газар үнэт цаас гарган банкуудад арилжаалжээ. Монголбанк “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 120.0 тэрбум төгрөгийн, жилийн 3.0 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай, “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 8 тэрбум төгрөгийн 1.0 хувийн хүүтэй, 1-10 жилийн хугацаатай, “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 374.0 тэрбум төгрөгийн 1.0 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатай ЗГҮЦ-ыг тус тус худалдан авсан байна.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар тогтоолоор “Сайн” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зогсоосон байна. Тус тогтоолтой уялдуулан Сангийн яамны зүгээс Монголбанкны эзэмшиж буй “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 8.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ, “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд гаргасан 10.9 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг тус тус хугацаанаас нь өмнө буцаан худалдах хүсэлтээ 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн.
Монголбанк 2017 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар “Сайн” хөтөлбөрүүдийн хүрээнд гаргасан нийт 449.7 тэрбум төгрөгийн ЗГҮЦ-ыг эзэмшиж байна.

АСЕМ-ийн түнш зочид буудлуудад 108.4 тэрбум төгрөг зарцуулжээ

“АСЕМ Вилла” цогцолбор хотхон төслийг хэрэгжүүлэх, зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгоход шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар Монгол Улсын Засгийн Газраас 226, 331 болон 334 дүгээр тогтоолуудыг тус тус гаргасан. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас МУХБ-наас гаргах үнэт цаасыг мөнгөжүүлж ажиллахыг Монголбанкнаас хүссэн албан бичгийн дагуу Монголбанк дээрх арга хэмжээг барьцаат зээл болон урт хугацаат репо санхүүжилтийн арга хэрэгсэл ашиглан санхүүжүүлж, АСЕМ-ийн арга хэмжээний хүрээнд түнш зочид буудлуудад нийт 108.4 тэрбум төгрөг, “АСЕМ Вилла” цогцолбор төсөлд нийт 125.0 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

ҮХААЯ шаардлага хангаагүй компаниудад 73.9 тэрбум төгрөгийг зээлт олгожээ

2015 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайланд дараах зөрчлүүдийг тэмдэглэсэн байна.
Тухайлбал,

Тус дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг авч үзэхэд 2-6 шалгуур үзүүлэлтийг хангаагүй Од групп ХХК, Эрдэнэт фүүдс ХХК, Жавхлант групп ХХК, Улаанбаатар гурил ХХК, Милл хаус ХХК, Улаан од ХХК зэрэг гурилын үйлдвэрийг шалгаруулж 73.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь ҮХААЯ энэхүү дэд хөтөлбөрийн 2.7.2 дахь заалтыг зөрчсөн, мөн “Дархан таван нуур” ХХК-ийн захирал 314.0 сая төгрөгийг хувьдаа зарцуулсан, 157.9 сая төгрөгийн анхан шатны баримтгүй зарцуулсан, “Орхон Мандал” ХХК 2012 оны ургац хураалтын шатахуун, сэлбэгт 67.3 сая төгрөг, комбайн худалдан авахад 72.5 сая төгрөг зарцуулсан буюу нийт 611.7 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалт бусаар зарцуулсан, “Интосэ” ХХК 1 тн улаан буудайг 550.0 мянган төгрөгөөр худалдан авсан гэж байгаа боловч улаан буудайн төлбөрийг шилжүүлсэн баримтгүй улаан буудай авсан нь баримтаар нотлогдоогүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

2015 онд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн аудитын шалгалтаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа ҮХААЯ-ны боловсруулсан "Төсөл сонгон шалгаруулах баримт бичиг”-ийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй, ААН-ийг шалгаруулж, 35.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь дэд хөтөлбөрийн 2.7.2 дахь заалтыг зөрчсөн, /сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийг хангаагүй ААН-ийн жагсаалтыг хүснэгтээр харуулав/ мөн “Мөнххалдун” ХХК 1.6 тэрбум төгрөг, “Агро альфа” ХХК нь 786.4 сая төгрөг, Алтан давхарга” ХХК 1.9 тэрбум төгрөг, Евролайн ХХК 4.6 тэрбум төгрөг, Органик солюшинс ХХК 4.1 тэрбум төгрөгийг гэрээний үүргээ зөрчиж зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, зориулалтын дагуу зарцуулагдсан эсэх нь баримтаар нотлогдоогүй, тус аж ахуйн нэгжүүд ҮХААЯ-тай байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” төсөл хэрэгжүүлэх гэрээний заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчлүүд илэрчээ.

Зарим сайд нарыг шалгуулах санал гаргалаа

Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн нотлох материал болон Монгол Улсын Үндэсний Аудитын газраас 2015 онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт”-д хийсэн нийцлийн аудитын шалгалтаар тогтоогдсон "Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэгч 13 аж ахуйн нэгжийг хууль бусаар сонгон шалгаруулж, нийт 127,2 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг олгосон тухайн үеийн ҮХААС Х.Баттулга; “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн заалтууд, “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах, эрчим хүчний үнэ тарифыг тогтворжуулах” хөтөлбөрийн заалтууд, МБ-ны Ерөнхийлөгч, ҮХААС-ын 2012 оны А-166/А/24 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн 4.4, 4.11 дахь заалтуудыг зөрчиж, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг хангалтгүй зохион байгуулж хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг зориулалт бусаар зарцуулах боломж олгосон тухайн үеийн БХБС Ц.Баярсайхан, ЭХС М.Сономпил, ҮХААС Х.Баттулга нарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах санал гаргав.

Шатахуун импортлогч компаниуд 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулжээ

2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан А-171/46 дугаартай тушаал гаргаж “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Уг дэд хөтөлбөрт “Ник” ХХК, “Петростар” ХХК, “Магнай трейд” ХХК, “Шунхлай” ХХК, “Сод монгол групп” ХХК, “Петрожамп” ХХК, “Жаст Ойл” ХХК, “Мон петекс” ХХК, “Ойн бирж” ХХК, “Хөрс авто сервис” ХХК, “Монсуль” ХХК, “Рысжан” ХХК, “Ундарга Увс” ХХК, “Синчи ойл” ХХК гэсэн нийт 14 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Дэд хөтөлбөрийн зорилго нь түлш, шатахуун импортлогч компаниудын жижиглэнгийн борлуулалтад хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшийн эрсдэлийг бууруулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгслийн хугацааг уртасгах, санхүүгийн үүсмэл хэрэгсэлд эх үүсвэр, хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.

“Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шатахууны импортын төлбөр тооцоонд ашигласан эсэхийг төлбөрийн баримт, гаалийн бүрдүүлэл, дансны хуулгатай тулган шалгасан аудитаар доорх аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлээс 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж заалт зөрчсөн байна. Тухайлбал, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн санхүүжилтийн эх үүсвэрийг шатахууны импортын төлбөр тооцоонд ашигласан эсэхийг төлбөрийн баримт, гаалийн бүрдүүлэлт, дансны хуулгатай тулган шалгасан аудитаар доорх ААН-үүд хөнгөлөлттэй зээлээс 94.4 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулж дэд хөтөлбөрийн зээлийн гэрээний заалтыг зөрчсөн байна. Тухайлбал,

Хөрс автосервис" ХХК санхүүгийн үүсмэл хэрэгслийн эх үүсвэрээс 389.4 сая төгрөгөөр дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авсан, 508.9 сая төгрөгөөр өмнө нь авсан байсан шугамын зээлийг хаасан, 579.4 сая төгрөгийг бэлнээр авч зарцуулсан,

"Синчи Ойл" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 864.6 сая төгрөгөөр Магнай трейд, Шунхлай, Хөвсгөл трейд, Петрожамп зэрэг дотоодын ААН-ээс шатахуун худалдаж авах, агуулахын түрээс төлөх зэрэгт зарцуулсан, өмнө нь авсан 642.5 сая төгрөгийн шугамын зээл (2012 онд 290.9 сая, 2014 онд 351.6 сая төгрөг)-ийг хаасан,

"Шунхлай" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс зээл төлөхөд 56,199.0 сая, группын хооронд утга тодорхойгүй гүйлгээ хийхэд 20,029.9 сая, санхүү, хуулийн үйлчилгээ авах, гэрээний торгуулийн төлбөр төлөх зэрэгт 410.5 сая, мазут, битум худалдан авахад 1,151.9 сая, машин, дизель мотор худалдан авахад 922.4 сая, батерей худалдаж авахад 371.9 сая төгрөг тус тус зарцуулсан, Хьюндай моторс ХХК-д 875.3 сая төгрөг шилжүүлсэн, своп хэлцлээр авсан 2.5 сая ам.долларыг дансандаа удаан хугацаагаар байршуулсан,

 "Ойнбирж" ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс өмнө нь авсан байсан 5,043.5 сая төгрөгийн шугамын зээл хаасан, хувь хүний дансанд 42.2 сая, газын клонк худалдан авахад 69.2 сая, ШТС-ын сэлбэг, үнийн самбар худалдан авахад 59.5 сая, мазут худалдан авахад 391.7 сая, татварын өр төлөхөд 5.9 сая төгрөгийг тус тус зарцуулсан,

"НИК" ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 888.0 сая төгрөгөөр битум, 492.8 сая төгрөгөөр тос худалдан авсан, 1,844.5 сая төгрөгөөр шугамын зээл төлсөн,

"Содмонгол" ХХК нь форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 358.1 сая төгрөгөөр шугамын зээлийн хүү төлсөн, Ундарга-Увс ХХК форвард хэлцлээр авсан валютын эх үүсвэрээс 610.0 мянган ам.долларыг зах зээлийн ханшаар төгрөгт хөрвүүлэн төлбөр тооцоо хийсэн, 1,340.2 сая төгрөгийг дотоодоос шатахуун худалдан авах зорилгоор хувь хүний дансанд шилжүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг хуулийн байгууллагаар шалгуулах санал гаргав

Иймд тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд төгрөгийн худалдах авах чадвар их хэмжээгээр буурч, валютын ханш огцом өсч, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал алдагдаж, Монголбанк их хэмжээний өр, алдагдал хүлээсэн байх тул Н.Золжаргалыг Эрүүгийн хуулийн 263-т “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264-т “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх”, 272-т “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах шаардлагатай гэж дүгнэлээ. Мөн дээрх үйлдлээс шалтгаалж төрд онц их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй байх тул хохирлыг буруутай этгээдээр нь нөхөн төлүүлэх ажиллагааг Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т " ... албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах”, Прокурорын байгууллагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчийн төлөөлөгчөөр оролцоно.” гэж заасны дагуу шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

Б.Анир

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tsag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг,хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэмхэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 96551185 утсаар хүлээн авна

Анхааруулга

Comment on the news site is possible only within (days) days from the date of publication.
Эхлэл Twitter Чөлөөт цаг Шуугианы эзэн Фото мэдээ УИХ Засгийн газар Ярилцлага Эдийн засаг Соёл урлаг Спорт Байгаль орчин Сонгууль Авилга Улс төрч
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.